мэдээ
Бизнест ханддаг уураг тархи ийм “хавдар”-тай хэвээрээ байгаа нь бидний гуниг юм

Админ
2025 оны 9 сарын 16

2

Хөрөнгө оруулалтын төслүүдийг юу ч байсан эсэргүүцэж байдаг бүлэг иргэдтэй болоод удаж буй. Эднийгээ элдэв тест хийлгүйгээр олон нийт нь ч мэддэг болов. Тэднийг улс төр нь бие биенээ намнах хэрэгсэл болгон зориудаар тэтгэж, цалинжуулж байдаг болохоор тэд нь бусад иргэдийн адил ажил хийх шаардлагагүйгээр энэ ажлаа зориг төгөлдөр хийдэг. Одоо тэд нэгэнт цахим ертөнцөд амжилттай хөлөө олж, өөрсдийн хөгжөөн дэмжигчидтэй томоохон хар хүч болон нутагшжээ. Мэдээж зарим үед өөрсдийн харж байгаа өнцгөөс аливаа асуудал дээр байр сууриа илэрхийлж таарна. Эрхбиш хүн юм чинь. Гэвч гунигтай нь олон нийт нь хүндэтгэж хүлээн авахаа больжээ. Ийм арми тэжээдэг улстөрчдийг ч мөн адил. Ийнхүү улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулдаг биш, саад тотгор болох үүргийг гүйцэтгэдэг, төслүүдийг гацаадаг энэ хар хүчнийхээ балгаар манай улсад хэрэгтэй хөтөлбөрүүд, цахилгаан станц, уул уурхайн төслүүд урагшилж өгөхгүй байгаа нь бидний эмзэг тал болоод удлаа.
Аз эзээр овоо болж бүтэж явсан, улсын төсөвт өндөр татвар тушааж, ачаанаас үүрэлцэж яваа цөөхөн компаниа байнга ухаж төнхөөстэй. Элдэв дарамтаар хойш татаастай. Ийм байдлаас үүдэж олон ч хөтөлбөр зогссон. Энэ бүх дажны ард мөнөөх улс төр нь л байж байдаг. Бүлэглэлүүд үгэндээ оруулах гэж, эзэн суух гэж, дээрэмдэн авах гэж үзээд адаг сүүлд нь “ингээд томор” гээд хаалт тавьчихдаг. Нэр хүндийг нь юу ч үгүй болтол цахим мөглөнгөөр оруулж үртэс болгодог.
Барьж хорьдог, сүр дуулиантайгаар цовдолж харуулдаг. Энэ технологи бол гучны турш Монголын эдийн засгийг, үндэсний хувийн хэвшлийг, хөрөнгө оруулалтын орчныг баллаж таллаж ирлээ. Эрх мэдэлтнүүд энэ тоглоомоо үнэмшилтэй болгохын тулд хүчний байгууллагуудыг ашигладаг. Одоо ч үргэлжилж байна. Бизнест ханддаг уураг тархи нь ийм “хавдар”-тай хэвээрээ байгаад бидний гуниг оршиж байгаа билээ.
Бид нэг үйл явдал болоход жишээ нь, олон янзын төөрөгдлүүдийг гаргаж урсгадаг. Мөн олон талт мэдээллүүд ч явна. Энэ нь асуудал эцэслэгдээгүй байгаа үед бол хэрэгтэй л дээ. Гэвч бид хэтрүүлсээр, түүнийхээ горыг амссаар…
Сүүлийн үед “Сибирийн хүч-2” гэх хийн төслийг тойрсон яриа эрчтэй өрнөж байна. Энэ бол 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос манайхаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд хэсэгт нийлүүлэх төсөл юм. Мэдээж манайх газар нутгаараа дамжуулсны төлбөрт ОХУ-аас төлбөр авах ёстой. Тодруулбал, Оросын төрийн өмчит Газпром компаниас авах юм. Энэ гэрээг манай олон нийт ихээхэн эсэргүүцэж байгаа. Үүнийг мөнөөх л шантаажийн хэд гуагалж байна гэх өнцгөөр шууд дүгнэхэд бас хэцүү. Учир нь манайд байгалийн хийн нөөц байгаа. Үүнийг мэдсээр байж Оросын хийн хоолойг газар нутгаараа дамжуулна гэдэг нь эх орондоо дайсагнаж байгаа хэрэг биш юм уу гэж тэд хэлж байгаа юм. Ийм асуулт тавьж байгаа иргэддээ Төр нь “Битгий хуцаад бай” гэж хариулахад маш хүнд л дээ.
Үнэн хэрэгтээ “Сибирийн хүч-2” хийн хоолойн асуудлыг Орос олон жил зүтгүүлж, Хятад гэдийсэн. Учир нь өмнөх “Сибирийн хүч- 1” хоолойн үр дүнд өмнөд хөрш сэтгэл хангалуун биш байгаа. Үүнийгээ сая ярилцаж жилд нийлүүлэх хийн хэмжээгээ 38-44 тэрбум куб метр болгон нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Энэ хэлэлцээр биднийг өөрийн эрхгүй “Сибирийн хүч-2” -ийг харах нүдээ илүү томруулахыг дохиолж байгаа юм. Шууд утгаараа хоёр хөршийн улс төрийн түншлэл тал дээрээ хийж буй нүүдэл гэж зарим шинжээчид үзэж байгааг үгүйсгэх аргагүй. Мэдээж энэ бол шууд утгаараа асар том бизнесийн гэрээ. ОХУ нь Украинаар дамжуулж Европын орнуудад байгалийн хийгээ худалдаалдаг. Байгалийн хийн экспортоос олдог орлогынхоо төлөө үхэн хатан улайрч байгаа. ОХУ-ын энэ экспорт зогсвол 4.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй гэж шинжээчид тооцоолж байгаа юм билээ.
Юутай ч байгалийн хий дамжуулах хоолой барих энэ төсөл нэгэнт шийдэгдлээ. Уг төсөл Орос Монгол, Хятад улсыг холбосон 1956 оны төмөр замаас хойших гурван улсыг хамарсан хоёр дахь бүтээн байгуулалт болох юм. Гэвч иргэд маань манай улсын нутгаар тавих хоолойноос улсын төсөвт төвлөрүүлэх тодорхой ашиг, бий болох ажлын байр зэргийг хөхиүлэн сурталдаж хөөрцөглөхгүй байна. Хийн хоолой баригдаж, ашиглалтад орсны дараа манайд жил бүр орж ирэх дамжин өнгөрсний төлбөр болох 1 тэрбум ам.долларын орлого ч, үйлчилгээнд ажиллана гэх 1500 орчим монгол иргэний ажлын байр ч догдлуулахгүй байгааг бид сэтгэлийнхээ гүнд тунгааж явах ёстой биз ээ. Ер нь монголчуудын бухимдаад байгаа гол зүйл Монголд олдсон байгалийн хийг энэ хоолой руу холбох тухай ямар нэг яриа байхгүй байгаа нь юм. Хатуухан хэлэхэд, энэ бол Оросын хийг зарах л төсөл. Манай улсаар дайрах хэсгийг хэн хаанаас санхүүжүүлж, хэрхэн яаж барих юм бүү мэд. Манайх шууд хөрөнгө гаргаж барихгүй, харин дамжин өнгөрүүлэхээс ашиг хүртэнэ гэсэн ерөнхий агуулгатай мэдээлэл л бидэнд өгч байгаа.
Нөгөө талаар бүс нутгийн геополитикийн тавцан дээр Монгол Улсын идэвхтэй оролцоо бүхий байрлал заавал байх ёстой гэдэг дээр улс төрийн шийдвэр гарсан нь тодорхой. Гэсэн ч…
Одоогийн байдлаар Монгол Улсын гадаад өр 39.6 тэрбум ам.доллар болжээ. Бид их хэрэлдэх биш, их ажиллах ёстой болоод байна.
Жишээ нь, дэлхийн зах зээл дээр ховор элемент үнэд орж байна. Сүүлийн 20 жилийн турш дэлхийн зах зээлд Хятад улс газрын ховор элементийн нийлүүлэлтийг базаж, баяжуулан боловсруулах технологиор эзэрхийлж байна.
Газрын ховор элементийн зах зээлийн үнэлгээ 2022 онд 2.8 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол 2028 он гэхэд 3.9 тэрбум ам.долларт хүрч, жилд дунджаар 5.9 хувиар өсөх төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байгаа. Ногоон технологийн үндсэн түүхий эд болох газрын ховор элементийн эрэлт тасралтгүй өсөж буй энэ үед манайхан яаж аашилж байгааг энд давтан нурших нь илүүц биз ээ. Манайхны орилолдож төслөө бараг дайсагнан зогсоож байгаа үйлдлүүдийг эх орноо бодсон хэрэг гэж үзэхэд бас л гунигтай. Уран, алт гээд бүгд дэлхийн зах зээл дээр үнэд хүрч байхад бид яагаад ашиг хийж чадахгүй байна вэ. Энэ бүх замбараагүй байдалдаа хэзээ бид цэг тавих вэ?
Дэлхийн улс түмэн ашгийн төлөө улайран зүтгэцгээж байна. Тэд зах зээлийн хором бүхнийг анан ашиг болгон хувиргаж, улс орныхоо хөгжлийг урагшлуулахын төлөө ажиллацгааж байна. Гэтэл бид…
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ





НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2025 оны 09 сарын 16 өдөр 1. Тендерийн ерөнхий мэдээлэл. Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Дотор заслын аж...
7 цагийн дараа
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
Аргын тооллын есдүгээр сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 26, Найралт эх одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 06:32 цагт мандан...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус о...
6 цагийн дараа
ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Үйлтэй 5 толгой” нийтлэл хэвлэгдлээ
Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ЦЕГ-ын Хар тамхитай тэмц...
6 цагийн дараа
25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна
Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HO...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд