гадаад
Дональд Трамп: Оросын эдийн засаг нуран унах гэж байна

Админ
2025 оны 10 сарын 16

25

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд “Би маш их урам хугарсан. Учир нь би Владимиртай маш сайн харилцаатай байсан, магадгүй одоо ч хэвээрээ байж магадгүй. Гэхдээ түүнд энэ дайныг зохицуулах асуудал үнэхээр хэрэгтэй болоод байна. Одоо Орост бензин авахын тулд урт дараалал үүсээд байна… Оросын эдийн засаг гэнэтхэн нуран унах гэж байна” гэж мэдэгдэв. Үнэхээр ч Украины талаас нефть боловсруулах үйлдвэрүүд рүү довтолсон халдлагуудын улмаас ОХУ-ын олон бүс нутагт бензиний хомсдол, урт дараалал үүсээд байгаа билээ.
Олон улсын валютын сан энэ сарын сарын 14-ний мягмар гарагт Оросын эдийн засгийн өсөлтийн таамгаа мэдэгдэхүйц бууруулж “Шинэ тооцоогоор Оросын ДНБ 2025 онд ердөө 0.6 хувь өсөх төлөвтэй байна. Энэ нь долдугаар сарын урьдчилсан таамгаас 0.3 пунктээр, дөрөвдүгээр сарын тайлангаас 0.9 пунктээр бага үзүүлэлт юм. 2025 оны сүүлийн улиралд Оросын эдийн засаг жилийн дүнгээр 0.5 хувь буурах төлөвтэй байна” гэж дүгнэжээ. Мөн ОХУ-ын Сангийн яам “2025 оны эхний есөн сард тус улсын нефть, хийн салбарын орлого өмнөх оныхоос нийтдээ 6.6 их наяд рубль буюу 20 хувиар буурчээ. Үүний гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн уналт юм” гэж мэдээлжээ. Эдийн засагчид үүнийг нэг жилийн өмнөөс “Оросын Засгийн газар 2025 оны улсын төсвийг хэт өөдрөг таамаглалд тулгуурлан төлөвлөсөн” гэж анхааруулж байсан билээ. Тэгвэл 2026 онд яг энэ нөхцөл байдал дахин давтагдах эрсдэлтэй байна. Учир нь ирэх оны төсөвт туссан орлогын төсөөлөл мөн л хэт өндөр үзүүлэлттэй байгаа аж. Нефть, хийн салбар нь Оросын төсвийн орлогын ойролцоогоор дөрөвний нэгийг бүрдүүлдэг боловч валютын нөөц нь бараг 100 хувь энэ салбараас хамаардаг учир тус улсын санхүүг дампууруулах гол шалтгаан нь юм. Иймээс хамгийн өөдрөг хувилбараар авч үзсэн ч 2025 оны нефть, хийн орлого нь цар тахлын үеийн 2020 оноос хойших хамгийн бага түвшинд хүрэх төлөвтэй байна. Иймээс эдийн засагч Сергей Алексашенко “Жилийн эцэст энэ орлого 8.5 их наяд рубль орчимд тогтоно. Гэхдээ 2020 оноос хойш улсын зарлага эрс нэмэгдсэн бөгөөд үүний гол шалтгаан нь дайны зардал юм. Тиймээс 2026 онд дайныг санхүүжүүлэхийн тулд эрх баригчид татвар дахин нэмэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тэдний саяхны амлалттай харшилж буй алхам юм” гэсэн байна.
Оросын 2025 оны экспортын хэмжээ хэвийн гэмээр байсан ч үнэ ба валютын ханшийн зөрүү улсын төсвийн орлогод сөргөөр нөлөөлөж улсын төсөвт баррель тутмын дундаж үнийг 69.7 ам.доллар, харин ханшийг 96.5 рубль гэж тооцсон байсан бол бодит байдал дээр Urals нефть өнгөрсөн сард 56.82 ам.доллар буюу 80 рублийн болов. Гэтэл зах зээлийн хандлага улам муудаж байна. Тухайлбал, өмнө нь Brent нефтийн баррелийн үнийг 60–70 ам.доллар гэж төлөвлөж байсан Citi, Goldman Sachs, JPMorgan зэрэг тэргүүлэх хөрөнгө оруулалтын банкуудын таамаглал 2026 онд дундаж үнийг 50–60 ам.доллар байхаар бууруулав. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг “2026 онд Brent-ийн дундаж үнэ 51 ам.доллар болно” гэж мэдээлж, Оросын Urals нефть үүнээс ч хямд болох нь тодорхой болов. Мөн Reuters агентлаг “Оросын нефтийн хамгийн том худалдан авагч Энэтхэг Urals нефтийг баррель тутамд зах зээлийн үнээс 2–3 ам.долларын хөнгөлөлттэй үнээр худалдан авч байна” гэж мэдээлэв.
Ерөөс нефтийн үнэ буурах гол шалтгаан нь нийлүүлэлт эрэлтээсээ илүү хурдтай өсч байгаа явдал юм. Энэ үйл явц улам түргэссэн нь ОПЕК+ эвслийн найман улс олборлолтын хязгаарлалтаасаа татгалзаж, өдөрт 2.2 саяар олборлолтоо нэмэгдүүлж байсан бол одоо өдөр бүр зах зээлд нэмэлт 1.65 сая баррель нефтийг нийлүүлэх шийдвэр гаргасантай шууд холбоотой юм. Энэ нь сард олборлолт өдөрт 137 мянган баррелиар нэмэгдэж, цаашдаа өсөлтийн хурд бүр ч нэмэгдэх болно гэсэн үг юм. Bloomberg болон Reuters агентлаг “Олборлолтоо нэмэгдүүлэхэд илүү амархан Саудын Араб энэ сараас илүү эрс алхам хийхийг дэмжиж байгаа бол олборлолтоо нэмэгдүүлэхэд илүү хүндрэлтэй байдаг Орос улсын хувьд асуудал үүсээд байна” гэж мэдээлжээ. Мөн Олон улсын эрчим хүчний агентлаг “Энэ оны эцэс гэхэд дэлхийн зах зээлд өдөрт 1.9 сая баррель нефтийн илүүдэл бий болно. Харин 2026 онд энэ илүүдэл өдөрт 3.3 сая баррельд хүрнэ” гэж мэдээлэв. Энэ нь нефтийн үнэ цаашид эрчимтэй унах болно гэсэн үг юм. Иймээс хөрөнгө оруулалтын шинжээч Евгений Коган “Нефтийн үнэ нэг ам.доллараар буурахад Оросын улсын төсөв жилд ойролцоогоор 160 тэрбум рублийн алдагдал хүлээдэг” гэж анхааруулжээ. Оросын нефть, хийн ирэх оны орлогод 2025 онд бараг нөлөөгүй байсан өөр нэг хүчин зүйл болох АНУ-аас Энэтхэгийг Оросын нефтийн худалдан авалтаа эрс бууруулахыг шахсаар байгаа явдал болж магадгүй байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Дели энэ дарамтад аажмаар бууж өгч эхэлжээ. Учир нь Kpler агентлаг “Энэ оны 9 дүгээр сард Энэтхэгийн Оросын нефтийн импорт өнгөрсөн оныхоос 15 орчим хувь бага болсон байна” гэж мэдээлжээ. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анхаарлаа Энэтхэгээс Турк рүү шилжүүлсэн бөгөөд Оросын нефтийн импортыг зогсоох тухай асуудлыг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзахдаа хөндсөн байна. Үүнээс гадна энэ сараас эхлэн Европын Холбоо болон Их Британи улсаас Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг 60-48 ам.доллар болгон бууруулсан шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Иймээс эдийн засгийн “Финам” компанийн шинжээч Николай Дудченко “Оросын хувьд тодорхой бус байдал өндөр түвшинд хүрч, гол нь “Оросын нефть, хийн орлого ямар түвшинд унах вэ?” гэсэн асуулт үүсээд байна. Харин эдгээр орлого гэнэт өснө гэсэн найдлага байхгүй байна. Оросын гадаад зах зээл дэх дарамт, нефтийн үнэ бууралт, рублийн ханшийн уналт нийлж, нөлөө нь нэмэгдсээр байна. Орос барууны бизнес эдийн засгийн хоригийг тодорхой хэмжээнд даван туулах арга барилтай болсон ч, харин дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлөх боломжгүй юм” гэж дүгнэжээ.
Оросын валютын орлогыг бараг 100 хувь бүрдүүлдэг нефть, хийн орлого нь экспортын хэмжээ, “Urals” маркийн нефтийн үнэ, рублийн ханш гэсэн гурван гол үзүүлэлтээр тодорхойлогддог. Тэгвэл ЗХУ Өмнөд Америк, Африк, Ойрхи Дорнодод жижиг, жижиг дайн хийж эцэст нь Афганистанд дайран орж, 10 жилийн дараа дэлхийн зах зээлд нефтийн үнэ унаснаар задарч, түүх болж үлдсэн. ЗХУ-ын жижиг “хуулбар” болох ОХУ-ын хувьд Уулын Карабах, Чечень, Гүрж, Украин, Сирид дайн хийж, улмаар Украинд дайран орсноос дөрвөн жилийн дараа дэлхийн зах зээлд нефтийн үнэ ийнхүү унаж, ЗХУ-ын түүхийг ОХУ давтахад ердөө хэдхэн сарын хугацаа үлдээд байгаа нь тодорхой болов. Үнэндээ бол энэ бүхэн ЗХУ-ын дэглэм одоо л нэг юм бүрэн задарч дуусах гэж байна гэсэн үг юм.





Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншарав, О.Балжинням нар МУБИС-ийн “Хүндэт доктор” цол хүртлээ
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн салбар Биеийн Тамирын сургууль үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хурал өнөөдөр болло...
8 цагийн дараа
Баянхонгор аймагт холимог тулааны тэмцээн болно
Монголын холимог тулааны тамирчдын чансаа тогтоох зорилготой “MGL-1 Fight Night 7” Баянхонгор аймагт ээлжит тулаанаа зохион байгуула...
7 цагийн дараа
Ж.Бат-Эрдэнэ: Гүйцэтгэх засаглал нь парламент руугаа ноцоод байдаггүй тогтолцоог бий болгох ёстой
Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа. -Танай намын зарим гишүүд бүлгийн ...
7 цагийн дараа
Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна
Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, Өчигдөр буюу энэ оны 10...
6 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний н...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд