мэдээ
АРХИВ: Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар иргэдтэй нээлттэй ярилцав

Админ
2025 оны 9 сарын 17

31

“Өдрийн сонин”-ы 2004 оны арванхоёрдугаар сарын 22-ны дугаарт гарсан “Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар иргэдтэй нээлттэй ярилцав” нийтлэлийг дахин нийтэлж байна.
Нээлттэй төр, засгийг эрхэмлэн тунхагласан Их эвслийн төр, засгийн удирдлага УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар өчигдөр “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр” сэдвээр радио, телевиз, интернет чатаар олон түмэнтэйгээ ярилцлаа.
Уг ярилцлага сэтгүүлч миний үзэж дуулсан болон оролцож байсан бусад уулзалт, ярилцлага, арга хэмжээнээс ялгаатай эхэлсэн нь. Арга ч үгүй байх, радио, телевизээр шууд дамжуулж ярилцсан учир.
Ярилцлагын салхийг УИХ-ын дарга хагаллаа. Тэрээр Засгийн газрын энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн онцлогийг зөвшилцлийн замаар хоёр талаасаа хийсэн учир нээлттэй, ил тод хөтөлбөр болсон гээд энэ нь цаанаа олон нийтэд сонсоно гэсэн үг, алдаагаа хамтдаа, нээлттэйгээр засна гэсэн үг гэв. Түүний үгийг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өлгөн авч энэ удаагийн төр, засагт ялагдагч гэж байхгүй, бүгд оролцогч гэсэн онцлогтойг дурдаад энэ утгаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөр хамгийн бага улс төржсөн, ард түмэнд хэрэгиэй боллоо гэв.
Эхний үгэндээ УИХ-ын дарга “нээлттэй” гэсэн үгийг их хэрэглэж байсан бол Ерөнхий сайд “хамтарсан” гэдэг шгийг илүү “ашиглаж” байв.
Ярилцлагын эхний асуулт нь төр, засаг ажлын байрыг нэмэгдүүлэх, нүүдэл суудал, шилжилт хөдөлгөөнийг “зохицуулах” талаар юу хийх гэж байна вэ гэсэн сэдвийг хөндсөн юм.
Орон нутгаас эхний асуултыг Сүхбаатар аймгийн аравдугаар ангийн сурагч Баярхүү мэдээллийн технологийн талаар тавьсан юм. Нээлттэй сэдвээр нээлттэй байх Засгийн газрын үйл ажиллагааны талаар хийсэн ярилцлагаар далд эдийн засаг, авилгал, татвар, англи хэлнээс аваад жижиг дунд бизнес, эдийн засгийн тэргүүлэх чиглэл юу байх вэ хүртэл улс орны бүх салбар, амьдралыг хөндсөн өнөө бидэнд тулгараад байгаа олон асуудлыг хөндсөн юм.
Асуултад УИХ-ын дарга эхлэж хариулж, Ерөнхий сайд удаалж байснаа ярилцлагын дунд харилцан ээлжлэн хариулж “зөвшилцлийн” байв. Улс орны амьдралын олон сэдэв, асуудлыг хөндсөн энэ ярилцлага төгсгөлдөө эргээд нээлттэй, зөвшлийн сэдвээр өндөрлөсөн юм.
Учир нь төгсгөлийн үгийг хоёр “даргад” үлдээхэд хоёулаа энэ сэдвийг бас хөндсөн нь тэр. Гэхдээ олон түмэнтэйгээ нээлттэй байх төр, засгийн энэ ярилцлага үүгээр дууссангүй, УИХ, Засгийн газрын амлаж буй бусад олон сувгаар цаашид нээлттэй үргэлжлэх аж.
Ярилцлагыг “Мэдээллийн сүлжээ” ТББ орон даяар болон хилийн чанадад интернетээр цацсан. Энэ нь нээлттэй төр, засгийн үйл ажиллагаанд ТББ оролцож байгаагийн нэг жишээг харуулах шиг боллоо. Асуулт, хариултыг товчлон нийтлэв.
Б.БОЛД
– Ер нь өнөөдрийн үйл ажиллагааг нээлттэй, өөрийнхөөрөө санаа хэлэх юм уу, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэж юу болох, энэ удаагийн хөтөлбөр ямар онцлогтой байна вэ гэж та бүхэн бодож байна вэ?
Ц.Элбэгдорж: – Ярилцлагад оролцож байгаа, хилийн дотно, гадаа байгаа нийт хүмүүстээ мэндчилгээг дэвшүүлье. Засгийн газрын мөрийн хөтөлбөр энэ удаад онцлогтой байсан. Энэ Их Хуралд ялагч юм уу, ялагдагч байгаагүй. Бүх оролцогч талууд, бие даагчид хүртэл энэ Их Хурлын, төр засгийн бодлогыг боловсруулахад оролцогч болж ирж байгаа нь энэ сонгуулийн бас түүхэн ач холбогдол нь байгаа юм. Олонхи, цөөнх гэж байхгүй. Үнэхээр ард түмэн яг ямар тусгалтай, ямар санал өгсөн тэр саналынх нь оролцоо юм. Тийм учраас энэ олон хүн Засгийн газарт нийцсэн, ялангуяа энэ хоёр том улс төрийн хүчин олон жил бодож явсан, хамтарч хийхэд боломжтой гэсэн тийм зүйлүүдийг тусгаж өгөх, дээрээс нь хоёр мөрийн хөтөлбөрт байгаа нийтлэг зүйлүүдийг оруулж өгөх боломж байсан.
– Бизнес эрхлэхэд ижил тэгш боломжийг олгох тал дээр хөдөө, хот гэлтгүй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт яаж туссан бэ. Үүнийг ямар тодорхой арга хэрэгслүүдээр дамжуулж хэрэгжүүлэх вэ?
Н.Энхбаяр: – Тухайн орон нутгийн онцлогоос, зах зээлийн багтаамжаас болоод гэх юм уу эсвэл дэд бүтцийн хөгжлөөс болоод орон нутаг болгон ижил тэгш нөхцөл бүрдэхэд амаргүй. Тийм учраас Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нутаг дэвсгэрийн нэгжийг илүү боловсронгуй болгох тухай асуудал орсон байгаа. Дээр нь сая татварын багц асуудал орсон байгаа. Мөн зөвшөөрлийн системийг цөөлөх тухай асуудал орсон. Эдийн засгийг далд шинж чанараас нь ил болгох, өмчийн бүртгэлийг явуулах, журамлах стандартыг хэрэгжүүлэх гэсэн олон чухал асуудал орсон байгаа. Тийм учраас энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэж харьцангуй ижил тэгш нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж бодож байна.
-Нээлттэй засагт хоёр том улс төрийн нам байна. Засгийн газрыг нээлттэй болгох, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх тал дээр хийж байгаа тодорхой ажлуудаасаа нэрлэнэ үү?
Ц.Элбэгдорж: -Төрийн бус байгууллагын оролцоо иргэдийн оролцоо гэдэг бол хамгийн чухал зүйл. Ер нь би хувьдаа ардчилсан гэдгийг ойлгохдоо хэн нэгэн эрх олгох хэрэгсэл биш, харин ард түмэнд тэр асуудлаа шийдэх эрхийг эргүүлж өгөхдөө л байгаа юм. Ард түмнээс асууж шийддэг, ард түмэнтэйгээ ярилцаж шийддэг тийм хууль дүрмүүдийг л гаргах хэрэгтэй. Төв суурин газар, жишээлбэл, газрын хувиарлалт гэж тод болгоё, одоо оршин суугч байгаа газар дээр нь байшин барихын тулд хажууд нь сууж байгаа хүмүүсээс нь асуудаг болъё гэдэг ч юм уу олон санал, санаачилга дэвшүүлж байсан. Манай Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд тэр ярьж байсан асуудлууд руугаа хурдан орох нь чухал байгаа юм.
Өөр нэг асуудал бол төрийн үйлчилгээнд түвшин тогтоож өгөх нь чухал гэж үзэж байна. Төрийн түшмэд тэр төрийн үйлчилгээг хийж болно. Түүнийгээ төрийн бус байгууллага ч хийж болно. Тэр түвшнээс нь дээш хийж чадна гэвэл төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой хийх нь төрийнхээс илүү үр ашигтай байдаг. Тийм учраас нээлттэй байлгах хэрэгтэй. Бидний барьж байгаа гол бодлого бол энэ юм.
Н.Энхбаяр: -Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ёстой гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагуудын хуулийг боловсронгуй болгох, төрийн бус байгууллагууд эргээд төр, засгийн бодлогод нөлөөлөх нөхцөлийг улам сайжруулах асуудал шаардлагатай. Үүнтэй холбогдсон заалт бий. Энийг улам боловсронгуй болгож, улам төрийн бус байгууллагуудыг хамрах байдлаар хэрэгжүүлэх ажил хийгдэх ёстой. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа асуудал гэж хэлэх нь зүйтэй. Түүнээс гадна Засгийн газар ТББ-тай ойр дотно ажиллахын тулд төрийн бус байгууллагуудтай, УИХ ч гэсэн өөрийн гаргах гэж байгаа шийдвэрийг төслийн хэлбэрээр хэд хоногийн өмнө урьдчилан танилцуулсан байдаг зарчим руу шилжих ёстой гэж бодож байгаа.
Тэгэхгүй гэнэт хууль шийдвэр гаргадаг. Тэр шийдвэр, хууль нь хаана ямар хүний тархинд боловсрогдож бйагаад гараад ирдэг юм, энэ нь ойлгогддоггүй,хэнд үйлчилж байгаа нь ойлгогддоггүй, тэрийг хүлээж авч байгаа төрийн бус байгууллага эсвэл тэр хуулийг хэрэглэж байгаа нийгмийн хэсэг бүлэг дургүйцдэг, тэрнээс болж итгэл алдардаг энэ байдлыг гаргах болохгүй л дээ.
Тийм учраас урьдчилсан шийдвэрийн төслөө танилцуулдаг, тэгээд саналаа авдаг, төсөл буруу байвал өөрөө засдаг ийм зарчим хэрэгжсэнээр эргээд ТББ төр засагтаа нөлөөлөх, бодлогод гүйцэтгэх үүрэг нэмэгдүүлэх бололцоо байх болов уу гэж бодож байна.
-Гэр хорооллыг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөө баймаар байна. Өнөөгийн нөхцөлд гэр хороолол нь хот төлөвлөлтийн төлөвлөгөөнөөс гадуур эмх замбараагүй хөгжиж байна. Дээрх саналыг үйл ажиллагааны хөтөлбөр болон үйл ажиллагааны хэрэгжүүлэх төслүүдэд хэрхэн тусгах төлөвлөгөө байна вэ?
Н.Энхбаяр: -Гэр хороолол өөрөө амьдрах тохитой орчин үүсгэж, тэнд үйлдвэрлэл явуулах боломжоо нэмэгдүүлж байж хөгжих ёстой. Дээр нь газар өмчлөлийн асуудал шийдэгдэж байгаа. Тийм учраас гэр хороололд амьдарч байгаа хүмүүс маань газрын өмчийн эзэд болсон, тийм учраас тэр өмчөө барьцаалж бас тодорхой хэмжээний үйлдвэрлэл, эсвэл үйлчилгээ, худалдаа эрхлэх бололцоо нээгдэж байна. Гэр хорооллыг замтай, гэрэлттэй, хаягтай болгох, өмчийг бүртгэж авах гэсэн цогц асуудлууд бий. Эдгээр асуудлыг шийдсэнээр гэр хорооллын хөгжлийг дэмжиж хөгжүүлэх бололцоо бүрэн бий гэж ойлгож байгаа.
-Эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих магадлал хэр зэрэг байна вэ?
Ц.Элбэгдорж: -Хэрэгжих магадлал нь маш өндөр, хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөр болсон. Яам, агентлаг бүхэн төлөвлөгөө гэж гаргадаг, ямар мөнгө зарцуулах, хэнийг оролцуулах, ямар төлөвлөгөө гаргах, ямар хууль дүрэм боловсруулах вэ гэдэг ямар төлөвлөгөөг гаргадаг. Дээрээс нь гэр хорооллын чиглэлд Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлж байгаа төслүүд бий. Нийтийн аж ахуйг сайжруулах төсөл гэж байдаг. Олон аймгийн төв, Улаанбаатар хотод олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, энэ чиглэлийн ажлууд явагдаж байгаа.
Н.Энхбаяр: -Монгол хүн бүрээс шалтгаалж хэрэгждэг баримт бичиг юм гэдгийг зориуд анхааруулж хэлье. Тийм учраас монгол хүн болгон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Тийм орчинг бүрдүүлэхийн төлөө хүн бүр энэ ЗГ-ын мөрийн хөтөлбөрт туссан санаануудыг өөрийн амьдралд ашигтайгаар авч, өөрийн амьдралыг өөд нь татах талаар санаачилгатай ажиллуулахын төлөө төр засаг хичээх болно гэдгийг хэлье. Монгол хүн өөрөө их авьяастай, эрч хүчтэй, зоригтой
-Улаанбаатар хот архинд живлээ. Стандартын талаар ямар арга хэмжээ авах вэ, хоёр сая хүнтэй Монгол улсын ихэнх нь архичин болжээ?
Н.Энхбаяр: -Өнөөдөр нийгэм тулгамдсан хамгийн том ямар асуудлууд байгаа вэ гэсэн судалгаа хийхэд хамгийн тулгамдсан гэж хэлж болох гурван асуудал байна. Энэ бол ажилгүйдэл, ядуурал, архидалт. Гэтэл архидалт өөрөө нөгөөг хоёртойгоо бас их холбоотой.
Ажилгүйдэл, ядууралтай холбоотой асуудал, бидний өөрсдийн амьдралын хэмнэл хэв маягтай холбоотой асуудал, дээр нь шударга ёс тогтоох хуулиа зөв зүйтэй хэрэгжүүлэх асуудалтай холбогдолтой, гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой асуудал. Тийм учраас нэг л үгээр, нэг л далайлтаар, нэг л арга хэмжээгээр шийдчихэд хэцүү асуудал.
Бид цогц асуудлыг нэг хүнээр, нэг яамаар, нэг цагдаагаар шийдүүлж болно гэж найддаг. Үнэн хэрэг дээрээ энэ ядуурал, ажилгүйдэл, боловсрол, бидний өөрсдийн амьдралын хэмнэл, хуулийн хэрэгжилт сул байгаатай холбоотой цогц асуудал. Тийм учраас Засгийн газар энэ мөрийн хөтөлбөртөө саяын миний хэлсэн асуудлуудыг шийдэхийн төлөө оруулсан учраас архидалт цогц арга хэмжээний үр дүнд буурах, улмаар алга болох нөхцөл бололцоо байгаа.
Гэхдээ бас л Засгийн газраасаа шаардаад суугаад байдаг ийм асуудал биш, эндээ ард иргэд маань өөрсдөө бие биендээ хэлэх, зөвлөх, аав нь хүүдээ загнах аашлах, эхнэр нь нөхөртөө хэлэх гээд олон хүчин зүйлсийн нөлөөлөл дундаас энэ асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. Мэдээж ажилгүйдлийг бууруулах, хуулийг зөв зүйтэй хэрэгжүүлэх хяналтыг сайжруулах, стандартыг нэвтрүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээ авснаар архидалттай тэмцэж болно гэдэгт итгэж байдаг юм.
Ц.Элбэгдорж: -Засгийн газар, Улсын Их Хурал дээр хэлэлцэгдэж байгаа архи, тамхинд тавьсан онцгой татварын тухай асуудал байгаа. Архи, тамхинд тавьсан онцгой татварын хууль Их Хурлаар батлагдсан. Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийн асуудал бий. Ямар учраас Засгийн газраас татвар нэмэгдүүлэх асуудал оруулсан юм бэ гэхээр архины үнэнд татвар ногдуулдаг байсан. Тэгэхээр архины үйлдвэрүүд яадаг вэ гэхээр үнээ кориуд бага гаргадаг. Одоо бол энэ онцгой татвараас литр тутамд нь, яг тэр шилэн дотор байгаа архинд нь ногдуулж байгаа юм.
-Хөтөлбөрт туссан арга хэмжээнд дөрвөн жилийн хугацаанд өөрчлөлт оруулах уу?
Ц.Элбэгдорж: -Өнөөдрийн түвшинд бидний харж байгаа хөтөлбөрт дөрвөн жилийн хугацаанд хийх боломжтой зүйл гэдгийгээ оруулсан. Цаашаа нэмэлтүүд орж болно.
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна?
Ц.Элбэгдорж: -Утааг багасгахын тулд хийж байгаа ажлуудаас тодорхой үр дүн гарч байгаа, үр дүнгүй юм ч бий. Ер нь Улаанбаатар хотын захиргаатай хамтраад ажиллахад тодорхой үр дүнд хүрч болох боломжтой.
Н.Энхбаяр: -Агаарын бохирдлын асуудал дээр бид анхаарч хог боловсруулах технологи, үйлдвэр бий болгохын төлөө ажиллах ёстой. Энэ чиглэлээр Засгийн газар бас тодорхой арга хэмжээг гадаадын улс орнуудаас авч, тодорхой төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар ойрын дөрвөн жилд авах, гаргах тодорхой шийдвэрүүд, хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг нэрлээч?
Н.Энхбаяр: -Нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа үйлчилгээг Засгийн газар өөрөө худалдаж авдаг механизмыг хэрэгжүүлэх ёстой байхаа гэж бодож байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих олон арга байгаа.
-Засгийн газар авилгатай хэрхэн тэмцэх вэ. Доод болоод дунд шатны албан хаагч авилгал, хүнд сурталд их автсанаас төр засаг тэр чигээрээ авилгалд автсан мэт харагдаад байна?
Ц.Элбэгдорж: -Авилгалын учруулж байгаа хохирол бол өөр нийгмийн ямар ч үзэгдлийн учруулж байгаа хохиролтой нийцэхгүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.
Тэгэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт НҮБ-аас авилгалын эсрэг тэмцэх тийм конвенц гарсан байгаа. Тэр конвенцэд Монгол Улс нэгдэж ороогүй байгаа, тэрэнд нэгдэж орно. Нэгдэж орсноор бид олон улсын байгууллагын өмнө үүрэг хүлээдэг тодорхой хууль дүрэм баримтлж стандартуудыг мөрдөх хэрэгтэй болно.
Хоёрдугаарт, авилгалтай тэмцэхийн тулд авилгал байдаггүй тийм механизм, орчин бүтцүүдийг байгуулах хэрэгтэй. Одоо цахим засаглал гэж байна. Шууд сүлжээгээр харьцдаг тйим нөхцөл бйадлуудыг бий болгох. “Авилгалаас салъя, энэ орчинг алга болгоё” гэсэн ийм эрмэлзэл хоёуланд нь байгаа шүү. Энэ бол хамгийн чухал зүйл.
Өөр нэг зүйл бол улс төрөөр далимдуулж буруу үйлдэл хийснээ улс төрийн намын харьяаллаар далимдуулж дарж үлдэх гэсэн юмаар халхавчлах гэсэн оролдлого байгаа. Тэр зүйлүүдийг алга болгоё. Наад зах нь төрийн албыг улс төрийн намын харьяалалгүй болгоё гэж байгаа. Тэгэхээр намын харьяаллаар тавьдаг байсан шалгуурууд шал өөр юмаар тавигдана. Би хувьд авилгал хаана байна гээд хүмүүсээс асуухаар гааль, шүүх, цагдаа гэж хэлдэг. Одоо гаалийг 2–3 жилийн дотор гааль шиг хууль мөрддөг, гааль шиг дэг журамтай, гааль шиг чанга хатуу дэг журамтай газар гэж ярьдаг хэмжээнд явж хүргэж чадна гэж би бодож байгаа. Би гаалийн байгууллагаар явж танилцсан.
Н.Энхбаяр: -Тэгэхээр энэ цогц том асуудал. УИХ дээр авилгалтай тэмцэх асуудлаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг намуудын төлөөллийг оролцуулан УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарган ажилуулж байгаа. Зөвшөөрлийн системийг хялбаршуулснаар авилгал авах нөхцөл бололцоог алга болгох, эсвэл багасгах ийм арга хэмжээ авах ёстой. Дээр нь хуулийн хэрэгжилтийг хянах ёстой. Авилгал авч байгаа ийм албан тушаалтан илэрвэл хариуцлага тооцдог механизмыг хатуу чанга болгох ёстой.
Дээр нь бид хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх ёстой. Цалинг, ялангуяа тодорхой хэмжээгээр нэмэх ийм нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой гэж бодож байна. Тийм учраас авлигалтай тууштай тэмцэх шаардлагатай. Чухамхүү хоёр талаасаа хамтарч Засгийн газар байгуулж байгаа, хоёр талаасаа хамтарч УИХ дээр ажиллаж байгаа энэ сайхан боломжийг ашиглаж энэ нийгмийн сөрөг үзэгдэлтэй хатуу тэмцэж тодорхой ажиллах ёстой гэж бодож байна. Энэ амаргүй асуудал, тодорхой цаг хугацаа шаардах асуудал. Гэхдээ үүний эсрэг тэмцэж, энэ авилгалд автаж байгаа, үүнээс болж хохирч байгаа хүмүүсийн эрх ашгийн төлөө Засгийн газар, УИХ хамтран ажиллах ёстой гэж бодож байна.
-Англи хэлний багш, боловсролын талаарх төрийн бодлого юу вэ?
Ц.Элбэгдорж: -Англи хэлтэй холбоотой асуудлыг хүн бүхэн мэдэж байгаа. Ер нь англи хэлийг Монголд гадаадын нэгдүгээр хэл болгоё. Нэг бол англи хэлийг хоёр дахь албан ёсны хэл болгоё гэсэн ийм санал, санаачилгууд яригддаг. Олон жил яригдаж ирсэн энэ зүйлийг одоо ажил болгоё.
Англи хэл гэдэг маань мэдээлэл рүү нэвтрэх, мэдлэг олж авах гол хэрэгсэл. Танай гэрт нэг хүн англи хэлээр сайн ярьдаг бол тэр хүн ажилд орох боломж илүү өндөртэй, илүү өндөр цалинтай ажилд орох боломжтой.
Н.Энхбаяр: -Би хувьд ингэж боддог юм. Монгол хүн өөрөө бусдаас, ялангуяа хөрш хоёр орны, бусад хөгжилтэй орнуудын хүмүүсээс 2–3 дахин илүү байж л тэдэнтэй энэ зэрэгцэж очих байхаа гэж. Гэхдээ энэ нь миний ч хэлж байгаа үг биш, угаасаа Б.Ренчин гуайд Унгарын монголч эрдэмтэн хэлсэн байдаг юм байна лээ. Унгар, Монгол хоёр бол хоёулаа жижигхэн улсууд. Монгол, унгар хэлийг тэр болгон мэдэхгүй. Тиймээс бид Орос, Хятад, Англи, Америкийн эрдэмтэдтэй эн зэрэгцэж очихын тулд тэднээс 2–3 дахин илүүг мэдэж байж тэдэнтэй маргалдах болно.
Тэр утгаараа би монгол хүн бол англи, орос, хятад төдийгүй олон орны хэлтэй байвал жинхэнэ улс хөгжих баталгаа нь тэр гэж үзэж байгаа. Тийм учраас англи хэл гэдэг өөрөө бидний тансаг хэрэглээ биш юм. Энэ бол зайлшгүй амьдралын шаардлага, англи хэлтэй байх юм бол Монгол орон хөгжих баталгаа бий болж байгаа учраас хоёрдогч хэл болгох, англи хэл дээр төр, засаг үйл ажиллагаагаа явуулж сургах, англи хэл дээр бид гадаад ертөнцтэй харьцаж сурах, англи хэл дээр мэдлэг мэдээллийг авах, англи хэлээр бид ажилд орох нь зайлшгүй Монгол Улсын хөгжлийн баталгаатай холбогдож тавигдаж байгаа асуудал гэдгийг хэлэх нь зүйтэй байхаа.
-Олон хууль, дүрэм гарлаа. Аливаа хуулийг боловсруулахдаа тухайн салбарынх нь хүмүүсээр хийлгэдэг болжээ. Иймээс дутуу дульмаг хууль болж байна гэж бодож байна. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалсан сайн хууль гарахгүй байгаа. Тэгэхээр олон нийтийн санал бодлыг тусгах тал дээр яг бодитой ямар ажлууд хийх вэ?
Ц.Элбэгдорж: -Бид энэ ардчилсан үйл явц руу анх удаа орж байгаа. Тиймээс бидэнд сурч, мэдэж байгаа зүйл их бий. Нэмж хийх зүйл асар их. Жишээлбэл миний бодож явдаг зүйл бол ард иргэдэд хууль санаачлах үйл ажиллагаанд нээлттэй оролцох эрхийг нь нээж өгвөл зүгээр юм шиг байна. Тодорхой тооны, тухайлбал 10000 хүн ч юмуу цуглуулаад ийм хуулийн зохицуулалт Монголд хэрэгтэй байна гээд санаачлаад оруулаад ирдэг. Түүнийг нь Их Хурал дээр хэлэлцдэг, тийм эрх зүйн үндэс байвал их зүгээр байгаа юм. Зарим нэг томоохон асуудлыг санал асуулгаар улс орон даяар асууж болно. Сумынхаа хэмжээний асуудлыг сумынхаа иргэдээс асуугаад шийдээд явж болно гэж би үзэж байгаа.
Н.Энхбаяр: -Энэ асуултад ерөнхийд нь хариулсан гэж ойлгож байна. Аливаа хууль тогтоомжийн төсөлд ард түмэн саналаа өгдөг байх ёстой. Тэрийг харгалзаж УИХ, Засгийн газар дээр шийддэг байх. Хувийн хэвшилтэй холбоотой, төрийн бус байгууллагатай холбоотой энэ зарчмын үндсэн дээр хууль тогтоомжийг чанаржуулах, дээр нь хууль тогтоомж батлагдаж гарч ирсний дараа хэрэгжилт дээр асар их анхаарал хандуулж ажиллах ёстой юм. Бид нэлээн олон хуулийг үйлдвэрлэн гаргасан байгаа. Гэхдээ хэрэгжилт тааруухан байгаа гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Тийм учраас УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны чухал чиглэл хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг хангах. Энэ бол мөрийн хөтөлбөрт орсон асуудал. Үүн дээр үнэхээр онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэсэн зарчим баримтлах хэрэгтэй байх аа.
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэл салбарыг нэрлэнэ үү?
Ц.Элбэгдорж: –Монгол Улс боловсролынхоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудал хамгийн чухал байгаа. Цаашдаа Монгол Улс чанартай боловсролыг экспортлох орон болох боломж бий гэж бодож байна. Ер нь Монгол Улс гэдэг тусламж хүлээж авдаг орон биш. Нэг үгээр хэлбэл хөгжлийг өөрөө хүлээж авдаг орон биш, одоо хөгжлийг бүтээхэд оролцдог орон болж хувирах хэрэгтэй байна. Хөгжлийг бий болгоход оролцдог ард иргэд болж хувирах хэрэгтэй байна бид нар.
Н.Энхбаяр: –Ийм үзүүлэлтүүдээр улс орны хөгжлийг тодорхойлдог цаг үе ирж байна. Тийм учраас мэдээллийн технологи дээр онцгой анхаарах хэрэгтэй. Дээр нь Монгол орны онцлог уул уурхайн салбар байгаа. Энэ салбар бол Монгол Улсын хөгжлийг хурдасгах чухал салбар. Ганцхан жишээ хэлэхэд Оюутолгойд хэрэгжиж байгаа төсөл бүрэн хэрэгжиж эхэлбэл манай дотоодын нийт бүтээгдэхүүнийг шууд хоёр дахин нэмэгдүүлэх гэж үзэж байна. Тийм учраас уул уурхайн салбар дээр онцгой анхаарал хандуулах ёстой. Дээр нь мэдээж хэрэг боловсролын салбарт онцгой анхаарал хандуулах ёстой байх. Өмнө нь гарсан тодорхой шийдвэр, хуулийн дагуу боловсролын ерөнхий тогтолцоо маань 11 жилийн стандарттай нийцэж шилжиж байгаа.
ТЭМДЭГЛЭСЭН С.ЭНХТУУЛ





А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Заса...
6 цагийн дараа
АРХИВ: Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар иргэдтэй нээлттэй ярилцав
“Өдрийн сонин”-ы 2004 оны арванхоёрдугаар сарын 22-ны дугаарт гарсан “Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар иргэдтэй нээлттэй...
6 цагийн дараа
НӨАТ: 3 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр /2025.09.17/ явагдаж ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шу...
4 цагийн дараа
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ойг тохиолдуулан Маршал ...
4 цагийн дараа
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд