Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Б.Энхмандах: МАН-ын одоогийн байдал даамжирвал хууль ёсны болон улс төрийн легитм чанараа алдах аюул ойрхон байна

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 10 сарын 16

img

29

news-img

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, доктор Б.Энхмандахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-МАН-ыг хэн хүнээс илүүтэй мэдэх хүний хувьд та улс төрийн ууган хүчин энэ том намын өнөөгийн дотоод зөрчилдөөн яагаад төрийн асуудал болчихов гэдэг дээр ямар дүгнэлттэй, ямар байр суурьтай байна вэ?

-Монголын ууган улс төрийн хүчний дотор үүсээд байгаа энэ нөхцөл байдал бол өчигдөр үүсч, өнөөдөр бий болоод байгаа цоо шинэ зүйл биш. Бас ганц намын ч асуудал биш. Монгол дахь зах зээлийн эдийн засаг, ардчилал, олон намын тогтолцооны үүсэл хөгжлийн 30 гаруй жилийн хугацаанд хуримтлагдаж ирсэн улс төрийн намуудын тухай гаж буруу ойлголт, намуудын үйл ажиллагааны санаатай, санаандгүй, заримдаа буруу дутуу бодсоноос үүдэлтэй алдаа дутагдлын илрэл. Өөрөөр хэлбэл, олон намын тогтолцооны нөхцөлд улс төрийн өрсөлдөөнд ялан дийлэх, сонгуульд ялалт байгуулах хүсэл зориг, эрмэлзэлдээ хэрэглэж ирсэн арга барилын алдаа дутагдал нь энэ хугацаанд хамгийн олон жил эрх баригч байсан, одоо ч эрх барьж байгаа улс төрийн намын дотоод зөрчил хэлбэрээр ил гарч, бохир, буруу бүхэн нь “зад тавьж” буй хэрэг. Ер нь улс төр болон мөнгө хутгалдсаны гай зовлон ингэж гарч ирж байна.

-Таныг Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч болоод МАН-ын дунд үеийн улс төрийн лидерүүдийг “гаргаж ирсэн хүн” гэж боддог. Энэ утгаараа та бүхэн залуу улстөрчдөө ямар хандлагаар, ямар үзэл баримтлалаар бэлтгэн энэ улс төрд гаргаж ирсэн юм бэ. Тэд өнөөдөр Монголын төрөөр үнэхээр тоглоод байгаа юм биш үү гэдэгт олон нийт бухимдан сууна?

-Миний гаргаж ирсэн ч гэж юу байхав. Улс төрийн аливаа намын удирдлага залгамжлагчаа, хойч үеэ бэлтгэх зорилготой байдаг нь мэдээж. Тэр утгаараа МАН-ын хөгжлийн түүхийн нэгэн эгзэгтэй цаг үед буюу төрийн төв болж байсан намыг шинэчилж, олон намын тогтолцоонд өөрийн байр сууриа эзэлж, зах зээл болон өрсөлдөөний нөхцөлд дасан зохицож ажиллах шаардлагатай эгзэгтэй, хүнд үе буюу 1993-1996 онуудад миний бие МАН-ын удирдлагад ажиллаж байсан нь үнэн. Тэр үед манай намыг “хөгшчүүлийн нам” цаг үетэйгээ өнгөрнө гэж ярьж байсан нь ч үнэн. Тэр цагт би өөрөө 38 настай залуу ч явж, тэгээд МАН-ын залуу гишүүд, дэмжигчидтэй ажиллах арга барилд зарим шинэлэг ажлыг хийж, өнөөгийн 70-аад оныхныг МАН-ын амьдралд хөтлөн оруулж эхэлсэн.

Залуус маань цаашид өөрсдөө бие даасан улстөрчид болон төлөвшиж, өөр өөрийн гэсэн мэдлэг, боловсрол, дадлага туршлага, ажлын арга барилтай болж, өсөж дэвжиж ирсний нэг жишээ бол Таны яриад байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх л дээ.

-Таны үеийн МАН өнөөгийн МАН хоёрын ялгаа өөр байх л даа…?

-Бидний цаг үед улс төрийн намын удирдлага, ажлын алба цомхон, намын бодлого цэгцтэй, бүхэнд ойлгомжтой, намаас хийх ажлын чиглэл тодорхой байж дээ. Намын Удирдах Зөвлөл 11 гишүүнтэй, намд дарга гэж байхгүй, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргатай бас УЗ-ийн ажлын албанд 20 гаруйхан хүн ажиллаж байлаа. МАН-ын хойч залуу үеийг бэлтгэж, сургаж, дадлагажуулж, намыг шинэ залуу цусаар сэлбэж, улс төрийн үе солигдох үйл явцыг түргэтгэж чадсандаа бид харамсах зүйлгүй гэж боддог. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай байдгийг санах хэрэгтэй. МАН-ын “шинэчлэлтийн” үйл явц 2016 оноос ихэд эрчимжиж, 70-аад оныхон 80-оныхондоо эрх мэдлээ шилжүүлэхдээ хэт яаравчилж, зарим талаар бодлогогүй алхам хийсэн гэж би судлаачийн хувьд бодож явдаг. Үүний горыг бид өнөөдөр амсаад сууж байна. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг сургаалыг умартаж, гэрээ ч, зарим нь биеэ ч засаж амжаагүй залууст төрөө даатгасны хор, гор өнөөдөр илэрч байна.

-Өнөөгийн парламентын ихэнх нь залуу гишүүд, тэр дундаа танай намын залуу улстөрчид нам, олон нийтийн саналыг авч орж ирсэн. Гэтэл өнөөдөр хоёр хуваагдчихаад намын асуудлаа төрийн асуудал болгоод зөрчилдөөд байгаа нь хэр зохимжтой гэж та харж байна вэ. Ер нь танай намд яг юу болоод байна вэ?

-Миний хэлэх зүйл бол МАН дотооддоо шинэчлэлт хийхдээ үе шилжилтийн үйл явцад гаргасан алдааны гор өнөөдөр МАН-ын дотоодын зөрчил төдийгүй төрийн хямралын аюулд хүргээд байна.

-Яагаад…?

-Яагаад гэвэл, 2016 оноос улс төрд хүч түрэн орж ирсэн МАН-ын 80-аад оныхон 70-аад оныхноо бодвол улс төрийн хувьд илүү “өлсгөлөн”, эрх мэдэлд хэт тэмүүлэлтэй, бас ч гэж харьцангүй боловсролтой, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, орчин цагийн сурталчилгаа буюу пиарыг сайн эзэмшсэн зэрэг давуу талуудтай байлаа. Тэд давуу талаа ашиглан маш богино хугацаанд зохион байгуулалтад орж, улмаар 70-аад оныхныг “нэгийг нь нөгөөгөөр нь намнуулах” байдлаар, заримыг нь богино хугацаанд улс төрийн шат дамжлагаар шуурхайлан “дэвшүүлэн зайлуулах” замаар улс төрийн тоглоомоос нэгэн бүхэл үеийнхнээ гаргаж чадсан. Ингэхдээ улс төрийн “Хар Пиар”, “Мөнгө” гэдэг хоёр хүчирхэг хөдөлгүүрийг хэн бүхнээс чадварлагаар ашигласанд тэдний улс төрийн замналын “гайхамшиг” оршино. МАН-ын 80-аад оныхны пиарыг нь хэн хариуцаж байсан, мөнгө төгрөгийг нь мега төсөл нэрээр хэрхэн олохыг нь хэн зааж сургасан гэдгийг монголчууд бид хэдэн хоногийн дотор бэлхэнээ мэддэг болчихлоо. МАН-ын 80-аад оныхны “нялхсын өвчин” өнөөгийн энэ улс төрийн хямралын үндэс болсон. Тэд пиар, мөнгө хоёр байхад намаа ч барина, сонгуульд ялна, эрх мэдэлтэйгээ байсаар байна гэдэг гэнэн бодолтойгоор найман жил гаруй хөөрцөглөж явахдаа Монгол Улсын хууль тогтоомжууд, намынхаа дүрэм, журмийг огоорч, сайхан мөрөөдөж, богино зуурын амжилтдаа толгой нь эргэж, сүүлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн хямралд оруулах заагт улс орноо авчраад байна. Ганцхан жишээ хэлэхэд, УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчдийг МАН-ын УЗ, бага хурлын алин ч биш, намын дарга нэрээр Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн дангаар шийдэж, бага хуралдаа тулган шийдвэрлүүлсэн явдал, эрх мэдэл хэрээс хэтэрч, шинэ үеийнхний шинэ маягийн “дарангуйлал” МАН дотор бий болсны туйлдаа хүрсэн нотолгоо болж, нам дотроосоо “дэлбэрэх” эхлэлийн цэг болсон доо.

-Хэрэв цаашид энэхүү зөрчилдөөн буюу төрийн өндөрлөгүүдийн хоорондох тэмцэл, хагарал улам лавшраад асуудал нь аль нэг талдаа шийдэгдэхгүй тохиолдолд эрх баригч намын зүгээс ямар арга хэмжээ авч асуудлыг шийдэх шаардлагатай юм бол. Үнэхээр төрийг хямрал руу түлхэж байна, тийм үү?

-Энэ нь өнөөдөр төрийн өндөрлөгүүдийн хоорондын зөрчил, тэмцэл мэт харагдаж байвч дахин хэлье, үнэндээ үе хоорондын зөрчил, арга барилын зөрчил, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хууль ёсны хэрэгжилт, шударга ёсны төлөө тэмцэл гэж хэлмээр байна. Монголын нийгэм, түүний дотор эрх баригч намын 70-аад оны ах эгч нар нь намын 80-аад оныхон нь засгийн эрх мэдлээ ашиглан хууль, дүрмийг уландаа гишиглэж, нүүрсний хууль бус наймаа цэцэглүүлж, төрийн өмчит компаниудын хөрөнгө болон төсвөөс гадуур хөрөнгө, мөнгийг “Мега” төсөл нэрээр хяналтгүй захиран зарцуулах нь хэрээс хэтэрснийг олж харж, тэдний эсрэг тэмцлийг эхлүүлсэн гэж ойлгогдож байгаа. Түүнчлэн 80-аад оныхон байр сууриа алдахгүйн төлөө тэдний эсрэг хөдөлж эхэлсэн нь МАН-ын даргын төлөөх улайрал болж харагдаж байна. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс эн тэргүүнд албан тушаалаасаа түдгэлзэж, олон нийтийн дунд ил болж, нэгэнт эргэлзээ төрүүлээд буй факт, баримтуудыг хуулийн дагуу шалгуулбал төрийн хямралаас зайлсхийж чадна гэж найдаж байна.

-МАН эрх барьж байгаа ч улс төрийн легитм шинжээ алдчихсан юм биш үү. Ер нь улс төрийн легитм шинж ямар ач холбогдолтой, легитм шинж гэдэгт юуг ойлгох вэ?

-Легитм чанар гэдэг үг бол “хууль ёсны, хүлээн зөвшөөрөгдсөн” гэх утгыг илэрхийлдэг “legitimus” гэсэн латин үгнээс гаралтай. Улс төрийн шинжлэх ухаанд аливаа төрийн байгууллага, улс төрийн намууд болон аливаа байгууллагуудын “хууль ёсны болон улс төрийн легитм чанар” гэдэг нь тэдгээр байгууллагууд нэгдүгээрт, тухайн улс оронд мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн хүрээнд байгуулагдсан байх. Хоёрдугаарт, Эрх мэдлийг хууль зөрчин аваагүй байх. Гуравдугаарт, Шүүхийн шийдвэрээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байх явдал гэж ойлгодог. Энэ утгаараа МАН эрх зүйн болон улс төрийн легитм чанараа алдчихсан байна гэж шууд хэлэх боломжгүй. Харин өөр дотроо улам хагаралдаад намынхаа Удирдах зөвлөл, бага хурлыг хуралдуулж чадахгүй, намын бага хурал, Хяналтын хороо нь өөрөө намынхаа дүрэм журмыг гажуудуулаад, тэр байтугай өчигдрийн үйл явдал шиг УИХ дахь МАН-ын бүлгийнхээ хуралдааныг хийж, хамтын шийдвэр гаргаж чадахгүй байдал нь даамжирвал энэ нам хууль ёсны болон улс төрийн легитм чанараа алдах аюул ойрхон байна. Нэг ёсондоо эрх баригчид өөрсдөө намаа татан буулгахад хүрэх нигууртай болжээ. МАН 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Их хурлаа хуралдуулж, намын дүрэм, хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, одоо хүртэл маргаантай байгаа намын даргынхаа сонгуулийг явуулж, намаа хууль ёсны болгож чадахгүй бол легитм чанараа албан ёсоор алдах болно. Бас “ёс зүйн легитм чанар” гэж байдаг. Энэ нь нийгмээр, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг илэрхийлдэг бөгөөд МАН-ын нэр хүнд буурч, түүний дагаад ёс зүйн легитм чанар нь алдагдах аюул байгаа нь сүүлийн үеийн зарим судалгаанаас ажиглагдаж байгааг хэлэх нь зүйтэй.

-Албан тушаал, сандал суудлын төлөө ёстой орондоо орох завгүй үзэлцэж байх шиг. Гэтэл нийгэм, улс орны амьдрал бодит байдал дээр уландаа ортол уначихсан байна. Яг ийм цаг үед эрх баригч нам дотроо хоёр хуваагдан төрийн хямралыг бий болгож байгаа нь гадны бодлого, явуулга байж болох уу?

-Бидний ярьж буй асуудал бол өнөөгийн дэлхий дахины байдал, хоёр хөршийн бодлого, гадны нөлөө гэхээс илүүтэй МАН-ын дотоодын шийдлийн асуудал. МАН ээлжит Их хурлаа 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд хуралдуулахаар шийдвэрлэсэн байна лээ. Тиймээс энэ Их хурлаараа намынхаа дотоод асуудалд зөв зүйтэй үнэлэлт дүгнэлт өгч, Улс төрийн намын тухай, Монгол Улсын хуулийн дагуу намын дүрэм, мөрийн хөтөлбөртөө зохих нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж, жинхэнэ парламентын нам болох алхамаа хийх шаардлагатай болж байна. Юуны өмнө МАН-ын даргаа Их хурлаасаа албан ёсоор сонгож, үүрэгт ажилд нь оруулна гэж найдаж байна.

-Ирэх онуудад Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгууль болно. Ардын нам сүүлийн 10 орчим жил олонх болж засаглалаа. Одоо ирэх сонгуулиудад өмнөх шигээ амжилттай оролцох боломжоо МАН-ын өнөөгийн залуу улс төрчид өөрсдөө үгүй хийж байх шиг. Ер нь олон жил эрх барьсан намын зовлон гэж яриад байгаа тэр зовлонгоо одоо амсаж байна уу?

-Эрх баригч намын зовлонгоо эдэлж байна гэдэгтэй санал нэг байна. Харамсалтай нь, залуучууд маань эрх мэдэлдээ эрдэж, хууль ёсыг умартан, мөнгө санхүүг хяналтгүй зарцуулж”, түүнийгээ “хамгаалах пиарыг хэрээс хэтрүүлж, мэдээллийн дарангуйлал тогтоосноо умартаж, улс төрийн харалган болох гэж нэрлэж болох “нялхсын өвчин” туссан байлаа. Улс төрийн ажил хийхэд улстөрч хүний хэлэх ярих бүхэн олны нүдэн дээр байж, байнгын шүүмжлэл хүлээж байдаг. Чиний тавьсан шиг яг ийм асуултыг УИХ-ын 1996 оны сонгуулийн өмнөхөн нэг сэтгүүлч надаас асууж байсан юм. Тэр сонгуульд манай нам ялагдах урьдчилсан судалгаа гарч, “Залуучуудад өгөөд үзэх” явган яриа газар авсан, улс төрийн нөхцөл байдал маш хүнд байсан цаг. Гэхдээ Нарийн бичгийн даргын хувьд “Манай нам ялагдана” гэж хэлж болохгүй учраас “Манай нам ойрын 20 жилд ялагдахгүй ээ” гээд ярилцлага өгчихсөн чинь сонгуулийн дараа “Онгироо, сагсуу дарга ялагдахгүй гэж хэлээд ялагдуулчихлаа” гэж шүүмжлүүлж билээ. Ирэх сонгуулиудын үр дүнг одоо хэлэхэд эртэднэ. Судлаач хүний хувьд бол өөрийн ажиглалт, судалгааны дүгнэлтэд суурилсан таамаглалаа сонгууль дөхүүлээд гаргана.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам ...

img

8 цагийн дараа

Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншарав, О.Балжинням нар МУБИС-ийн “Хүндэт доктор” цол хүртлээ

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн салбар Биеийн Тамирын сургууль үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хурал өнөөдөр болло...

img

7 цагийн дараа

Баянхонгор аймагт холимог тулааны тэмцээн болно

Монголын холимог тулааны тамирчдын чансаа тогтоох зорилготой “MGL-1 Fight Night 7” Баянхонгор аймагт ээлжит тулаанаа зохион байгуула...

img

7 цагийн дараа

Ж.Бат-Эрдэнэ: Гүйцэтгэх засаглал нь парламент руугаа ноцоод байдаггүй тогтолцоог бий болгох ёстой

Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа. -Танай намын зарим гишүүд бүлгийн ...

img

6 цагийн дараа

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, Өчигдөр буюу энэ оны 10...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд