Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Ж.Дэлгэрсайхан: Иргэдийн төлж буй шимтгэлийг бодитой хуримтлуулж, ирээдүйд амьдралынх нь баталгаа болгох хэрэгтэй

trend

Админ

img

2025 оны 10 сарын 24

img

56

news-img

Эдийн засагч, Санхүү, эдийн засгийн их сургуулийн дэд профессор Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг луйвар хэмээн үзэж байна. Үнэхээр луйвар мөн үү?

-Уг асуудлыг нийгмийн даатгалын үндсэн зорилготой холбон тайлбарлах шаардлагатай. Нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн зорилго бол даатгуулсан иргэнийг өндөр насны болон эрүүл мэнд, осол гэмтэлтэй холбоотой эрсдэлээс хамгаалахад оршдог. Энэ зорилго бодит амьдрал дээр бүрэн хэрэгжихгүй байгаа учраас иргэд нийгмийн даатгалын талаар сөрөг ойлголттой болсон. Мэдээж, иргэдийг буруутгах аргагүй. Иргэд амьжиргаагаа залгуулахын тулд ажил хөдөлмөр эрхэлдэг. Харин ажил олгогчийн зүгээс нийтдээ 15 хувийн шимтгэлийг төлж байгаа. Уг хувийг иргэдийн авч буй цалинтай харьцуулахад багагүй мөнгө. Гэтэл энэ шимтгэлийн үр шим нь тухайн иргэнийг хамгаалах түвшинд байж чадахгүй байна шүү дээ. Зарим иргэн тэтгэвэр ч авч чадалгүйгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Уг нь насаараа төлсөн НДШ нь тухайн хүндээ, эсвэл ар гэрт нь тодорхой хэмжээгээр амьдралын баталгаа болох ёстой биз дээ. Түүнчлэн ахмадуудын дийлэнх хувь нь амьдралын наад захын хэрэгцээгээ ч хангаж чадахааргүй хэмжээний тэтгэвэр аваад зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Үүний гол шалтгаан нь иргэдийн төлж буй мөнгийг хуримтлуулж, өсгөх тогтолцоо байхгүйгээс үүдэлтэй. Өнөөдөр шимтгэл төлж буй иргэний мөнгөөр ахмадуудын тэтгэврийг төлөх зарчим үйлчилж байна шүү дээ. Үүнээс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон шимтгэл төлсөн нийт сард суурилсан аргаар тэтгэврийг боддог. Нэг ёсондоо иргэндээ ээлгүй, оновчтой бус тогтолцоо.

-Яагаад нийгмийн даатгалын шимтгэл иргэдэд үр шимээ өгөхгүй байна вэ. Энэ бол иргэдийн мөнгө биз дээ?

-Тогтолцооны гажуудал юм. Дээр нь удирдлага зохион байгуулалт муу байна. Бид нийгмийн даатгалыг тогтолцооны хувьд өөрчлөх ёстой. Анх 1999 оноос асуудлыг олж харж энэ тогтолцоог засах ёстой гээд 2000 оны эхээр нэрийн дансны тухай хууль баталсан. Мөн хоёр ч удаа төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого баталсан шүү дээ. Эхнийх нь 2015 он хүртэл байсан. Харамсалтай нь энэ бодлого, нэрийн дансны тухай хууль бодит байдалд хэрэгжиж чадаагүй. Тэгээд 2030 он хүртэл гэж дахин баталсан. Хэрэгжилт хангалттай бус тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын асуудал өнөөдөр бидэнд тулгамдсан хамгийн том асуудал болчхоод байна.

Иргэдийн мөнгө гэдэг нь үнэн. Гэхдээ иргэндээ зориулагдах боломжтой тогтолцоо үүсч чадаагүй. Үүний шалтгаан нь ерөөсөө бидний эв санааны буюу нэг нь нийтийн төлөө гэсэн тогтолцоонд байгаа юм шүү дээ.

-НДШ-ийн мөнгө яг юунд зарцуулагдаад байна вэ. Яагаад хуримтлалын данс улайсан бэ?

-Сонирхолтой нь нийгмийн даатгалын мөнгө нийгмийн даатгалдаа зориулагдаж байгаа. Дээр нь төсвөөс ихээхэн хэмжээний татаастай шүү. Капитал банктай холбоотой гэх мэт зарим асуудлыг эс тооцвол. Өнөөдөр тэтгэврийн даатгалын сан алдагдалтай байгаа бөгөөд 2025 оны байдлаар төсвөөс нэг их наяд 447 тэрбумын татаас авахаар байгаа.

Харин 2026 онд нэг их наяд 474 тэрбум төгрөгийн татаас авахаар төсөвт тусгагдсан байх жишээтэй. Гэтэл энэ нь эргээд тэтгэврийн ачааллыг иргэд шимтгэл төлж үүрэхээс гадна татвараас бас хуваалцана гэсэн үг. Энэ татаасын хэмжээ 2018 онд 480 орчим тэрбум төгрөг байсан. Цаашид ч нэмэгдэнэ. Нөгөө талд сангуудын орлого нэмэгдсээр байгаа. Энэ нь хүн амын өсөлт, нэрлэсэн цалингийн өсөлтөөс шалтгаалж байгаа хэрэг. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2019 онд 470 тэрбум байсан бол 2025 онд 2.464.3 төгрөг болж байгаа. Гэтэл эрүүл мэндийн сан тусдаа гарснаас хойш бас л асуудал нүүрлэсэн. Үүний ард алдаатай тогтолцоо, буруу удирдлагын нөлөөлөл байгаа гэж харахаас өөр аргагүй. Сангууд яагаад нөөц хуримтлалгүй байгаа шалтгаан зарлага нь орлогоосоо давсантай холбоотой гэж ойлгож болно.

-Нийгмийн даатгалын шимтгэлд нүүрлэсэн гажуудлыг яаж арилгах ёстой вэ. Үүнд ямар зохицуулалт хэрэгтэй вэ?

-Тэтгэврийн тогтолцооны дорвитой шинэчлэл хэрэгтэй. Эерэг тал нь тэтгэврийн шинэчлэлийн асуудал хөндөгдөж яригдсаар байна. Бидний зүгээс ч энэ гажуудлыг засах ёстой гэж үзэж 2019 оноос эхлэн “Тэтгэврийн реформ” хөдөлгөөнийг санаачилж, шинэчлэлд хувь нэмрээ оруулахыг хичээж байгаа. Гол зорилго нь нийгмийн даатгал төрийг, улс төрийг санхүүжүүлдэггүй, Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй хөрөнгө оруулалт, бизнесийг санхүүжүүлж, үр өгөөжөө хүртдэг байх ёстой. Энэ нь эргээд төлж буй шимтгэл, түүний өгөөж нь ахмадуудын амьжиргааны баталгаа болж чаддаг, эрүүл мэндийн эрсдэл тулгарахад хамгаалдаг тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Дээр хэлсэнчлэн хүмүүсийн төлж буй шимтгэлийг шууд аваад дамжуулдаг энэ тогтолцооны үед хуримтлал үүсэхгүй, мөн иргэдийн тэтгэвэр амьжиргааны баталгаа болж чадахгүй. Иргэдийн өнөөдөр төлж буй шимтгэлийг бодитой хуримтлуулж, түүнийг үр ашигтай удирдаж хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсгөж байж ирээдүйд тухайн хүний амьдралын баталгаа болох юм. Одоогийнх шиг өнгөрсөн хугацаанд цалингийн 50 хүрэхгүй хувиар тэтгэвэр тогтоогоод байгаа нь ахмадуудыг шууд ядууралд оруулж байгааг бид ойлгох хэрэгтэй. Эдийн засагт мөнгөний цаг хугацааны үнэ цэн хэмээх ойлголт байдаг. Энэ нь өнгөрсөн хугацааны мөнгө өнөөдрийн үнэ цэнийг гүйцэхгүй тухай юм. Иймээс хуримтлуулж, хадгалж, хөрөнгө оруулалт хийж, өсгөдөг тогтолцоо хэрэгтэй. Зөвхөн бид салбарын яамны зүгээс тодорхой санаачилга гарган ажиллаж буйг дурдах хэрэгтэй. 2023 онд нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг хийж, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийг өргөн барьсан. Харин энэхүү хуулийг дангаар нь сугалж үлдээгээд бусад хуулийг баталсан. Одоо ч нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтийг батлуулахаар явж байгаа. Энэ хүрээнд тэтгэврийн олон давхарга бүхий тогтолцоо, хувийн тэтгэврийн даатгалын асуудал хамарч байгаа. Нэмээд хэлэхэд, салбарын яам, НДЕГ бол шинэчлэлийн төлөө байгаа гэж би хувьдаа боддог. Харин энд улс төрийн, бодлогын шийдэл чухал юм. Ямар зохицуулалт хэрэгтэй вэ гэлээ. Одоо нийгмийн даатгалын асуудлаар ямар нэгэн хуульд жижиг өөрчлөлт, зохицуулалт оруулаад шийдэгдэхгүй. Тогтолцооны томоохон өөрчлөлт хэрэгтэй. Үүнд нийгмийн даатгалын удирдлага, зохион байгуулалт, сангийн удирдлага, хувийн тэтгэврийн сан гээд олон асуудал хамаарна. Нэг ойлгомжтой зүйл нь бид хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих үйл явцыг түргэсгэх шаардлагатай.

-Цаашдаа энэ маягаараа үргэлжилбэл хамгийн муугаар бодоход ямар үр дүнд хүрэх вэ?

Юуны өмнө энэ байдлаараа явах боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй бөгөөд үүн дээр нэгдсэн ойлголттой болох нь чухал. Үүний дараа хэрхэн өөрчлөх нь зүйтэй вэ гэх бодлогын сонголтоо зөв хийх шаардлагатай. Хэрвээ бид энэ байдлаар удвал хамгийн том сан болох тэтгэврийн сан алдагдлаа дийлэхээ болино. ГБХНХЯ-ны хийсэн тооцоогоор одоо 1.5 орчим их наяд байгаа бол татаас 2030 он гэхэд 3.8 их наяд болно гэсэн. Эдийн засгийн өсөлт, боломжоо харахад энэ тоо татвар төлөгчдийн нуруун дээр ирж, томоохон ачаа болно. Үүнд хүн амын өсөлт, насны бүтэц голлох нөлөө үзүүлнэ. Шимтгэл төлөгч, тэтгэвэр авагч ахмадын харьцаа ойртоно. Энэ байдлаас болж хамгийн чухал асуудал нийгмийн даатгалын үндсэн зорилго буюу шимтгэл төлөгч иргэндээ үйлчилдэг систем бүрэлдэхгүй удааширч иргэд, ахмад насны ядуурал, эрүүл мэндийн эрсдэлд өртөх байдал нэмэгдэнэ. Тиймээс бидний нэн даруй шийдэх нэг том асуудал нь яах аргагүй нийгмийн даатгалын шинэчлэл юм.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох саналаа танилцууллаа. Ер...

img

6 цагийн өмнө

 Ардчилсан нам УИХ, эсвэл Засгийн газраа авч Монгол төрийн хямралыг арилгах цаг боллоо

Сүүлийн 10 жилийн хугацаанд олонх болж эрх барьж байгаа МАН-ын хямрал дуусах нь байтугай одоо л дөнгөж эхэлж байна. Л.Оюун-Эрдэнийн ...

img

6 цагийн өмнө

“Хөх сувд” мөсний баяр 2026 оны гуравдугаар сарын 2-4-нд болно

 “Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2026 оны 3 дугаар сарын 2-4-нд болно. “Хөх сувд” мөсний баярт сүүл...

img

7 цагийн өмнө

Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Улс орны орчин цагийн эмнэлгийн үндэс суурь болсон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөг...

img

7 цагийн өмнө

Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэ...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд