Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

МАН-ынхан намын даргадаа гурав дахь хувилбарыг хайхаас аргагүйд хүрэв…

trend

Админ

img

2025 оны 10 сарын 30

img

45

news-img

МАН-ын удирдах зөвлөл долоо хоногийн эхээр хуралдсан. Эвдэрсэн хоёр даргыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар ахалж, МАН-ын өмнөх дарга нар гэх мэтчилэнгийн хуучин кадрууд голчлон орсон бүрэлдэхүүнтэй. Ажлын хэсгийг байгуулах гээд хуралдаж байхад намын хуучин кадрууд нь янз бүрийн л үзэл бодлыг илэрхийлцгээж байж. МАН 30 гаруй жилийн түүхэндээ төрийн институцуудыг оруулж зодолдож байгаагүй, 27, 28 оны сонгууль яах вэ гэх мэтээр намаа бодсон үгнүүдийг хэлцгээжээ. Нарийсгавал: Тэрхүү ажлын хэсэгт Д.Амарбаясгаланг дэмжиж байгаа нь, Г.Занданшатарыг дэмжиж байгаа нь ч багтсан байна. Тэд нар 48 цагийн хугацаанд 2 талтай уулзаж эвлэрүүлэх зуучлалын ажил хийх үндсэн үүрэгтэй. Харин энэ ажлын хэсгийн талаарх мэдээлэл гарсан даруйгаас МАН-ын хэдэн буурал дарга, ажлын хэсгийн гишүүд нь ард нийтийн амны зууш болов. Тэднийг хулгайг нууж хулгайч нараа эвлэрүүлэх гэлээ гэж шүүмжилж байна.

МАН-ын дарга нарын ажлын хэсгийн ажиллах хугацаа өнөөдөр дуусгавар болно. Тэд хоёр талын байр суурийг сонсон, тэрэндээ дүгнэлт хийгээд удирдах зөвлөлдөө танилцуулж таарна байх. Тэгж ярьж байгаа.

Улс төрийн хавиар ярьж байгаагаар, МАН-ын дарга нарын ажлын хэсгийн уулзалтууд амжилтаар муухан л байгаа бололтой. хоёр талд гэдийчихээд ажлын хэсгийнхний үгийг сонсохоор тааруухан байгаа дуулдана.

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан бол эрүүгийн хуулийн аргамжаанд орчихсон. Эвлэрвэл эвлэрэх байдалтай болсон гэнэ. Тийм учраас МАН-ын Удирдах зөвллөлийн томилсон ажлын хэсэг ч Д.Амарбаясгалан намын их хурлаас намын даргад нэр дэвших ёстой гэж дүгнэж чадахгүй. Учир нь УИХ-ын дарга байхдаа МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл хийж, тэрнээс хойш сэжүүр гарах төдийд сошиал мэдэгдэл хийгээд идэвхтэй байсан. Хийморьлог, ялгуусан мэдэгдэл олныг хийсэн. Харин тэрбээр ойрын хоногуудад нам жим болсон. Хууль зүйн сайд Б.Энхбаяр болон прокурорын байгууллагаас, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан гэж мэдэгдсэнээс хойш үг дуугарахаа больсон. Гэв Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан нь цэвэр улс төрийн зорилгыг агуулсан байх магадлал өндөр. Цаашаагаа ухвал 11 дүгээр сарын дундуур болох МАН-ын Их хуралд зориулж Эрүүгийн хуулиас аргамжиж авсан гэж нийгэмд ойлгогдож байгаа. Үнэнд ойр магадлал. Хэрэв Д.Амарбаясгаланг “Админерал” -ын асуудлаар Эрүүгийн хэрэгт холбох байсан бол дор хаяж 2-3 жилийн өмнө хийчих байсан. Сүүлд “Админерал” нь Бор тээгийн орд газарт нүүрс баяжуулах үйлдвэр байгуулсан. Тэрийг нь прокуророос лацадлаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Гэтэл Баяжуулах үйлдвэр ганцхан “Админерал”-ынх биш өнөөгийн Засгийн газрын сайд, өөр бусад том албан тушаалтнууд, том аж ахуйн нэгжийн оролцсон консорциумынх байж таараад байгаа. Их л орооцолдсон хэрэг болно. Ямар ч л байсан “Админерал”-аар бол Д.Амарбаясгаланг унагахгүй. Гэлээ гэхдээ МАН-ын Их хурал өнгөртөл бол барьчих байх. Энүүгээр барьчихаар тэр хүн МАН-ын даргад нэр дэвшихгүй. Энүүний үр дүн тэрүүгээр гарна.

Ерөнхий сайд Г.Занданшатар баавартай байгаа. Өнөөдрийн байдлаар ялагч нь тэр болоод байна. Ерөнхийлөгчийн хоригоор хориглож байгаад, Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулж байгаад суудалдаа үлдсэн Ерөнхий сайд. Ерөнхийлөгч хоригоо эхэлж тавиад Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасны дараа буцаагаад татчихсан. Хожим энүүгээр үр дүн яригдахгүй. Гэлээ гэхдээ Ерөнхийлөгчийн хориг нь Үндсэн хуулийн цэцийг дүгнэлт гаргахад хориглон хамгаалалт, басхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд урам зориг хайрласан. Зориг ороод дүгнэлт гаргасан гэсэн үг. Гэв Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хоног өнгөрөх тусам Улс төрийн зорилготой гарсан гэдэг олны дүгнэлт руу гулсаж байна.

Задлах нь ээ:

-Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны 08 тоот дүгнэлтээр УИХ-ын 25 оны 95 дугаар тогтоол болон УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хамтад нь шийдэж Үндсэн хуулиа зөрчсөн байж болзошгүй. Шал өөр хоёр асуудлыг нэг дүгнэлтэд багтааж, тэгэхдээ УИХ-ын гишүүний Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн гэгдээд эхэлсэн байна.

-Үндсэн хуулийн цэц 25 оны 10 дугаар сарын 16-ны чуулганы хуралдааныг 52 гишүүнтэй ирц нь хүрээгүй учраас хүчингүй гэсэн. Тэгснээ ердөө арынх нь хуудсанд 17-ны хуралдаан нь өмнөх өдрийн 61 гишүүн дээр 50 нэмэгдээд шийдсэн гэчихсэн. Гэх мэтийн утга агуулга нь орооцолдуулж байгаад шийдвэр гаргасан.

-Үндсэн хуулийн цэц дээр өгүүлсэн байдлаар 17-ны чуулган хүчингүй гэх агуулгатай дүгнэлт гаргасан. Тэгэхээр тэр өдрийн чуулганаар чөлөөлөгдсөн Д.Амарбаясгалан УИХ-ын дарга хэвээрээ байх логик үүснэ. Мөнхүү П.Сайнзориг нарын саналыг огт хэлэлцээгүй болж хувирах бөгөөд саналыг дахиад хураах үйл ажиллагаа нь УИХ-д нээлттэй үлдсэн гэсэн үг болно.

-Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг л мөрдүүлэх үүрэгтэй. Гэтэл Хууль тогтоогчийн дүрд тоглож, УИХ-ын дотоод зохион байгуулалт, дэгээ өөрөө тогтоох үндсэн эрхийг зөрчиж шийдсэн. Энэхүү гаргалгааг хийхдээ Монгол Улсын бус гадаадын эрх зүйн жишээг дурдаж, жишиг болгон хэрэгжүүлснээ дүгнэлтэд дурдсан. Дахиад дурдахад, Үндсэн хуулийн цэц нь гагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийг л чиг болгож баримтлах үүрэгтэй. Харамсалтай нь, Дүгнэлтээс нь болоод УИХ цаашаагаа үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдал руу гулсан орсон.

Ерөнхийдөө Үндсэн хуулийн цэц Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээхийн тулд Үндсэн хуулийг зөрчсөн байх магадлалтай. Гаргасан дүгнэлт нь хожимдоо хуульчид, хууль эрх зүйгээр сурч буй оюутнуудын уншиж судлах материал болж үлдэх бололтой.

Энэ мэтчилэнгийн моторын дэмжлэгтэй Г.Занданшатар МАН-ын удирдах зөвлөлийн хурал дээрээс “Би хулгайтай эвлэрэхгүй” гээд хаяж гарсан гэж мэдээлж байгаа. Үнэн худлыг мэдэхгүй. Намынхных нь ярьж байгаа нь хуучин кадрууд Г.Занданшатарыг хүч түрж, хууль гишгэлсэн ялалт хаа хүрэх вэ гэдэгт санаа нь зовж байна гэж байна.

Өчигдөр оройхон ярилцах нь намын дарга нарын ажлын хэсэг Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр дээр аль алийг нь Их хурал руу оруулах нь дэмий гэж үзэж байх шиг байна. Гэв ч тэрийгээ Удирдах зөвлөлд ямар хэлбэрээр илэрхийлэх юм бол доо. Гурав дахь хувилбар л хайгаад байх шиг байна. Тэр аргагүй биз. Д.Амарбаясгалан даргыг хэрэг үүсгээд хөл гарыг нь баглачихлаа. Г.Занданшатар дарга намаа үл тоож байна. Уг нь намын Их хурал болтол хэдэн хоног байна. Тэгэхээр гурав дахь хувилбарыг гаргаж ирнэ байх гэлээ.

Базах нь ээ: МАН-ынхан намын даргадаа Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёроос өөр гурав дахь хувилбарыг хайхаас өөр гарцгүй болжээ. Тэр нь хэн байх бол…

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх сард дуусна

СХД-ийн 129 дүгээр сургуулиас урагшаа 160 метр авто замыг шинээр барьж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна....

img

8 цагийн дараа

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг маргааш товложээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах...

img

8 цагийн дараа

МИАТ: Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ

МИАТ ТӨХК нь өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ё...

img

7 цагийн дараа

НҮБ-ын бие даасан комиссын тайлан

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр 2022 оны гуравдугаар сард байгуулагдсан Украинд гарсан зөрчлийг мөрдөн шалгах бие даасан ол...

img

7 цагийн дараа

МУГЖ Ө.Наранбаатар: Төрүүлж өсгөсөн ижий, аав хоёртоо мэхийн ёсолъё

Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд