Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Өвөлжилт хүндэрнэ хэмээн малчид малаа эртнээс борлуулж эхэлжээ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 06

img

1

news-img

Намрын сэрүүн өдрүүд хэдийнэ эхэлж, хот суурин газарт хичээлийн шинэ жил эхэлсэн бол хөдөө нутагт намрын ажил өрнөж, малчид өвөлжилтийн бэлтгэлдээ ханцуй шамлан орцгоожээ. Хотынхон өдөр тутмын ажил амьдралдаа цаг агаарыг төдийлөн анхаардаггүй бол малчдын хувьд байгаль цаг уурын нөхцөл байдал амьдралынх нь салшгүй нэг хэсэг байдаг. Учир нь цаг агаартаа тохируулан малаа бэлчээрлүүлдэг.

Энэ жилийн хувьд цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр нийт нутгийн 40 гаруй хувь нь гантай болон гандуу байгаа юм. Энэ утгаараа зарим малчид ирэх өвөл хүндхэн болно хэмээн бог малаа эртнээс зарж борлуулах нь их байгаа гэнэ. Яагаад гэвэл зуд болвол тэдний хэдэн жилийн нөр их хөдөлмөр үгүй болох юм. Бас оюутнуудынхаа сургалтын төлбөр, хотод амьдрах байр сууцны зардлаас эхлээд мөнгөний хэрэгцээ их гардаг биз.

Бид энэ жил малын борлуулалт ямар байгаа талаар тодруулахаар “Эмээлт” захын ченж нартай холбогдсон юм. Мөн орон нутгийн малчидтай холбогдож бодит байдлыг сурвалжиллаа.

“Эмээлт” захын ченжүүдийн хэлж буйгаар энэ жил Увс, Баян-Өлгий зэрэг зуншлага тааруу байсан баруун таван аймгаас хамгийн их мал ирж байгаа гэнэ. Эдгээр нутгаар бороо хур бага орж, бэлчээрийн гарц муу байсан учраас малаа борлуулах нь нэмэгдсэн гэв. Малчид голдуу өвөлд тэсвэргүй, хөгшин, туранхай бог малаа зарж байна гэлээ. Учир нь өвөл цас унавал онд орохгүй. Мөн оюутнуудын хичээл эхэлж байгаа учраас жил болгоны өдийд малчид малнаасаа тодорхой хэмжээгээр зарж борлуулдаг гэв. Баруун аймгийнхны хувьд голдуу сум, аймгийн ченж нартаа малаа зараад, ченж нар нь хот руу ачуулдаг гэсэн юм. Харин хотоос холгүй байдаг малчдын хувьд өөрсдөө малаа тууж авчраад, эсвэл ачиж ирээд зарж байна гэж ченж нар хэлж байлаа. “Эмээлт” захын ченж нар өдөрт хамгийн багадаа 200 орчим бог мал худалдаж авч байна гэв. Энд одоогоор ямаа 150-200 мянган төгрөг, хонь 200-350 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм байна. Энэ нь мөнгө төгрөгний хэрэгцээ их байгаа өдийд боломжийн үнэ ханш гэж малчид хэлж байсан гэв. Бид хэд хэдэн ченжтэй холбогдоход энэ жил өмнө жилүүдтэй харьцуулахад малаа зарж байгаа малчид олон байна гэсэн хариултыг өгч байлаа.

Бид Увс аймгийн Түргэн сумын малчин Т.Банзрагчтай холбогдсон юм. Тэрээр “Манайх 1400 малтай. Одоогоор 200 гаруй мал зараад байна. Энэ жил манай нутагт зуншлага гайгүй байсан ч одоо бол мал идэх өвс байхгүй хэцүүхэн л байна. Хадлан тэжээлээ аваад, нөөцөлж байгаа хүн ч байна. Ер нь энэ жил өвс үнэд орох болов уу. Монгол хүн амны билгээрээ гэдэг л дээ. Гэхдээ энэ жил ирэх өвөл хүндхэн болно гэж ярьж байгаа хүн зөндөө байна. Малчид чинь өөрсдөө цаг агаар, улирлаа шинждэг шүү дээ. Жишээ нь, зэлэн дээрээ үхэр мал тогтохгүй байна. Энэ чинь өвөл хүйтрэхийн л шинж. Манайх саяны зарсан хэдэн бог малаа сумынхаа ченж нарт өгсөн. Зав зай таараад аймгийн зах дээр зогсвол эр хонь 200 мянган төгрөг хүрдэг юм л даа. Даанч тэгж явах зав олддоггүй юм. Сумын ченж нар эр хонийг 120 мянгад хямдхан авч байна. Ер нь манайх малаа намартаа нэг цөөлдөг юм. Манай суманд малаа цөөлж байгаа малчин айл олон байна. Энэ чинь олон шалтгаантай. Манайх гэхэд хоёр оюутантай. Хэдэн төгрөг хадгалж байгаад хоёр хүүхдэдээ амьдрах байрны урьдчилгаа мөнгө бэлдэж өгөх санаатай. Нэг нь МУБИС-д үнэгүй сурдаг юм. Харин нөгөөх нь ХААИС-д сурдаг. Энэ хоёрынхоо сургалтын төлбөр, байр сууцных нь мөнгийг намартаа бэлдэж өгөөд явуулдаг юм. Бас нэг шалтгаан нь өвөл цас их унавал хөгшин, туранхай малнууд нь онд орохгүй. Өвлийн идшинд идэх хэдэн гайгүй хонио үлдээгээд бусдыг нь зарж байгаа айлууд ч байна. Манай энд өвөл их хүйтэрдэг болохоор малчид эртнээс л бэлтгэлээ базаадаг. Энэ жил цаг их зүтгүүлнэ гэж ярьж байгаа хөгшид ч их байна” гэсэн юм.

Бид дараа нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчин Г.Дашзэгвэтэй холбогдлоо. Энэ айлын хувьд мал маллаад удаагүй залуу гэр бүл ажээ. Хүүхдүүд нь сумынхаа сургуульд явдаг бөгөөд ирэх жил том охин нь аравдугаар ангид орох учраас малаа зараад аймгийн төв рүүгээ нүүх гэж байгаа гэв. Ер нь сүүлийн жилүүдэд өвөл нь гайгүй байсан ч хавар нь хүндхэн болж байгааг тэрээр хэлж байсан юм. Намар болоод малын үнэ ханш ч гайгүй байгаа болохоор Дашзэгвэ малчных 300 орчим бог мал, 20 орчим бод мал зарсан гэв. Эрдэнэхайрхан сумаас мөн малаа их бага гэлтгүй зарж байгаа айл олон байгаа гэлээ. Ер нь сүүлийн үед айлууд малынхаа тоонд биш чанарт анхаарч, цөөн тооны малтай болохыг эрмэлздэг болсон гэдгийг онцолж байлаа. Малчдын хувьд халуунд халж, хүйтэнд хөрж өвөл зунгүй малынхаа араас дагаж явдаг болохоор “сайхан өвөл” болоосой л гэж бүгд бодож явдаг гэдгийг ч тэрээр хэлсэн юм.

“Манай сумаас өдөрт хамгийнбагадаа 150, заримдаа 700-800 мал зарагдаж байна”

Малчин айлууд малаа зарж борлуулахын тулд амьдарч байгаа сумынхаа малын эмчээс гарал үүслийн бичиг заавал авч зардаг. Бид Эрдэнэхайрхан сумын малын эмчээс өдөрт хэд орчим малд бичиг өгч байгаа талаар тодруулсан юм. Тэрээр “Манай суманд жил болгоны өдийд малаа зарж байгаа айл олон болдог. Харин энэ жилийн хувьд бүр олон байна. Манай сумаас гэхэд өдөрт хамгийн багадаа 150, зарим өдөрт 700-800 мал зарагдаж байна. Зэргэлдээ сум, аймгуудад ч ялгаагүй ийм байгаа гэж таньдаг эмч нар маань хэлж байна лээ. Зарим айл нь “Эмээлт” зах дээр борлуулна. Зарим нь хотод байгаа ах дүү нь борлуулж өгнө. Зарим нь шууд “Мах Импекс” рүү ачуулж байна. Ер нь ихэнх айлууд мууг нь зараад гайгүй малаа авч үлдэж байна даа. Дээрээс нь оюутан сурагчдын хичээл эхэлсэн болохоор мөнгөний шаардлагатай малчин олон байгаа. Энэ жилийн хувьд манай суманд зуншлага тийм ч сайн байгаагүй болохоор зуд болно гэж ярихгүй ч өвөл хүндхэн болно хэмээх хүн зөндөө л байна” гэсэн юм.

Мөн Баян-Өлгий аймагт амьдардаг К.Пажиртай холбогдсон юм. Түүний хувьд хэдэн жилийн өмнө тэтгэвэртээ гарсан бөгөөд өөрт байдаг цөөн тооны малаа зараад аймгийн төв рүүгээ нүүж орж ирсэн гэв. Өвөл, хавар нь малаа айлд өгдөг байсан ч цас их унадгаас болоод малын хорогдол их байдаг учраас энэ жил бүх малаа зарсан хэмээв. Цаг агаарын байдлаас шалтгаалаад мал маллах боломж хумигдаж байгаагийн нэг жишээ нь энэ юм.

Ийнхүү орон нутгийн малчид, ялангуяа баруун аймгийнхны хувьд малаа борлуулж байгаа нь их байв. Хэрэв тэдний хэлж буйгаар ирэх өвөл хүндхэн болвол тэд үлдсэн хэдэн малаа онд оруулахын тулд хадлан тэжээлээс эхлээд өвөлжөө, хашаа саравчаа сайжруулах, түлш шатахуунаа базаах зэрэг бэлтгэл зайлшгүй шаардагдана. Энэ бүхний зэрэгцээ хүүхдийнхээ боловсролд мөнгө зарцуулахаас эхлээд мөнгөний хэрэгцээ их гарна. Гэвч цаг уурын нөхцөл байдал улам хүндэрч, зуд тохиовол зөвхөн нэг сум, нэг аймаг бус, улс орны хэмжээнд хүнсний хангамж, махны үнэ ханш, цаашлаад эдийн засагт ч үр нөлөө нь ирж магадгүй юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор х...

img

7 цагийн өмнө

“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

“Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй 7 худагт эхэллээ. Тэмцээнд элит ангилалд Сингапур, Яп...

img

8 цагийн өмнө

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасчээ

Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн ...

img

9 цагийн өмнө

АНУ гадаад оюутан болон сэтгүүлчдийн визний хугацааг багасгах санал гаргалаа

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам лхагва гарагт мэдэгдэл гаргаж, АНУ-ын Засгийн газар гадаад оюутнууд болон сэтгүүлчдийн визний хуга...

img

10 цагийн өмнө

Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин төр...

img

11 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд