мэдээ
Ардчилсан нам УИХ, эсвэл Засгийн газраа авч Монгол төрийн хямралыг арилгах цаг боллоо

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 10 сарын 24
53

Сүүлийн 10 жилийн хугацаанд олонх болж эрх барьж байгаа МАН-ын хямрал дуусах нь байтугай одоо л дөнгөж эхэлж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсноос эхлээд намын даргын сунгаанаар үргэлжилсэн энэ хямрал дараагийн Засгийн газраа огцруулж, тэр нь Үндсэн хуулийн Цэц дээр очоод ч намжсангүй. Учир нь Г.Занданшатарын Засгийн газрыг ҮХЦ Их суудлын хуралдаанаараа шийдвэр гаргаж, буцаагаад тавьчихлаа. Цэц ч гэж Цэц. Хоригт ороод буцаад түдгэлзсэн Засгийг тэгж яаран сандран өмгөөлөх хэрэг байсан ч юм уу. Засгийн газрыг огцруулах бичиг санаачлан гарын үсэг цуглуулсан гишүүд ч дахиад Үндсэн хуульдаа нийцүүлээд огцруулах асуудлыг эхлүүлнэ гэж мэдэгдэж байна. Үүнээс харвал МАН-ын энэ хямрал дуусахгүй эхэлж байгаа бололтой. Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн хориг орж ирчихсэн УИХ-аар өнөө маргаашгүй хэлэлцэгдэх гэж байгаа. Хоригийг хүлээж авах эсэх, авахаар болчихвол зөрүүлээд Ерөнхийлөгчийг импичмент хийх гишүүд ч гарж ирж магадгүй байна. Энэ мэтээр Монгол төрийг эцэс төгсгөлгүйгээр эрх баригч Ардын нам хямрааж дуусах нь. Цаашдаа асуудлаа мухарлах биш, улам салаалуулж явах бололтой. Улс төрийн хүрээнд эрх баригч МАН-ыг бодитойгоор эрх барих үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх чадамжгүй болсон гэж үзэж байна. Учир нь 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад 68 суудал авсан эрх баригч МАН одоогоор нам дотроо хэдэн арван фракцид хуваагдаж, УИХ дахь бүлэгтээ 37, 21-ээрээ хоёр тийшээ харцгаагаад байгаа. Ингэж хуваагдсанаараа эрх баригч МАН энэ парламентад олонх биш болсон гэсэн үг. Олонх биш учраас аль ялагдсан тал нь АН-тай нийлээд улс төрийн хямралаа үргэлжлүүлээд байх бололцоо нь бүрдчихлээ гэж харахаас аргагүй боллоо. Тэгвэл 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл сууж байгаа энэ парламентад албан бус олонх буюу хамгийн олон гишүүнтэй бүлэг нь АН болчихоод байна. УИХ дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Энэ утгаараа АН Монгол төрийн хямралыг хараад зүгээр суугаад байж болохгүй. Монгол Улсад, энэ парламентад ямар ганцхан МАН байгаа биш дээ. Энэ намын асуудал төрийн хямрал болчихсон нь үнэн. Үүнийг зүгээр хараад суугаад байж болохгүй ээ, Ардчилсан намынхан. Та нар одоо цөөнх, сөрөг хүчин биш. Та нар бол олонх, эрх баригч болох ёстой юм биш үү. Өвөл хаяанд ирлээ. Гэтэл өнөөдөр энэ Монгол Улсад юу болж байгаа билээ. Шатахуун нь алга, түлэх түлш нь байхгүй, дулаан нь сул, цахилгаан нь хязгаарлалттай, багш, эмч нар нь ажил хаячихсан, татварын дарамт нь хэт өсчихсөн, ажил хийх хүний хомсдол үүсчихсэн, аж ахуйн нэгжүүд нь сөхөрчихсөн, нүүрс, алтны экспорт нь уначихсан,төр нь хямралд орчихсон байна. Үүнээс илүүтэйгээр энэ төр, засаг яаж хямрах ёстой вэ. Энэ хямрал дээр амь тэнцэн байгаа эдийн засаг, нийгмийн асуудал, иргэдийн амьдралыг үүнээс илүү яаж сөхрүүлэх вэ. Тиймээс Ардчилсан нам хоёр хуваагдчихсан байгаа МАН-ын бүлгийн аль нэгтэй нь нийлж, МАН-ын хямралыг үргэлжлүүлэх биш, эсрэгээрээ нэгэнтэй нь нийлээд Засгаа авах хэрэгтэй. Та нар Засгийн газраа байгуулах цаг үе ирчихлээ. Үүнийхээ төлөө зоригтой, эрчтэй явах нь АН-ын үүрэг болчихлоо. Оноос өмнө Засгаа байгуулаад ажилдаа орцгоо. Ингээд ирэх сонгууль болтол танай Засгийн газарт энэ улс орныг эрчимтэй сэргээх чамгүй хугацаа байна. Магадгүй сонгуулийн жил буюу 2028 онд хямарсан МАН учир зүйгээ олчихож болох юм. Ингээд буцаад олонх болоод танай Засгийн газрыг унагах байх. Түүнээс нь битгий ай. Олонх болж чадаад, ажлаа сайн хийсэн, төрөө хямралаас гаргаж, түмнийхээ төлөө ажилласан танай Засгийн газрыг унагаа л биз. Удахгүй болох сонгуулиар тэртэй тэргүй хэн нь төрийг хямрааж, хэн нь төрөө цэгцэлснийг ард түмэн мэдэж байгаа учраас сонголт нь ч эргэлзээгүй нааштай байх нь тодорхой. Цаашид Ардын намынхны хямралыг намар, өвөл биш хавар эрт эхлүүлж байх хэрэгтэйг АН сайн ухаар. Учир нь энэхүү намын хямралаас шалтгаалаад өнөөгийнх шиг төрийн хямрал үүсчихээр энэ Монгол Улс өвөл нь хөлдчих ийм эмзэг орон. Өнөөдөр үүсээд байгаа МАН-ын хямралыг харвал ид сандал суудлын төлөө Монголыг хөлдөөхийг огт тоохгүй юм байна. Нүүрсний хулгайг Ардын намынхан бүтэн 10 жил ярилаа. Нэг ч албан тушаалтан, гишүүд, сайддаа хариуцлага тооцож чадсангүй. Угаасаа энэ нь Ардын намын улс төрийн нэгнээ унагах хоосон попрол гэдэг нь ойлгомжтой байх шиг. Тиймээс Ардчилсан нам яг энэ цаг үед төрөө хямралаас гаргаж Засгийн эрхээ ав. Эсвэл УИХ-аа авах хэрэгтэй. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Гүйцэтгэх засаглалдаа үүрэг, чиглэл өгч, ажлыг нь хянадаг гол субьект. Тиймээс Ардчилсан нам УИХ-аа авснаараа хагаралтай МАН-ын, тэмцэлтэй Засгийн газрыг хянаад, чиглүүлээд яваад байж болох талтай. Төрийг хямралаас гаргахын тулд АН-ын өмнө ийм хоёр үүрэг албан ёсоор ирчихээд байгааг та нар хүлээн авч ажиллах л хэрэгтэй байна. Төрөө авна уу, Засгаа авна уу та нарын сонголт. Гол Ардчилан нам зоригтой, шийдвэртэй алхам хийх цаг иржээ. Түүнээс биш бид хүчтэй, нэгдмэл сөрөг хүчин гээд энэ парламентад өөрсдийгөө “баатар” луугаа адил зарлаад дэмий бололтой. Тэртэй тэргүй сөрөг хүчин хийх парламент гэж алга. Ардчилсан нам энэ парламентад албан бусаар олонх болсон. Албан бусаар гэдэг нь хэдий МАН 68 гишүүнтэй ч хоёр хуваагдчихсан, АН 42 гишүүнтэй цөөнх ч нэгдмэл учраас та нар олонх юм. Олонх нь засгаа бүрдүүлээд, төрөө байгуулаад явдаг жамтай. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон та бүхний эрх. Тиймээс АН эрхээ эдлээд үүргээ ухамсарлаад зоригтой, шийдвэртэй алхмуудаа хийгээд явах цаг иржээ.
“Наддаа ганцхан аав минь”
Ижий аавыгаа сэтгэлдээ хадгалан хайрладаггүй, ач буяныг нь санадаггүй хүн гэж орчлонд хаа билээ. Аавын ачлал, ээжийн энэрэл хайрын т...
8 цагийн дараа
Н.Энх-Амгалан: Иргэд “Гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу зүүн өмнөд Азийн орнууд руу очоод, бусдын эрхшээлд орж байна
Хүн худалдаалах гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах тасг...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шө...
6 цагийн дараа
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох саналаа танилцууллаа. Ер...
9 цагийн өмнө
Ардчилсан нам УИХ, эсвэл Засгийн газраа авч Монгол төрийн хямралыг арилгах цаг боллоо
Сүүлийн 10 жилийн хугацаанд олонх болж эрх барьж байгаа МАН-ын хямрал дуусах нь байтугай одоо л дөнгөж эхэлж байна. Л.Оюун-Эрдэнийн ...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


