Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

З.Боргилмаа: Судалгаагаар сэтгүүлч болон редакцаас илт худал мэдээлэл гардаггүй гэдэг нь тогтоогдсон

trend

Админ

img

2025 оны 10 сарын 16

img

18

news-img

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай өчигдөр болсон “Эрүүгийн хуулийн 13.14 – Хэвлэл мэдээллийн салбарын байр суурь” хэлэлцүүлгийн үеэр ярилцлаа.


-Та уг хэлэлцүүлгийн гол асуудал болох Эрүүгийн хуулийн 13.14 заалтын талаар ярихгүй юу?

-Эрүүгийн хуулийн 13.14 нь бусдын нэр хүнд, ажил бизнесийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараахыг шийдвэрлэсэн заалт. Мэдээллийг олон нийтэд тараах үйл явц яалт ч үгүй сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хөнддөг. Илт худал мэдээллээр бусдын нэр хүндэд халдах гэсэн томьёолол 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн. Үүнээс бүр өмнө Эрүүгийн болон Иргэний хуулиар бусдын нэр хүндийг янз бүрийн гүтгэлгээс хамгаалдаг байлаа. Харин үүнийг хуулийн давхардал гэж үзээд Эрүүгийн хуулиас бусдын нэр хүндийг хамгаалах заалтыг хасаж, Зөрчлийн хууль руу оруулсан. Ингээд Зөрчлийн хууль бусдын нэр хүндийг аливаа гүтгэлэг, доромжлолоос хамгаалаад явж байсан. Гэвч Зөрчлийн хууль нь Эрүүгийн хэрэг үүсгэж, үнэн худлыг дэнсэлж, шүүх шийдвэр гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, байцаагчийн үзэмжээр асуудлыг шийдээд байсан юм. 2017-2019 он буюу нийт 32 сарын хугацаанд Зөрчлийн хуульд энэ заалт хэрэгжсэн. Харин энэ хугацаанд олон сэтгүүлч, редакц Эрүүгийн хуульд байснаасаа ч илүү эрх зүйн хамгаалалтгүй болсон гэж хэлж болно. Сэтгүүлч хоёр сая, редакц 20 сая төгрөгөөр торгуулж, асуудал бүр ноцтой болсон. Энэ заалтыг буцаагаад Эрүүгийн хууль руу оруулах нь зүйтэй гэх шийдэлд хүрсэн.

-Тэгвэл энэ заалт нь Эрүүгийн хуульд буцаж орж ирэхдээ өөрчлөгдсөн үү?

-Эрүүгийн хуульд буцаж орж ирэхдээ ялгаагүй л бусдын нэр хүндийг гутаан доромжлох, гүжирдэн гүтгэхээс хамгаалах зорилготой гэх томьёоллоороо орж ирсэн. Нэг зүйл нэмэгдсэн нь улс төрийн өндөр албан тушаалтанд хамаарахгүй гэх тайлбар байсан. Тухайн улс төрийн албан тушаалтантай холбоотой олон нийтэд тарсан мэдээллээр тайлбар өгөх ёстой гэх утгатай. Хэлэлцүүлгийн явцад Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ нь хуулийн давхардал үүсгэж, сэтгүүлчийн эсрэг хэрэглэдэг заалт болчихлоо. Олон улсын жишгээрээ сэтгүүлчийг эрүүгийн хэргээр яллаж болохгүй хэмээн саналаа өгч байсан. Гэтэл УИХ-ын ажлын хэсгээс илт худал мэдээлэл түгээх нь гэмт хэрэг хэмээн үзнэ гэх агуулгатайгаар томьёоллоо өөрчилж оруулж ирсэн. Ямар тохиолдолд гэмт хэрэг гэж үзэх вэ гэхээр дахиад л бусдын нэр хүндийг хамгаалахтай холбоотой. Гэтэл бодит амьдрал дээр манай хэвлэлийнхний бичдэг, шүүмжилдэг эрх мэдэлтэн, улстөрч, дарга нарын нэр хүндийг хамгаалах агуулгатай заалт болчихоод байгаа юм.

-Энэ зүйл заалтыг ашиглан сэтгүүлчдийн ажиллах орчин, нөхцөлийг хумьдаг гэсэн үг үү?

-2020 оноос хойш улс төрийн нөхцөл байдал ч өөрчлөгдсөн. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулийн 13.14 буюу илт худал мэдээлэл тараасан гэх зүйл заалтын дагуу гомдол ирсэн гэж дуудна. Гэтэл сэтгүүлчид гомдлыг нь ч танилцуулдаггүй. Ер нь сэтгүүлчийн бичсэн материалаас илт худал мэдээлэл олж тогтоож чадахгүй гэдгээ мэдэж байгаа шүү дээ. Дэлхий дахинд хийсэн судалгаагаар илт худал мэдээлэл сэтгүүлчээс, редакцаас гардаггүй гэдэг нь тогтоогдсон. Сэтгүүлчид гомдол үүсгээд, жинхнээсээ мөрдөн байцаалт явуулахад илт худал мэдээлэл олж, тогтоож чадахгүй. Сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэх ямар ч боломжгүй нөхцөлд оруулж, зориг зүрхийг нь мохоож, залхаан цээрлүүлж, хэрэг хийчихсэн юм шиг байдалд оруулдаг арга заль бодитоор хэрэгжиж байна. Тийм учраас Ж.Баттуул, “Тас.мн” сайтын А.Баярмаа, “Eren­news” сайтын Р.Саруултөгс гээд сэтгүүлч нар тус тусдаа гомдол гаргачихсан явж байгаа.

-Одоо гомдлууд ямар шатандаа явж байгаа вэ?

-Түрүүчээсээ сэтгүүлч Ж.Баттуулын гомдлоор Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгээд хэлэлцүүлэгт орчихсон. Дунд суудлын хуралдаан товлогдсон. Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн учраас Эрүүгийн хуулийн 13.14 заалтын үйлчлэл хэсэг хугацаанд зогссон гэсэн үг.

-Энэ заалтад Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ямар байр суурьтай байгаа вэ?

-Сэтгүүл зүй бол институци. Бүхэл бүтэн засаглал гэж явдаг. Гэтэл энэ засаглалыг уг заалт гацааж байна. Эрүүгийн хуулийн 13.14 гэсэн заалт нь эрх мэдэл, албан тушаал, нийтийн өмч хөрөнгийг хянах, иргэн хүн үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх гээд Үндсэн хуулийн эрх, эрх чөлөөг хязгаарлах урхи болчихсон. Мэргэжлийн сэтгүүл зүйд мэргэжлийн эрх ашгийг хөндөж байгаа асуудал. Сэтгүүлчид үүнийг Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэж үзээд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан нь ч зөв. Үүнийг заавал хэлэлцэх ёстой. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл уг асуудлыг салбараараа хэлэлцээд, дэмжээд, мэргэжлийн сэтгүүл зүйд мэргэжлийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд ээлтэй эрх зүйн орчны төлөө дуу хоолойгоо нэгтгэх ёстой гэх байр суурьтай байгаа.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Найрамдал” зуслан чиглэлийн 16 км авто замыг шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөв

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг...

img

2 цагийн өмнө

Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Аравдугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэ...

img

3 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа. Тэрбээр” Улс төрийн хямралын ши...

img

3 цагийн өмнө

З.Боргилмаа: Судалгаагаар сэтгүүлч болон редакцаас илт худал мэдээлэл гардаггүй гэдэг нь тогтоогдсон

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай өчигдөр болсон “Эрүүгийн хуулийн 13.14 – Хэвлэл мэдээллийн салбар...

img

3 цагийн өмнө

Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам ...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд