гадаад
Анх удаа хүний арьсны ДНХ ашиглан үр хөврөл бүтээв

Админ
2025 оны 11 сарын 06

АНУ-ын эрдэмтэд анх удаа хүний арьсны эсийн ДНХ-аар хүний үр хөврөл бий болгож чадсан байна. Энэ технологи нь нас болон элдэв өвчнөөс шалтгаалсан үргүйдэлтэй тэмцэхэд туслах боломжтой юм. Учир нь энэ арга хүний биеийн бараг бүх эсийг ашиглан шинэ амьдрал бий болгох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм байна. Жишээлбэл, энэ аргаар ижил хүйстэй хосууд өөрсдийн генетикийн хамааралтай төрсөн хүүхэдтэй болох боломжтой. Гэхдээ энэ технологийг нөхөн үржихүйн эмнэлгүүдэд хэрэглэхийн өмнө маш сайн сайжруулалт хийх шаардлагатай байгаа бөгөөд үүнд ойролцоогоор арван жил шаардагдана гэж үзэж байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр энэ нь томоохон дэвшил боловч шинжлэх ухааны ийм нээлтүүдийн боломж, үр дагаврыг нийгэмд нээлттэй хэлэлцэх шаардлагатай байдгийг онцолжээ.
Ердийн нөхөн үржихүйд эр бэлгийн эс эм бэлгийн эстэй нийлэхэд үр хөврөл бий болж, есөн сарын дараа хүүхэд төрүүлдэг. Харин АНУ-ын Орегоны Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд хүний өөрийнх нь арьсны эсээс бүх генетикийн мэдээллийг агуулдаг бөөмийг нь авч, генетикийн мэдээллийг нь цэвэрлэсэн донор өндгөн эст суулган үр хөврөл бий болгох шинэ аргыг санал болгож байгаа аж. Энэ арга нь 1996 онд анхны клон амьтан болох “Долли” хонийг бүтээхэд хэрэглэсэн аргачлалтай төстэй юм байна. Гэвч үүссэн өндгөн эс нь шууд үр тогтох боломжгүй, учир нь арьсны эс нь бүрэн хэмжээний 46 хромосомтой байдаг. Харин хоёр өөр биеийн 23 хос хромосомтой хоёр эс нийлж байж 46 хромосомтой үр хөврөл үүсдэг. Тиймээс энэ аргын дараагийн алхам нь өндгөн эсийг “итгүүлж” хромосомынхоо талыг нь хаядаг болгох явдал юм. Энэхүү үйл явцыг эрдэмтэд “митомейоз” гэж нэрлэсэн байна.
Энэхүү судалгааны үр дүн Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд тэд 82 өндгөн эс бүтээж, үр тогтоосноос 9 орчим хувь нь үр хөврөлийн эхний шатанд хүрсэн ч зургаан хоногоос цааш хөгжөөгүй байна. Орегоны их сургуулийн Эмбриональ эс, генийн эмчилгээний төвийн захирал профессор Шухрат Миталипов “Бид өмнө нь боломжгүй гэж тооцогдож байсан зүйлд хүрлээ” гэж хэлжээ. Гэсэн ч энэ аргыг төгөлдөржүүлэх шаардлагатай байгаа юм байна. Учир нь өндгөн эс санамсаргүйгээр хромосомоо хаядаг тул нэг эсэд бүрэн хромосом үлдэж, нөгөөд нь огт үлдэхгүй байх эрсдэл бий гэнэ. Профессор Миталиповын үзэж буйгаар удахгүй бид ийм технологийг эзэмших бөгөөд орчин үед үргүйдэлд нэрвэгдэгсэд улам олон болж байгаа тул үүнийг хөгжүүлэхээс өөр аргагүй гэсэн байна. Энэхүү арга нь “in vitro гаметогенез” хэмээн нэрлэгддэг гадаад орчинд хиймэл бэлгийн эс (сперматозоид, өндгөн эс) бүтээх судалгааны нэг хэсэг бөгөөд үр тогтох чадвартай өндгөн эс, эр бэлгийн эсгүй хүмүүст туслах зорилготой юм. Энэ нь амьдрах чадвартай өндгөн эсгүй болсон эмэгтэйчүүдэд, хангалттай эр бэлгийн эс үйлдвэрлэдэггүй эрчүүдэд, эсвэл хавдрын эмчилгээний улмаас үргүй болсон хүмүүст тус болж чадна. Эрдэмтдийн хэлснээр энэ арга нь эцэг эх болох уламжлалт ойлголтыг ч өөрчилж магадгүй байгаа аж. Учир нь заавал эрэгтэй, эмэгтэй хүний арьсны эс ашиглах шаардлагагүй. Иймээс ижил хүйстэй эрэгтэй хосуудын нэгний арьсны эсээс “өндгөн эс” үүсгэж, нөгөөхийн эр бэлгийн эстэй үр тогтоон, генетикийн хувьд тэд өөрсдийн төрсөн хүүхэдтэй болох боломжтой ажээ. Иймээс АНУ-ын Орегоны их сургуулийн профессор Паула Амато “Энэ арга зөвхөн өндгөн эс, эр бэлгийн эсийн хомсдолоос болж үргүй болсон сая сая хүнд найдвар өгөхөөс гадна ижил хүйстэй хосуудад хоёуланд нь генетикийн холбоотой хүүхэдтэй болох боломжийг нээнэ” гэж хэлжээ. Харин Их Британийн Халлын их сургуулийн нөхөн үржихүйн анагаахын профессор Роджер Стурме уг судалгааг “Маш чухал, сэтгэл хөдөлгөм нээлт. Ийм судалгаанууд нөхөн үржихүйн анагаах ухаанд гарч буй шинэ нээлтүүдийг нийгэмд байнга нээлттэй хэлэлцэх нь ямар чухал болохыг батлан харуулж байна. Шинжлэх ухааны ийм дэвшлүүд нь зохистой хяналт, олон нийтийн итгэлийг хангахын тулд бодлоготой зохицуулалттай байх хэрэгцээг сануулдаг” гэж хэлжээ. Мөн Их Британийн Эдинбургийн их сургуулийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төвийн дэд захирал, профессор Ричард Андерсон шинэ өндгөн эс бүтээх энэхүү боломжийг “томоохон дэвшил” гээд “Цаашид аюулгүй байдалтай холбогдсон олон маш чухал асуудал бий болох ч энэ судалгаа хүүхэд төрүүлэх боломжгүй байсан олон эмэгтэйчүүдэд өөрийн төрсөн хүүхэдтэй болох боломжийг нээн өгч байна” гэж тайлбарласан байна.
Г.АМАРСАНАА
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.591 болжээ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр “БГД-ийн 143 дугаар сургууль дээр 6 хүүхдэд улаанбурхны шинж тэмдэг илэрч, халдвар дэгдс...
7 цагийн дараа
Замын ажил хийж байсан хүнийг мөргөж амь насыг нь хохироожээ
Цагдаагийн байгууллагад ХУД-ийн 15 хорооны нутагт энэ оны арваннэгдүгээр сарын 6-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүни...
6 цагийн дараа
Анх удаа хүний арьсны ДНХ ашиглан үр хөврөл бүтээв
АНУ-ын эрдэмтэд анх удаа хүний арьсны эсийн ДНХ-аар хүний үр хөврөл бий болгож чадсан байна. Энэ технологи нь нас болон элдэв өвчнөө...
6 цагийн дараа
Эмч, сувилагчийн тангарагтаа дөнгөлүүлэн ажилласаар, ядуурсаар байна
Энэ намрын улс төр үймсэн, үймүүлсэн гээд нэг л уймраа, хуйсагнуур. Ард түмний амьдрал уруу дорой. Нийгмийн сэтгэл зүй гэж найгүй. Т...
5 цагийн дараа
“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн хоёр өдөр 320 мянган тонн нүүрс арилжив
“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн хоёр өдөр 320 мянган тонн нүүрс арилжсанаа мэдээллээ. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Би...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



