мэдээ
М.Алтангэрэл: Олон улсын спортын тэмцээн зохион байгуулах цогцолборыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 10 сарын 24
190

Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Та өөрийнхөө тухай болон Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсоноос хойш хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Миний бие 2020-2024 онд 14 дүгээр хорооны иргэдийн хүлээлгэсэн итгэл, дэмжлэгээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Ингээд 2021 оноос 2024 онд дүүргийн Засаг даргын орлогчоор, 2024 оны аравдугаар сарын 24-нөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Засаг даргын дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө “Хөгжлийг дэмжих Сүхбаатар дүүрэг” нэртэйгээр таван зорилт, 113 заалт бүхий ажлыг хийхээр ИТХ-аар батлуулсан. Ингээд жил бүр дүүргийн Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа хэрэгжүүлээд ажиллаж байна. Бид иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, хүндээ дээдэлсэн төрийн үйлчилгээг бий болгохыг зорин орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 108 төсөл, арга хэмжээ тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байна. Энэ 2025 он бол дүүргийн 60 жилийн ой тохиож буй онцлог жил.
-Энэ жил нийслэлийн дөрвөн дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Ойгоо хэрхэн тэмдэглэв?
-Дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хамт олон түүхт ойн хүрээнд олон бүтээлч ажил зохион байгуулахаар төлөвлөж, үүнийгээ ажил хэрэг болголоо. Тухайлбал, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж болох 10 хороог хувааж, дөрвөн район болгосон байдаг. Үүний нэг нь манай Сүхбаатар дүүрэг. Энэ өдрийг онцлон дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгч, ЗДТГ-ын хэлтэс, нэгжийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд “Сүхбаатар дүүргийн 60 жил” сэдвээр хичээл орж, хөгжлийн түүхээ танилцууллаа. Мөн энэ өдөр, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, үе үеийн удирдлага, холбогдох албаныхан, түүхч, судлаачдыг оролцуулсан “Өнгөрсөн-Одоо-Ирээдүй” сэдэвт уулзалтыг зохион байгуулж, ирээдүйн хөгжлийн төлөвлөлтөө хамтдаа ярилцан шинэ санаа, оновчтой шийдлүүдийн талаар ч санал бодлоо солилцсон. Сүхбаатар дүүрэг нь орон сууц, гэр хороолол, зуслангийн бүс хосолсон газар нутгийн хувьд онцлог байршилтай төдийгүй Монгол Улсын төр засаг, урлаг соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ гээд тухайн салбарт анхныхаа гал голомтыг асаасан олон арван ууган байгууллага төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Нөгөөтэйгүүр, манай дүүргийг оюун санааны төв, боловсрол-соёлын оргил, тулгар төрийн голомт хэмээдэг. Энэ утга, бэлгэдлийг бодож, Монгол шуудан ХК-тай хамтран “Сүхбаатар дүүрэг 60 жил” сэдэвт дурсгалын маркийг бүтээлээ. Маркны эх зургаар жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилд зориулан Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач А.Сэнгэцохиогийн “Төрийн тамга хүлээн авах ёслол” бүтээлийг сонгон дахин сэргээж, худалдаанд гаргасан.
-Намрын чуулганаар төсөв хэлэлцэгдэж байна. Нэгдсэн төсөв батлагдаж байж дараа дараагийн төсөв батлагдах учиртай. Танай дүүргийн хувьд ирэх онд хэдий хэмжээний төсөв тусгагдахаар байгаа вэ. Төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүрэгт ямар ажил, бүтээн байгуулалт хийгдэхээр байгаа вэ?
-Сүхбаатар дүүрэг нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан дүүргээс хамгийн их орлого төвлөрүүлдэг. Дүүргийн энэ оны нийт батлагдсан төсөв 650 тэрбум. Үүнийхээ 480 гаруй тэрбумыг нийслэлд төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 380.1 тэрбумыг төвлөрүүлээд байна. Бид үлдсэн мөнгөөрөө иргэдийнхээ аюулгүй, амар тайван, ая тухтай амьдрахад зориулсан тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлдэг гэсэн үг. Боловсролын салбарынхаа материаллаг бааз, сургалтын орчин, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдээ ая тухтай орчинд сурч, хөгжих боломжийг бүрдүүлэхэд зориулж нийтдээ дүүргийн төсвийн 23.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургаан цэцэрлэг барих төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь буюу дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд 150 хүүхдийн ортой 248 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл бүрэн дуусч, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн 11.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар тохижилтын 48 төсөл арга хэмжээг 25 цэцэрлэг, 19 сургуульд хийсэн байна. Мөн иргэдийнхээ амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, нийтийн биеийн тамираар хичээллэн эрүүл чийрэг байхад нь зориулж, олон улсын спортын тэмцээн зохион байгуулах стандарттай, 400 хүний суудалтай хоёр заал бүхий СПОРТ ЦОГЦОЛБОР-ыг ондоо багтааж дуусгахаар ажиллаж байна. Сүхбаатар дүүрэг 100 хувийн гэрэлтүүлэгтэй. Гэрэлтүүлгээ дагасан камержуулалтыг ч хороо бүрд үе шаттай шинэчилж байна. Эдгээр камеруудаа нэгдсэн удирдлагын системд холбосон Камерын хяналтын дэд төвийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулаад байна.
-Гадаа сэрүүсч цас орлоо. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байгаа вэ?
-Дүүргийн өдөр тутмын ажлын дийлэнх нь хот, нийтийн аж ахуйтай холбогддог. Өнгөрсөн долоо хоногт хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагуудын өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор “Өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд дүүргийн хэмжээнд хот, нийтийн аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа танилцуулсан. Нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог тээврийн үйлчилгээг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ, “Сүхбаатар тохижилт” ХХК, “Найши трейд” ХХК-иуд хариуцан ажилладаг. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд дээрх байгууллагууд халтиргаа, гулгаанаас сэргийлэхээр 770тн давс, 884тн бодисын нөөцтэй байна. Машин, техникийн бэлэн байдал болон зам талбайн үйлчлэгчдийн хөдөлмөр хамгааллын багаж, хувцас хэрэглэлийг бүрэн хангасан. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хот, нийтийн аж ахуйн чиг үүрэг бүхий төрийн өмчит хоёр байгуулагадаа энэ жил парк шинэчлэлтийн хүрээнд элс, давс цацах тусгай зориулалтын болон 22 техник хэрэгсэл шинээр авсан. Дүүргийн хэмжээнд түлш борлуулах 31 цэг ажиллаж байна.
-Сүхбаатар дүүргийн хөгжлийн ойрын жилийн томоохон төлөвлөгөө юу байна. Дүүргийн эдийн засаг, нийгмийн асуудлыг та товчхон тодорхойлохгүй юу?
-Манай дүүргийн 1-8 дугаар хороо нь орон сууцны, 9-11 нь орон сууц гэр хороолол хосолсон, 12-14 дан гэр хороолол, 15-20 дугаар хороо нь зуслангийн бүс бүхий газар нутгийн онцлогтой. Ялангуяа орон сууцны хороодод авто зогсоол хамгийн хэрэгтэй байдаг. Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан байсан нийтдээ 1300 гаруй гараашийг буулгаж, газар чөлөөлөлт хийсэн эдгээр байршлуудад иргэдийн саналыг дагуу автомашины ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг хийлээ. Дүүргийн 14 хороонд Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах том төсөл хэрэгжиж байгаа. Дахин төлөвлөлтийн хүрээнд нийтдээ 158 га газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж, 12 мянган айлын орон сууцыг барих ажил ид өрнөж байна. Төсөл хэрэгжүүлж байгаа нийт газрын 60 хувьд нь орон сууц, үлдсэн 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. Ингэснээр “20 минутын хот” концепцийг хадгалсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн үйлчилгээтэй ойр бүтээн байгуулалт болно гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байгаа. Мөн манай 17 дугаар хороонд Дамба дэд төвийн томоохон ажлууд нийслэлээс хийгдэж байна. Дамбадаржаа дэд төвийг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байгаа. Тус дулааны станц нь ачааллынхаа 29 МВт-ыг Дамбадаржаа руу хангах бөгөөд үлдсэн 34 МВт-аар Сэлбэ хотын хойд хэсгийн орон сууцыг хангахаар төлөвлөж байгаа юм билээ. Энэ мэтчилэн нийслэлийн хамгийн тулгадсан асуудал болох агаар, хөрсний бохирдлоос салах томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байна.
-Иргэдийн боловсрол эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Сүхбаатар дүүрэг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлбэ нэгдсэн эмнэлгийг барьж 2024 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан. Сэлбэ нэгдсэн эмнэлэг нийт хэвтүүлэн эмчлэх 200 ортой. Үүнээс хүүхдийн тусламж үйлчилгээнд 40 ор байхаас дөрвөн ор нь хүүхдийн эрчимт эмчилгээний, насанд хүрэгчдийн 160 орноос 6 ор нь хүлээн авах яаралтай тусламжийн ажиглалт тусгаарлах, 20 ор нь насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээнийх юм. Энэ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай орчин үеийн стандарт бүхий 190 нэр төрлийн 2672 ширхэг тоног төхөөрөмж, компьютер техник, хэрэгсэл, эм эмнэлгийн багаж хэрэгслийг дүүргийн төсвөөр авч бэлэн байдлыг хангасан. Сэлбэ Нэгдсэн эмнэлэг нь дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, хүүхэд, эмэгтэйчүүд, Монголын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөнгөвчлөх болон хими эмчилгээ мэс заслын тусламж үзүүлэх тусгай вакум өрөөтэй. Өнөөдөр бүрэн хүчин чадлаараа хараахан ажиллаагүй байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хүчин чадал, эмнэлгийн тусгай зөвшөөрөл, төсөв санхүүгийн байдлаас шалтгаалаад. Бид дүүргийн иргэд нэн ялангуяа алслагдсан хороодын оршин суугчид нэг дороос хүртээмжтэй байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад зориулж Сэлбэ эмнэлгийг барьж, ашиглалтад оруулсан. Өнгөрсөн жил хүүхдийн 100 ор дэлгэж, ханиадны ид үеийг ямар нэгэн хүндрэлгүй давсан. Өнгөрөгч зургадугаар сард Хавдар судлалын хөнгөвчлөх тасаг эмч, сувилагчид болон эмчлүүлэгчидтэйгээ Сэлбэ эмнэлэгт нэг сарын хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэгэхээр байр, материаллаг баазын хувьд эрүүл мэндийн хоёрдугаар шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна. Одоо харин бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах шаардлагатай. Энэ бол эрүүл мэндийн салбар яамнаас шалтгаалах асуудал. Бид барилга, орчин үеийн аппарат техник, тоног төхөөрөмж гээд шаардлагатай бүх зүйлсийг дүүргийн төсвөөр шийдвэрлэн авч өгсөн.
-Дүүргийн ногоон байгууламж, орчны бохирдлыг бууруулах чиглэлд ямар шинэ санаачилга хэрэгжиж байгаа вэ?
-Дээр хэлсэнчлэн, дүүргийн 13 дугаар хороонд хүүхэд залуусаа нийтийн биеийн тамираар хичээллэх, иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зориулалттай, нийт 3га талбайд дугуйн зам, спорт талбай бүхий спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг хийж байна. 2025 оны II улиралд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Жил бүрийн хавар, намар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нутаг дэвсгэрийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран мод тарьдаг. Хамгийн гол нь тавьсан модныхоо ургалт, арчлалтад маш сайн анхаарч байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох саналаа танилцууллаа. Ер...
6 цагийн өмнө
Ардчилсан нам УИХ, эсвэл Засгийн газраа авч Монгол төрийн хямралыг арилгах цаг боллоо
Сүүлийн 10 жилийн хугацаанд олонх болж эрх барьж байгаа МАН-ын хямрал дуусах нь байтугай одоо л дөнгөж эхэлж байна. Л.Оюун-Эрдэнийн ...
6 цагийн өмнө
“Хөх сувд” мөсний баяр 2026 оны гуравдугаар сарын 2-4-нд болно
“Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2026 оны 3 дугаар сарын 2-4-нд болно. “Хөх сувд” мөсний баярт сүүл...
7 цагийн өмнө
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Улс орны орчин цагийн эмнэлгийн үндэс суурь болсон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөг...
7 цагийн өмнө
Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэ...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



