Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Ж.Чинбүрэн: Цалингийн хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 3.5 сая төгрөг болгох бэлтгэл ажлыг хийнэ

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 11 сарын 06

img

1

news-img

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-Эмч нар ажил хаяхаа мэдэгдсэн. Тиймээс өнөөдөр (өчигдөр)-ийн Засгийн газрын хуралдаанаар эмч нарын цалинг нэмэх асуудлыг авч хэлэлцсэн үү?

-Мэдээж Засгийн газрын анхаарлын төвд эрүүл мэнд, боловсролын салбарын цалин, ахмадын тэтгэврийн нэмэгдэл байнга байгаа. Гэсэн ч өнөөдөр (өчигдөр)-ийн Засгийн газрын хуралдаан дээр эрүүл мэндийн салбарын цалинг нэмэхтэй холбоотой асуудал яригдаагүй.

Харин манай салбарт бугшаад архаг өвчин болоод байгаа эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог “Сэхээн амьдруулах тасаг”-т оруулчихаад байгаа зүйл нь Даатгалын сангийн өөрийнх нь тогтолцооны асуудал байгаа юм. ЗГХЭГ-аас хяналт шалгалтын хоёр том баг гарч ажиллаад, түүнийхээ тайланг танилцуулж, үүнтэй холбоотой тогтоол, шийдвэрүүд гарлаа. Ер нь манай салбар, боловсролын салбартай харьцуулахад цалингийн тогтолцоо нь шал өөр. Тогтсон цалингийн төсөв гэж байдаггүй. Харин гүйцэтгэлийн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд суурилж цалин олгодог. Цалинг олгохдоо доод түвшин нь ийм байна, дагалдах нэмэгдлүүдийг нь үүнээсээ тооцоорой л гэдэг механизм үйлчилдэг.

Тийм учраас эмнэлгүүдийн бие даасан тогтолцоо бүрдээд, санхүүжилтийн механизм нь Даатгалын сангаасаа ямар нэгэн алдаа мадаггүй, алагчлалгүй, шударга өгдөг байвал эрүүл мэндийн салбарын цалингийн хэмжээ манай салбарын Үйлдвэрчний эвлэлийн хүсээд байгаа хэмжээнд очиход тийм бэрхшээлтэй, хүрэх боломжгүй зүйл биш. Нөгөө талаас Ерөнхий сайд манай салбарын Үйлдвэрчний эвлэлийн 19 гишүнтэй уулзаж ярилцаад, үүнийхээ дараа Засгийн газарт үүрэг өгч, төсвийн урсгал зардлын 10 хувийг танаад 201 тэрбум төгрөгийг цалингийн нэмэлт урамшуулалд хэрэглэ гэдэг шийдвэр гаргасан. Яг тооцооллоор авч үзвэл 201 тэрбум төгрөг гэдэг маань одоо үйлчилж байгаа төлбөрийн тогтолцоондоо 15 хувийн нэмэгдэл буюу үндсэн цалинг 15 хувиар нэмэх боломжтой мөнгө. Үндсэн цалинг дагалдаад маш олон нэмэгдлүүд байдаг, тэдгээр нь давхар бодогддог. Тийм учраас цалин нэмэгдэх боломж нь харагдаж байна гэж бодож байгаа. Засгийн газар дээр тогтолцоог зөв болгох, даатгалын санхүүжилтийн тогтолцоог илүү боловсронгуй, ил болгох, хэн нэг нь дотроос нь хулгайлж иддэггүй байх тухай л ярьж байна. Жишээлбэл, саяны ЗГХЭГ-аас гарсан Ажлын хэсэг дээр маш чухал дүгнэлтүүд гарсан. Тухайлбал, Гэрээтэй ойролцоогоор 800 гаруй байгууллагаас сардаа 2000-2200 гаруй нэхэмжлэх ирдэг. Үүний ердөө 2.5 хувийг нь л үнэн үү, худлаа юу гэдгийг шалгаж чадаж байгаа. Мөн ямар ч цахимжилт хийж чадаагүй байгаа нь эс үйлдэл буюу тэр нэхэмжлэлүүдийг шалгахгүй байх зориуд хийсэн ажил. Хоёрдугаарт, Даатгалын ерөнхий газар өөрсдөө шалгаад 100-гаад зөрчил илрүүлсэн хэрнээ нэг ч хариуцлага тооцуулаагүй. Гуравдугаарт, гэрээлэлтийн явцад маш том луйврын үйл ажиллагаанууд илэрч байна. Тиймээс гарч байгаа энэ олон зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар өгөх үүрэг даалгаврыг Засгийн газраас өгсөн. Мөн манай салбарын өртөгт хамгийн их жин дардаг зүйл чинь эм, эмнэлгийн хэрэгслүүд байдаг. Гэтэл яагаад эмнэлэг бүр дээр ижил барааг өөр, өөр дүнгээр тендер зарлаж авч байна вэ. Энэ чинь л өөрөө ямар нэгэн зөрчил байгаагийн илрэл. Энэ мэтчилэнгээр шалгаж тодруулах асуудал маш их байна. Дээрээс нь манлайллын асуудал маш чухал.

-Таны яриаг сонсоод байхад эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг ил тод болгох, цалин урамшууллыг нэмэгдүүлэхэд тээг саад болж байгаа зүйл нь энэ салбарт байгаа хууль бус үйлдлүүд гэж ойлгож болох уу?

-Энэ бол хамгийн гол хүчин зүйл нь, гэхдээ ганцхан энэ биш. Дагалдаад хууль эрх зүйн орчныг өөрчлөх, сайжруулах шаардлага байна. Тухайлбал, өнөөдөр (өчигдөр)-ийн Засгийн газрын хуралдаанаар гарсан нэг том шийдвэр бол 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлахаар боллоо. Төсөв гэдэг маань 2026 он гараад л бид дараа оныхоо төсвийг ярьж эхэлдэг. Мөн зөвхөн төсөв ч биш хууль, эрх зүйн орчныг нь сайжруулах ажлыг хийх ажлын хэсэг байгуулах үүргийг надад Ерөнхий сайд цохож өгсөн. Тэгэхээр 2027 оны Эрүүл мэндийг дэмжих жил болгоё гэсэн санаачилга гаргасан Т.Мөнхсайхан гишүүн, дэмжиж гарын үсэг зурсан 40 гаруй гишүүнээс оролцуулж, бусад салбаруудыг татан оролцуулан ажлын хэсэг байгуулаад ямар, ямар ажил хийх, тэдгээрийнхээ бэлтгэл ажлуудыг хийж эхэлнэ. Тэр дотроос хамгийн чухал нь нөгөө л төсөв. Төсөв дотроо эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 3.5 сая төгрөг болгох бэлтгэл ажлыг л хийнэ гэсэн үг. Тийм учраас энэ бол маш чухал шийдвэр боллоо. Манай эрүүл мэндийн салбар 2027 он гэхэд зарим гишүүний хэлээд байдаг Даатгалын сан Дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьд хүрэх, Засгийн газрын төсвийн 13-14 хувьд хүргэхэд ойртуулахад маш чухал шийдвэр гэж би Эрүүл мэндийн сайд хүний хувьд харж байна.

-Ойрын хугацаанд салбарынхаа Үйлдвэрчний эвлэл, ажил хаясан эмч, ажиллагсадтайгаа уулзалт хийх үү?

-Ер нь жагсаал, цуглаан хийж байгаа хүмүүстэйгээ гурван удаа уулзсан. Эрүүл мэндийн яаман дээр гурван талын хэлэлцээрээ дүгнэхээр уулзах гэтэл Үйлдвэрчний эвлэлийнхэн маань хаяад гарсан. Өчигдөр/уржигдар/ орой бас эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийнхний мэдээллийн дагуу Үйлдвэрчний төв зөвлөл дээр орой очиж уулзсан. Энэ уулзалтаар эхний том алхмаа хийсэн гэж ойлгож байгаа. Мэдээж Үйлдвэрчний эвлэлийнхэн маань цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа тэр бүгдээ ярьж байна. Би эмч хүнийхээ хувьд маш сайн ойлгож байгаа. Харин санхүүжилтээ нэмэхэд бид үе шаттайгаар нэмэх гаргалгаагаа олъё гэдэг дээр тохирсон. Мөн Эрүүл мэндийн яаманд өөрсдийнхөө шаардлагыг эмч нар маань өгсөн. Ингээд дараагийн хэлэлцээр рүүгээ орно. Бидэнд ямар нөөц байна, яаж нэмэх юм гэдгээ тохирох, ярих ажил руугаа орно.

-Эрүүл мэндийн салбар өөрөө их онцлог. Тиймээс ажил хаялт яаж явагддаг юм бэ гэдэг дээр тайлбар өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтыг хоёр хуулиар зохицуулдаг юм. Тэр дотроо эрүүл мэндийн салбар бол бусдыгаа бодвол нэлээд тусгай шаардлагуудтай. Тухайлбал, хүний амь нас тэнсэн үеийн тусламж үзүүлж байгаа, өвчтөнтэй шууд ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан ажил хаяж болохгүй. Харин амбулаторийн үзлэг юм уу, эсвэл анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд ажил хаялтад оролцох боломжтой. Гэхдээ нийт эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн 50-иас их хувь нь дэмжсэн бол ажил хаялт хийгдэх ёстой.

-Таны хувьд Д.Ганмаа гишүүнтэй маргасан асуудал яригдсан. Үүнээсээ болоод УИХ-ын Ёс зүйн дэгийн хороон дээр очсон гэсэн. Энэ чухам юу болсон бэ?

-Ажлын хэсэг гараад надаас асуулга асуусан. Одоо дүгнэлтээ танилцуулах ёстой. Хүлээгээд л байж байгаа. Ер нь бол УИХ-ын гишүүд хэлэлцэж байгаа асуудал дээр санал зөрөлдөх, мэтгэлцэх, бие биетэйгээ чанга дуугаар ярих нь хэвийн л зүйл. Энэ чинь мэтгэлцээний талбар биз дээ. Тэр бүү хэл хараалын үг хүртэл хэрэглэсэн, нэгэндээ гар хүрсэн тохиолдол ч бий. Түүнээс биш бие биенийхээ тохойг түшээд та мунданг шүү, сайн шүү гээд байдаггүй шүү дээ. Д.Ганмаа гишүүн маань гадаадад олон жил амьдарсан, судалгааны ажил хийж байсан. Улс төрөөр нэг их олон жил яваагүй юм шиг байгаа юм. Тийм болохоор их эмзэг туссан байх. Эмзэглэж хүлээж авсан бол би уучлалт гуйя гэж хэлсэн байгаа.

-Х.Булгантуяа гишүүнийг эргүүлэн татах асуудал хөндөгдөж, ид яригдаж байна. Үүн дээр та УИХ-ын гишүүнийхээ хувиар ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцээд гаргасан шийдвэрийг УИХ хэлэлцэж байх юм бол ер нь ҮХЦ гэж байгаад яах юм. Нэгэнт гарсан шийдвэр энэ. Харин цаашдаа процесс яах ёстой гэдэг дээр мэргэжлийн буюу Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод ямар шийдвэр гаргахыг харъя. Надад бол тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн зүйл алга. Ямар ч байсан Цэцийн шийдвэр эцсийнх байх ёстой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Хүрээ” амаржих газарт 5.4 кг жинтэй хүү мэндэлжээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газарт өнөө өглөө буюу 11-р сарын 06-нд 5.4 кг жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. Цэрэннадм...

img

8 цагийн дараа

Катерина Райхе: Бид хүнд суртлын бус хөгжил, дэвшлийн “Цахиурын хөндий” болох ёстой

Берлинд Германы бизнес эрхлэгчид оролцсон Гадаад худалдааны талаарх бага хурлын үеэр тус улсын Эдийн засаг, эрчим хүчний сайд Катери...

img

8 цагийн дараа

Улаанбуудай 34.7 хувиар, төмс 22.9 хувиар буурчээ

Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа...

img

7 цагийн дараа

 “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэгчээр Я.Содбаатар генсект МАН ямар ч хамаагүй юу

МАН даргатай ч юм шиг, даргагүй ч юм шиг өдөр хоногууд үргэлжилж байна. Үүнээс болоод МАН-ын Засгийн газар огцорсон ч юм шиг, үгүй ч...

img

7 цагийн дараа

 АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулах болон сонгох тухай асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байсан. Монго...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд