Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Эмч, сувилагчийн тангарагтаа дөнгөлүүлэн ажилласаар, ядуурсаар байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 06

news-img

Энэ намрын улс төр үймсэн, үймүүлсэн гээд нэг л уймраа, хуйсагнуур. Ард түмний амьдрал уруу дорой. Нийгмийн сэтгэл зүй гэж найгүй. Товчхондоо нэг л биш байна. Үүний нэг жишээ нь эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмүүлэх хүсэлтээ төр засагтаа дайж, тохиролцоонд хүрэлгүй толхилцон байх. Арга буюу гудамжинд гарч жагсаж, суулт хийж, улмаар хугацаагүй ажил хаяхаа мэдэгдээд байгаа юм. Шаардлагатай бол “Тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэх цөстэй нэгэн ч байна. Харин бид бодит нөхцөл байдал ямар байгааг зарим эмнэлгээр явж, газар дээрээс нь сурвалжиллаа. Хамгийн түрүүнд зорьсон эмнэлэг бол Улсын Нэгдүгээр төв эмнэлэг. Өчигдрийн байдлаар тус эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ хэвийн, иргэд дугаараараа үзүүлж, зарим нь байнгын хяналтандаа орж байв. Тус эмнэлэгт огт тасалдуулж болохгүй хүнд өвчтөнүүдийг байнгын хяналтандаа байлгадаг юм байна. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүн, Захирлын ажлын албаны мэргэжилтэн Б.Энхтуул “Манай эмнэлгийн хувьд нийт эмч, ажилтнуудынхаа хурлыг гурав хуваагаад хийчихсэн. Ажил хаялтад нэгдэхэд 82.4 хувийн саналаар бэлэн байна гэдгээ илэрхийлчихсэн байгаа. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тусгай чиглэл ирэх юм бол бид хуулийн хүрээнд ажлаа хаяхад бэлэн байна. Манай эмнэлэг 850 гаруй ажилтантай. Хамгийн мундаг эмч нар маань 1.7-1.8 сая төгрөгийн цалинг сард хоёр хуваагаад авдаг. Тэгээд 1.5-1.6 сая орчим төгрөгийн цалинтай хүмүүс шүү дээ, бид. Гэтэл манай эмнэлгийн ачаалал, эрсдэл нь ямар билээ.

Манай эмнэлэг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээтэй, дархлаа дарангуйлах зүүн бүсээ хянадаг, эмийг нь тараадаг, маш хүнд өвчтнүүд байнгын хяналтанд байдаг онцлогтой учраас бидэнд маш их асуудал тулгамдаж байна. Төв үйлдвэрчин дээр хуулийн баг ажиллаж байгаа. Манай эмнэлэг ч хуулийн зөвлөхтэй. Тиймээс яг ямар хэсгүүд дээр ажил хаялт зохион байгуулж, яаралтай тусламжаа яах вэ, шаардлагатай тусламж, үйлчилгээг яавал доголдуулахгүй байх вэ гэдгээ хуулийн хүрээнд ажил олгогчтойгоо зөвшилцөнө. Ямартаа ч ажил хаялтандаа оролцоно” гэж мэдэгдэв. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд энэ асуудал дээр ямар байр суурьтай хандаж байгааг зарим нэг хүнээс тодруулсан юм. Баянгол дүүргийн XX хорооны иргэн Х.Сэлэнгэ “Эмч нарын цалинг хамгийн түрүүнд нэмэх ёстой. Яагаад гэвэл, надаас эхлээд өвчтэй хүмүүс эмнэлгээр л явж, амь нас, эрүүл мэндийн асуудлаа даатгаж байна. Эмч нар ажил хаячихвал бидний эмчилгээ догдолдож, амь нас, эрүүл мэнд эрсдэлд орно шүү дээ. Тиймээс энэ асуудлыг төр засаг шуурхай шийдэж өгөх хэрэгтэй. Би Улсын Нэгдүгээр төв эмнэлгээр жил гаруй үйлчлүүлж байна. Хараад байхад, эмч нар шөнө нь жижүүртэй хоносон хэрнээ маргааш өглөө нь үргэлжлүүлээд үзлэгээ хийгээд л сууж байдаг. Өдөрт хэдэн ч хүн үздэг юм бэ. Хүн л юм чинь ядарч л байгаа. Ар гэртээ амьдралтай, хань ижил, үр хүүхэдтэй л хүмүүс шүү дээ. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ар гэрээ орхиж байгааг харахад өрөвдөлтэй л байдаг. Эмч, эмнэлгийн ажилтнууд эцэстээ өөрсдөө ч эрүүл мэндээрээ хохирдог юм билээ шүү дээ. Тиймээс төр засгийн зүгээс цалинг нь даруйхан нэмж өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол энэ салбар алсдаа боловсон хүчний нөөцгүй болно. Эгч нь Махкомбинатад ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан хүн. Тэтгэвэрт гарснаасаа хойш гурван жил Унгарт ажиллаж амьдарсан юм. Тэнд гэмтлийн хоёр сайхан эмч залуутай танилцаж байлаа. Манай хамаатны хүн тэнд байхдаа явганаас унаад гараа хугалчихсан юм. Анхны тусламжийг маш сайн үзүүлсэн. Ийм чадварлаг, залуухан хүмүүс харь нутагт хар бор ажил хийгээд л явж байдаг. Үнэхээр харамсалтай” гэж ярилаа. Дараагийн үйлчлүүлэгчийн яриа ч сонирхолтой санагдав.

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны иргэн Д.Норжмаа “Эгч нь химийн эм, тариа найруулдаг ажил хийдэг байсан, энэ салбараас тэтгэвэрт гарсан хүн. Эмч нарын ажлыг дэргэдээс нь харж явсан хүний нэг. Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил үнэхээр хүнд байдаг шүү. Өвчтөнүүд бүгдээрээ л хаа холоос зориод ирдэг. Тусламж, үйлчилгээ үзүүлэхээс аргагүй байдалд оруулдаг л даа. Хүнд, хөнгөн гэлтгүй ер нь өвчтэй хүний сэтгэл зүй гэдэг чинь тэр гэхийн тэмдэггүй болчихсон байдаг юм билээ. Тэгээд элдэв янзын ааш авираа эмч, эмнэлгийн ажилтнуудад гаргаад байдаг. Тэр бүхэнд нь тохируулж, тэвчээд цаг наргүй ажилладаг хүмүүс шүү дээ. Гэтэл авч байгаа цалин нь амьдрал ахуйдаа хүрэлцдэггүй. Зээлээс зээл, өрөөс өрийн хооронд зохицуулж явдаг хүмүүс ч бий. Ингээд нэг өдөр хүн л юм чинь зарим нь тэсэрдэг” хэмээн учирлах. Эндээс харахад, эмч, эмнэлгийн ажилтнуудад ч сэтгэл зүйч хэрэгтэй байх нь. Гэхдээ өнөөдрийн хувьд энэ нь магадгүй 81 дэх асуудал биз. Тэд анхдагч хэрэгцээгээ хангахын төлөө эвлэлдэн нэгдэж, тэмцэж байгаа юм.

Дараагийн зорьсон эмнэлэг бол СЭМҮТ байлаа. Тус эмнэлгийнхэн 85.5 хувийн саналтайгаар ажил хаялтыг дэмжиж оролцохоо илэрхийлжээ. СЭМҮТ-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Алтанзул “Манайх хүнд нөхцөлтэй гэж явдаг. Би 18 дахь жилдээ эмчээр ажиллаж байна. ТҮЭМ7-1 цалинждаг. Манай тасаг 54 эмчлүүлэгчтэй. Тасагтаа хоёулаа. Надаас гадна нэг үзлэгийн эмчтэй. Нэг эмч 25-26 хүн үздэг. Бусад тасгийн хувьд ч мөн адил, нэг эмч, сувилагчид 25-30 эмчлүүлэгч ногддог юм. Эмчлүүлж буй хүмүүс маань бүгд өөртөө үйлчлэх чадамжгүй. Зарим тохиолдолд өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй байдаг. Саяхан гэхэд л манай нэг эмэгтэй сувилагч нүүр рүүгээ алгадуулж, эрэгтэй туслах сувилагч маань араасаа боолгуулах зэргээр өвчтөнийхөө халдлагад өртсөн. Бид ийм хүнд нөхцөлд ажилладаг ч хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээнээс багаар цалинждаг. Ар гэр, амьдрал ахуйд маань огт хүрэлцдэггүй учраас өөрсдийнхөө хөдөлмөрлөх эрхийн төлөө тэмцэлд нэгдэхэд хүргэлээ” гэж ярив. СЭМҮТ бусад эмнэлгээс өөрийгөө удирдан жолоодох, хийж буй үйлдлийнхээ зөв, бурууг ялгах, хариуцлага хүлээх чадамжгүй өвчтөнүүдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Тиймээс хэрхэн, яаж ажил хаялтад оролцох талаараа Удирдлагын зөвлөлтэй ярилцаж шийдэх аж. Учир нь тус эмнэлгийн үндсэн тасгууд ажил хаялтыг дэмжиж оролцох ч гэлээ эмчлүүлэгчдийн эм, тариаг зогсоовол эмч, ажилтнууд өвчтөнийхөө халдлагад өртөж болзошгүй эрсдэл дагуулах нь наад захын жишээ. Тиймээс энэ тасгийн эмчлүүлэгчдийн эмчилгээ, үйлчилгээг огт зогсоож болохгүй. Харин Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн тасаг буюу ард түмний хэлж заншсанаар “Ядаргааны тасаг”-ийн эмч ажилтнууд, мөн физик эмчилгээ, амбулатори, лаборатори, цахим бүртгэл, чанарын алба, сувилахуйн албаныхан ажил хаях юм байна. Тэд “Энэ тэмцэл бол бидний араас эрүүл мэндийн салбарт орж ирэх олон сайхан залуу эмч, эмнэлгийн ажилтан, хойч үеийнхэндээ үлдээх зүйл гэж харж байгаа. Бид өнөөдрийг хүртэл Эмч, сувилагчийн тангаргаараа дөнгөлүүлсээр ирсэн. Гэвч сүүлдээ тэвчиж чадахаа байгаад олон чадварлаг эмч, сувилагч, эрүүл мэндийн бусад боловсон хүчин маань гадагшаа гарч, “Арай өндөр цалинтай” гэсэн шалтгаанаар хар ажил хийх замыг сонголоо. Энэ нь тэсэж тэвчин, байж болох зүйл мөн юм уу” хэмээн өнөөгийн энэ тэмцэлд хүргэсэн зам мөрөө тайлбайрлаж байна. Туслах сувилагч Х.Мөнгөнцоож “Би СЭМҮТ-д 13 дахь жилдээ ажиллаж байна. Бидний ажил бол үнэхээр хүнд. Бид эрүүл сэтгэцтэй биш, өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй хүмүүстэй эсвэл өөрийгөө арчлах чадваргүй хүмүүстэй ажилладаг. Бид эмчлүүлэгч нараа өглөө босоод нүүр гараа угаах, өөрийгөө арчлах гээд бүх л юмыг нь хийхэд тусалж дэмждэг. Мөн өвчин нь сэдэрч өөрийн хяналтгүй өтгөн, шингэнээ гаргах, эсвэл уурлаж уцаарлаад нус цэрээ хаях зэргээр авирлахад нь тэр бүх л зүйлийг цэвэрлэж өнждөг. Тэгээд шөнөжингөө л эмчлүүлэгч нарынхаа бие, сэтгэцийн байдлыг харж ажиглан нойргүй хонодог юм. Гэвч бид СЭМҮТ-ийн туслах сувилагч гэсэн статустай эрүүл мэндийн байгуулагад ажиллаж, ТҮ-2 буюу 1.3 сая төгрөгөөр цалинждаг. Бид ээлжинд гарах хугацаандаа цэвэрлэгээ хийх, аяга таваг угаах, эмчлүүлэгчдийн хувийн ариун цэврийг сахиулах, тэднийг нөхөн сэргээх нийгэмшүүлэхээр зураг зуруулах, өөрийгөө илэрхийлэхэд нь тусалж харилцан ярилцах зэргээр олон ажлыг зэрэг хийж амжуулдаг. Хүнд нөхцөлд бага цалингаар ажиллах хүний нөөц хомсдолтой байгаа. Манай тасгаас гэхэд 2-3 сувилагч, туслахууд гадагшаа гарч ажиллахаар ажлаасаа гарцгаасан. Би ч гэсэн гарч явмаар байвч хүүхдээ орхиод явж чадахгүй, визэнд ороод ч цалин бага учраас Солонгосын виз гардаггүй. Ийм нөхцөлд бид бүгдээрээ цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэхийг дэмжиж ажил хаялтад нэгдэж байгаа. Бидний цалин хөлс өрхийн амьжиргаанд хүрэхгүй байна. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед бид яаж ийм цалин хөлсөөр амьдарч, үр хүүхдэдээ ямар боловсрол санал болгох билээ. Авч байгаа цалин маань анхан шатны хэрэгцээнд маань ч хүрэлцдэггүй. Амралтаараа гадагшаа гарч ажил хийе гэхээр “Нийгмийн даатгалын өртэй” гээд виз гардаггүй. Банкнаас зээл авахад ч мөн адил. Бид ажилласан ч ядуурсаар байгаа учраас энэ ажил хаялтад оролцоно. Гэхдээ би үндсэн тасагт ажиллаж байгаа учраас дэмжиж оролцохоос өөр аргагүй” хэмээн ярьж байна.

 

 Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.591 болжээ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр “БГД-ийн 143 дугаар сургууль дээр 6 хүүхдэд улаанбурхны шинж тэмдэг илэрч, халдвар дэгдс...

img

8 цагийн дараа

Замын ажил хийж байсан хүнийг мөргөж амь насыг нь хохироожээ

Цагдаагийн байгууллагад ХУД-ийн 15 хорооны нутагт энэ оны арваннэгдүгээр сарын 6-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүни...

img

7 цагийн дараа

Анх удаа хүний арьсны ДНХ ашиглан үр хөврөл бүтээв

АНУ-ын эрдэмтэд анх удаа хүний арьсны эсийн ДНХ-аар хүний үр хөврөл бий болгож чадсан байна. Энэ технологи нь нас болон элдэв өвчнөө...

img

7 цагийн дараа

Эмч, сувилагчийн тангарагтаа дөнгөлүүлэн ажилласаар, ядуурсаар байна

Энэ намрын улс төр үймсэн, үймүүлсэн гээд нэг л уймраа, хуйсагнуур. Ард түмний амьдрал уруу дорой. Нийгмийн сэтгэл зүй гэж найгүй. Т...

img

6 цагийн дараа

“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн хоёр өдөр 320 мянган тонн нүүрс арилжив

“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн хоёр өдөр 320 мянган тонн нүүрс арилжсанаа мэдээллээ. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Би...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд