мэдээ
Г.Тэрбиш: “Алтран шаргалтах Эрээн нуур, Мэлмий тунгалаг Увс нуур” тоглолтоо өргөн барина

Админ
2025 оны 10 сарын 26
49

Монгол Улсын гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, найралжуулагч, найраг баян хуурч Г.Тэрбиштэй уран бүтээлийн тухай яриа өрнүүллээ.
-Та уран бүтээлийн дээжээрээ өргөн түмнийхээ мэлмий, сонорыг баясгах гэж буй юм байна. Энэ удаагийн тоглолт хэд дэх нь вэ, өмнөх тоглолтуудаасаа ямар онцлогтой байх бол?
-Өмнө нь би Офицеруудын ордондоо хоёр удаа, Бөхийн өргөөнд нэг удаа, циркэд нэг удаа нийт дөрвөн удаа тоглолт хийж байсан. Энэ удаагийн тоглолт бол 550 орчим уран бүтээлээсээ сорчилж аваад, хит болсон дуунууд, ард түмний сонсох дуртай “Цагаан лавай”-аар нэвтрүүлж байсан “Морин хуур”, “Алтан намар” зэрэг уралдаан тэмцээн, хөгжмийн наадмуудад тоглогдсон бүтээлүүдээ оруулж байгаа юм. Цэрэг, эх орны сэдвээс гадна ард түмний аж байдлын сэдвээр зохиосон дуунууд бас байна. Хуучин нийгмийн тогтолцооны үед малчин ард, үйлдвэрийн ажилчин буюу хөдөлмөрийн хүнийг урамшуулан баярлуулах, урам зоригийг нь хөгжөөх бодлого барьдаг, ийм л уран бүтээлийг биднээс шаарддаг байлаа шүү дээ. Мөн ард түмний далай их баяр цэнгэлд зориулсан хурдан буяны тухай, эрийн гурван наадмын тухай, байгаль эх, ариун дагшин рашаант нутгаа магтан дуулсан бүтээлүүд орж байгаа юм. Монголынхоо өргөн олон үзэгчдээ “Алтран шаргалтах Эрээн нуур, мэлмий тунгалаг Увс нуур” тоглолтод маань хүрэлцэн ирж үзээрэй хэмээн хүндэтгэн урьж байна.
-Таны тоглолтыг найраг баян хуургүй төсөөлшгүй. Маш сайхан тоглодог. Мөн гол нуурын тухай их олон дууны хөгжим бичсэн дээ?
-Би 65 жил тасралтгүй найраг баян хуур хөгжмийг эзэмшлээ.
Уран бүтээл туурвихад 60 орчим жилийг зориулжээ. Монголын өргөн олон ард түмэндээ дандаа сайн сайхныг бэлгэдсэн утга агуулгатай бүтээлүүдийг туурвилаа. Намайг хүндэтгэн сонсдог алтан фэнүүдээ баярлуулахын тулд олон жилийн нөр их хөдөлмөрөөсөө дээжлэн дэлгэн харуулахаар “Алтран шаргалтах Эрээн нуур, мэлмий тунгалаг Увс нуур” тоглолтоо өргөн барьж байна. Би “Эрээн нуур”, “Увс нуур”, “Дэлгэр мөрөн”, “Сэлэнгэ их мөрөн” зэрэг дуу, “Ганга нуур” романс гээд лус савдгийг баярлуулсан 20 орчим бүтээл зохиосон. Аймгийн ИТХ-ын зарлигаар 2005 оноос ихэнх нь тухайн аймгийнхаа сүлд дуу болсон байх юм. Гэхдээ энэ удаад цаг нартай учраас бүгдийг нь дэлгэн харуулж амжихгүй юм билээ. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга миний энэ уран бүтээлийг маш сайхан дэмжиж байгаа. Манай хөгжмийн хамт олны санаачилж байгуулсан н.Адьяабат даргатай “Хан эгшиг” ТББ бас их дэмжиж байна. Миний энэ цэнгүүнд Үндэсний урлагийн театрын нэр төртэй, залуу сайхан уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Монгол Улсын Ардын жүжигчин Л.Мөрдорж багшийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцоно. Тоглолт арваннэгдүгээр сарын 1-нд болох юм.
-Авьяас тэтгэвэрт гардаггүй гэж ярьдаг нь үнэн юм даа. Та чөлөөт уран бүтээлч болчихоод бас их олон бүтээл хийсэн санагдана?
-Би чинь энэ Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгадаа, дараа нь Монголын Ардын армийн ансамбельдаа өөрийнхөө амьдрал, уран бүтээлийг зориулж, олон жил ажилласан. Тэгээд чөлөөт уран бүтээлч болсон доо. Би тэтгэвэрт гарахдаа 200 гаруй дуу, бүжгийн хөгжимтэй байсан юм. Чөлөөт уран бүтээлч болсноосоо хойш буюу тэтгэвэрт гарснаасаа хойш “Би тэтгэвэрт гарлаа”, тэр ч байтугай “Нас өндөр боллоо” гэж уран бүтээлээ огт хаяагүй. Жил болгон уран бүтээлээ баяжуулан хийсээр ирлээ. Өөрийнхөө бүтээлийг он сар, цаг хугацаатай нь бүртгэж явдаг. Тэгээд Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгчөөр тамга даруулж, уран бүтээлийн жагсаалтаа гаргаж явдаг юм. Би хуучныхаар бол “хэнхэг”, одоогийнхоор бол ажил хэрэгч талдаа хүн л дээ. Саяхан, хэцүү нэртэй өвчин гарч, орон даяараа хөл хорионд орсон. Тэр үеэр хоёр жил бүртгэл завсардсан. Гэхдээ дараа нь нөхөж бүртүүлсээр явтал одоо 550 орчим бүтээл болжээ. Авьяас тэтгэвэрт гардаггүй нь үнэн юм билээ. Сэтгэл санаа тунгалаг ариун, дандаа сайн сайхан зүйлийг бодож явбал хүний тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар муудна гэж байдаггүй юм байна. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын үе үеийн сайхан уран бүтээлчид миний зохиол бүтээлийг тоглоод, хөгжүүлээд явж байгаад би талархаж явдаг.
-Та ховор сайхан авьяастай хүн. Дуу хөгжим бичнэ гэдэг хэр баргийн хүний санааны зоргоор хийчихдэг ч ажил биш. Энэ сайхан авьяас билгийн улбаа гялбаа нь хаанаас эхтэй юм бол?
-Намайг төрүүлж өсгөн өдий хүргэсэн сайхан аав ээж, өвөг дээдсийн минь аугаа их хайр энэрэл, Тэрбиш гэдэг хүнийг бүтээсэн байгаль эхийн хишиг буянд их учир байна гэж боддог. Монгол Улсын Соёлын яамны мэргэжлийн хөгжимчин гэсэн үнэмлэхтэй хүн шүү дээ, би. Найраг баян хуурыг тоглодог манай ахмад хүмүүсийн ихэнх нь 40, 50 нас гараад л хуруу гар сайн хөдөлж өгөхгүй байна гэдэг. Тэгээд ч 20 гаруй кг-тай хүнд хөгжим юм. Баян хуур, найраг баян хуур эмэгтэй хүнд бол их ахадсан хөгжмийн зэмсэг шүү дээ. Гэхдээ энэ бол дэлхий нийтийн хөгжмийн сонгодог зэмсэг юм. Тийм учраас үүнийг хүлээн зөвшөөрч дэлхийн олон оронд уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Би бас түүнд шүүгчээр уригдан оролцож, их олон зүйл үзэж, баярлан сурч байсан учиртай. Найраг баян хуурыг өдий хүртлээ уйгагүй эзэмшин тоглож, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдтөл хөгжимдөх зорилго агуулж, ихэвхчлэн өөрөө сурах бичгүүдээр сургууль хийж байлаа.
-Таны авьяас билгийг өвлөн уламжилсан үр хүүхэд, ач зээ байна уу?
-Миний охин Т.Энхсайхан мэргэжлийн төгөлдөр хуурч. Хан хуур тоглодог юм. Хөгжимдөлтийн хувьд ааваасаа давж гарна шүү. Дараа нь улстөрч, хуульч болсон. Манай ах дүү нарт бол хоёр дахь ах Г.Дорждагва маань “Дарьгангын жаахан шарга”-ыг гайхамшигтай гоё дуулдаг хүн байлаа. Ажил амьдралын эрхээр янз бүрийн сургууль соёлд яваагүй, малчин болсон. Миний төрсөн эгч Г.Цагаач Сонгинод Шувуун фабрикийн шувуучин байсан, хоёр ч удаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын болзлыг хангаж байсан хүн. “Дөмөн”-г дуулна. Монголын бэсрэг айзам, суман уртын дууг аль алийг нь их гоё, сайхан дуулдаг байлаа. Би тэднийгээ хааяа нэг дэмжин Бүх ард түмний урлагийн их наадамд дуулуулж байсан түүхтэй. Тэд маань улс ард түмний төлөө гэсэн сэтгэл өвөрлөж явсан учраас ямар нэгэн урлагийн байгууллагад мэргэжлийн дуучнаар орно гэж ажил мэргэжлээ орхиогүй. Аль алийг нь тэгш дүүрэн авч яван, ард олноо баярлуулан далай их баяр наадмыг чимж явлаа.
-Таны залуу нас их том мөрөөдөл зорилготой, дээрээс нь маш их хөдөлмөрлөж явжээ?
-Хөгжимчин гэдэг мэргэжил бол маш чухал. Гэтэл түүнийг би ямар ч сургууль соёлоор бэлтгэгдээгүй байж, ихэвчлэн Орос, Болгар, Герман, Унгарын өөрөө сурах бичгийг бие даан үзэж, “Олон улсын хэмжээний хөгжимчин болно” гэдэг хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж байгаад сурчихсан юм. Энэ чинь Соёлын яамны үнэмлэхтэй их том мэргэжил байхгүй юу. Жил болгон яамны шалгалт өгнө. Батлан хамгаалахын сайдын шалгалт өгнө. Ангийн даргын шалгалт өгнө. Цэргийн ансамбель бол үүгээрээ бусад байгууллагаас ялгардаг онцлогтой байсан. Тийм ч учраас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад ажиллаж байсан Оросын том мэргэжилтнүүд, гадаадын эрдэмтэн багш нарт би “Хөгжимчин шиг хөгжимчин” гэж үнэлэгдэж явсан даа. Түүн дээрээ, улс төрийнхөн “давхар дээл” гэж ярьдаг шиг нэмэгдсэн нэг мэргэжил нь уйгагүй хөдөлмөрийн үр дүнд нөгөө “Жаран хар, арван цагаан” чуулгынхаа хөгжимчид, дуучид, бүжигчид, хамт олныхоо гар дээр тавих “бэлэг”-тэй болсон. Эмэгтэйчүүдийн эрдүү хоолой, эрэгтэйчүүдийн цээл хоолой, тэгээд баргил, аргил зэрэг хоолойнуудыг судалсны үндсэн дээр олон дуу, уран бүтээл туурвисан. Гэхдээ хүн ингээд ханачихдаггүй юм билээ. Улам хийж бүтээх хүсэл эрмэлзэл оргилж байдаг юм байна. Тэгээд хөгжмийн найралжуулагч гэдэг нарийн мэргэжлийн энэ ансамбелийн олон сайхан эрдэмтэн багш нараас өвлөн авч, нөгөө зохиосон дуунууд, хөгжмөө найралжуулдаг болсон. Бас давхар мэргэжилтэй болж байгаа юм. Уг нь Орост юм уу, Хятадын том том хотуудад хөгжмийн зохиолчоор төгсөж байж хөгжим найралжуулдаг юм билээ. Миний хувьд бол их сайхан буянтай, эрдэмтэн багш нарынхаа хажууд, энэ сайхан авьяас билэгтэй дуучид, бүжиг дэглээчидтэй хамтран ажиллаж хосгүй хувь тавилан тохиосон юм. Овоо хэдэн бүжгийн хөгжимтэй болсон байна.
-Онцгой авьяас, төрмөл өгөгдөлтэй байж л энэ бүгдийг хийнэ шүү дээ. Түүнээс биш материал муутай хүн алийг тэр гэх вэ?
-Манай энэ сайхан эрдэмтэн багш нар, хамт олон намайг “Онцгой сонсголтой юм байна” гэж үнэлдэг байлаа. Манай Ардын жүжигчин С.Гончигсумлаа багш, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж багш нар маань намайг ингэж хөхиүлэн магтдаг байсан юм. Гэхдээ би хүн ялгаж харьцдаггүй. Дууныхаа аяыг их сайхан зохиочхоод нотлох гэхээр хүч нь хүрэлцэхгүй байгаа хүмүүс ч над дээр ирдэг байлаа. Тэр болгонд би өөрийн чадах, мэдэхээр тусалж дэмжээд явуулна. Хүнийг ялгаж салгалгүй өгөөмөр сэтгэл гаргаж, тэр олон хүнийг баярлуулж байсан минь өөрөө ч мэдэлгүй буян үйлдсэн хэрэг байж гэж би одоо боддог.
-Энэ онцгой содон авьяасынхаа хүчээр их холын зам туулах боломж танд байсан даа?
-Хуучин нийгмийн тогтолцооны үед биднийг чинь “Би “Эрээн нуур”-ыг зохиолоо”, Харин би “Увс нуурыг зохиосон” гэж хэлүүлдэггүй, ингэж болдоггүй байсан юм. Яагаад гэвэл, биеэ тоосон болдог. Тийм учраас Монгол Улсын Ардын армийн Дуу бүжгийн ансамбелийн гоцлол дуучин тэр, яруу найрагч тэр, хөгжмийг бичсэн тэр, тэр чуулга хөгжимдөж үзэгчдийн сонорт хүргэлээ гэж зарладаг. Зөвхөн би зохиосон гэх боломжгүй л дээ. Санамсаргүй иймэрхүү яриа гарвал нам, эвлэл, захиргааны дээд байгууллага “Та бол биеэ тоосон байна” гэж залуу хүнийг дарж, тэгж сайхан даруухан хүмүүжүүлж байна шүү дээ. Одоо бол цаг үе өөр болжээ. Яагаад гэвэл, “Би залуу хүн болохоороо…” гэж байгаад үзэл бодол, үгээ хэлдэг болсон байна.
-Саяхан даа, таныг Ардын жүжигчин болох ёстой хүний нэг гэж ард түмэн шуугьсан?
-Би ичээд байх юм. Өөрийгөө “Би мундаг хүн дээ”, “Тийм хүн Ардын жүжигчин болчихлоо”, “Тэр хүн Төрийн шагнал авч байхад надад алга” гэдэг ч юм уу, надад ийм хүсэл байдаггүй. Яагаад гэвэл, миний ээж аавын хүмүүжил, намайг бүтээсэн төр, нийгэм, хамт олон ичих булчирхайтай байж, “Сайхан зүйл бүтээ” л гэж хөхиүлэн дэмждэг байлаа. Тийм учраас би өргөн олныхоо “Тэрбиш гуай аль эрт Ардын жүжигчин болох ёстой хүн, төрдөө үнсүүлэх ёстой байсан” гэж үзэл бодлоо бичсэн хүмүүстээ баярлалаа, талархлаа, гялайлаа. Монголынхоо ард түмэнд би нэр хүнд өндөр байгаа юм байна. Миний хийсэн бүтээлийг үнэлж сонсдог юм байна шүү гэж дотроо баярлан талархаж байгаа. Түүнээс биш заавал төрийн шагнал авч, алдар цолонд хүрэх ёстой гэсэн сэтгэл надад байдаггүй.
-Ингэхэд таны онгод хэзээ, ямар үед ордог вэ?
-Би онгоцон дотор овоо хэдэн дуугаа бүтээсэн. Найрал хөгжмийн шуугиан дунд, трактор комбайны кабинд, нисдэг тэрэгний нүргээнд, ер нь ажил хөдөлмөр өрнөсөн, хөл хөдөлгөөнтэй, хүнд ч юм шиг нөхцөлд аяндаа аялгуу урсаж, миний онгод ордог юм билээ. Хүмүүс ярьдаг л даа. Амттан шимттэн хэрэглэж, идэж ууж байгаад онгодоо хөглөдөг гэж зарим нь хэлдэг. Харин би эсрэгээрээ, ганц пиво уугаад юм уу, 100 татвал унтаад өгдөг юм (Инээв). Гэхдээ би хүний өгсөн шүлгийг “За, маргааш болъё”, “Дараа…” гэдэггүй. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав ах “За, чи энэ “Тольтой мөнгөн эмээл”-ийг аваад яв. Хэдэн сар, 2-3 жил бодож байгаад нэг сайхан дуу хийгээрэй” гэж өгч байсан юм. Тэгтэл би тэсэж чадахгүй, гэрт нь сууж байгаад 10 минутын дараа ая хийчихсэн чинь шүүмжлүүллээ. “Чамайг одоо зохиогоодох гээ юу. Жаахан бодохгүй яасан юм бэ. Хөгжмийн зохиолчид та нар ерөөсөө ийм хөнгөн хийсгэлэн” гээд янзгүй байна. Тэгэхээр нь аялаад өгтөл “Өө, болчихсон байна шүү дээ” гэлээ. Би эрэгтэй хүний баргил хоолойд зориулъя гэж шийдсэн.
“Ажнай, ажнай хүлгээр алтан зуузай шаргиулна
Агаарын дуучин шувууд араар өврөөр нисэлдэнэ
Тоостой, тоостой замаараа товолзуулж л явлаа
Тольтой мөнгөн эмээлээ гялалзуулж явлаа” (дуулав) гээд л Сүрэнжав ахын Энхтайвны гүүрэн дээгүүр гараа хаялаад, жаахан догонцосхийгээд их сонин гүйгээд явдаг нь нүдэнд харагдаад шууд л зохиосон дуу л даа. Машин тэргэнд суудаггүй, “хачин” хүн байсан. Тэр араншин нь шүлгэндээ, өөрөөр хэлбэл, аялгуугаа өөрөө хөтлөөд ирсэн юм. Гэхдээ удирдлага, дарга нартаа жаахан загнуулаад, зэм хүртсэн буюу сэтгэл тавгүй үед бол их сонин аялгуу орж ирдэг юм билээ.
-Дууны шүлэг бусад яруу найргийн бүтээлүүдээсээ их онцлогтой шүү дээ. Ард түмний сэтгэлд мөнхөрч, үеийн үед дуулагдах дуу байхад тэр үедээ дуулагдаж байгаад мартагддаг нь ч байна. Ингэхэд дууны шүлэг ямар байх ёстой юм бэ?
-Дууны яруу найраг бас их хэцүү. Заримдаа шүлгийн ганц, нэг үгийг засах маягтай болно. Яруу найрагчдаас нь зөвшөөрөл авна даа. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч П.Бадарч, Ч.Дагвадорж гуай нарын олон сайхан эрхмүүд зөвшөөрч, надад энэ эрхийг өгч байсанд маш их талархдаг. “Наад үг чинь үнэхээр эвгүй байвал чи дууныхаа аялгуунд зохицуулаад ямар үгээр солих гэж байна вэ” гэдэг байсан. Тэгээд дуулж сонсгохоор “Болж байна” гэдэг. Ер нь дууны шүлэг их хээнцэр үгтэй байвал хол явдаггүй юм билээ.
“Дэлгэр мөрний хөвөөнөө
Дээдийн заяагаар төрлөө дөө
Дэнжийн цагаан өргөөнөө
Дэгэж дэрвэж өслөө дөө” (дуулав) гэж Хөвсгөл аймгийн уугуул, яруу найрагч эрдэмтэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн И.Цоодол гуай асар энгийн үгээр бичсэн байна шүү дээ.
Энэ мэтчилэн эрхэм сайхан хүмүүс, Монгол Улсын урдаа барьдаг цул авьяастнуудын дунд ажиллаж амьдран, өөрийн зохиосон дуу хөгжмөө өргөн барьж, уран бүтээлээ хамтран бүтээж, өргөн олон үзэгчдийнхээ зүрх сэтгэлийн хойморьт хоногшин үлдээж дээ.
Г.ГАНЧИМЭГ
Жүдо бөхийн өсвөрийн баг тамирчид Залуучуудын Азийн наадамд оролцохоор эх орноосоо мордлоо
Жүдо бөхийн өсвөр үеийн баг тамирчид Бахрейн улсад зохион байгуулагдах Залуучуудын Азийн 3 дахь удаагийн наадамд оролцохоор эх орноо...
4 цагийн өмнө
МУГЖ Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоо Дархан-Уул аймагт толилуулна
МУГЖ Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоо “Darhan United arena”-д 11 дүгээр сарын 14-нд тоглохоор болжээ. Тэрбээр урлагт зүтгэсэн 40 жил...
5 цагийн өмнө
“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо
Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд,...
6 цагийн өмнө
2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хоёр цагийн цалинтай чөлөө олгохоор болжээ
Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга Б.Хатанбаатар ирэх даваа гарагаас эхлэн 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олго...
7 цагийн өмнө
Тэгш, сондгой хязгаарлалтыг 67 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна. Санал асуулга 10 дугаар сарын 26-ны 00:00 цаг ...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


