мэдээ
Д.Хоролдамба: Улс төрийн хэлмэгдүүлэлт бага, буурай оронд илүү ноцтой хор уршиг учруулдаг

Админ
2025 оны 9 сарын 07

36

Түүхийн ухааны доктор Д.Хоролдамбатай ярилцаа.
–Удахгүй “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болно. Ер нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэж юу вэ, тухайн түүхээс яриагаа эхлэх үү?
-Нийгмийг хүчирхийллийн аргаар өөрчлөх, эсвэл үзэл номлолд хөтлөгдсөн эрс өөрчлөлт, хувьсгал, эргэлтүүд нь хэлмэгдүүлэлт буюу төрийн залхаан цээрлүүлэлтийг бий болгодог. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 3.1.2:-т “улс төрийн хэлмэгдүүлэлт” гэж хүнийг нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан нам, төр, нийгэмд аюултай этгээд гэж тооцож, улс төрийн буюу төрийн эсрэг гэх гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулж, шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд зохиомол хэрэг, гүтгэлэгт үндэслэсэн албадлагын арга хэмжээг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Хүн ардыг харгислан, улс төр, оюун санаа төдийгүй аж ахуй, нийгэм эдийн засаг, соёлын ололтыг их, бага ямар нэгэн хэмжээгээр сүйтгэдэг хор уршигтай. Үүгээрээ тухайн улс орон зарим тохиолдолд бүс нутаг, тив дэлхийд ч хор хөнөөлтэй байдаг. 1911 онд VIII Богд Жавзандамба хутагт хааны удирдлагаар Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн хаант улсаа байгуулах болон 1921 оны хувьсгал ялалтад хүрэхэд умард хөршийн оролцоо ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Их гүрнүүдийн геополитикийн хайчин галд өртсөн Монгол оронд Оросын 1917 оны октябрийн хувьсгалын дүнд тогтсон улаан засгийн нөлөөтэй хувьсгал ялалтад хүрэв. Аливаа хувьсгал нийгмийг үндсээр нь доргиож, өөрчлөлт, дэвшил авчрахаас гадна хүчирхийллийг ч сүүдэр мэт дагуулдаг жам ёсны дагуу цаашдын үйл явдал өрнөжээ.
-Яагаад ийм гашуун үйл явдал болсон бэ?
-1924 оны БНМАУ-ын Анхдугаар их хурлаас “Үндсэн хууль” ёсчлон батлагдав. Түүнд “улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэх”, “хуучны ззэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгах” гэсэн заалтууд орсон нь “жинхэнэ ард”-ын эрх чөлөөг тунхаглаж ардчилсан шинжийг тогтоож өгсөн талтай боловч нийгмийн ноёлох, тэргүүлэх хэсгийг гадуурхан хавчиж, хэлмэгдүүлэх, нийгмийг донсолгох эрх зүйн суурь зохицуулалт болж, таван жилийн дараа хор урхаг нь улам тодорхой болсон билээ. Энэ хугацааны дотор дундад зууны феодалын нийгмийн байгууллыг үндсээр нь халж, улс төр, нийгэм-эдийн засаг, соёл, оюун санааны амьдралын бүхий л хүрээнд ардчилсан өөрчлөлт хийх зорилтыг эрх баригч МАХН, Засгийн газраас дэвшүүлэн, хэрэгжүүлэх алхмуудыг 1928 он хүртэл хийхийг оролдсон боловч ЗХУ болон Коминтерний бодлого, шахалтад улам бүр автах болж, социалист туршилт БНМАУ-д явагдсан юм. 1931 оны есдүгээр сарын 25-нд болсон БХК/б/Н-ын ТХ-ны УТТ-ны хуралдаан дээр ГХАК-ын орлогч Л.Карахан “БНМАУ-ыг батлан хамгаалахын асуудлыг онцгойлон анхаарах цаг боллоо. Энэ нь Манжуурыг эзлэн авсан Японы зүгээс гарч буй аюул заналтай холбоотой юм” гэсэн мэдэгдэл хийжээ. БНМАУ-ын дорнод хязгаартай хил залгаа Манжуурыг 1931 онд Квантуны арми эзэлж аваад 1932 оны гуравдугаар сарын 1-нд Манжго улс гэгчийг байгуулах ёслолыг Шиньжин (Чанчунь) хотод хийв. Тийнхүү Монгол Улс 700 км газраар шууд хиллэдэг гуравдагч хөрштэй болжээ.
Хятадын цэргийн эрхтнүүд 1929 оны зун Манжийн дорнод төмөр замыг эзлэн авч, Зөвлөлтийн алс дорнодын хил хязгаарт будлиан үүсгэсэн, энэ үеэр Монголоос хөөгдсөн Хятадын мөнгө хүүлэгч худалдаачид гадаад Монголд цэрэг явуулж эзлүүлэхийг хүсч Чан Кай-шийн Засгийн газарт өргөдөл оруулжээ. Хятадын Нанжингийн Засгийн газрын тэргүүн Чан Кай-ши энэхүү төмөр замыг эзлэн авсны дараа гадаад Монголыг нэгэн тийш болгоно хэмээн сүржин мэдэгдэл хийснийг манай түүхэнд бичдэг. Дээрх мэт элдэв явуулга хийх болсон зэрэг дээрх нөхцөл байдлууд Монголын аюулгүй байдлын гадаад орчныг нэн түгшүүртэй болгожээ.
Дотоодод улс орныг хамарсан ноцтой байдал үүссэн. Ард түмэн гурил, будаа, цай, сахар, бөс даавуу зэрэг өргөн хэрэгцээний бараагаар ихээхэн дутагдаж байжээ. ЗХУ нь БНМАУ-ын бараа, бүтээгдэхүүн эд баялгийг маш хямд үнээр худалдан авч, экпортын бүтээгдэхүүнээ хэтэрхий өндөр үнээр шахан, мөлжиж байв. Хоёр улсын харилцааны эрх тэгш бус байдлыг харуулах ганц жишээ татахад, ЗХУ нь Монголын нэг амьд тэмээг 25-40 төгрөгөөр үнэлэх атлаа хилэн үстэй тоглоомон тэмээгээ 75-100 төгрөгөөр үнэлэн худалдаж байсан нь үнэндээ доромжилсон хэрэг байлаа. Энэ мэт асар их зүйл ярьж болно. Профессор Ч.Дашдаваа Монгол орон нийгэм-эдийн засаг, улс төрийн хямралд автагдсан асуудлыг тусгайлан шинжилж Монголд ард олны зэвсэгт бослого гарсны шалтгаан нөхцөлийг Коминтерний зүгээс Монголд социализм байгуулах оролдлого, түүний дампууралтай нягт холбон үзсэн нь бүрэн үндэстэй юм.
-Хэлмэгдүүлэлтийн гол бай нийгмийн ямар бүлэг болсон бэ?
-1929 оны нэгдүгээр сарын 23-нд БНМАУ-ын XIII бага хурал хуралдаж, Х.Чойбалсанг УБХ-ын даргаар сонгосон. Улмаар Х.Чойбалсангаар толгойлуулсан хөрөнгө хураах Төв Комиссыг есдүгээр сарын 17-нд байгуулан, орон нутагт салбаруудыг бий болгожээ. Хөрөнгө мөнгө, мал сүрэг, эд хөрөнгө хураах ажил шуурхай эхэлж “1929-1930 оны өвөл эрчтэй явагджээ. Энэ хугацаанд хөрөнгий нь хураахаар бүртгэгдсэн 729 аж ахуйгаас 600 гаруйн хөрөнгийг хураав. “Үнэн” сонинд мэдээлснээс үзвэл, 1929-1932 онд давхардсан тоогоор бүгд 110 илүү хар шар феодал, харгис түшмэлээс 10 сая орчим төгрөгийн хөрөнгө хураасан байна. Эндээс хэлмэгдүүлэлтийн гол бай нь нийгмийн тэргүүлэх хэсэг гэдэг нь харагддаг. Тийнхүү хөрөнгө хураах кампани явагдаж, социализм байгуулах хийрхэл даамжирснаас Монголын нийгэм-эдийн засгийн уламжлалт хэвшил, хүн амын амьжиргааны үндэс суурийг ганхуулан, төр, нийгэм эдийн засгийн тогтолцоо гажуудаж, төр, нийгмийн аливаа зорилтыг кампаничлан явуулах, албадах арга барил ноёлох болжээ. Энэ нь ард олны зүй ёсны эсэргүүцлийг өдөөсөн нь “Энэхүү хэргийг эхнээс бид үйлдсэнгүй, та нар өөрсдөө 10 хар нүглийн үндсэн үрийг тарьж, иргэн ардыг дарангуйлсаны үрүүд боловсрон бэлтгэгдэж ирсэнээс иймд хүрсэн” гэх бичиг, ухуулгаас тодорхой байна.
Х.Чойбалсангийн 1938 оны зургадугаар сарын 19-нд гаргасан “Цэргийн Явдлын Яамны 17 тоот албан захидал” гэгчид нь цэргийн бие бүрэлдэхүүнээс баривчилж байгаа тухайгаа хувьсгалт цэргийн цаашдын хөгжил, улс төр, байлдааны үйл ажиллагаа цэргийн хүчин чадлыг бэхжүүлж байна гэх зэргээр тэмдэглэсэн нь үнэн хэрэгтээ эсрэгээрээ байв. Мөн хувьсгалт цэргийн албанд тэнцэхгүй гэх хүмүүсийг ангилан дараах заалтуудыг тусгасан. Үүнд хар, шар феодал ба тайж, сүм хийдээс татгалзсан жинхэнэ лам нар, дотоод ба гадаадын оргодол, эсэргүү бослогод идэвхтэйгээр оролцож улаан цэрэг лүгээ байлдаж явсан этгээдүүд, эсэргүү нарын үр хүүхэд буюу ойрын харилцаа холбоо бүхий төрөл саднууд гэж Монголын ард түмнээ ангилан, хилс хэрэгт бүлэглэн гадуурхаж байсан юм.
-Мэдээж, их хохирол учруулсан байх. Хамгийн том хор хөнөөл нь юу байсан вэ?
-Монголчуудын амь нас, эрүүл мэндээрээ хохирч, шударга ёс, эрх чөлөө алдагдаж, үндэсний бахархал, үнэт зүйл, соёлын ололт сүйтгэгдсэн нь хамгийн харамсалтай. Цөөхөн монголоо улам цөөрүүлснээс Хэнтийн зарим сумд бараг эрэгтэй хүнгүй болсон гашуун түүхтэй. 1930-1940 онуудад Тусгай комиссын шийдвэрээр 5728, Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 27585, Шүүхийн шийдвэрээр 4261 нийтдээ 375741 хүнийг улс төрийн хэрэгт холбогдуулан “эсэргүү” хэмээн шийтгэсэн гэх судалгаа буй. Улсын Бага Хурлын гишүүд нь хууль, дүрэм санаачлах, Засгийн газрын гишүүдэд хяналт, шаардлага тавих, хууль тогтоомжийг хянах, өөрчлөх, хуулийн биелэлтийг хангахын тулд прокурорын газартай хамтран ажиллах, ард түмний санал, гомдлыг хүлээн авах зэрэг ажлыг гүйцэтгэж байв. Гэтэл БНМАУ-ын YII Их хурлаас сонгогддсон Улсын Бага хурлын гишүүдийн ихэнх хувь хилс хэргээр баривчлагдсаны уршгаар жилд хоёр удаа хуралдах ёстой Улсын Бага хурал 1937, 1938 онуудад хуралдаагүй байна. Уг нь Улсын Бага Хурлын баривчилж мөрдөн байцаахдаа Бага Хурлын тэргүүлэгчдийн буюу Бага Хурлын даргын зөвшөөрлөөр хийж гүйцэтгэх ёстой атал энэ дүрэм огтхон ч үйлчилж байгаагүй байна.
Ийнхүү төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа алдагдаж зогсонги байдалд оржээ. Улс орныг батлан хамгаалах гол хүч болох хувьсгалт цэргийн дотор хувьсгалын эсэргүү этгээд, тэдгээрийн ах дүү, хамсаатан шургалан орсон хэмээн цэргийн удирдах бүрэлдэхүүн, цэргийн албан хаагчид 1937 оноос эхлэн “Гэндэн Дэмидийн хэрэг” гэгчид холбогдон 1939 он гэхэд МАХЦ-ийн бие бүрэлдэхүүний дийлэнх хэсэг нь шийтгэгдсэн. Эдгээр хэлмэгдсэн цэргийн албан хаагчид нь нийт хэлмэгдэгсдийн дөрвөн хувийг эзэлж байсан гэсэн тоо байна. 1937-1940 онд МАХЦ-ийн дарга, ар тал, техникийн ажилтан зэрэг 700 гаруй, хугацаат цэргийн албан хаагч 140 гаруй хүнийг хэлмэгдүүлжээ. Дээд тушаалын 78 дарга нарын 84.6 хувийг баривчлан ихэнхийг цаазалсан байна. Ер нь улс төрийн хэлмэгдүүлэлт бага буурай улс оронд илүү хор уршигтай тусдаг. Монголын түүх, соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан соёлын их өв сүйрчээ. Монголын нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирчээ. 1000 гаруй сүм, хийд, хурал номын газар нураан сүйтгэгдэж, тэдгээрийн 5-6 мянган барилга, байшин, сүм дуган тонон дээрэмдэгдэж, асар их эрдэнэс, бурхад, соёлын их өв сүйрч, 1938 онд ердөө л 11-хэн сүм хийд хагас хугас үлджээ.
-Улс төрийн хэлмэгдүүлэлтээс хэрхэн сэргийлэх тухайд түүнийг судалдаг эрдэмтэн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Европын холбооны парламент 2008 оноос сталинизм, нацизмд хэлмэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэж байх шийдвэр гаргаж, европын холбооны улс орнууд жил бүрийн наймдугаар сарын 23-ны өдрийг хэлмэгдсдийнхээ дурсгалыг хүндэтгэх өдөр болгоод явж байгааг дурдах хэрэгтэй. Үнэхээр улс төрийн хэлмэгдүүлэлтээс сэргийлье гэвэл төр нь иргэнийхээ эрхийг хохироож биш, хамгаалж ажиллах ёстой. Эрхт зүйт төр төлөвшлөө олж ядан, шударга ёс, шударга шүүхийн төлөө хүн бүр ярьж, үзэл бодлоо хуваалцаж буй өнөө цагт монголчууд өнгөрсөн замналаасаа байнга суралцаж, сургамжийг нь авч байх талаар төр, иргэд цаг үргэлжид хичээгүүштэй байна. Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт түүх болон улирч одоогүй байгаа тул сонор сэрэмжээ алдаж болохгүй. Хүний эрхийн баталгаа, ардчилал, шударга ёсыг дээддлэхгүйгээр хэлмэгдүүлэлтээс сэргийлэх аргагүй юм. Наанадаж 1930-80-аад оны хэлмэгдлийн технологийг Монголд дахин давтагдуулахгүйн тулд шүүх эрх мэдлийн шударга эсэхэд ямагт хяналт тавих, хяналтын механизмыг бий болгох нь зайлгүй, үүнийг төр түмэн хойшлуулалгүй хийх шаардлага бодитой байсаар байна. Монголын нийгэмд хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн төлөө, шударга ёс, гэгээрлийн төлөө энэ мэтээс эхлээд бага гэлтгүй ихийг хийх хэрэгтэй байна.
А.Даваадулам





Л.Даваа: Улаанбуудайн ядаж нэг жилийн нөөцтэй байвал үнэ, хангамжийн хувьд асуудал шийдэгдэх боломжтой
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Л.Даваатай ярилцлаа. -Энэ жил...
2 цагийн өмнө
Нүдний шилнээс илүү үр дүн үзүүлж буй дусаалга
АНУ-ын эрдэмтэд ямар ч насны хүний катаракт гэдэг хараа муудах явдлыг эмчлэх нүдний дусаалга бүтээжээ. Катаракт нь дунджаар тохиолдл...
3 цагийн өмнө
Японы Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Баянгол дүүрги...
3 цагийн өмнө
Зэсийн ШИНЭ ОРД нээгдлээ
Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээлээ. Хайгуулын урьдчилсан үр дүнг...
3 цагийн өмнө
Монгол Улсад он гарсаар 600.699 жуулчин иржээ
Монгол Улсад 2025 оны эхний найман сарын хугацаанд 600,699 мянган жуулчин ирсэн байна. Жуулчдын хамгийн их буюу 163,546 нь БНХАУ-аа...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд