мэдээ
Манай дарга нар Таван толгой, Оюу толгой гэсэн ордуудыг дахин нээх нь ээ

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 9 сарын 13

27

Монгол Ардын Намынхан үеийн, үед л ард түмний сэтгэлийн хөөрөл, уярал дээр өөрсдийн гэсэн шоу арга хэмжээгээ дэглэж ирсэн. Тэрхүү шоуных нь гол дүр, олны хэсэгт нь тоглох, түүнийг нь чадварлаг найруулах хүмүүс ч цагийн цагт гараад л ирдэг. Өдгөө тэд хэн нь гоё рийл хийх вэ гэсэн уралдаанд орж байгаа аятай байгааг хүн бүр л харж байна. Хэвлэлийн алба нэртэй 20, 30 хүн ажиллуулаад л өөрсдийгөө магтсан бичвэрүүд, бичлэгүүдийг хийсгэж байгаа.
Нэг хэсэг тэд нисдэг тэрэг хөлөглөн говийн элсэн дунд буугаад л баахан төмөр замын нээлт хийж тууз хайчилсан. Гашуунсухайтын, Ханги-Мандалын, зүүн босоо чиглэлийн, баруун босоо чиглэлийн, Богд хан төмөр зам гээд тууз хайчилсны хэрээр бол Монголын газар нутгийг төмөр зам аалзны тор шиг хэрсэн. Харамсалтай нь өнөөдөр яг бүтэн босоод, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн нь даанч алга. Хос төмөр замтай, өндөр хурдны галт тэрэгтэй ч болчихмоор яриа тэр үед нь дагалдан гарч байлаа. Гэтэл өнөөдөр өнөөх л бахь байдгаараа 19 дүгээр зууны үеийн галт тэрэгтэй, зорчигчид нь үгээ хэлж, 200 км замыг шөнөжин туулдаг ганц төмөр замтайгаа л байна. Дээрээс нь баахан цахилгаан станцуудын нээлтийг сүр ихтэй, сүнс төөрмөөр хийсэн. Аймаг бүрд Дулааны цахилгаан станц байгуулж, Багануурын, Таван толгойн, V цахилгаан станц гээд нэршил цааш уртаас урт хөвөрнө. Энэ нэрнүүдийг мэдэхгүй хүн сонсвол Монгол Улс чинь эрчим хүчээ дотооддоо бүрэн хангаад зогсохгүй илүү гарсныг нь өмнөд болон хойд хөршдөө зараад хөл хөсөр, гар амар жаргадаг улс санж гэж бодмоор шүү. Гэвч өнөөдөр манай улс хойд хөршөөсөө цахилгааны хэт хараат байдалтай, айлын эзний аяыг харж, аягыг өнгийсөн хэвээрээ л байна.
Эргээд бодоход, харамсалтай нь өнөөх төмөр замуудаар нь нэг шуудай ч нүүрс урагшаа гарсангүй. Учир нь бүгд мухар. Үүгээр Хятадын төмөр замтай нийлэх юм гэнэлээ гэсэн үлгэр домгийн шинжтэй ярианаас өөр юу ч байхгүй. Тийм болохоор мөнгө олдог ганц түүхий эд нүүрсээ хүрзээр шидэж, хөлөөрөө зөөхөөс холгүй л явна. Мөн өнөөх олон цахилгаан станцаараа нэг центийн ч тог ард түмэндээ нийлүүлсэнгүй. Хэдхэн хоногийн өмнө Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний “Эрдэнэт” дэд станцад гал гарч, найман аймгийн 140 гаруй сум нэгэн зэрэг цахилгаангүй болсон тохиолдол гарсан. Аймаг бүрд байгуулна гэсэн Дулааны станцуудаараа нэг кВт ч дулаан үйлдвэрлэж, хөлдөх аюул нүүрлэчихээд байгаа орон сууцууд, төрийн байгууллагуудаа халаасангүй. Энэ бүхний эцэст салбарын сайд нь “Аргална даа” хэмээн толгойгоо маажиж, ард түмнээ дулаанаа хэмнэхийг уриалаад сууж байгаа. Хамгийн инээдтэй нь энэ бүхэн чинь яагаад болохгүй байгаа юм. Бүтээн байгуулалт нь хэзээнээс эхэлж, сошиалд бичиж байсан шигээ үйлдвэрлэл явуулж, ачаа бараа хэзээнээс зөөх вэ гээд асуухаар тендерт шалгарсан компани нь дампуурчихсан гэж ч байх шиг. Үнэхээр гайхмаар, заримдаа бүр уур ч хүрмээр хариултыг тэд шоу бүрийнхээ араас ингэж л өгдөг.
Тэгвэл энэ шоу, дэмийрэл нь хэрээс хэтрээд өчнөөн жил Монголыг тэжээсэн, одоо ч тэжээсээр байгаа Эрдэнэтийн уурхайг дахин нээчих шиг боллоо. Энэ талаараа Ерөнхий сайд Г.Занданшатар Эрдэнэтийн уулсын орой дээр гарч зогсож байгаад, ардаа ая дэвсэн, сүржин байдлаар ярьсан бичлэгүүд цахим орчныг дүүргэж байна. Хэвлэл болгоноор ардын баатар аятай, цоо шинэ орд нээчихсэн мэтээр мэдээллийг бөмбөгдлөө. Үүнийг нь мэдээллийн дархлаа муутай масс хөөрцөглөн сэвж, хуурамч хаягуудаар ч урсгасаар байна. Гэтэл энэ бүхэн чинь хэчнээн жилийн өмнө тодорхой болчихсон зүйл ээ гэдгийг ой санамж гайгүйтэй нийгмийн хэсэг, мэргэжлийн хүмүүс нь хэлж л байна. Даанч тэдний дуу хэт цөөдөөд сайн сонсогдсонгүй. Уг нь Эрдэнэт үйлдвэр өөрсдөө хөрөнгөө гаргаад хайгуулын ажлыг олон жилийн өмнөөс хийсэн юм билээ. Ингэж хөрөнгө мөнгө, цаг зав зарсны үндсэн дээр энэ яриад байгаа салбар хэсгийг геологичид илрүүлж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа олон нийтэд анх хэлж байлаа. Бүр хоёрхон жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ ч үүнийг нээж байлаа шүү дээ. Гэтэл энэ бүхэн дээр өөрийнхөө нэрийг нааж, гоё сайхан зургуудаараа постер хийн түгээж байгаа нь хэт хөөсөрсөн шоу, популизм болчихоод байна.
Өчнөөн олон мянган хүн өдөр, шөнөгүй ажиллаж, улсын төсвийн ихэнхийг бүрдүүлсээр байгаа Эрдэнэтийг дахин шинээр нээдэг нь ингэхэд ямар учиртай вэ. Эрдэнэтээс тусдаа, шал өөр орд юм аа гэж хэлээд өөрсдөө туух гэж байна уу. Аль эсвэл гадаадын хэн нэгэнд өргөл барьц болгон барих гээд байна уу. Ямар ч байсан үүний цаана ямар нэгэн учир байгаа болоод л ийм “Шинэ” нээлт хийж байгаа болов уу. Үнэхээр ингэж хардахаас өөр арга үнэндээ алга. “Яг таллаад л өгөхөд болдог юм” хэмээх тал дугуйны үлгэр шиг МАН-ын дарга нарын үйлдлийг хардахад л цаана нь ямар нэгэн учир урган гарч ирдэг учраас тэр л дээ. Яваандаа МАН-ын дарга нарын шоу, популизм улам төгсөрсөөр нэг л өглөө “шинэ” Таван толгой, Оюу толгой гэсэн том, том уурхай нээчихсэн зогсож байхад гайхах юм ер алга. Тэгээд Рио Тинтогийнхныг шинэ гэрээнд гарын үсэг зурахыг уриад л, нисдэг тэрэгнээс авсан бичлэгүүдээ уянгын халилтай текстээр чимэглээд цацаад байж ч мэдэхээр байна.





Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...
8 цагийн дараа
“Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...
7 цагийн дараа
“Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
“Номын соёлт ертөнц” Төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр” 38 дахь удаагаа болох гэж байна. Үндэсний “Номын баяр” есдүгээ...
7 цагийн дараа
Э.Шүрэнбат: Таны хүүхэд зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, чанартай нойр авдаг бол дархлааны систем сайтай байна
Уламжлалт анагаах ухааны эмч Э.Шүрэнбаттай дархлаагаа хэрхэн дэмжих талаар ярилцлаа. -Одоо хүүхдүүдийн дархлаа хамгийн их унаж, алив...
7 цагийн дараа
“Чи муу наад бараагаа адилхан үнэтэй зараач”
Миний таньж мэддэг хэд хэдэн хүн жижигхээн онлайн дэлгүүр ажиллуулдаг юм. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлог маягтай янз бүрийн бараа ор...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд