мэдээ
Архидан согтуурсан залуус баар, цэнгээний газрыг дүүргэж байна

Админ
2025 оны 9 сарын 05

142

Улаанбаатар хотод шөнийн цагаар үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр НЦУГ-аас явган эргүүлийг ажиллуулдаг. Энэ удаа цагдаагийн алба хаагчдын шөнийн эргүүлийг сурвалжиллаа. Бидний сурвалжилсан байршилд шөнийн явган эргүүл хийж буй алба хаагчдад НЦУГ-ын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр зөвлөмж мэдээлэл өгч ажиллаж байлаа.
Шөнийн 00:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн III хороо буюу “Хүүхдийн 100” орчимд шөнийн эргүүл хийж буй алба хаагчдын байршил дээр очсон юм. Биднийг очиход гурван алба хаагч үүргээ гүйцэтгэж байлаа. Тээврийн хэрэгсэл болон хөл хөдөлгөөн ч их харагдлаа. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүсийн дийлэнх нь залуучууд харагдав. Учир нь оюутнуудын хичээл сургууль эхэлсэн учраас хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа гэдгийг эргүүл хийж буй алба хаагчид хэлж байлаа.
Шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Бадамсэдийн хувьд шөнийн явган эргүүл ажилласнаар гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл буурсан гэдгийг хэлж байсан юм. Мөн “Хүүхдийн 100” орчмоор баар, цэнгээний газрууд олон учраас үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс хоорондын үл ойлголцлоос болж үүсдэг гэв. Биднийг очих үед энэхүү байршилд ямар нэгэн дуудлага бүртгэгдээгүй байлаа.
Харин алба хаагчид гудманд согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй болсон 50 орчим насны эрэгтэйд тусламж үзүүлэн түргэн тусламжийн төвд дуудлага өгч байхтай таарсан юм.
Дараа нь III, IV хороолол орчимд явган эргүүл хийж буй алба хаагчид дээр очлоо. Биднийг очихтой зэрэгцээд “Тэнд хүмүүс зодолдож байна” гэх мэдээллийг иргэн өгсний дагуу алба хаагчид тухайн газар луу очиход баарны гадна 30 орчим насны 7-8 хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай маргаан үүсгэж байлаа. Алба хаагчид газар дээр нь тухайн зөрчлийг шийдвэрлэж, асуудлыг хүндрэхээс нь өмнө таслан зогсоов. Энэ мэт зөрчлийн шинжтэй маргаан оройн цагаар ихэвчлэн гардаг гэлээ.
“Залуу үеийнхэн архийг арай л хэтэрхий хэрэглэж байна”
Улаанбаатар хотод шөнийн цагаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн хувьд танхайрах, иргэдийн эрх чөлөөнд халдах, хулгайлах төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн гардаг байна. Үүнтэй холбогдуулаад НЦУГ-аас авто эргүүл, морьт эргүүл, завьт эргүүл, нохойт эргүүл гэх мэт эргүүл хийдгийн нэг төрөл нь бидний энэ удаагийн сурвалжилж буй явган эргүүл юм. Шөнийн 02:00 цаг орчимд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Батбаяртай тааралдсан юм.
Тэрээр одоогийн байдлаар есөн дуудлага мэдээлэлтэй байгаа. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй хоёр, зөрчлийн шинжтэй долоон дуудлага мэдээлэлтэй ажиллаж байна гэсэн юм. Өмнө нь өдөрт 25-30 дуудлага ирдэг байсан бол авто эргүүлийн чиглэл нэмэгдсэнээс хойш өдөрт дунджаар 15-23 дуудлага мэдээлэл авдаг болсон. Өдрийн цагаар гар утсаа алдсан, таксинд эд зүйлсээ хаясан, харин оройн цагаар баар, ресторантай холбоотой төлбөр тооцооны асуудал, баарны гадна маргалдаж байгаа дуудлага мэдээлэл зонхилдог гэв. Тэрээр цагдаагийн алба хаагчдыг гудманд гараад эргүүл хийж байхад баар, рестораны хамгаалагч нар нь гарч ирээд ид ажиллаж эхэлдэг бол явган эргүүлүүд өөр чиглэл рүү явахад тус хорооллын хөл хөдөлгөөн эмх замбараагүй болдог гэдгийг хэлж байлаа.
Бидний өмнө ярилцсан цагдаагийн алба хаагчид баар, цэнгээний газраар ихэвчлэн залуус орж ирдэг гэдгийг бүгд онцолж байсан юм. Алба хаагч Б.Батбаярын хувьд мөн ялгаагүй “Залуу үеийнхэн маань архийг арай л хэтэрхий хэрэглэж байна” гэдгийг онцолж байлаа. Хэдий цагдаагийн байгууллагын алба хаагчид шөнийн цагаар явган эргүүл хийсний үр дүнд гэмт хэрэг зөрчлийн тоо буурч байгаа ч залуусын архидалт өндөр байгааг эдгээр жишээнээс харж болохоор байв.
“Согтуу хүмүүс баарнаас гарч ирээд хоорондоо мөргөлдөж, шүргэлцсэнээс үүдэн гэмт хэрэг, зөрчил хамгийн их үүсдэг”
Энэ үеэр тус байршилд эргүүл хийж буй цагдаагийн ахлах мөрдөгч М.Энхмаа “Одоогоор хүний биед халдах, эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэрэг хамгийн их бүртгэгдэж байгаа. Өнөөдөр гэхэд зөрчлийн шинжтэй 49 дуудлага бүртгэгдсэн байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хувьд Москва их дэлгүүр орчимд баар, караоке, лоунж олон учраас шөнийн цагаар хөл хөдөлгөөн их байдаг. Энэ утгаараа согтуу хүмүүс баарнаас гарч ирээд хоорондоо мөргөлдөх, шүргэлцэх, үүнээс болоод нэгнийхээ биед гэмтэл учруулах зөрчил хамгийн их гардаг.
Цаашлаад нэгнийхээ биед хүнд гэмтэл учруулах тохиолдол ч гардаг. Согтуу хүмүүс цагдаагийн алба хаагчийг шаардлага тавихад заримдаа эсэргүүцдэг. Яагаад вэ гэхээр хоёр хүн зодолдоход хоёулаа хохирогч болж байгаа. Харин цагдаагийн алба хаагч хэргийг шийдэхийн тулд хоёуланг нь авч явах гэхээр “Би хохирогч байхад намайг авч явах гэлээ” гэж эсэргүүцэх тохиолдол гардаг. Хэрвээ хууль ёсны шаардлагыг эсэргүүцвэл Зөрчлийн тухай хуулиар шүүхээр оруулдаг. Шөнийн цагаар гэмт хэрэг, зөрчил гаргаж буй хүмүүсийн насны тухайд гэвэл цаг үеийн шинжтэй байдаг. Одоо хичээл сургууль эхэлсэн учраас 21-35 насны хүмүүс дийлэнхдээ согтууруулах ундаа хэрэглэж, гэмт хэрэгт холбогдох магадлалтай байна” хэмээв.
НЦУГ-ын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаярын хувьд цагдаа байхгүй бол эзэнгүй хот шиг асуудал ч их гарна гэдгийг хэлж байсан юм. Тэрээр биднийг сурвалжилга хийх үеэр шөнийн эргүүл хийж буй алба хаагчидтай байнга станцаар холбогдож, нөхцөл байдлыг асууж тодруулж байлаа. Хуучин цагдаагийн байгууллагад шөнийн эргүүлийн хэлтэс гэж байсан гэв. Тухайн үед шөнө гудамжинд зөрчил гаргасан иргэдийн бичиг баримтыг нь шалгахад эрэн сурвалжлагдаж байсан, эсвэл энд тэнд гэмт хэрэгт холбогдож байсан, гэр орноосоо дайжсан, сураггүй алга болсон хүмүүс ч тааралдаж байсан гэлээ.
Одоогоор Улаанбаатарт 3000-4000 орчим баар, цэнгээний газар бий. Хэрэв цагдаагийн алба хаагчид баарны өмнө зогсоод байвал гэрээт харуул хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэж байгаа мэт болчихно гэсэн юм. Гэвч бодит байдал дээр шөнийн цагаар гарч байгаа гэмт хэргийн дийлэнх нь баар, шөнийн цэнгээний газрын ойр орчимд үйлдэгддэг. Тийм учраас тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна уу, насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилж байна уу, байгууллагын камерын хяналт нь бүрэн бүтэн байна уу гэх мэт цагдаагийн байгууллага өөрийн хийж хэрэгжүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд, гудамж талбайд үйлдэгдэж байгаа зөрчлийн дуудлага мэдээллийг бууруулах нь чухал болоод байгаа гэдгийг тэрээр онцолж байлаа. Мөн “Явган эргүүл гэдэг бол тэр чигтээ урьдчилан сэргийлэх ажил. Насанд хүрсэн эсэхээс үл хамаараад иргэдийн аюулгүй байдлыг хангадаг. Олон нийтийн газар гудамж талбайд танхайрч байгаа тохиолдолд газар дээр нь хариуцлагыг нь тооцно. Хэрвээ гомдолтой гэвэл материалжуулаад шалгана. Энэ бол гэмт хэрэг болохоос өмнө асуудлыг таслан зогсоож байгаа нэг хэлбэр” гэсэн юм.
Ийнхүү бид оройн цагаар хөл хөдөлгөөн хамгийн их байдаг хоёр байршилд алба хаагчдын шөнийн эргүүлийг сурвалжиллаа. Ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүн хамгийн их гэмт хэрэгт холбогдох магадлалтай. Түүнчлэн бодит байдал дээр баар, цэнгээний газар гэмт хэрэг, зөрчил хамгийн их гардаг гэдэг нь харагдаж байв. Энэ дундаа залуучуудын архи, согтууруулах ундааны хэрэглээ ямар их байгааг эндээс анзаарч болохоор байна.





Л.Даваа: Улаанбуудайн ядаж нэг жилийн нөөцтэй байвал үнэ, хангамжийн хувьд асуудал шийдэгдэх боломжтой
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Л.Даваатай ярилцлаа. -Энэ жил...
24 минутын дараа
Нүдний шилнээс илүү үр дүн үзүүлж буй дусаалга
АНУ-ын эрдэмтэд ямар ч насны хүний катаракт гэдэг хараа муудах явдлыг эмчлэх нүдний дусаалга бүтээжээ. Катаракт нь дунджаар тохиолдл...
36 минутын өмнө
Японы Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Баянгол дүүрги...
38 минутын өмнө
Зэсийн ШИНЭ ОРД нээгдлээ
Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээлээ. Хайгуулын урьдчилсан үр дүнг...
1 цагийн өмнө
Монгол Улсад он гарсаар 600.699 жуулчин иржээ
Монгол Улсад 2025 оны эхний найман сарын хугацаанд 600,699 мянган жуулчин ирсэн байна. Жуулчдын хамгийн их буюу 163,546 нь БНХАУ-аа...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд