мэдээ
МУГЖ Ө.Наранбаатар: Төрүүлж өсгөсөн ижий, аав хоёртоо мэхийн ёсолъё

Админ
2025 оны 10 сарын 30

Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар орчуулгын киноны нэрт дуу оруулагч, жүжигчин Ө.Наранбаатар МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Түүний баярт мөчийг хуваалцаж, цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе. Яг одоо танд ямар мэдрэмж төрж байна вэ?
-Баярлалаа. Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулаад энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ. Миний хувьд орчуулгын кинонд 34 жил ажилласан. Өөрийн минь хөдөлмөр зүтгэл, ур чадварыг минь төр засгаас ийнхүү үнэлсэнд туйлын их баярлаж байна.
-Энэ мөчид нутаг ус, аав ээжийнхээ тухай дурсаж ярихгүй юу?
-Тэгэлгүй яах вэ. Миний аав бол Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хүн байсан. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин байлаа. Насаараа “Улаанбаатар төмөр зам”-ын Чулуун завод гэдэг газар үйлдвэрт жолоочоор ажилласан. Харин ээж маань Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн. Монгол хэл, уран зохиолын багш хүн байсан. Сүүлд Дорноговь аймаг руу ах дүү нартайгаа нүүж ирээд, аавтай минь танилцаад гэр бүл болсон. Энэ баярт өдөр төрүүлж өсгөсөн ижий, аав хоёртоо мэхийн ёсолъё. Бас ажил мэргэжлийг минь ойлгодог, тусалж дэмждэг хайрт ханьдаа баярлаж буйгаа хэлмээр байна.
-Та ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Дорноговь аймгийн төвд Нэгдүгээр арван жил гэж байсан. Тэр сургуульд ес, аравдугаар ангид хоёр жил сурсан юм. Ингээд аравдугаар ангиа төгсөх жил маань Улсын багшийн их сургуулийн Кино драмын ангийн хуваарь ирсэн. 1990 оны намар юм. Тэр сургуульдаа шалгалт өгч тэнцээд, кино урлагт ажиллах замнал маань эхэлж байлаа. 1992 онд Үндэсний телевизэд сурч, дадлага хийж байхаасаа эхлээд л орчуулгын кинонд дуу оруулж эхэлсэн. 1994-1996 онд Улсын хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажиллаж байлаа. Мөн Монголын радиод 2008-2010 онд нэвтрүүлэгчээр ажиллаж байсан.
-Таны дуу оруулсан киноноос үзэгчдийн хамгийн сайн мэдэх нь “Халтар царайт” шүү дээ. Ер нь та хэдэн кинонд дуу оруулсан бэ?
-Би телевизийн олон ангит уран сайхны кино, баримтат, шинжлэх ухаан, танин мэдэхүйн кино, хүүхэлдэйн кино гээд телевизэд 34 жил дуу оруулахдаа 30 мянган кинонд дуу оруулсан байна. Цаашдаа ч кинонд дуу оруулсаар байх болно. Бас Монголын уран сайхны 50-иад кинонд гол ба туслах дүрд тоглосон байдаг.
“Халтар царайт”-ын Тонид дуу оруулсан. Бараг жил гаруй дуу оруулсан байх. “Халтар царайт” кино гарч эхлэх үед гудамжинд хүн байхгүй, машин тэрэг зогсчихдог байлаа. “Халтар царайт” үнэхээр байлдан дагуулсан. Хөдөө ч ялгаагүй тийм л байсан гэдэг юм билээ.
-Кино урлаг руу хөл тавихад эрдэм ном зааж байсан багш нараа дурсахгүй юу?
-Миний багш бол Монголын урлагт олон жил зүтгэж байсан Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр гэж агуу хүн байсан. Оюутан байхад жүжигчний ур чадвар заасан багш минь юм . Харин тайзны хэл ярианы хичээл ордог байсан багш маань Монгол Улсын гавьяат багш Р.Уртнасан юм. Энэ хоёр эрхэм намайг урлагийн замд хөтөлж, цааш явахад маш их түлхэц болж, их юм зааж сургасан даа. Агуу багш нартаа мөргөн залбирч байна.
-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоо бол орчуулгын, Холливудын кинон дээр голцуу дуу оруулж байна. Гадаадын шилдэг роман, зохиолуудыг сонсдог ном болгон гаргаж байгаа. Ер нь кинонд дуу оруулна гэдэг жүжигчнээс гүйцэтгэлийн маш өндөр ур чадвар шаарддаг. Анхаарал төвлөрөл, хэл яриа, амьсгаа, үгээ яаж хэлэх үү гээд маш олон чадвар шаарддаг нарийн мэргэжил шүү дээ.
Монголд кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилйн ой маш сайхан болж байна. 1963 оноос Монгол кино үйлдвэрт Орчуулгын киноны жүжиг анги гэж том анги байсан. Тэнд ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа, орчуулгын киноны бүх жүжигчдэдээ баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэж, бүгдэд нь залбиран мөргөж, баярлаж явдгаа хэлье. Намайг үздэг, сонсдог, үзэгч олондоо туйлын баярлаж байна.
Г.БАЛГАРМАА
Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 ...
3 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв нэгдлийн уриалга гаргав
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр /2025.11.14/-ийн мэдээлэл хийв. Парламентад сонгогдсон МАН-ын гишүүд хоёр хуваагдсан гэ...
4 цагийн өмнө
Төв Азийн орнууд Америктай хамтраад эдийн засгаа өсгөж байхад бид ардчилсан орон гэж хоосон цээжээ дэлдэхээс өөр зүйл алга
Тэртээ 1990 онд авторитар, дарангуйллын дэглэм давамгайлсан бүс нутагт хамгийн түрүүнд Монгол Улс тайван замаар ардчилсан тогтолцоон...
4 цагийн өмнө
АН-ын ҮБХ энэ сарын 21-нд хуралдаж, дүрмээ батална
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намууд энэ онд багтаж намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Улсын ...
5 цагийн өмнө
“Токио 2025” дифлимпийн наадамд оролцох Монголын багийн тугийг гардууллаа
Япон улсын Токио хотод маргааш эхлэх Дифлимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид оролцоход бэлэн болжээ. Өнөөдөр Монгол Улсын багт ...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



