Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчихлээ

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 10 сарын 16

img

28

news-img

МАН-ын хагарал хурцдаж, төрийн хямралд хүргэж байна. Олон улсад уламжлалт намуудын шахагдаж, иргэдийн итгэлийг алдаж байгаа үзэгдэл манай улсад ч ийнхүү давтагдлаа. Судлаачийн байр суурийг хүргэх үүднээс энэ удаад улс төр судлаач Д.Бумдарьтай ярилцлаа.


-Дэлхий дахинд уламжлалт намууд олон нийтийн дэмжлэгээ алдаж байна. Энэ нь юутай холбоотой вэ. Судлаачийн хувьд та энэ үзэгдлийг хэрхэн харж байна вэ?

-Орчин үеийн нийгэм маш олон зүйлээр олон талт байдалд шилжин, хүмүүсийн үнэт зүйл, сонирхол илүү хувь хүний шинжтэй болсноор уламжлалт бодлого, үзэл баримтлалд нэгтгэхэд төвөгтэй болж байна. Үр дүнд нь аль нэг ангийн нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан массын намуудын нийгмийн суурь суларсаар байна. Улмаар иргэдийн намуудтай холбогдох сонирхол багасах үзэгдэл эрчимтэй явагдсаар. Нөгөө талаар удаан хугацаанд засаг барьсан уламжлалт намууд төрийн байгууллын нэг хэсэг мэт болж, шинэ санаа, шинэ лидер төрүүлэх чадвараа алдах байдал ихэсдэг талтай. Намуудын дотоод ардчилал суларч, удирдлагын төвлөрөл ихсэх нь намын гишүүд, иргэдийн итгэх итгэлийг бууруулдаг нь жам юм. Судлаачид үүнийг “намын картелчлал” (party cartelization) гэж нэрлэдэг бөгөөд намууд сонгогчдоос илүү төрөөс хамааралтай болдог хэлбэр юм. Өнөөдрийн манай улс төрийн тогтолцоон дахь үзэгдэл бол шууд илрэл гэж үзэж болно. Мөн намуудын иргэдтэй харилцах харилцаанд уламжлалт буюу уулзалт, хэлэлцүүлэг хэлбэр давамгайлж байсан бол өнөөдөр нийгмийн сүлжээ, дижитал платформууд орлож байна. Өөр шинэлэг хандлага нь улс төрийн кампанит ажлууд хувь хүний дуу хоолой, иргэний санаачилга хэлбэрээр өрнөх болсон нь уламжлалт намын зохион байгуулалтын давуу талыг сулруулж байгаа юм. Судлаачийн хувьд, дээрх үзэгдлүүд нь институцийн шинэчлэлийг шаардаж байгаа юм гэж хэлье. Өөрөөр хэлбэл, уламжлалт намууд шинэ нийгмийн бүтэц, эрэлтэд нийцэх ёстой. Ирээдүйд намуудын амжилт нь ил тод байдал, дотоод ардчилал, иргэдийн оролцоог хэрхэн хангаж чадахаас шууд хамаарах нь тодорхой.

-Америк, Европ, Азид хүртэл хуучин намууд ер нь шахагдаж байна. Тэдний орон зайд шинэ намууд, бие даагчид хүчтэй орж ирж байгаа. Тэгэхээр энэ цаг үед шинэ намууд гарч ирэх зайлшгүй хэрэгтэй гэсэн үг үү?

-Уламжлалт намуудын дотоод ардчилал сул, нийгмийн төлөөллийн чадавх буурсан үед шинэ нам, улс төрийн хөдөлгөөнүүд гарч ирдэг.

Энэ нь улс төрийн тогтолцоог сэргээж, шинэ санаа, үнэт зүйлийг оруулах боломжийг нээдэг. Шинэ нам гарч ирэх нь сайн хэрэг ч, тэд институцийн соёл, бодлогын залгамж чанарыг хурдтай төлөвшүүлэхгүй бол амархан бүдгэрнэ. Товчхондоо популист улс төр байх болно. Өнөөгийн улс төрийн нөхцөлд шинэ намууд гарч ирэх нь зайлшгүй ч хангалттай нөхцөл бол биш. Нөгөө талаас хуучин намууд ч шинэчлэгдэх боломжтой. Манай улс төрийн тогтолцоонд шинэ улс төрийн соёл, шинэ итгэлийн тогтолцоо бий болгох явдал эхний зорилт болоод байна.

-Шинэ үеийн сонгогчид үзэл суртлын биш, амьдралд тулгуурласан бодлого, хариуцлагатай засаглалыг хүсдэг болсон. Тэгэхээр ямар үзэл санаа, бүтэцтэй улс төрийн хүчин ард түмний дэмжлэг авч чадах бол?

-Шинэ үеийн сонгогчид туйлширсан үзэл баримтлал бус прагматик, асуудал шийдвэрлэх чадвартай бодлогыг илүүд үзэх хандлагатай. Орчин үеийн намууд зөвхөн дээд түвшинд шийдвэр гаргадаг бүтэцтэй байхаа больж, иргэдийн оролцоо, ил тод байдал, хариуцлагыг институцийн хэмжээнд хангах шаардлагатай болж байна. Ядаж л намын дотоод ардчилал, бодлогын ил тод шийдвэр гаргалт болон түүнд тавих хяналтын механизмын нээлттэй байдал, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг бодитой оруулах гээд олон шинэчлэлийг шинэ үеийнхэн харах болно. Ер нь үг биш үйлдлээр хариуцлага хүлээдэг улс төрийн соёл анхаарал татна. Манай улстөрчид алдаа гаргасан бол ил тод хүлээн зөвшөөрдөг, засаглалын хариуцлага, бодлогын залгамж чанарыг сахидаг болчихвол хөөх арай өөр үү гэж харагдах байх даа. Улс төр хийж байгаа бол иргэдийн итгэлийг богино хугацаанд биш, тогтвортой үнэт зүйлээр олж авахад суралцмаар санагддаг.

-Манай улсын хувьд ч ялгаагүй уламжлалт намын хямрал болж байна. Монголын улс төрийн ууган хүчин болох МАН-ын хагарал идэвхжлээ. Өнөөдрийн нам маргаашийн төр болдог учраас эрх баригчдын хагарал төрийн хямрал болж байна. Нийгэмд парламентын засаглалаас татгалзах ёстой гэх хандлага ч газар авлаа. Харин та ямар байр суурьтай байна вэ?

-Эрх баригч МАН-ын дотоод хуваагдал нь зөвхөн намын асуудал биш, төрийн тогтолцооны институцийн хямрал болж хувирах нь ер нь тодорхой. Манай намууд олон жилийн турш төрийн институцийн тогтвортой байдлыг намын дотоод эв нэгдлээр, ил тод бусаар хангаж ирсэн нь бүгдэд тодорхой байна. Мөн ужгирч ирсэн асуудал нь намын дотор эрх мэдлийн төвлөрөл, залгамж халаагүй байдал, дотоод ардчилал төлөвшихгүйн хэрээр төрийн шийдвэр гаргах чадамж суларч, бодлогын залгамж чанарыг алдагдуулсан байна гэж нэг талаар дүгнэж болох юм. Парламентын засаглалаас татгалзах ёстой гэсэн үзэл сүүлийн жилүүдэд бага багаар газар авч байгаа нь ардчиллын үр нөлөөнд итгэх итгэлийн хямралын илрэл юм. Гэвч энэ бол институцийн хэлбэрийн гэхээс илүүтэй соёлын болон чанарын асуудлыг илэрхийлж байна гэж харах учиртай. Өөрөөр хэлбэл, манай өнөөгийн хямрал бол парламентын тогтолцооны хямрал биш, намын институцийн доройтлын хямрал юм. Төрийн тогтвортой байдлыг хангах ёстой намуудын дотоод хуваагдал төрийн чадамжийг сулруулж байна. Мөн улс төрийн намуудын чадавхгүй байдал нөлөөлж байна. Бид яах ёстой вэ гэвэл, засаглалын хэлбэрийг солих биш, улс төрийн институциудын чанарыг сайжруулах хэрэгтэй.

-Оросуудын байгуулж өгсөн МАН дарга ангитай, зөвхөн өөрсдийгөө боддог, ард түмнээ боддоггүй гээд үзэл суртал нь хоцрогдсон. Нийгэм МАН-ыг татан буугдах ёстой гэх байр суурь бий. Ер нь уламжлалт нам шинэчлэгдэх ёстой гэж та үзэж байна уу. Эсвэл тэдний орон зайг шинэ улс төрийн хүчнүүд эзлэх хэрэгтэй юу?

