мэдээ
Уур амьсгал биш, ядуурлын эсрэг хөрөнгө оруулалт чухал гэж Билл Гейтс үзжээ. Монголчууд бид үүнийг юу гэж ойлгох вэ?!

Админ
2025 оны 11 сарын 04
1

Тэрбээр COP30-ын өмнө хөгжиж буй орнуудын бодит хэрэгцээг анхаарахыг уриалж, айдаст суурилсан уур амьсгалын мессэж үр дүнгүй болж буйг онцоллоо.
Дэлхий COP30-ын уулзалтад бэлдэж буй энэ үед Билл Гейтс уур амьсгалын өөрчлөлтийн тухай “сүйрэл, мөхөл” гэсэн хэт айдсын өнгө аястай хандлагыг шүүмжилж, үүнээс илүү яаралтай асуудал бол ядуу, хөгжиж буй орнуудын иргэдийн амьжиргааг сайжруулах гэж мэдэгдлээ. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөх өндөр эрсдэлтэй (цөлжилт, зуд, усны хомсдол, нийслэлийн агаарын бохирдол гэх мэт) ч Гейтсийн хэлж буй шиг “айдаст суурилсан үзэл” нь бодит шийдлээс анхаарлыг сарниулдаг уу? Энэ байр суурь бидэнд анхаарах дохио өгч байна.
Microsoft-ийн хамтран байгуулагч бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн аюулын талаар олон тэрбум ам.долларын хөрөнгө гарган сэрэмжлүүлж ирсэн Билл Гейтс одоо “сүйрлийн сэтгэлгээ”-г эсэргүүцэж, дэлхийн дулаарлын эрсдэлийн талаарх өөрийн байр суурийг өөрчилж буй мэт харагдаж байна.
Мягмар гарагт нийтлүүлсэн урт өгүүлэлдээ Гейтс, Дэлхийн дулаарлын тухай өгүүлэхдээ олон хүн ашигладаг хэт сүржигнэлтийг намжаахыг зорьжээ. Үүний оронд хөгжиж буй орнуудын амьдралыг сайжруулахад илүү анхаарахыг уриалсан байна. “Уур амьсгалын өөрчлөлт ноцтой үр дагавартай, ялангуяа хамгийн ядуу орнуудын хүмүүст бүр ноцтой хор уршигтай боловч хүн төрөлхтний мөхөлд хүргэхгүй” гэж тэр бичжээ. “Ирээдүйд хүмүүс дэлхийн хаана ч амьдарч, аж төрсөөр байх болно.”
Гейтсийн онцолж буй “ядуу орнууд” гэх тодорхойлолтод манайх шиг дунд орлоготой боловч уур амьсгалын эрсдэл өндөртэй улсууд хамаарагдах юм. Тэрбээр дөрвөн жилийн өмнө “Уур амьсгалын сүйрлээс хэрхэн зайлсхийх вэ” нэртэй ном гаргасны дараах энэхүү мэдэгдэл нь Гейтс хурдан дулаарч буй дэлхийн сорилтыг хэрхэн харж буйд томоохон өөрчлөлт гарсныг харуулж байна.
Энэхүү нийтлэл нь Бразилийн Белэм хотод болох НҮБ-ын уур амьсгалын энэ жилийн дээд хэмжээний уулзалтын (COP30) өмнө гарч байгаагаараа анхаарал татаж байгаа юм. Өдгөө 70 нас хүрсэн Гейтс өмнө нь уг арга хэмжээнд оролцож байсан ч энэ удаа оролцохгүй. Мөн нийтлэлтэй холбоотойгоор тайлбар өгөхөөс татгалзав. Сүүлийн арван жилд Гейтс дэлхийг аюултайгаар дулааруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлогыг дэмжин их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Тэрбээр цэвэр эрчим хүчний компаниуд болон далайн түвшин нэмэгдэх, хэт халалт, гал түймэр, ган, шуурга, үер зэрэгт өртөж буй ядуу орны иргэдийг дэмжих төсөлд хөрөнгө оруулсаар ирсэн билээ. 2015 онд Гейтс “Breakthrough Energy” нэртэй сан байгуулж, ирээдүйтэй цэвэр эрчим хүчний стартапуудыг дэмжих санхүүжилтийг эхлүүлсэн.
“Уур амьсгалын өөрчлөлт аль хэдийнэ хүмүүсийн амьдралд нөлөөлж байна. Үүнийг гэр бүл, ирээдүй хойч үедээ үзүүлэх нөлөөгөөр нь бодохоор биднийг дарамталж, айдаст автуулах нь бий” гэж тэрээр Breakthrough Energy-ийн вэб сайт дээр 2023 онд нийтэлсэн өгүүлэлдээ бичсэн байдаг.
Харин энэ оны гуравдугаар сард Breakthrough Energy сандаа томоохон цомхотгол хийж, түүний дотор уур амьсгалын бодлогын багийг татан буулгасан байна. Түүнчлэн тавдугаар сард Гейтс өөрийн үүсгэн байгуулсан Гейтсийн Сангийн үйл ажиллагааг багасгах төлөвлөгөө зарласан. Энэ сан нь уур амьсгалтай холбоотой олон асуудалд хэдэн тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд түүний дотор халуун уур амьсгалд дасан зохицохын тулд ядуу орнуудын фермерүүдийг дэмжих 1.4 тэрбум ам.долларын төсөл багтдаг.
Трампын засаг захиргаа гадаадын тусламжийн төсөвт таналт хийж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн үйл ажиллагааг хумих үед Гейтс ихэнх буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтаа эрүүл мэнд болон хөгжиж буй орнуудын ядууралтай тэмцэхэд чиглүүлсэн байна. Гейтс Breakthrough Energy Catalyst, Breakthrough Energy Ventures болон Breakthrough Energy Fellows зэрэг санаачилгуудаар дамжуулан цэвэр эрчим хүчний стартапуудад хөрөнгө оруулсаар байна. Тэр сүүлийн нийтлэлдээ уур амьсгалын хөрөнгө оруулалтын стратегиа өөрчилнө гэж мэдэгдээгүй.
Мөн тэр цөмийн эрчим хүчийг санхүүжүүлсээр байгаа. Өнгөрсөн долоо хоногт түүний дэмждэг TerraPower компани шинэ төрлийн реакторыг зах зээлд нэвтрүүлэх ажилдаа АНУ-ын засгийн газрын зөвшөөрөл авсан билээ.
Гейтс цөмийн энергийг шийдлийн нэг гэж үздэг. Монголд ураны нөөц, сэргээгдэх эрчим хүч яригдаж буй энэ үед дээрх нийтлэлд анхаарал хандуулах нь зүйтэй болов уу? Өгүүлэлдээ Гейтс агаарын бохирдлыг бууруулахын тулд цэвэр эрчим хүчний өртгийг хямдруулах, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тээврийг бага бохирдуулах технологид хөрөнгө оруулах шаардлагатай гэжээ.
Гэхдээ тэрбээр уур амьсгалын хийн ялгарлыг бууруулах кампанит ажлын анхаарлыг өөр чиглэлд төвлөрүүлэх ёстой гэж үзэж байна. Түүний хэлснээр, хүний амьдралыг сайжруулах, зовлон бэрхшээлийг бууруулах нь илүү үр дүнтэй хөрөнгө оруулалт юм.
Дэлхий дээр урьд бичигдсэн түүхэн үеийн аль ч цаг үеэс илүү хурдтай дулаарч байна. Өнгөрсөн жил дэлхийн түүхэнд хамгийн халуун жил байлаа. Хэрвээ улс орнууд шатах ашигт малтмалаас татгалзах шилжилтийг маш хурдтай хийхгүй бол цаг уурын өөрчлөлт хүний дасан зохицож чадахаас хурдан өрнөнө гэж эрдэмтэд анхааруулдаг. Мөс хайлж, туйлын мөсөн бүрхүүл нимгэрснээр далайн түвшин нэмэгдэж, нам дор арал улсууд газар нутгаа алдаж байна. Өнгөрсөн жил Европт хэт халалтаас болж 62.775 хүн нас барсан гэх тооцоо бий.
Гэсэн хэдий ч Гейтс температурт бус, анхаарлаа өөр зүйлд хандуулахыг уриалжээ. Тэрбээр нийтлэлдээ:
“Температур бол уур амьсгалын асуудлаар бидний ахиц дэвшлийг хэмжих хамгийн зөв үзүүлэлт биш” гэж бичсэн. Inside Philanthropy сайтын редактор Дэвид Каллахан Гейтсийн үзэл бодлын өөрчлөлтийг тайлбарлахдаа, энэ нь уур амьсгалын асуудлыг улс төрийн өндөр мэдрэг үеийн хүрээнд төвийг сахисан байр суурь руу чиглүүлж буй оролдлого байж магадгүй гэжээ. Учир нь Бүгд Найрамдахчууд ийм бодлогын эсрэг хүчтэй байр суурьтай байдаг. “Трампын аясыг дагалдаж Гейтс төв рүү шилжиж, дайралтын бай болохоос зайлсхийхийг оролдож байгаа мэт харагдаж болно” гэж Каллахан хэлжээ.
Улс төрөөс үл хамааран, Каллаханы хэлснээр Гейтсийн мессэж нь сүүлийн үеийн судалгаатай нийцэж байгаа. Эдгээр судалгаагаар уур амьсгалын талаар айдас төрүүлсэн сувгаар мэдээлэл түгээх нь хүмүүсийг үйлдэл хийхэд хамгийн үр дүнтэй арга биш гэдгийг харуулсан. “Судалгааны үр дүн харуулж буй гол зүйл бол ирээдүйг хэт хараар зурахаас илүү өөдрөг, шийдэл харуулсан мессэж хүмүүсийг илүү хөдөлгөдөг” гэж тэрбээр хэлсэн.
Гэсэн хэдий ч олон эрдэмтэн дэлхийн хурдацтай дулаарал нь цуврал “эргэж буцах боломжгүй эргэлтийн цэгүүдэд” хүргэж болзошгүй гэж анхааруулдаг. Үүнд далайн урсгалын өөрчлөлт, мөсөн бүрхүүлийн бүрэн алдагдал, шүрэн арлуудын бөөн хомсдол зэрэг нөхцөл байдал орно. Гейтс шинэ нийтлэлдээ эдгээр эрсдэлийн талаар дурдаагүй. Гэхдээ тэрбээр өмнө нь тэдгээрийг хүлээн зөвшөөрч ярьж байсан юм.
Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд 2025.10.28-нд нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.
Нийтлэлийн зохиогч: David Gelles
Орчуулсан: М.Мядагбадам
УИХ-ын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.11.04) Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран хуралдаж, Монгол Улсын Улс...
7 цагийн дараа
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд нийтийн албанд томило...
7 цагийн дараа
МИАТ: Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдөр /2025.11.04/ Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ. ...
6 цагийн дараа
Дэлхийд Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна
Газын зурвасыг сонсоогүй хүн байхгүй байх. Палестины ХАМАС бүлэглэл Израильтай энэ бүс нутагт олон жилийн турш дайтаж байгаа. Угтаа ...
6 цагийн дараа
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, мэдэгдэл гаргав
Монгол Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргав Монголын ард түмэн бид: – Улсынхаа тус...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд


