мэдээ
Т.Галсан: Бид одоо хулгайч нараар төрөө түйвээлгэж болохгүй

Админ
2025 оны 10 сарын 25
51

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан абугайтай билгийн тооллын намрын дунд сарын 29–ний өдөр цаг төрийн өнгийг хуучлан суух завшаан тохиов.
-Та бол манай улсын нэр зүстэй төр, нийгмийн зүтгэлтэн хүний нэг.
-Хүүе, худал яриад бай (инээв).
-Нарийн яривал, 2-3 нийгмийн нүүр үзсэн байх?
-Феодализм, социализм, капитализм гээд гуравхан нийгмийн цай ууж, чансааг нь таньж дээ.
-Өнөөдөр төрийн дээд шагнал хүртсэн, алдар цуутай, хийж бүтээсэн зүйлтэй олон хүн бий. Харин тэр эрхмүүд ерөөсөө үнэн үгээ ярихаа больжээ. Хувь илүү, хуруу өндөр энэ сайхан хүмүүсийнхээ хэлэх үгийг бас сонсмоор байх юм?
-Эрхмүүд ярихгүй биш, яриулахгүй байгаа юм. Дээр үед бол Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Төмөр-Очир гурвыг яриулж болохгүй гэдэг, түүн дээр Т.Галсан миний бие хожим нэмэгдсэн. Түүнтэй яг адилхан. Сэтгүүлч та нарт ч хэвлэлийн эрх чөлөө байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл намуудын хөлсний зарц болцгоочихсон. Монголын эх оронч 320 сайхан сэхээтнийг яг 60 жилийн өмнө цөллөчихсөн шүү дээ. Одоо би ганцаараа үлдэж дээ. Тэд маань намайг “Үгээ хэл” гэж үлдээгээ биз. Тийм учраас би хэлэх үгээ хэнбугайд ч хэлнэ. Хэл загатнасандаа биш, зүрх зүсэгдсэндээ тэр!
-Энэ цаг үе, төр засгийн өнгийг харахад танд ямар санагдаж байна?
-Энэ үеийн хамгийн сул тал бол ихэс дээдэс маань элгэн түмнээсээ дэндүү холдчихжээ.
Саналын гуйлгачин болж очих үедээ л сая нэг уулзаад баахан хиртэй гар бариад л, ил далдаар баахан бэлэг сэлт өгөөд л, хэлнээсээ Хэрлэн урсгаад, амнаасаа Алтай ургуулан “янагладаг”. Арай чамай дээшээ гаруутаа ард түмэнд араа харуулдаг.
-Иймэрхүү үйлдлийг аль ч нам нь ялгаагүй гаргадаг болсон, тийм үү?
-Аав нь ямар байна, хүү нь тийм байдаг. Ах нь ямар байна, дүү нар нь тийм байна. Энэ намууд бас адилхан шүү дээ. Өөрөөр хэлбэл, нам гэдэг чинь Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн улс төрийн луйварчдын бүлэглэлүүд болоод хувирчихаж. Тийм учраас ард түмэн, эх орны эрх ашиг хаягдаад байна. Гэхдээ улстөрч бүгдээрээ биш шүү дээ. Тэдэн дотор эх орон, ард түмнээ боддог аавын хүү, ээжийн охин аль ч үед байлаа. Гагцхүү тийм хүн нь ад болдог. Тэгээд түүнийг гурван янзаар хороодог юм. Нэгдүгээрт, өлсгөж алдаг. Хоёр дахь нь шууд хорлож ална. Гурав дахь нь шууд буудаж хороодог юм. Ийм гурван аллага улаан социализмын үед ч байсан, бараан зах зээлийн үед ч байна. Өлсгөж алах арга гэдэг нь Ц.Лоохуузад 17 төгрөг 50 мөнгөний цалин өгч байв. Надад 70 төгрөгийн цалин өгнө. Энэ бол өлсгөж алах арга. Дараагийнх нь болохоор эмч нарыг хүртэл алуурчин болгосон. Яагаад гэвэл “Тэрийг алаарай” гээд эмчилгээг нь буруу хийлгэх, эсвэл эмнэхгүй байх аргаар хороодог. Жишээ нь, 1950-1970 он хүртэлх тайз дэлгэцийн бүх бүтээлийг хийж өгсөн Л.Ванган байна. Оюун ухааны бүтээлийг чинь арьс ширний үйлдвэрээс авахгүй шүү дээ. Тэр аугаа их хүний авьяас билгээс авч байсан. Гэтэл тэр хүнийг “Энэ бол Д.Төмөр-Очирын сүлбээтэн. Яагаад гэвэл, Москвад Л.Цэнд, Д.Төмөр-Очир, тэр гурвын цанаар явж байгаа зураг байдаг. Энэ бол дотно нөхдийн шинж” гээд л сэрдэж эхэлсэн. Цааш нь Д.Төмөр-Очирыг Төв хорооны Үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга болох үед л Л.Ванган Соёлын дэд сайд болж гарч ирсэн. Яг тэр үедээ л “Түмний нэг” гэдэг кино хийж, Б.Ринчен багштай адилавтар дүртэй Д.Лхамхүүг тоглуулсан гээд л. Энэ бол Д.Төмөр-Очирын сүлбээтний үйлдэл мөн. Тайзан дээр Нууц товчоо гаргасан байна. Энэ бол үндсэрхэг үзлийг уран бүтээлээр гаргаж байна гээд л хэлмэгдүүлэх үйл явдлууд хөвөрсөн байдаг юм.
-Хэлмэгдүүлэх үйл явдлууд хөвөрсөн гэхээр ганц удаа “шоглоод” өнгөрсөн хэрэг биш байх нь?
-БНМАУ-ын анхны долоон академичийн нэг, гүн ухаанч, эрдэмтэн Д.Төмөр-Очирыг ганц ч тоосго, нэг ч хүрзгүй, ямар ч барилгачингүй аймагт Барилгын ангийн даргаар явуулаад, сүүлд нь толгойг нь цавчиж, биеэс нь салгаж тавьсан шүү дээ. Яагаад гэвэл, социализмын үеийн төрийн бүх нууцыг мэдэх хүн нь Д.Төмөр-Очир байсан учраас цаг нь ирэхэд энэ хүн бүх шившгийг дэлгэнэ гэж айснаасаа болоод яргалсан хэрэг. Яг түүнтэй адилхан Л.Ванган гэж циркчин, тамирчин, 40 гаруйхан настай хүнийг “Шарлалаа” гэж эмнэлэгт хэвтүүлээд “Шарлаагүй байна. Уушги муудсан” гэх мэтээр эмнэлэг дамжуулан олигтой эмчилгээ хийлгүй байсаар үхүүлсэн шүү дээ. Тэр бол ертөнцөөс буцах жам ёсноос гадуур зүйл. Тийм сайхан эрүүл биетэй, саруул ухаантай удмын хүн 40 гаруйхан насандаа үхэхгүй шүү дээ. Зориудаар эмнэхгүй байж байгаад алсан. Энэ бол хорлож хороох хоёр дахь арга нь юм. Тэгээд бууддаг. Намайг хүртэл буудаж байлаа. Намынхаа даалгавраар хүн буудах ч яггүй ажил шүү дээ. Малгай оноод толгой оноогүй. Би даралт ихэсч, сандраагүй. Яагаад гэвэл, хөөрхий энэ хүн бол хүн биш, гох татаж байгаа хуруу. Үүний ард гар бий. Гарын ард хүн бий. Хүний ард эзэн бий гэдгийг би мэдэж байсан учраас. Тэгээд долоо хоногийн дараа тэр хүнийг “Таананы хордлогоор үхчихлээ” гээд цааш нь харуулчихаж байх жишээтэй. Ер нь түүх бүхэн өвчинтэй, өвчин бүхэн түүхтэй.
-Харин одоо энэ цаг үе яаж өөрчлөгдсөн бол?
-Энэ цаг үед бол аллага хядлага нь жаахан багассан. Гэхдээ С.Зоригийн аллага бол улс төрийн аллага шүү дээ. Харин одоо иймэрхүү зүйл гарч магадгүй болчихлоо. Яагаад гэвэл, хувьсгал хийхийг нь С.Зориг удирдсан. Б.Галсандорж шиг, Д.Баасан лам шиг, Д.Сосорбарам шиг хэсэг сайхан залуучууд нийгэм биш байгааг ойлгоод дэмжиж тэмцсэн. Тэр сайхан залуучууд ардчилсан хувьсгалыг ялуулсан. Гэтэл хувьсгалын ололтын жолоог нь дандаа чоно, нохойн эрлийз нэгдүгээр зэргийн луйварчид авсан байхгүй юу даа. Өмч хувьчлал гэдэг сайхан нэрээр улсын хамаг хөрөнгийг хэдхэн хулгайч идээд л, ард түмэн ядуурсан. Дэлгүүрийн лангуун дээр давс, лаа хоёр үлдсэн. Олон улс манай ардчиллыг дэмжиж, мөнгө цутгасан шүү дээ. Түүний ачаар хөл дээрээ босоод, лангуун дээр өөр бараа харагддаг болсон шүү дээ. Үзэг харандаа, бичгийн хэрэгсэл, тэр ч байтугай компьютер үнэгүй ирээд, тийнхүү дэлхий тэтгэсний хүчээр бид жаахан өндийж ирсэн юм. Энэ үед бас ч гэж Улсын Бага, Их Хуралд ард түмнээ гэсэн сайн хүмүүс байсан. Төрийн тэргүүнд ч сайн хүмүүс гарч байлаа. Хөөрхий минь дээ, юу ч үгүй үед улсаа хөгжүүлэх боломж нь бага. Гэхдээ тангаргийг нь тонгорог болгочихолгүй, хоёр намыг хооронд нь буудалцуулчихалгүй эв нэгдлийг гагнасан Ерөнхийлөгч бол П.Очирбат. Хээгүйн дараа хийгүй Ерөнхийлөгчтэй болсон. Түүнээс хойш төрд очсон хүмүүс уух идэхээр уралддаг болсон доо.
-УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар огцорлоо. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан. Харин ард түмэн Монголын төрөөр тоглож байна гээд их дургүйцэж байна.
-Зөв шүү дээ. Монголын ард түмэн тусгаар тогтнолоо байлдан олж, бүх нийтээрээ 100 хувь гарын үсэг зурсан өдөр тохиож байна. Гэтэл одооны улстөрчид, харийн утсанд татсан хүүхэлдэйнүүд тусгаар тогтнолыг маань мэрж хэврэгшүүлсээр л… Бид одоо хулгайч нараар төрөө түйвээлгэж болохгүй. Д.Амарбаясгаланг би Анандын Амар шиг эх оронч болно гэж горьдож байсан. Д.Амарбаясгалан үнэхээр ариун, цэвэр хүн мөн бол “Би гишүүнээсээ татгалзаж байгаад шалгуулчихъя” гэх зориг, зүрхтэй байх ёстой.
-Эмч, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж Төв талбайдаа жагсаж байна. Ахмадууд ч тэтгэвэр тэтгэмжээ нэмүүлэхийг хүсч байна. Энэ бүгдийг харахад танд юу гэж бодогдож байх юм бэ?
-Зүй нь таван сая болго гэж шаардах ёстой. Гурав бол дунд, тав бол онц дүн шүү дээ. Тийм мөнгийг улстөрчид олж харахгүй байна. Төв банк, хуулийнхан мэдэх атлаа дуугарахгүй байна. Идсэн мөнгөнийхөө 90 хувийг өгчих! Үлдсэнийг нь өөрөө ав. Чиний алдар нэр ариусна гэдгийг ажил хөдөлмөрөөрөө баяжсан биш авлига, хулгайгаар баяжигсдад ойлгуулахад улсын төсвөөс хэд дахин их мөнгө олоод ирнэ. Бүх хүн нэр ариун, заяа ариун болно. Тэр их мөнгийг Тахарын алба татаж авах ажил л гарна. Эмч, багшийн цалин хот цэвэрлэгчийнхээс илүү гарна. Амь зуулга нь дэвжиж, ажиллах урам нь бадарна даа.
-Энэ бүхнийг дүгнээд та юу хэлмээр байна?
-Их хурал эх орон, ард түмнээ боддог, Үндсэн хуулиа мэддэг улстөрчид бүхий Их хуралдай болоосой. Засаг завхрахгүй, төр түйвэхгүй, ард түмэн айдасгүй, амар амгалан аж төрөх болтугай. Эзэн Чингисийн гал голомт сахисан ардчилсан Монгол Улсыг энэ дэлхийн доог болгох эрх хэнд ч үгүй!
Г.ГАНЧИМЭГ
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээг байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж э...
1 цагийн дараа
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалт...
2 минутын өмнө
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь удаагаа болж буй тус ...
2 цагийн өмнө
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай ХЗДХ-ийн сайд Б....
2 цагийн өмнө
Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.24)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


