мэдээ
Н.Энх-Амгалан: Иргэд “Гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу зүүн өмнөд Азийн орнууд руу очоод, бусдын эрхшээлд орж байна

Админ
2025 оны 10 сарын 25
42

Хүн худалдаалах гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Энх-Амгалантай ярилцлаа.
-Цагдаагийн байгууллагад хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой нөхцөл байдал одоогоор ямар байна вэ. Сүүлийн үед ямар зорилгоор энэ гэмт хэрэг үйлдэгдэж байна вэ?
-Манай Улсын хувьд 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйл (Хүн худалдаалах)-д гэмт хэргийг зүйлчилж өгсөн. Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэхийг зохион байгуулах, албадан хөдөлмөрлүүлэх, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах зэрэг гэмт хэргүүд нь тус тусдаа зүйлчлэгддэг ч өргөн утгаараа хүн худалдаалах гэмт хэрэг гэж ойлгож болно. Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлыг дотоод болон гадаад урсгал чиглэлд нь авч үздэг.
Нэгдүгээрт, цахим орчин фэйсбүүк, телеграм, вайбер, вичат, MY.mn сайт зэрэг бусад зарын сайтуудад “Санхүү өгнө, авна”, “24 цагийн саун, массажны газар ажиллаж байна”, “Уулзана, байр бэлэн”, “Залуухан охидын сонголттой бүтэн биеийн алжаал тайлах бариа”, “Дуудлагаар очиж гулгаа массаж хийнэ” гэх мэт халхавчтай зар, мэдээлэл байршуулж үйлчлүүлэгчдийг олзолж байна.
Мөн гудамж талбайд буюу Улаанбаатар хотын тодорхой газруудад ил зогсох болон тээврийн хэрэгсэлд орогнож үйлчлүүлэгчдийг олзолдог байсан бол сүүлийн үед цахим орчныг ашиглаж биеэ үнэлэх хэлбэрт шилжих хандлагатай байна. Биеэ үнэлэгч охид, эмэгтэйчүүдийг зохион байгуулдаг Мадам, Агент этгээдүүд нь жуулчид ихээр ирдэг газар, зочид буудлуудаар явж зуучилдаг. Эдгээрээс гадна нууц караоке, тайчих үзүүлбэртэй шөнийн цэнгээний баар, саун массажны газар, алжаал тайлах төвүүдэд нууц далд аргаар охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, худалдаалах зэрэг хэлбэрүүдэд явагдаж байна.
-Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой өндөр эрсдэл бүхий ямар улс байна вэ. Хохирогчдын тухайд ихэвчлэн ямар насны хүмүүс байна вэ?
-Сүүлийн үед Монгол Улсаас охид, эмэгтэйчүүдийг хуурамч зараар аялал жуулчлал хөгжсөн зүүн өмнөд Азийн орнуудад урьж, зочид буудлын өрөөнд профайл зургийг нь байршуулж өөрсдийн албан ёсны сайтууд, вичат, телеграм хуудсанд байршуулж биеийг нь үнэлүүлж байна.
Манай улсын иргэд цахим орчинд нийтлэгдсэн “Вьетнам улсад өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу хууртагдаж Камбож улсад бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх болсон. 2023-2025 оны хооронд тус улсад манай улсын 20 гаруй иргэдийг гэмт этгээдүүд нь өрийн дарамтад оруулж хүч хэрэглэн айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлж, эрх ашгийг нь зөрчиж хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдол бүртгэгдсэн. Хохирогчдыг эх оронд нь аюулгүй буцаан авчрах ажиллагааг хууль хүчний байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан. Тухайн хохирогчид нь бусдын хүчинд автан, тус бүс нутагт шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа учраас иргэдийг энэ төрлийн зар сурталчилгаанд хууртагдахгүй байхыг анхааруулж байна. Манай улсад сүүлийн таван жилийн судалгаагаар нийт 50 хэрэгт 78 холбогдогч холбогдож, 93 хохирогч байна. Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүд удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, болон урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан охид, эмэгтэйчүүд байна. Дээрх этгээдүүд нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор насанд хүрээгүй иргэдийг айлган сүрдүүлж, заналхийлж, зорчих эрхийг нь хязгаарлаж, хуурч мэхлэн эрхшээлдээ оруулан энэ гэмт хэргийг үйлдэж байна.
-Манай улсад энэ гэмт хэргийг ямар хуулиар зохицуулж, ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?
-Монгол Улс Палермогийн протоколд 2008 онд элсэн орсон. Эрүүгийн хуульд үе шаттайгаар хүн худалдаалах гэмт хэргийг зүйлчилж олон улсын гэрээ конвенц, протоколд нийцүүлэн боловсронгуй болгож одоогийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйл (Хүн худалдаалах)-д гэмт хэргийг зүйлчилсэн байна. Мөн 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн “Хүн худалдаалахтай тэмцэх тухай” хуулийг дагаж мөрдөж эхэлсэн байдаг.
-Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс жишээ дурдаж болох уу?
-Урьд өмнө нь халаас, орон байрны хулгайлах гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэл эдэлж байсан “С” нь цахим орчинд зараар бусдад биеэ үнэлдэг “Т, Б, Х” нартай үгсэн тохиролцож Налайх, Багануур дүүрэгт оршин суух насанд хүрээгүй 15-17 насны охидыг хууран мэхлэх аргаар элсүүлж, айлган сүрдүүлж, зорчих эрхийг нь хязгаарлан СХД-ийн нутаг дэвсгэрт хашаа байшин түрээсэлсэн байсан. Улмаар шөнө оройн цагаар цахим орчинд “Санхүү авна” гэх зар байршуулж хүчээр биеийг нь үнэлүүлж байна гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг үе шаттайгаар зохион явуулж сэжигтэй этгээдүүдийн үйл хөдлөл, яриа өгүүлэл, санхүүгийн эх үүсвэрийг шалгаж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэг шүүхээр шийтгэгдсэн.
Мөн манай улсын иргэд “Гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу зүүн өмнөд Азийн орнууд руу ихэвчлэн очоод, гадаад паспорт бичиг баримтаа хураалган, бусдын эрхшээлд орж байгаа тохиолдлууд гарч байна.
-Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд ямар мэдлэг, мэдээлэлтэй байх талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Насанд хүрээгүй хүүхдүүд бол хамгийн эмзэг, хамгаалалт шаардсан нийгмийн бүлэг юм. Тэдний бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн харилцаа, ёс суртахууны төлөвшил нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учраас олон төрлийн эрсдэлд өртөх өндөр магадлалтай. Иймээс хүүхдүүдийг хамгаалах, тэдний эрх ашгийг дээдлэх нь зөвхөн эцэг эхийн бус нийт нийгмийн хамтын үүрэг хариуцлага юм. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж торних боломжийг хангахын тулд гэр бүл, сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, нийгмийн нийт гишүүд үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ хайр халамж үзүүлэх, тэдэнтэй тогтмол ярилцаж, сонсох, ойлгох мөн аюулгүй, тогтвортой орчин бүрдүүлэх нь хамгааллын хамгийн анхны бөгөөд чухал алхам. Жишээлбэл, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ цахим орчинд тогтмол хяналт тавьдаг байх, тэдний ашиглаж буй Instagram, Snap chat, Facebook, X гэх мэх цахим хуудсаар садар самууныг сурталчлах, зураг бичлэг зэрэг зүйл ихээр явж байх учир хүүхдүүддээ тус цахим хуудсыг нээж өгөхдөө насны ангиллыг нь зөв тодорхойлох хэрэгтэй. Мөн өдөр бүр хүүхдүүдээ юу үзэж, харж байгаа талаар нь тогтмол хяналт тавьснаар ЭХТА-н 13.5 дугаар зүйл (Заналхийлэх), ЭХТА-н 16.9 дүгээр зүйл (Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах), ЭХТА-н 13.1 (Хүн худалдаалах) гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хамгийн том арга зам болж байгаа юм. Нийгмийн гишүүд буюу багш сурган хүмүүжүүлэгчид, олон нийтийн байгууллагууд ч мөн адил хариуцлагатай хандлага, ёс суртахууны үлгэр дуурайл үзүүлж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гадуурхал, үл хайхрах зэрэг аливаа хэлбэрийн зөрчлийг илрүүлж мэдээлэх үүрэгтэй. Түүнчлэн сургуулийн орчинд хүүхдэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүүхдийг өргөн хүрээнд хамгаалах тогтолцоо маань илүү үр дүнтэй болох боломжтой гэж харж байна.
Г.БАЛГАРМАА
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээг байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж э...
3 цагийн дараа
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалт...
2 цагийн дараа
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь удаагаа болж буй тус ...
2 минутын өмнө
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай ХЗДХ-ийн сайд Б....
13 минутын өмнө
Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.24)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