-Монголын улс төрийн түүхийн салшгүй нэг хэсэг бол МАН. Гэхдээ намын дарга төвтэй тогтолцоо, үзэл суртлын догматизм, эрх мэдэлд төвлөрсөн сонирхлын сүлжээ нь иргэдийн итгэлийг алдахад хүргээд байна. Тиймээс “татан буугдах ёстой” гэх дуу хоолой бол устгах уриа бус, харин шинэчлэлийн шаардлагын илэрхийлэл гэж нухацтай хүлээж авах ёстой. Нөгөө талаас улс төрийн намын тогтолцоонд шинэ улс төрийн хүчнүүд гарч ирэх нь МАН-д өрсөлдөөнөөр дамжуулан шинэчлэгдэх хөшүүрэг нь болно. Гэхдээ шинэ улс төрийн хүчин мэндэллээ гэхэд тогтолцоо автоматаар сайжирна гэсэн үг биш, гол нь институцийн чанарын шинэчлэл хийж байж шинэ байх болно. Хэрэв МАН дотоод ардчиллаа хөгжүүлж, ил тод байдал, хариуцлага, бодлогын шинэчлэл хийж чадвал Монголын улс төрийн намуудын хөгжил, институцийн чанарт том хувь нэмэр оруулах болно. Чадахгүй бол нийгмийн захиалга шинийг гаргаж ирэх нь гарцаагүй.

-Монголын намуудын филисофи ард түмнээ бодохгүй байна. Эмч, багш нар тун хангалтгүй цалин авч байгаа. Энэ нь шинэ бодлого, шинэ намуудын хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлж байна уу?

-Тийм ээ. Энэ бол улс төрийн философийн гажуудлын илрэл. Улс төрийн намууд нийгмийн шударга ёсыг хамгаалах үүргээ умартаж, эрх мэдэлд анхаарч төвлөрч ирсэнд оршино. Багш, эмч мэргэжлийн нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмж буурсан нь эдийн засгийн биш төрийн хариуцлагаын хямрал гэж хувьдаа дүгнэж байна. Тиймээс шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчихлээ. Хамгийн чухал нь шинэ нэртэй намаас илүүтэй үнэт зүйлд суурилсан бодит хариуцлагатай засаглалын соёлыг түгээгч хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар иргэдийн итгэлийг сэргээх цорын ганц зам бол бодит амьдрал дээр иргэдийн асуудлыг шийддэг, үр дүнтэй, хариуцлагатай улс төр хийх байна даа.

-Нам дотор фракц, эрх мэдлийн төвлөрлийг арилгах бодит гарц нь юу байж болох уу?

-Улс төрийн нам дотор фракц байх ёстой. Энэ бол дотоод ардчиллын салшгүй нэг хэсэг юм. Дэвшүүлсэн бодлого, шийдлээрээ ил тод өрсөлдөж, цаг үедээ илүүрхсэн нь намын удирдлагаа аваад явах нь зүйтэй юм. Энэ асуудлыг шийдэх түлхүүр нь системийн шинэчлэл хийх явдал. Нэгдүгээрт, намын даргыг гишүүдийн шууд оролцоотой сонгуулиар сонгож, шийдвэр гаргах эрхийг шаталсан түвшинд хуваарилах хэрэгтэй харагдаж байна. Хоёрдугаарт, намын санхүүжилт ил тод, хяналттай байхгүй бол нам доторх аль мөнгтэй фракц эрх мэдэлтэй үргэлж уяатай байх болно. Гуравдугаарт, доторх үзэл санааны өрсөлдөөнийг дэмжиж, ашиг сонирхлын бүлгээс илүүтэй үзэл санааны соёл руу шилжих шаардлагатай болжээ. Эцэст нь улс төрийн намууд зайлшгүй шинэчлэл хийх цаг болсон. Хэрвээ шинэчлэгдэхгүй бол систем бүхэлдээ хямрах магадлалтай. Өнөөдрийн улс төр, намын ялалтаас илүүтэй итгэл, хариуцлага, бодит үр дүнг чухалчилсан, шинэ улс төрийн соёл Монгол Улсад хэрэгтэй байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ж.Бат-Эрдэнэ: Гүйцэтгэх засаглал нь парламент руугаа ноцоод байдаггүй тогтолцоог бий болгох ёстой

Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа. -Танай намын зарим гишүүд бүлгийн ...

img

8 цагийн дараа

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, Өчигдөр буюу энэ оны 10...

img

7 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний н...

img

7 цагийн дараа

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өнөөдөр үүри...

img

6 цагийн дараа

Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 24 см, Баянхонгор аймагт 20 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 1.0-24...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд