Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Д.Уламбаяр: Ерөнхийлөгчийн БНЭУ-д хийсэн айлчлалын үр дүнд тээвэр, ложистикийн шийдлийг олно

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 10 сарын 24

img

52

news-img

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын үр дүнгийн талаар ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан Энэтхэг улсад төрийн айлчлал хийгээд ирлээ. Энэ удаагийн айлчлалын үндсэн зорилгыг та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг улсыг Монгол Улсын “гуравдагч хөрш”, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэсэн. Ерөнхий сайд Н.Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтойг онцолсон.

Айлчлалын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргасан нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

-Айлчлалын үеэр талууд Хамтарсан мэдэгдэл гаргасныг та дурдлаа. Гарын үсэг зурсан 10 гаруй эрх зүйн баримт бичгийн дотор Монголын хувьд стратегийн ач холбогдолтой ямар асуудлууд хөндөгдөв?

-Монгол Улсын эдийн засаг-нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой зам тээвэр, суурь бүтэц, соёл, боловсрол, эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулах, тэдгээрийг сайжруулах, засварлах зэрэг жижиг төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Хэлэлцээрийн дагуу нэг төсөлд олгох санхүүжилт 50.0 мянган ам.доллар байх бөгөөд хэрэгжүүлэх төсөл, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэх боломжтой гэж үзсэн байна. Энэ хүрээнд жилд 2-5 төсөл хэрэгжүүлэхээр болов. Гарын үсэг зурсан 10 гаруй эрх зүйн баримт бичгүүдээс заримыг нь дурдвал, “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”, “Геологи, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон БНЭУ-ын Уул уурхайн яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”, “Соёлын солилцооны тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНЭУ-ын Соёлын яам хоорондын 2025-2029 оны Хөтөлбөр” зэрэг байна. Мөн хоёр орны сонгодог болон ардын урлагийн талаарх ойлголтыг харилцан дэлгэрүүлэх, урлаг, соёлын өвийг хамгаалах, эртний хөшөө дурсгал, хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, археологийн олдворыг сэргээн засварлах, алдартай зохиолч, яруу найрагчдын бүтээлийг орчуулан нийтлэх, олон улсын түвшинд соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болов. Түүнчлэн “Цахим шилжилтийг нийт хүн амд хүртээмжтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн амжилттай туршлагуудыг харилцан хуваалцахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам болон БНЭУ-ын Цахим, мэдээллийн технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг” зэргийг дурдаж болохоор байна.

-Мега төслүүд улс төрөөс шалтгаалан хязгаарлагдах эрсдэлтэй байдаг. Тэгвэл Монгол, Энэтхэгийн эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаанд бодитой ахиц гарч чадах болов уу?

-Монголын тал сэргээгдэх, цөмийн болон уламжлалт эрчим хүчний салбарт Энэтхэгийн дэлхийд тэргүүлэх байр суурийг өндрөөр үнэлсэн. Олон улсын Нарны холбоо (In­ternational Solar Alliance)-ны санаачилгаар дэлхий дахинд эрчим хүчний шилжилтийг ахиулахад оруулж буй Энэтхэгийн чухал хувь нэмрийг сайшаав. Хоёр тал сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааны тухай Санамж бичгийг шинэчлэх асуудлыг судлахаар тохиролцож, энэ нь цэвэр эрчим хүчний хөгжлийг урагшлуулах, инновацийг дэмжих, хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тогтвортой ба хүртээмжтэй өсөлтийг дэмжих нийтлэг эрмэлзэлтэй нийцэж буйг онцолжээ.

Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд тээвэр, ложистикийн шинэ сүлжээ, холболтыг эрэлхийлэхийн чухлыг тэмдэглэв. Энэ хүрээнд гуравдагч орны боомт, тээврийн коридорын боломжийг хамтран судлах, авто зам, төмөр замын холболтын туршлагаа солилцох, хоёр улсын хооронд шууд нислэгийн тогтмол шугам нээх болон транзит үйлчилгээ нэмэгдүүлэх боломжийг хамтран судалж, цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна. Цаашлаад хоёр тал ХАА, мал аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг хүлээн зөвшөөрч, энэ салбарыг эдийн засгийн хамтын ажиллагааны чухал тулгуур багана болгохоор тохиролцлоо. Монгол Улсын мал аж ахуйн баялаг нөөц, ялангуяа хонины ноос, тэмээний ноолуур зэрэг түүхий эд, Энэтхэгийн ноос, нэхмэлийн үйлдвэрлэл, хивс болон даавуу боловсруулах чиглэл дэх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагыг хослуулан, түүхий эдийн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэл, технологийн дамжуулалт, хүний нөөцийн солилцооны хүрээнд хамтран ажиллаж, дэлхийн зах зээлд нэмүү өртөг шингэсэн ноос, ноолуурын бүтээгдэхүүн хамтран үйлдвэрлэх зорилт тавьж байна.

-Энэтхэгийн нэн хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа. Энэ төсөлд айлчлал ямар түлхэц өгсөн гэж үзэж болохоор байна вэ?

-Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулж буй бэлгэ тэмдэг бол Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн төрийн айлчлал Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл явцад шинэ түлхэц өгсөн гэдэгт итгэлтэй байна.

БНЭУ-ын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т байрлах Алтанширээ сумын нутагт баригдаж буй Монголын Газрын тос боловсруулах үйлдвэр 2027-2028 онд ашиглалтад орж ажиллаж эхлэхээр төлөвлөгдөж буй. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж буй нэн чухал төсөл юм.

БНЭУ-ын 1.7 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлээр Дундговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр нь “Оюутолгой” төсөлтэй харьцуулахад үнийн дүн бага боловч ч илүү утга учир, ач холбогдолтой бөгөөд ашиглалтад орсноор эдийн засгийн аюулгүй байдал төдийгүй өргөн утгаар нь авч үзвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал улам баталгаажих учиртай.

Газрын тос боловсруулах үйлдвэр урьдчилсан тооцооллоор 2027 оны II хагаст ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, ингэснээр жилд 28 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, Евро-4, 5 стандартын 396 мянган тонн автобензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн нисэх онгоцны түлш, 17 мянган тонн зуухны түлш мазут үйлдвэрлэнэ гэсэн тооцоолол бий. Жил бүр гадаад улсаас нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг 1.8 тэрбум ам.доллар Монгол Улсад үлдэнэ гэсэн үг. Энэ хэрээр валютын ханш тогтворжиж, ДНБ 10 гаруй хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан 30 гаруй төрлийн үйлдвэр хөгжих юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 60 орчим хувийг хангах боломж бүрдэнэ.

-Манай хоёр улсын эдийн засгийн харилцаа ямархуу үзүүлэлттэй байдаг вэ. Тэд Монголоос юу, юу авахыг эрмэлздэг вэ?

-2025 онд Энэтхэгийн ДНБ 4.1 их наяд ам. доллар, эдийн засгийн өсөлт 6.6 хувь, гадаад валютын нөөц 699.9 тэрбум ам.доллар байсан. Тус улс үүгээрээ дэлхийд эхний тавд орж байна. 2025 оны есдүгээр сарын байдлаар инфляци 1.54 хувь байгаа юм. Монгол, Энэтхэг хоёр Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд юм. Айлчлалын хүрээнд Нью-Дели хотноо зохион байгуулсан “Энэтхэг-Монголын бизнес форум”-д хоёр орны төр, засгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон. Форумаар эдийн засаг, бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, газрын тос, тээвэр ложистик, сэргээгдэх эрчим хүч, суурь бүтэц, хүнс, ХАА, эмийн болон аж үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлал зэрэг салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ.

Хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын коксжих нүүрс, зэс зэрэг голлох ашигт малтмалын нөөцийг Энэтхэгийн зах зээлд экспортлох хамтын ажиллагааны үндсийг тавьж, аж үйлдвэрийн хамтын хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжихээр талууд тохиролцсон байна.

-Энэтхэг улс манайд соёл, боловсролын чиглэлд томоохон дэмжлэг үзүүлдэг. Энэ удаагийн айлчлалаар соёл, боловсролын харилцаанд ямар шинэ хандлага ажиглагдсан бэ?

-Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Энэтхэгийн Засгийн газар 2025-2026 онд Энэтхэгийн Техникийн болон эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн (ITEC) хүрээнд монгол иргэдэд зориулан 70 нэмэлт сургалтын тэтгэлэг олгохоо зарлав. Энэ нь хоёр улсын хүний нөөцийн хөгжил дэх хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх алхам болж байна. Хоёр тал 1000 монгол багшид зориулсан англи хэлний сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг (анхан, дунд шат болон богино хугацааны сургалтуудыг хамруулах) хэрэгжүүлэх бодит боломжуудыг хамтран тодорхойлж, урагшлуулах чиглэлээр ажиллахаар тохиролцсон.

Түүнчлэн “Энэтхэг-Монгол найрамдлын сургууль” нь хоёр улсын боловсролын түншлэлийн түүхэн тэмдэгт үйл явдал болж, жил бүр ойролцоогоор 1200 сурагчид чанартай боловсрол олгож, Монгол Улсын ирээдүйн үеийг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буйг санал нэгтэй тэмдэглэсэн.

-Энэтхэгийн технологи, дижитал туршлагыг Монголд нутагшуулах боломж хэр бодитой гэж судлаачийн хувьд та үзэж байна вэ?

-Хоёр тал хөгжлийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн болох чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэсэн байна. Энэтхэгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй мэдээлэл, харилцаа холбоо, гадаад аутсорсингийн чиглэлээр байгуулагдаж буй “Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн шилдэг төв”, “Энэтхэг–Монгол найрамдлын сургууль” зэрэг төслүүд үүнд чухал байр суурь эзэлж буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хоёр тал Энэтхэгийн санхүүжилттэй “Түргэн нөлөө бүхий төслүүд” (Quick Im­pact Projects, QIPs)-ийн тухай Санамж бичигт гарын үсэг зурсан явдлыг сайшааж, эдгээр төслүүд нь Монгол Улсын орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжлийн зорилгыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг нотолж байгаа юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох саналаа танилцууллаа. Ер...

img

31 минутын дараа

 Ардчилсан нам УИХ, эсвэл Засгийн газраа авч Монгол төрийн хямралыг арилгах цаг боллоо

Сүүлийн 10 жилийн хугацаанд олонх болж эрх барьж байгаа МАН-ын хямрал дуусах нь байтугай одоо л дөнгөж эхэлж байна. Л.Оюун-Эрдэнийн ...

img

12 минутын дараа

“Хөх сувд” мөсний баяр 2026 оны гуравдугаар сарын 2-4-нд болно

 “Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2026 оны 3 дугаар сарын 2-4-нд болно. “Хөх сувд” мөсний баярт сүүл...

img

24 минутын өмнө

Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Улс орны орчин цагийн эмнэлгийн үндэс суурь болсон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөг...

img

33 минутын өмнө

Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэ...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд