мэдээ
Ц.Сүхбаатар: Байгалийн хийн хоолойн асуудалд үндэсний бие даасан байдал, алс хэтийнхээ эрх ашгийг бодож шийдвэр гаргах ёстой

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 9 сарын 07

43

Оросоос Хятад руу татах байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр тавих санамж бичиг сая ШХАБ-ын хурлын үеэр байгуулагдлаа. Айлын хийн хоолой манай улсын нутгаар дамжихад зайлшгүй геополитикийн асуудал хөндөгдөнө. Энэ талаар Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.
-Орос, Монголоор дамжуулан Хятад руу байгалийн хийн хоолой барих төсөл олон жилийн өмнөөс яригдсан. Тэгвэл сая ШХАБ-аар нэг алхам урагшиллаа. Таны хувьд энэ асуудлыг геополитикийн хүрээнд хэрхэн харж байна вэ?
-ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих асуудал анх 30-аад жилийн өмнө буюу 1990-ээд оны үеэс яригдаж эхэлсэн юм . Тухайн үеийн Монголын улстөрчид, нийгэм үүнийг их сонирхож, ирээдүйтэй гэж харж байсан л даа. Учир нь Хятадын том зах зээл рүү явж байгаа хийн хоолой манайд орж ирэх боломж үүсэх нь гэдэг байв. Ингээд үе үеийн Засгийн газар, Ерөнхийлөгч нарын үед энэ төслийг урагшлуулах гэж оролдож байсан. Намайг БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байх үед э н э асуудал нэлээд эрчимтэй яригдаж байлаа. Тэр үед Орос, Хятад хоёр “Хийн хоолойг гуравдагч улсын нутгаар явуулах дэмий юм байна” гээд Монголын баруун талаар буюу Алтайн нуруугаар татъя гэсэн байр суурьтай байв. Манай баруун талд Орос, Хятад хоёрын хил Казахстаны нутаг дэвсгэрийн 50 гаруй км-ийн зурвас байдаг. Тэрүүгээр оруулах гэж маш их судалгаа хийсэн. Гэтэл цаад талдаа Оросын Алтайн Бүгд Найрамдах Улсын нутагт ЮНЕСКО-д бүртгэлтэй, байгалийн дархан цаазтай газар байв. Тэгээд ч маш их уулархаг нутаг. Өндөр уулыг давуулж, хийн хоолой тавих нь асар их өртөгтэй болно биз дээ. Ингээд уг төсөл нь манай хойгуур яваад өгсөн. Өөрөөр х э л б э л , В л а д и в о с т о к хүртэл яваад тэндээсээ Хятад руу орж байгаа. Ер нь хийн хоолойг эхнээсээ Монголоор дайруулахгүй гэсэн бодлоготой байсан.
2022 оноос О рос Украины дайн эхэлсэнтэй холбогдуулаад нөхцөл байдал өөрчлөгдсөн. Бид бүгд мэдэж байгаа, энэ дайн эхлэх болсон олон шалтгаан бий. Үндсэн нөхцөлийн нэг нь Украины нутаг дэвсгэр дээгүүр яваад европ руу дамжуулж байгаа хийн хоолойтой холбоотой асуудал юм. Мэдээж энэ бол аливаа улсын хувьд стратегийн асар том бүтээн байгуулалт. Маш их хөрөнгө зарцуулна. Ийм зүйлийг нутаг дэвсгэр дээгүүрээ явуулах нь эргээд өөрсдийнх нь аюулгүй байдалд эрсдэл учирдаг юм байна гэдгийг Украины жишээнээс харагдаж байна.
-Тэгвэл “Сибрийн хүч-2”-ын хий хоолой манай улсын нутаг дэвсгэрээр дайрснаар бидэнд ямар боломж, сорилт авчрах вэ?
-Манай улсын хувьд Орос, Хятадтай хоёулантай нь стратегийн түншлэлтэй. Украин ч юм уу, ямар нэгэн орон шиг эсрэг тэсрэг зөрчилдөөн одоохондоо байхгүй. Газар нутгийн хувьд ч тэр. Гэхдээ Монголд болгоомжлох асуудлууд бий. Өнөөдөр манай улс цахилгаан эрчим хүч, нефть бүтээгдэхүүн, төмөр замын асуудлаар Оросоос хамааралтай байгаа. Дээр нь хийн хоолойн асуудал ороод ирэхээр дахиад бидний хойд хөрш дэх хамаарал нэмэгдэнэ. О росын хувьд барьцаа улам чангалж авна. Бас Хятад ч нэмэгдэнэ. Манай улс Орос, Хятад хоёроос болгоомжилдог ч ойрын хөрш орон. Тэгэхээр үүнээс бид зугтаана гэж байхгүй. Газар нутаг дээгүүр төмөр, зам, агаарын зам, хийн хоолой авах нь зарчмын хувьд ердийн зүйл. Гэхдээ Украины дайны асуудалтай холбоотой болгоомж хэзээд илүүдэхгүй.
-Монгол Улс хоёр хөршийн өгч, авалцах хийн хоолойн транзит болохдоо дундаас нь авч ашиглах боломж үүснэ гэх мэдээлэл яваад байна л даа. Тийм боломжтой юу?
-Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хоолой тавьж, хий өнгөрүүлээд, транзит хийсний төлөө манайх хэдэн төгрөг авах нь чухал биш. Нэгэнт манай нутгаар явахаар шийдсэн бол тодорхой хэмжээнд ашиглах ёстой. Энэ бол манай эдийн засгийн хувьд ч бусад бүх талаараа чухал нөөц болно. Нийгмийн олон асуудлыг шийдэхэд газыг өргөн ашиглах хэрэгтэй. Гэтэл манайд одоохондоо дэд бүтэц нь алга. Наад зах нь айлуудын гэр рүү газрын шугам оруулж нүхэлсэн юм байгаа бил үү. Магадгүй том хэмжээгээр газ ашигласан цахилгаан станцууд, янз бүрийн халаалтын системүүд бий болговол манайд утаа, агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд дэм болох байх.
-Сая Төрийн тэргүүнүүд санамж бичиг байгууллаа. Гэрээ, контрактын түвшинд процессууд үргэлжлэхэд мэдээж хугацаа орох байх. Магадгүй энэ төсөл хэрэгжихээр боллоо гэхэд бид юун дээр анхаарах ёстой вэ?
-Одоохондоо асуудал шийгдээгүй байна. Хоёр их гүрэн зарчмын хувьд ярилцъя гэж байгаа юм шиг байна. Яг шийдээд үнэ, ханшаа тохирсон юм алга. Санамж бичиг гэдэг бол хоёр тал сонирхлоо илэрхийлж байгаа хэлбэр. Үүний дараагаас маш нарийн яриа хэлэлцээрүүд өрнөнө. Өшөө цаг хугацаа орох байх. Тэгээд үнэ хөлс, юун дээрээ тохирох гээд зарчмын зүйлүүдээ тохирно. Тэр болтол хугацаа байна. Манайх гадна дотны туршлагуудыг судлах хэрэгтэй. Хэрэв дэлхий дахин дайн дажингүй, энхтайван байвал үүн шиг сайхан юм гэж юу байхав. Байгаль орчны үнэлгээг нь сайн үзэх хэрэгтэй. Хийн хоолойгоор манай газар нутгийг хуваахаар мал, амьтны хөдөлгөөн хоригдоно. Зэрлэг ан, амьтан явж чадахгүй болно. Энэ мэтчилэн эрсдлүүд их. Алс хэтийнхээ эдийн засгийн үр өгөөжийг харж шийдвэр гаргах юм уу, хойч ирээдүйнхээ аюулгүй, бие даасан байдлыг бодох юм уу. Бид үүнгүйгээр амьдраад явах боломж байна. Ядарсан, яадагтаа тулсан улс биш. Өөрийн гэсэн баялаг, байгалийн хийн нөөц байна. Энэ бүхнийгээ тооцож байгаад шийдвэрээ гаргах байх. Яг төсөл хэрэгжээд явахад эдийн засгийн нааштай үр дүн гарах нь ойлгомжтой. Харин цаад алсын ирээдүйг хэн ч хэлж мэдэхгүй.
-Дайны улмаас ОХУ европ руу байгалийн хийгээ нийлүүлэх гарцгүй болсон. Тэдэнд Хятад гол найдвар нь байх шив. Харин Хятадад ямар болгоомж байгаа бол?
-Орос доод тал нь 100 тэрбум шоо метр газыг Хятад руу нийлүүлэх сонирхолтой байгаа. Европ руу нийлүүлж байсан нь гацсан учраас Хятад руу доод тал нь 100 тэрбум шоо метр газрыг гаргаж байж санхүүжилтээ олно гэсэн тооцоотой байна. Зөндөө асуудлууд бий л дээ. Орост үүнийг барих мөнгө байхгүй. Эдийн засаг нь маш хүнд байдалд орсон. Хятадууд бас үүнд мөнгө гаргах сонирхолгүй байгаа. Яагаад гэвэл эрсдэлтэй. О росын нутгаар хэдэн мянган км хоолой барина. Дээр нь Монголын нутаг дэвсгэр дээгүүр нэг мянган км хоолой барьж байж орно. Газ бол их хэмжээгээр оруулж байж ашгаа өгдөг эд. Жишээлбэл, 100 тэрбум шоо метр газ явуулж байж нийлүүлсний утга учир гарна. Тэгэхээр энэ их хэмжээний газаар Хятадын хэдэн сая хүн амтай, арав хорин хотыг хангах нь байна. Эргээд тэр олон арван сая хүний амьдрал Оросоос хамааралтай болж байгаа юм. Үүнд Хятадын тал болгоомжтой байхаас ч аргагүй. Оросын байдал ямар болох билээ, янз бүрийн асуудал гарвал газаараа шантаажлах, шахалт, дарамт үзүүлэхийг үгүйсгэхгүй. Одоохондоо хямд үнээр өгөхөөр тохирсон ч гэсэн ингэж дасгаж байгаад яг олгох үедээ үнээ нэмдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар нөлөө үзүүлж болзошгүй учраас Хятадын тал бүрэн 100 хувь шийдчихсэн гэдэгт би тийм ч сайн итгэхгүй байгаа. Ямартаа ч нөхцөл байдлыг харъя. Энэ асуудал цаашид явж магадгүй шинжтэй байна. Гэхдээ бид бүхэн үндэснийхээ болон алс хэтийнхээ эрх ашгийн үүднээс бодож үзэх ёстой.
-Хэрэв хийн хоолой тавих төсөл хэрэгжвэл манай улсын хий олборлолт, ашиглалтын ирээдүйд яаж нөлөөлөх бол. Бид байгалийн хийгээ олборлоод экспортлох боломжтой байтал дамжин өнгөрөх улс болох юм биш үү?
-Манайд хий, газ олборлох ирээдүй байгаа. Байгалийн хийн нөөцүүд ч илэрсээр байна. Энэ салбарт олон компани үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл бид өөрийн нутаг дэвсгэр дээгүүрээ хийн хоолой дамжуулбал тэдгээр компанид хүнд цохилт болно. Бид хүний газыг нутгаараа дамжуулж өгөөд, өөрийнхөө боломж, бизнесийг хаах уу. Монголын эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой. Тэрнээс хэн нэгэн гадаад улсын эрх ашгийг түрүүнд тавиад өөрийнхөө эрх ашгийг хойш нь тавих нь туйлын буруу.
Газын нөөцтэй улс хэрнээ өөрөө, өөрийгөө алж байгаа шиг юм болж байна. Өөрийнх нь үндэсний компаниуд өөрийнх нь нутаг дээр байгаа хийг хайгуул хийгээд өчнөөн мөнгө төгрөг босгоод ажиллаж байгаа. Эхнээсээ зарим нь олборлох сувгаа ч нээсэн байна. Гэтэл тэднийгээ үгүй хийж байгааг нэг номерт бодох ёстой асуудал. Эсвэл хамаагүй Хятад бол манайхыг авна гэж үзээд хийж байгаа бол ирээдүйн эрсдлээ бодох ёстой. Улсын бие даасан байдал гэдэг маань дахиад нэг юмаар сулрах нь ээ гэсэн болгоомж байна. Хүн бүр өөр өөрийнхөө байр сууринаас асуудалд хандаж байгаа. Өнөөдөр бид газгүйгээр болоод байна. Удахгүй усан цахилгаан станцаа бариад эрчим хүчнийхээ хэрэгцээг хангачих юм бол оросоос эрчим хүчний хамааралтай байх шаардлагагүй болно. Нефтийнхээ үйлдвэрийг барьж дуусгаад дотоодынхоо хэрэгцээг өөрсдөө хангадаг болчих юм бол бие даах байдал маань улам бэхжинэ. Төмөр замын асуудлыг яаж ч шийдэж болно. Байгаа төмөр зам дээрээ параллель төмөр зам барьдаг ч юм уу. Эсвэл нарийн төмөр замаар холбогдсон ч бидэнд болохгүй гэх газар байхгүй. Ингээд төмөр замын хамаарлаас гарах гарц бий. Ийм үед заавал шинээр хоолой тавих асуудлыг гаргаж ирэх нь зөв үү буруу юу гэдгийг шийдвэр гаргагчид бодож үзэх ёстой. Энэ бол үндэсний эрх ашиг, Монгол Улсын ирээдүйн олон үеийн хүмүүсийн аж амьдрал, хувь заяа шийдэгдэх асуудал. Иймд ямар ч тохиолдолд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, Монголын ард түмнийг төлөөлж байгаа УИХ-аар нэлээд нухацтай, ил тод, өргөн хүрээнд хэлэлцэх ёстой. Тэгж байж шийдвэрээ гаргаад, олонхын шийдвэрээр шийдээд явах нь зөв.
-Таны хувьд Элчин сайдаар ажиллаж байхдаа энэ асуудалтай 10-аад жилийн өмнө тулж байсан хүний нэг. Тухайн үеийн засаг төр үүнийг хэрэгжүүлчих юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байсан байх аа?
-Тэр үед олон улсын нөхцөл байдал өнөөдрийнх шиг байгаагүй. Намжмал, энх тайван байлаа. Эдийн засгаар аль болох холбогдож, хөгжье гэж байсан. Дахин хэлье, Орос-Украины дайн дэлхийн тогтолцоог ерөнхийд нь хөдөлгөчихлөө шүү дээ. Тэгээд олон улсын геополитикийн асуудал ээдрээтэй байгаа өнөө үед асар үнэтэй, асар эрсдэлтэй хоолойг бид нутгаараа тавибал хоёр хөрш үүнийгээ хамгаалах нь ойлгомжтой. Хийн хоолойг бариад авбал Орос, Хятад хоёр нэг талдаа баталгаатай гарна гэсэн үг. Тэгэхдээ манай эрх ашиг эдний хажууд юу болох нь ойлгомжтой. Нэгэнт хийсний дараа одоо больё гээд буцах газар бидэнд байхгүй.
-Манай нутаг дэвсгэр дээгүүр хийн хоолой явлаа гэхэд айлын талын цэргүүд орж ирнэ гэх албан бус мэдээллүүд бий. Магадгүй Орос өөрийн нөлөөгөө ахиулахын тулд барьцаа яаж чангатгах бол?
-Бид тэр газрыг гаргаж өгнө, аюулгүй байдлыг нь хангаж өгнө гэсэн үг. Хажуугаар нь мал, амьтан, машин тэрэг ч явуулахгүй байх. Галт тэрэг, машин зам нь гүүрээр гаргаж өгөх зэрэг нэлээд асуудал яригдах байх. Тэрнээс хоолой тавьсан тэр бүс автоматаар тухайн улсын мэдэлд очно гэсэн юм байхгүй. Олон улсын эрх зүйгээр ч тийм асуудал байхгүй, ойлгомжтой. Харин асар их мөнгө зориулчихсан учраас тэрийгээ хамгаална гээд цэрэг оруулдаг кейс дэлхийд байна. Хий зүгээр хоолойгоор урсаад байхгүй. Мэдээж дунд нь насосоор шахна. Үүнийг дагаад техник, тэнд нь ажиллах хүмүүс орж ирнэ. Тэрийгээ хамгаалах нэрийн дор цэрэг оруулах нөхцөл байдал үүсэх талтай.
-Украин Оросоос европ руу хийн хоолойн транзит хийснийхээ төлөө жилд тэрбум, тэрбумаар нь авдаг байсан. Харин манайх хийн хоолой тавьчихвал эдийн засгийн хувьд үнэхээр ач холбогдолтой гэх юм. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Украин богино зайнд дамжуулдаг. Харин манайх дор хаяж 1000-аад км явна. Тэгэхээр нутаг дэвсгэр дээгүүрээ байгалийн хий дамжуулснаараа 5-6 тэрбум төгрөг олох тооцоо гаргасан юм билээ. Тэр яахав. Өнөөдөр бид энэ хийн хоолойгүйгээр амьдраад болоод байгаа шүү дээ. Тэгэхээр бид хий дамжуулснаар ямар нэг эрсдэлтэй тулж болзошгүйг одоогийн УИХ, Засгийн газрын гишүүд, эрх баригчид сайн бодож, дэнсэлж, хэлэлцэж байгаад шийдэх ёстой. Тэгэхгүйгээр цөөн хэдэн хүний сэтгэл хөдлөлөөр явж болохгүй. Бид ч өмнө ийм том бүтээн байгуулалт болох нь, эдийн засагт ийм ач холбогдолтой юм байна гэж бодож сэтгэж, хөөцөлддөг байсан л даа. Тэгээд ч нөхцөл байдал яаж өөрчлөгдөж болохыг сүүлийн үеийн олон улсын байдал харуулж байна. Маш тогтворгүй хүнд байдал үүссэн. Тиймээс болгоомжилбол зохих ёсоор харж байгаа. Их хурлаас төрийн эрх барих дээд байгууллагаараа шийдээд явах биз ээ.





Л.Даваа: Улаанбуудайн ядаж нэг жилийн нөөцтэй байвал үнэ, хангамжийн хувьд асуудал шийдэгдэх боломжтой
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Л.Даваатай ярилцлаа. -Энэ жил...
2 цагийн өмнө
Нүдний шилнээс илүү үр дүн үзүүлж буй дусаалга
АНУ-ын эрдэмтэд ямар ч насны хүний катаракт гэдэг хараа муудах явдлыг эмчлэх нүдний дусаалга бүтээжээ. Катаракт нь дунджаар тохиолдл...
3 цагийн өмнө
Японы Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Баянгол дүүрги...
3 цагийн өмнө
Зэсийн ШИНЭ ОРД нээгдлээ
Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээлээ. Хайгуулын урьдчилсан үр дүнг...
3 цагийн өмнө
Монгол Улсад он гарсаар 600.699 жуулчин иржээ
Монгол Улсад 2025 оны эхний найман сарын хугацаанд 600,699 мянган жуулчин ирсэн байна. Жуулчдын хамгийн их буюу 163,546 нь БНХАУ-аа...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


Болд
Сүхбөатар гуай юугаа ч мэдэхгүй амьтан даа.