Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Л.Алтангэрэл: Цахилгааны хувьд санаа зовох асуудал гайгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж энэ өвлийг давна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 05

img

56

news-img

Улаанбаатар хотын захирагчийн албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер Л.Алтангэрэлтэй нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ярилцлаа.


-Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашиллаа. Өвөлжилтийн бэлтгэл улс орон даяар ид явагдаж байна. Улаанбаатар хотын хувьд бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?

-Нийслэлийн хувьд энэ жил инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж, авто зам, тохижилт зэрэг нийт 750 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэхүү ажлын биелэлт есдүгээр сарын 1-ний байдлаар 78 хувьтай хэрэгжиж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг энэ оны эхнээс үндсэндээ эхэлсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сард саналуудаа авч төлөвлөгөөгөө гаргадаг гэсэн үг. Улмаар энэхүү төлөвлөгөөнийхөө дагуу ажлуудаа гүйцэтгээд явж байна.

-Удахгүй халаалт тавина. Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай гэхээр халаалт тавихад бэлэн болсон гэсэн үг үү?

-Энэ сарын 15-наас нэгдсэн байдлаар халаалт тавихад ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй. Бүх газрууд халаалтаа хэвийн аваад явж болно. Гэхдээ өвөлжилтийн бэлтгэл гэдэг ганцхан халаалтын асуудлыг гэж ойлгохгүй. Ус, дулаан, цахилгаан, зам, барилга гээд бүх ажил багтдаг.

-Ер нь энэ өвөл нийслэлийн хувьд дулаан авалтаа хэвийн аваад явах боломж ямар байгаа вэ. Нөгөөтэйгүүр ТЭЦ-III-ын гэмтэл энэ жил нийслэлд хэрхэн нөлөөлөх вэ?

-Эрчим хүч, дулааны эх үүсвэрийг Эрчим хүчний яам хариуцдаг. Тэгэхээр эх үүсвэр талдаа ямар байхыг салбарын сайд болон Засгийн газраас лавлах хэрэгтэй. Харин аль өрх, орон нутаг руу түгээж байгаа шугам сүлжээний асуудлыг хот хариуцдаг. Энэ утгаараа энэ сарын 15-нд халаалт тавихад ямар нэгэн асуудал гарахгүй. Нөгөөтэйгүүр хотын хувьд энэ жил сүүлийн 30 гаруй жил хийгдэж байгаагүй дулааны шугамын ажлыг хийж байна. Нийт 15.6 км-ийн урт дулааны гол шугамыг солих ажлыг хийсэн. Бидний хувьд түгээх шугам сүлжээгээ хариуцдаг учраас орон сууц дээрээ дулаанаа хэмнэх бодлогыг барьж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, дулаан алдагдалтай орон сууц, байр, байшингаа дулаалах ажлыг хийж байгаа гэсэн үг. Мөн шугам сүлжээгээ дулаалах. Түүнчлэн айл, өрхүүдээ дулаалах ажилд уриалж байна. Энэ жилийн хувьд бид 200 орчим угсармал орон сууцыг дулаална. Дулаална гэдэг нь тэнд зарцуулагдах дулааны эрчим хүчээ бид хэмнэж байна гэсэн үг. Тэгвэл эх үүсвэр шинээр барьдаггүй юм гэхэд хэмнээд тооцохоор 10Мвт-ыг хэмнэх боломжтой болчихож байгаа юм. Хотын хэмжээнд энэ жил нийт 87.8 км шугам сүлжээний ажил хийгдсэн. Энэ бол сүүлийн 30 жил хийгдээгүй том шинэчлэлийн ажил гэж харж байгаа. Яагаад энэ их хэмжээний шугам сүлжээний ажил хийгдэж байгаа нь тодорхой байх. Хотын хэмжээнд нийт шугам сүлжээний 40 гаруй хувь нь насжилтгүй болсон.

-Энэ өвөл ер нь тулгамдах ямар асуудлууд байна вэ?

-Хот гэдэг том айлын зүрх нь станц. Түүнээс гарах судас, шөрмөс нь дулаан, цахилгаан, усны шугам сүлжээ. Иргэдийн хувьд хотын асуудлыг дээр байгаа барилга, ногоон байгууламжийг гэж хардаг. Харин газар доор байгаа том асуудлыг төдийлөн мэддэггүй. Тэгэхээр бид газар доорх хотын асуудлыг илүүтэй анхаарч, илүү ярих хэрэгтэй болсон. Цаашид энэ асуудлыг аль аль талдаа анхаарч үзэх нь чухал.

-Энэ өвлийн хамгийн том асуудал бол утаа. Утааг бууруулах чиглэлд хэрхэн ажиллах вэ. Мөн энэ өвөл нийслэлчүүд ямар түлш түлэх вэ?

-Манайх гэр хорооллын түлштэй холбоотой асуудлыг шууд хариуцахгүй. Хотын хувьд ямар ажил хийх вэ гэхээр үндсэндээ хамгийн их бохирдол үүсдэг Гандан, Зурагт, 32-ын тойрог орчмын таван мянган айл өрхийг хатуу түлш түлүүлэхгүй байхаар шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл, байшин, гэрийг нь дулаална, мөн газ, цахилгаанаар халаана. Ингэснээр тухайн орчноор агаарын бохирдол багасах боломжтой гэж харж байгаа. Цаашид газ, цахилгаанаар халаах байдал руу шилжиж байж л Улаанбаатар хот утаагүй болно. Нөгөөтэйгүүр 11 байршлын халаалтын зууханд мидлинг түлэх бэлэн байдлыг хангахад шаардлагатай төсвийг НЗД-ын захирамжаар нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн. Мөн зуухыг шинэчлэн солих ажлыг эхлүүлсэн.

-Зам засвар, явган хүний зам, гарц, гүүрэн байгууламжийн ажлууд хийгдэж байна. Энэхүү ажлууд энэ өвлөөс өмнө дуусах уу?

-Энэ жил хотын хэмжээнд нийт 104.5 км авто замын засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Хотын хувьд энэ бол том тоо. Эдгээр ажил үндсэндээ 85 хувьтай буюу дуусах шатандаа орсон. Явган хүний замын ажил мөн дуусах шатандаа орсон. Зүгээр байсан явган хүний замыг эвдээд, солиод байна гэдэг шүүмжлэл байгаа. Энэ тийм биш. Илүүдээ гарсан хөлс хүч, санхүүжилт байхгүй. Тэгэхээр юу хийгдэж байгаа вэ гэхээр Таван шараас зүүн тийшээ Офицеруудын ордон хүртэлх газарт агаараар явдаг арзайсан олон кабелийн, сүлжээний утсуудыг бүгдийг газар доогуур явуулж байгаа. Явган хүний зам доогуур энэ бүх утас, кабелиудыг оруулж байгаа гэсэн үг. Үүнийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.

-Эрчим хүчний эх үүс вэр талдаа хот ха риуцдаггүй, салбар яам хариуцна гэж та хэлсэн. Гэхдээ энэ жил нийслэл хот эрчим хүчний дутагдалд орох болов уу. Энэ асуудлыг юу гэж харж байна вэ?

-Яг цахилгаан, эрчим хүчний асуудалд санаа зовох нь бага байна. Учир нь цахилгаанаа бид Орос, эсвэл Хятадаас ч авч болно. Мөн 12 дугаар сард Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ашиглалтад орно. Энэ утгаараа 12 дугаар сараас хойш үндсэндээ цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй байх боломжтой болов уу гэж харж байгаа. Дулааны эрчим хүчний тухайд асуудал байгаа юу гэвэл байгаа. Энэ асуудлыг шийдэхээр салбар яам болон Засгийн газар дээр хэд хэдэн ажлын хэсэг гарчихсан явж байгаа юм билээ. Хотын хувьд хэмнэлт рүү шилжиж байгаа. Иргэд ч хэмнэлт рүү орж байгаа. Ингээд ямар ч байсан энэ өвлийг арай хөлдчихгүйхэн шиг давчих болов уу гэж харж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнхтүвшин

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...

img

7 цагийн өмнө

“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

“Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй 7 худагт эхэллээ. Тэмцээнд элит ангилалд Сингапур, Яп...

img

8 цагийн өмнө

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасчээ

Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн ...

img

9 цагийн өмнө

АНУ гадаад оюутан болон сэтгүүлчдийн визний хугацааг багасгах санал гаргалаа

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам лхагва гарагт мэдэгдэл гаргаж, АНУ-ын Засгийн газар гадаад оюутнууд болон сэтгүүлчдийн визний хуга...

img

10 цагийн өмнө

Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин төр...

img

11 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Амараа

Амжилт хүсье

Онцлох нийтлэлүүд