мэдээ
С.Эрдэнэболд: Цэцийн дүгнэлт гарсан ч Ерөнхийлөгчийн хоригийг УИХ зайлшгүй хэлэлцэх хуультай

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 10 сарын 24
37

Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнэболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ. Энэ дүгнэлтийг таны хувьд юу гэж харж байна вэ?
-Үндсэн хуулийг бид Мэдэгтүн, Сахигтун гэдэг агуулга, тангараг, зарчмаар нь мэдэж хүндлэх ёстой. Тэр утгаар нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг үг дуугүй хүлээн авах, хүндэтгэн дагах ёстой. Даяар олноо зарлан тунхагласан Үндсэн хуулийг тус улсын иргэн хэн боловч дагаж мөрдөх учиртай. Хэрэв дагаж мөрдөлгүй дур зоргоороо авирлавал нийгэмд хор уршигтай. Тийм болохоор миний бие ч энэ л байр сууринаас хандаж байгаа.
-Тэгэхээр цаашдаа Г.Занданшатарын Засгийн газар үргэлжлүүлээд ажлаа хийнэ гэж ойлгох уу?
-Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх учраас Улсын Их Хурлын одоогийн Засгийн газрыг огцруулсан шийдвэр нь хүчингүйд тооцогдож байна. Тэгэхээр Засгийн газрыг үргэлжлүүлээд үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэж ойлгож байгаа.
-Цэц Үндсэн хууль зөрчсөн гэсэн учраас УИХ-ын даргыг огцруулсан хүмүүс нь ч буцна гээд байх юм. Энэ хоёр асуудлыг нэг тогтоолоор шийдчихсэн юм уу?
-Үгүй, тус тусдаа тогтоол байгаа. УИХ-ын дарга бол өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин Ерөнхий сайдыг огцруулах талаар анх 56 гишүүн гарын үсэг зураад санал гаргасан. Гэвч уг саналыг гаргасан хүмүүс маань Байнгын хорооны хуралдаан дээр огцруулахыг дэмжихгүй буюу өөрийнхөө үзэл санааны эсрэг санал өгсөн.
Уг нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал … УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах”-аар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, ерөнхий сайдыг “огцруулах уу” гэж санал хураахаас бус, “огцруулахгүй байх уу” гэж санал хураах нь энгийн логикийн хувьд ч зөрчилтэй юм. Тэгээд “дэмжихгүйг дэмжинэ” гэдэг санал хураачихаар энэ нь ойлгомжгүй байдал үүсгээд зогсохгүй Үндсэн хуулийн “огцруулах уу” гэж санал хураах тухай тодорхой заалттай зөрчилдөөн үүсгэж байгаа хэрэг. Тэгэхээр энэ бол тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд тохируулж шийдвэр гаргаж байгаа үйл явц. Байнгын хорооны саналаар санал хураасныг би дэмжиж байгаа. Гагцхүү ингэхдээ томьёолол нь өөрөө гарын үсэг зурж, асуудал дэвшүүлсэн 50 гаруй гишүүний хүсэл зоригийн эсрэг үр дүнг Байнгын хороон дээр зориудаар гаргасан үйлдэл болсон. Ийнхүү “дэмжээгүйг дэмжинэ” гэдэг логик гаргаж ирж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж харагдаж байгаа.
-Энэ асуудал дээр Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Цэц ингээд шийдвэр гаргачихсан учраас УИХ-аар энэ хоригийг хэлэлцэх шаардлагатай юу?
-Ерөнхийлөг болон Үндсэн хуулийн Цэц бол өөр, өөр институци. Цэц бол Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр хуралдаад дүгнэлтээ гаргаж байгаа юм. Их суудлын хуралдааны дүгнэлт учраас үүнийг хүлээж авах ёстой. УИХ-д танилцуулах төдий зүйл. Харин Ерөнхийлөгчийн хориг бол тусдаа өөр институциас гаргаж байгаа юм. Тэгэхээр нэгэнт хориг тавигдсан л бол хуулийн дагуу заавал УИХ хүлээж авах, эсэх талаараа хэлэлцэх ёстой. Та бүхэн санаж байвал ноднин намар Ерөнхийлөгч төсөв дээр хориг тавиад хөрөнгө оруулалтын төсвийг 20 хувиар танах шийдвэрийг Засгийн газар гаргаад алдагдалгүй төсөв гээд батлаад явсан. Яг үүнтэй л адилхан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ зайлшгүй хэлэлцэх хуультай.
-Х.Булгантуяа дэд даргын хувьд асуудал цаашаа яаж өрнөх вэ?
-Мэдэхгүй байна. Яг ийм зүйл урьд өмнө нь гарч байсныг санахгүй байна. Монголын парламент төдийгүй Үндсэн хуулийн эрх зүйд шинээр судлагдахуун болж байна л гэсэн үг. Хэн нэг хүн дээр хариуцлага тооцох гэж байгаа бол хэн нэг нь гомдол гаргах ёстой. Тэр үндэслэлээ тайлбарлах хэрэгтэй. Түүнийх нь дагуу асуудал яригдаад явах болов уу гэж бодож байна.
-Цахимд бичигдэж, зарим хүний ярьж байгаа шиг төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэдэг нь зөвхөн энэ хүн дээр яригдах юм уу?
-Тэрийг би юм уу, эсвэл хэн нэг хувь хүн тогтоохгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад аль ч нам, УИХ-ын гишүүн, жирийн иргэн байсан ч Үндсэн хуулиа л дээдлэн дагах ёстой. Дээрээс нь энэ асуудлаар дөнгөж уржигдар Цэцийн дүгнэлт гарсан. Дараа, дараагийн үйл явдал өрнөх байх гэж харж байгаа. Гол нь дараа дараагийн үйл явц дур зоргоор бус, гагцхүү Үндсэн хуулийн дагуу л явагдаасай гэж хүсэж байна. Энд нэг зүйлийг тэмлэглэн хэлэхэд, хэвлэл мэдээлэл ба хуулийн зохицуулалт хоёр өөр шүү. Хэвлэлээр хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хардах эрхтэй. Тэр бүрийг хуулиар зохицуулна, хуульчилна гэдэг бол харьцангуй ойлголт. Тэр утгаараа энэ асуудал зөвхөн хуулийн хүрээнд л явах ёстой.
-Ардчилсан намын бүлэг энэ асуудал яригдаж байхад хуралдаад гурван одтой буюу гишүүд нь заавал дагаж мөрдөх байр суурийг гаргасан. Гэтэл чуулганы хуралдаан явах үед АН-ын зарим нь ирцэндээ орж өгөхгүй байсан. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Энэ бол тухайн хувь гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Мэдээж бид УИХ дахь намын бүлгийн шийдвэрээ дагана. Гэхдээ тухайн үед эзгүй байсан, хуралдаанд оролцоогүй хүмүүс маань ямар шалтгаантай байсан гэдгээсээ үл хамаараад Үндсэн хуулийн бус аргаар санал хураалт явагдах гэж байна гэж үзэх юм бол орохгүй байх нь тэр гишүүдийн эрхийн асуудал шүү дээ. Тэр өдөр шөнөжингөө хурал болох гээд нэг хүн ганцаараа найман цаг ярихад би микрофонгүйгээр шаардлага тавьсан. Ирцэнд оролцоогүй хүмүүсийг яллаж болохгүй. Олон нийтэд шившиглэж, нэр төрд нь халдаж болохгүй. Энэ бол гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа л хэлбэр гэдгийг хэлсэн. УИХ-ын гишүүнд хэн ч хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Гагцхүү итгэл үнэмшлээрээ хэлэлцэж буй асуудалд хандах эрхтэй. Энэ бол олон улсын эрх зүйн хувьд ч, Монгол Улсын Үндсэн хуулиар ч зохицуулагдсан хүний эрх, эрх чөлөөний асуудал. Тэр утгаараа тэнд оролцсон, оролцоогүй гэдгээр нь цоллож, нийгэмд муухай харагдуулж болохгүй л гэсэн байр суурьтай байгаа.
-Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүхээс буцаасан гэж ойлгосон. Танай намаас буцаан өргөн барьсан уу. Чухам юунаас болоод буцаагдсан бэ?
-Уг нь манай намын шинэчилсэн дүрэм маш сайн боловсруулагдсан. Үндэсний бодлогын хорооноос томилсон намын дүрэм дээр ажиллах Ажлын хэсэг байгаа. Буцаагдсан дүрэм дээр Улсын дээд шүүхээс яг ямар үндэслэлээр ямар заалтууд нь Улс төрийн намын тухай хуультай нийцэхгүй учраас буцаасан гэдэг тайлбартай бид танилцах хэрэгтэй байна. Одоохондоо би уншиж амжаагүй байгаа. Харин Улсын дээд шүүх рүү явуулсан дүрмээ дахиж нэг бүрчлэн уншлаа. Одоо бол ажлын хэсэг хуралдаад, хуульчид ярилцаад Дээд шүүх ямар үндэслэлээр буцаасан бэ гэдэгт дүн шинжилгээ хийнэ. Хууль зөрчсөн ноцтой зүйл байхгүй гэж бодож байна. Үүний ард Улс төрийн намын тухай хуульд хэрхэн нийцүүлэх вэ гэдэг асуудал байж магадгүй. Ямар ч гэсэн Үндэсний бодлогын хороо хуралдаж, холбогдох асуудлыг хянан сайжруулж, Дээд шүүх рүү дахин илгээнэ. Хуулиараа энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд өгөгдсөн байх ёстой. Тэгэхээр бидэнд ойролцоогоор хоёр сар гаруйн хугацаа байна гэж ойлгож байгаа. Амжина аа гэж бодож байна.
-Дээд шүүх танай намын дүрмийг буцаасан нь намын бүлгийн гишүүдийн улс төрийн шийдвэрт нөлөөлөх гэсэн хандлага байсан юм биш биз гэсэн хардлага явж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Улстөрч хүнийхээ хувьд ямар нэгэн эргэлзээ, тээнэгэлзээ байж болох авч Монгол Улсын төрийн төлөө, түмэн олны төлөө тангараг өргөсөн хүний өнцөг, Улсын дээд шүүх, шүүхийн хараат бус байдалд хэн нэгэн нөлөөлж, халдаж болохгүй гэдэг итгэл үнэмшлийнхээ хувьд би Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэж үзнэ. Тэгээд ч бид бага гэлтгүй алдаа мадаг байвал засаад л явах ёстой.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох саналаа танилцууллаа. Ер...
3 цагийн дараа
Ардчилсан нам УИХ, эсвэл Засгийн газраа авч Монгол төрийн хямралыг арилгах цаг боллоо
Сүүлийн 10 жилийн хугацаанд олонх болж эрх барьж байгаа МАН-ын хямрал дуусах нь байтугай одоо л дөнгөж эхэлж байна. Л.Оюун-Эрдэнийн ...
2 цагийн дараа
“Хөх сувд” мөсний баяр 2026 оны гуравдугаар сарын 2-4-нд болно
“Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2026 оны 3 дугаар сарын 2-4-нд болно. “Хөх сувд” мөсний баярт сүүл...
2 цагийн дараа
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Улс орны орчин цагийн эмнэлгийн үндэс суурь болсон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөг...
1 цагийн дараа
Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэ...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд


