мэдээ
Эдийн засагч Н.Туяа: Татварын шинэчлэлд ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай болохоор байна

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 9 сарын 07

40

Татварын багц хуулийн төслийн талаар эдийн засагч Н.Туяатай ярилцлаа.
-Засгийн газраас татварын багц хууль өргөн барьсан. Энд татвар бууруулах ямар шийдлүүд тусгагдав. Мэргэжлийн хүний хувьд та хэрхэн харж байна вэ?
-Татвар бол нэг талаасаа эдийн засгийг зохицуулах санхүүгийн үндсэн арга хэрэгсэл, нөгөө талаасаа баялгийн дахин хуваарилалт буюу төсөв бүрдүүлэх гол арга зам байдаг. Манай татварын бодлогыг харахад зөвхөн төсөв бүрдүүлэх талаас нь илүүтэй харж өөрчлөлтүүд хийж ирсэн нь өнөөдрийн татварын дарамтыг үүсгэсэн. Тэр тусмаа жижиг дунд бизнес, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэсэг дээр илүү дарамттай, байгалийн баялаг эзэмшигч цөөнхөд ашигтай систем явж ирлээ.
Одоо явж байгаа төслийг харахад дээрх системийн шинжтэйг ажуудлыг зассан, үндсэн, концепцийн шинэчлэл хийгдэхгүй юм байна. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно гэх мэт гоё зүйл сонсогдох ч амьдралд төдийлөн өөрчлөлт авчрахгүй жижиг засваруудыг голчлон яриад байна. Гэтэл нэг талаас хувийн хэвшил ажиллах хүчний хомсдолд орсон, нөгөө талд цалингаар амьдрах боломж муу байгаа нь цалин хөлсөнд ногдуулдаг татвар, нийгмийн даатгалын зардал өндөр байгаатай холбоотой.
Гэтэл энэ төрөлд дорвитой өөрчлөлт орохгүй нь. Сарын 800 мянган төгрөгийн цалин орлогыг татвараас чөлөөлөх санал явж байна. Энэ нь иргэдэд тийм том дэмжлэг болохгүй. Дор хаяж дундаж цалинг татвараас чөлөөлж байж өрх гэрт бодитой дэмжлэг мэдрэгдэнэ. Гэтэл нөгөө талд төрөөс тусгай зөвшөөрөл эзэмшдэг буюу газрын эзэд, уул уурхайн лиценз эзэмшигчдийг татвараас чөлөөлөх, ногдол ашгийг татвараас чөлөөлөх гэх мэт хөрөнгөлөг хэсгийг татвараас чөлөөлөх заалтууд төсөлд туссан байна. Энэ талаар хууль санаачлагчид огт ярихгүй байна. Харин иргэдээс дэмжлэг авахын тулд зөвхөн НӨАТ-ын хөнгөлөлт, цалингийн татварын багахан хөнгөлөлтөд олны анхаарлыг хандуулж байна. Сүүлийн 10 жилийн татварын хуулийн өөрчлөлтийг харахад, гоё сайхан ярьсан шинэчлэлийн ард хууль санаачлагч эрх мэдэлтнүүд, хөрөнгөлөг хэсэгт ашигтай лоббины хөнгөлөлт чөлөөлөлт заавал далд нуугдаастай байдаг. Энэ удаа мөн тийм л байна. НӨАТ-ын буцаалт нэг өрхөд сайндаа л 100 мянган төгрөг, цалингийн татварын хөнгөлөлт 80 мянган төгрөгийн л асуудал төдий. Гэтэл нөгөө талд ногдол ашиг, хувьцаа хөрөнгө шилжүүлэхэд төлдөг татварын хөнгөлөлт нэг татвар төлөгчийн хувьд хэдэн зуун сая, тэрбумаар яригдана. Үүнийг хүмүүст ярихгүй нууж байна. Төсөл энэ чигээрээ батлагдвал татварын шударга бус тогтолцооны үр нөлөө улам гүнзгийрч орлогын ялгаа, баян ядуу гэсэн анги давхарга улам холдож нийгмийн сайн сайхан улам л асуудалтай тулгарна. Нэг ёсондоо 30 жилийн авлигын хөрөнгийг зүс хувиргах процесс хүчтэй явагдаж байна. Энэ үйл явцад зориулсан лоббины хөнгөлөлт, чөлөөлөлт явж байгаа юм болов уу даа. Татварын багц хууль батлагдсаны дараа жирийн иргэний төлдөг НӨАТ, НДШ автомашины татвар, замын хураамж бүгд хэвээр үлдэнэ. Системээр нь харж эдийн засгийг төрөлжүүлэх, бизнес, ажил эрхлэлтийг дэмжих, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх, орлогын ялгааг ойртуулах цогц шинэчлэл хийгдэхээргүй байна. Харин хөрөнгөтнүүдийн үе солигдож байна.
-Шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлнэ гэж байна. Энэ ер нь зөв үү, буруу юу. Ямар үр дүнтэй вэ?
-Би хувьдаа шаталсан татварын системийг дэмждэггүй. Орлогоор шатлахын оронд салбараар татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх нь эдийн засаг нь төрөлжөөгүй, бараг зөвхөн уул уурхайгаас төсвөө бүрдүүлдэг манай улсын хувьд үр нөлөөтэй бодлого болно. Эдийн засгийг төрөлжүүлнэ гэж бүх Засгийн газар нь мөрийн хөтөлбөртэй оруулдаг. Улсын урт дунд хугацааны бодлогод нь энэ зорилт суучихсан байхад эдийн засгийг төрөлжүүлэх татварын бодлого огт дэвшүүлэхгүй байна. Татварын бодлого бол дээр хэлсэнчлэн төсөв бүрдүүлдэг хэрэгсэл төдий биш, эдийн засгийг тогтвортой тэнцвэртэй хөгжүүлэх, төрөлжүүлэх, үндэсний орлогыг салбар хооронд болон хүн амын сегмент хооронд зохистой хуваарилах хөгжлийн хүчирхэг хэрэгсэл шүү дээ. Ингэж хардаг Засгийн газар, улстөрч ч ховор юм. Жишээлэхэд, Монгол Улсын алсын хараагаар хөгжүүлэх амбицтай салбар юу юм. Аялал жуулчлал, технологи, оюуны үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл ч юм уу. Тэр салбаруудаа татвараар дэмжих, магадгүй уул уурхай гэх мэт нэг талаас нийтийн өмчийн ашиглалт, хүрэн эдийн засгийн салбарын татварыг өндөр байлгах зэргээр ялгамжтай татварын бодлого хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалтад нөлөөлөх нь дамжиггүй юм.
-Онлайн худалдаанд 10 хувийн татвар ногдуулна гэж байна. Энэ нь эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа юм бол?
Онлайн худалдаанд татвар ногдуулах нь угаасаа хууль ёсных. Гол нь тэр урсгалыг барьж авах, бүртгэх тогтолцоо нь байхгүй байна. Онлайн байна уу, лангуу байна уу адилхан л худалдаа үйлчилгээ шүү дээ. Онлайн бизнесийг татварт хамруулах зохицуулах асуудал сүүлийн үед бүх улс орны тулгамдсан асуудал болж байна. Зөвхөн татварын асуудал ч биш, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хориотой худалдааг зохицуулах гэх мэт өргөн хүрээтэй асуудал юм.
-Нийгэмд татварын өөрчлөлтийн жинхэнэ зорилго нь төрийн тансаг хэрэглээг санхүүжүүлэх гэсэн хардлага байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
-Энэ удаагийн татварын шинэчлэлийг уг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд хийх ёстой байсан юм. Нийгэмд ч тийм хүлээлт үүссэн. Энэ хүлээлтэд хариулт өгч чадахааргүй, эсрэгээрээ хөрөнгөлөг хэсгийг татвараас чөлөөлсөн өөрчлөлт орж ирж байна. Бизнес эрхлэхэд ажиллах хүн олох нь хамгийн том сорилт болж байна гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Нөгөө талаас цалингаараа амьдрахад хүрэлцэхгүй учраас хүмүүс компанид үндсэн ажил хийхээс илүү хувиараа ажиллах, онлайн худалдаа эрхлэх, гадаадад гарч ажиллах, зарим нь бүр халамжид яаж ийгээд орох гэх мэт сонголт хийж байна. Энэ нь хүмүүсийн буруу биш. Ажиллах хүчний хомсдол байвал, мэргэжлээрээ ажиллаад цалингаараа амьдрахад хүрэлцэхгүй байгааг иргэд ч, статистик ч харуулаад байвал төр бодлогоороо үүнийг засах ёстой биз дээ. Гэтэл цалингаараа амьдардаггүй, хөрөнгийн өгөөжөөр амьдардаг хэсгийн татварыг ногдол ашиг, хувьцаа гэсэн хэрэгслээр дамжуулан хөнгөлж чөлөөлж байгаа нь шинэчлэл биш, харин ч татварын системийн гажуудлыг улам гүнзгийрүүлсэн өөрчлөлт болж байна. Үүнийг нийгмээрээ эсэргүүцэх хэрэгтэй. Зөвхөн энэ удаа ийм хөнгөлөлтүүд орж байгаа юм биш. Засгийн газар, хууль тогтоогчид сүүлийн үед хууль дагалдуулж хуульд өөрчлөлт оруулдаг аргад гаршиж байгаа. Энэ нь тухайн өөрчөлтийг олон нийтээр хэлэлцүүлэхгүй чимээгүй батлуулах боломж олгодог. Жишээлбэл, Төсвийн тухай хуулийг дагалдуулаад баахан татварын хөнгөлөлт чөлөөлөлт оруулж ирээд батлуулчихдаг. Гэтэл сэтгүүлчид иргэд олон нийт үндсэн Төсвийн хуулиа л тойрч яриад дагалдах хуулиудыг анзаардаггүй. 2019 онд Төсвийн хуулийг дагалдуулаад ногдол ашгийн татварыг хоёр дахин, эрхийн шимтгэлийн орлогын татварыг гурав дахин хөнгөлсөн бол 2024 оны Төсвийн хуулийг дагалдуулан хувьцаа үнэт цаас борлуулсны орлогын татварыг 90 хувь хөнгөлсөн. Гэтэл энэ хөнгөлөлтүүд жирийн иргэдэд огт хамаагүй. Хувьцаа асар өндөр төвлөрөлтэй, биржийн 2024 оны статистикаар 15 тэрбум ширхэг хувьцаа 1043 хүнд төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, асар их хөрөнгөтэй 1000 хүнд зориулсан хөнгөлөлт чөлөөлөлт гэсэн үг.
Үнэхээр иргэдээ, жирийн монгол айлын амьжиргааг дэмжсэн, бизнес хийхэд хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэсэн татварын шинэчлэл хийе гэвэл дундаж цалинг татвараас бүрэн чөлөөлж, НДШ-ийг бууруулж, монгол хүн эх орондоо мэргэжлээрээ ажиллаад дундаж түвшинд амьдрах боломжтой болгох хэрэгтэй. НӨАТ-ын босгыг өсгөх ч буруу, харин ч босгогүй болгох хэрэгтэй. Нийтээрээ төлж байж өртгийн сүлжээ зөв шударга тогтоно. Татварын бодлого тэгш, шударга байж л татварын бааз суурь өргөжиж, татварын дарамт буурах боломжтой болно. Далд эдийн засаг хумигдаж нийт дүнгээрээ төсвийн орлого ч нэмэгдэнэ, эдийн засаг ч тэлнэ.Төсвийн тансаглалын хувьд өнөөдөр ч хангалттай тансаглаж байна. Энэ нь татварын гэхээсээ төсвийн бодлого,төрийн албаны сахилга ёс зүйтэй холбоотой. Төр тансаглах тусам татвар төлөх хүнгүй л болно, тансаг, хулгайч төрд хэн татвар төлөхийг хүсэх вэ дээ.
-800 мянган төгрөгийн цалинд татвар ногдуулахгүй гэхийн зэрэгцээ орон сууц авахад 15 сая төгрөг өгнө гэх амлалтууд төслийн багийнхнаас гарч байна. Энэ нь үнэхээр хэрэгжих боломжтой юу. Эсвэл популист амлалтаар ард түмнийг гөлөг төөрүүлж байгаа юм шиг хуураад байна уу?
-800 мянган төгрөгийн цалинг татвараас чөлөөлнө гэж байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ л дээ. Одоо 792 мянган төгрөг байгаа. Энэ нь өрх гэрийн бодит орлогод сүрхий том дэмжлэг болохгүй ээ. Дор хаяж дундаж цалин, 3-5 саяын орлогыг татвараас чөлөөлж байж үр дүн мэдрэгдэнэ. Энэ нь зөвхөн өрхийн орлого нэмэгдүүлээд зогсохгүй хүмүүсийн ажил хийх хүслийг өдөөж бизнесийнхэн ажиллах хүчний хомсдлоос гарах томоохон бодлого болно шүү дээ. Үр дүнд нь эдийн засаг, бизнес идэвхжиж тэр хэрээрээ татварын орлого нэмэгдэж таарна. Халамж буурна гээд нөлөө нь асар их. Орон сууцанд 15 сая төгрөг гэдэг нь татварын хөнгөлөлт яриад байгаа болов уу. Одоогийн хуулиар зургаан сая төгрөгийн татварын буцаан олголт авах эрхтэй байгаа. Улаанбаатар хотын утааг бууруулах зорилготой уялдуулах юм бол зургаан сая бүү хэл байр авсан орлогыг нь бүхэлд нь чөлөөлсөн ч болно шүү дээ. Яагаад хөрөнгөлөг цөөнхийг байнга татвараас чөлөөлж, нийт хүн амын 99 хувь болсон дундаж болон бага орлоготой хэсгийнхээ дэмжлэгт ийм харам байгаа юм бэ гэдэг нь үнэхээр гайхмаар. Магадгүй хууль тогтоох байгууллага,Засгийн газар, шийдвэр гаргах түвшинд жирийн дундаж иргэдийн дуу хоолой, ашиг сонирхол, төлөөлөл байхгүй байгаагийнх биз. Хуулийн өөрчлөлтөө бүхэлд нь танилцуулахгүй иргэдийн сонирхлыг татах бага сага өгөөш хаяж өгч хөөрүүлээд араар нь өөрсдөдөө баахан хөнгөлөлт чөлөөлөлт авахаар төсөл явж байна гэдгийг дахин хэлье.





Л.Даваа: Улаанбуудайн ядаж нэг жилийн нөөцтэй байвал үнэ, хангамжийн хувьд асуудал шийдэгдэх боломжтой
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Л.Даваатай ярилцлаа. -Энэ жил...
2 цагийн өмнө
Нүдний шилнээс илүү үр дүн үзүүлж буй дусаалга
АНУ-ын эрдэмтэд ямар ч насны хүний катаракт гэдэг хараа муудах явдлыг эмчлэх нүдний дусаалга бүтээжээ. Катаракт нь дунджаар тохиолдл...
3 цагийн өмнө
Японы Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Баянгол дүүрги...
3 цагийн өмнө
Зэсийн ШИНЭ ОРД нээгдлээ
Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээлээ. Хайгуулын урьдчилсан үр дүнг...
3 цагийн өмнө
Монгол Улсад он гарсаар 600.699 жуулчин иржээ
Монгол Улсад 2025 оны эхний найман сарын хугацаанд 600,699 мянган жуулчин ирсэн байна. Жуулчдын хамгийн их буюу 163,546 нь БНХАУ-аа...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд