мэдээ
Б.Ганбаяр: Манай улс ядуурлыг бууруулъя гэвэл татвараа л бууруулах ёстой

Админ
2025 оны 11 сарын 15

Хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсрол олгох зорилготой “openmindMSE”-ийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, санхүүгийн шинжээч Б.Ганбаяртай өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болох ядуурлын талаар ярилцлаа.
-Ядуурал гэдгийг бид ойлгохдоо амьжиргааны наад захын хэрэглээгээ хангаж чадахгүй, хэцүүхэн нөхцөлд амь зогоож яваа хүмүүс л гэж ойлгодог. Эдийн засгийнхаа нэр томьёогоор юу гэж тодорхойлдог юм бол?
-Эдийн засгийн олон онолоос би юу гэж тусгаж авсан бэ гэвэл хүн нэгдүгээрт, хувь хүнийхээ, хоёрдугаарт, өөрийнхөө авч явж байгаа өрх гэрийнхээ хүрээнд үндсэн суурь хэрэгцээгээ хангадаг байх хэрэгтэй. Эдгээр нь хүнс тэжээл, хувцас хунар, орон байр, унах унаа гээд амьдралын анхдагч хэрэгцээнүүд гэсэн үг. Гуравдугаарт, хуримтлалтай байх ёстой. Үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Ямар хэмжээний хуримтлал үүсгэснээрээ тухайн хүн аль түвшинд байгаа вэ гэдгээр нь тодорхойлогдох учиртай. Манай улсын нийт хүн ам өнөөдөр 3.5 сая байна. Үүнээс хөдөлмөрийн насны 1.7 сая хүн бий.
Гэтэл яг ажил хийдэг нь 700 орчим мянган хүн байх шиг байна. Энэ хүмүүсээс өнөөдөр “Танд хуримтлал бий юу” гэж асуувал 99 хувь нь шууд “Байхгүй” гэж хариулдаг. Энэ чинь монголчуудын 99 хувь нь ядуу амьдарч буйг л харуулж байгаа юм. Яагаад гэвэл, ямар ч хүн хуримтлалтай байснаараа ирээдүйд гарах эрсдэлээс өөрийгөө болон өрх гэрээ хамгаалах наад захын буюу санхүүгийн үндсэн хэрэгцээгээ хангана.
Санхүүгийн үндсэн хэрэгцээ, ахуйн хэрэгцээ хоёр бол өөр. Бид өнөөдөр зөвхөн ахуйн хэрэгцээгээ л яриад байдаг. Санхүүгийн үндсэн хэрэгцээ чинь цалин биш. Хуримтлал юм шүү.
-Гэхдээ санхүүгийн үндсэн хэрэгцээгээ яаж хангах юм бэ. Монголд өнөөдөр хуримтлал үүсгэх ямар ч боломжгүй байна шүү дээ. Иргэд авч буй цалингийнхаа 60-70 хувийг, мөн өрхийн төсвийнхөө мөн хэмжээний хувийг хоол хүнсэндээ л өгч байна. Хувцас, барааны дийлэнхийг Хятадад дахин боловсруулагдаж ирсэн хамгийн хямд төсөр, чанар муутай зүйлээр л хэрэглээгээ хангасан болж, аргацааж байгаа шүү дээ. Ард түмэн гэдсээ цатгах хэмжээнд л амь зогоож байна?
-Энэ нь хоёр талтай асуудал. Эхнийх нь нүүдэлчдийн соёлд хурааж хуримтлуулах гэдэг ойлголт байгаагүй. Бид нүүдлээсээ хагас суурин маягтай болоод 100 жил ч хүрээгүй байна шүү дээ. Нарийн тооцвол, ганцхан жаран л болж байна. Ийм тохиолдолд бид угаасаа байгаагүй зүйлээ бий болгох ёстой болонгуут ойлголтын зөрүүнээс эхлээд янз бүрийн асуудалтай нүүр тулах нь аргагүй. Хоёрдугаарт, манай улсад иргэдээ хуримтлалтай болгохын тулд хийж буй ямар ч хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиараа ч, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиараа ч тэр, бүгд үүний эсрэг зүйл заалтуудтай.
Компани, аж ахуйн нэгжийг томорч, хөрөнгөжихийг нь хуулиараа бараг хориглож байна. Иргэн хүнийг болохоор чи өндөр цалин авч болохгүй, бага цалингаар үндсэн ажлаа л хийж амьдар. Өөр янз бүрийн юм хийж, нэмэлт орлого олж болохгүй шүү гэдэг утга агуулга бүхий хуультай. Тэгэхээр чинь улсаараа ядуу байхгүй гээд яах юм бэ. Бүх боломжийг хуулиараа хориглочихсон юм чинь. Тэгэхээр таны хөндөж, асууж байгаа чинь зөв байхгүй юу. Тиймээс бид одоо эхлээд сэтгэлгээндээ жаахан өөрчлөлт оруулах хэрэгтэй. Дараа нь хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол хуулиа өөрчлөх юм. Гэтэл бид өнөөдөр 2026 оныхоо төсвийг ч зөв баталж чадахгүй явж байна шүү дээ. Нөгөө талд нь болохоор Сангийн сайд Б.Жавхлангийн өргөн барьсан Татварын багц хуулийн төсөл явж байгаа. Тэгвэл үүнийг яагаад заавал эдийн засагч, хөрөнгө оруулагч хүмүүс л яриад байгаа юм бэ. Гэтэл нийгмээрээ яагаад энэхүү хуулийн төслийг хэлэлцүүлж, энэ хуулийн үг үсэг бүхэн надад яаж нөлөөлөх вэ гэдэг дээр анхаарал хандуулахгүй байна вэ. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл Б.Жавхлан сайдын өргөн барьсан энэ хуулийн төсөл таныг, намайг зөвхөн үндсэн ажлаа л хий. Өөр нэмэлт ажил хийвэл тэндээс олсон орлогыг чинь үндсэн ажлын цалингийн орлоготой чинь нийлүүлсэн дүнгээр татвар авна, авахдаа 20 хувиар авна шүү гэсэн утгатай заалт оруулж ирж байна. Харин одоо хэрэгжиж байгаа хууль чинь ийм биш. Үндсэн цалингийн орлого чинь 160 сая төгрөг юм байна, тэндээсээ л татвараа төл. Харин 160 саяасаа илүү гарвал илүү гарсан дүнгээсээ л татвар өг гэдэг. Гэтэл шинээр өргөн барьж байгаа хуулиар бол нийт дүнгээс чинь татвар авахаар байгаа юм. Ингэхээр таны төлөх татвар 2-3 дахин нэмэгдэнэ. Ийм нөхцөлд хүн яаж хувийн хэрэгцээгээ хангаад, цаашлаад өрхийн төсвөө бүрдүүлэн дориухан амьдрах вэ. Тэгэхээр манай улс ядуурлыг бууруулъя гэвэл татвараа л бууруулах ёстой.
-Та бол “Энэ янзаараа ядуурлын түвшин буурахгүй. Бүр дордоно” гэж хэлэх гээд байна уу даа?
-Ядуурал буурахгүй шүү дээ. Эсрэгээрээ бүр нэмэгдэнэ. Яагаад гэвэл, баян нь дундаж, дундаж нь ядуу, ядуу нь бүр үгээгүй хоосон бол. Эсвэл Монголоос үтэр түргэн дүрвээрэй гэж байгаа юм шиг утга агуулгатай хуулийн төсөл байна лээ. Ийм бодлого бариад, хууль, эрх зүйн орчноо бүрдүүлэхээр чинь Монгол Улсад яаж ядуурал буурах юм бэ.
-Ерөнхий сайд Г.Занданшатар “2030 он гэхэд ядуурлыг хоёр хувиар бууруулна” гэсэн шүү дээ?
-Ерөнхий сайд хүн ингэж дураараа ярих нь ямар ч хариуцлагагүй үйлдэл. Засгийн газраа тэргүүлж байгаа хүн эхлээд танхимынхаа сайдуудтай ярих ёстой шүү дээ. Ядаж л, Сангийн сайдтайгаа “Би ингэж мэдэгдлээ шүү. Бидний барьж буй бодлоготой таарч байна уу, үгүй юу” гэдгээ тэд хоорондоо ярих ёстой биз дээ. Гэтэл хоорондоо ярьж, зөвшилцөх нь байтугай хэн юу асууна, тэр бүхэнд сэтгэл хөдлөлөөрөө хандаж, улстөрчийн өнцгөөс попорч хариулдаг байж болохгүй. Би үүнийг юу гэж харж байна вэ гэвэл, Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нэг үзэл бодолтой биш юм байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид хоорондоо эв түнжингүй, бодлого нь хярамцаг болчихож. Хохирлыг нь ард түмэн амсаж үүрэх нь гэж л харж байна. Өнгөцхөн харахад, Засгийн газар бүрдчихсэн, Ерөнхий сайдтай юм шиг боловч нийгэм, эдийн засгийн хувьд бид аюултай нөхцөл байдалд байна. За тэгээд Уул уурхайн сайд бол бүр эсрэг, хөндлөн юм яриад явж байгаа шүү дээ. Нэгдсэн нэг бодлого байхгүй, дандаа улстөржсөн попролт л яваад байна. Ядаж, бодлогын яамдууд Ерөнхий сайдтайгаа нэг чигт харах ёстой. Гэтэл шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байна. Нөгөө талд нь Монголын ард түмэн өнөөдөр нийтээрээ дундаж түвшин, ядуурал хоёрын завсарт яахаа мэдэхгүй, бүр ядуурлынхаа амсар дээр халтирч уначих гээд л байна шүү дээ. Уг нь ингэмээргүй байгаа юм. Бид ядуурлаас гарахын тулд үндсэн ажлаасаа гадна нэмэлт орлого олохын төлөө хичээх ёстой болно. Гэтэл үүнийг нь хуулиараа хорих гэж байгаа нь байж болохгүй асуудал шүү дээ. Манай улс үнэхээр ядуурлыг бууруулах бодлого барьж байгаа юм бол иргэдээ ажил, орлоготой болгох ёстой. Тэр ажлын байрыг хэн бий болгох юм бэ. Ажил олгогч эзэд, том компаниуд л бий болгоно. Том аж ахуйн нэгжүүд жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явах ёстой. Гэтэл ийм цогц бодлого манайд ерөөсөө байхгүй. Тэр ч байтугай, том аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь “Та нар бүгдээрээ жижиг бол” гэдэг хуультай болж байна.
-Иргэдээ ажил, орлоготой болгох нь байтугай үүргийн худалдаа эрхэлж байгаа хүмүүсээ бүгдийг нь хөөж туугаад, гэр гэрт нь “хөл хорьчихсон”. ТҮЦ-үүдийг нь хураагаад авчихсан шүү дээ. Жижиг дэлгүүр, цайны газрууд хаалгаа барьж байгаа нь сүүлийн үед илт анзаарагдаж байна. Үнэндээ, манай улсын иргэд үйлдвэржилт гэхээсээ илүү худалдаа, үйлчилгээний салбараараа жаахан орлого олдог байсан?
-Та нэг зүйлийг анзаарч байна уу. Уг нь манай улс нэгдсэн нэг үндэстний нэгдмэл улс байхгүй юу. Гэтэл одоо холбооны улс болгох бодлого яваад байна уу гэж би бодож байна. Төрийн захиргааны шийдвэр гаргах түвшний бүх хүн Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд үндэслэж л тушаал, шийдвэр, тогтоолоо гаргадаг. Энэ хуулийн агуулга нь нэгдмэл биш, холбооны улс болгоё гэж байгаа юм шиг. Нэгдмэл, нэг үндэстний бодлогоор бол Засгийн газар нь ямар нэгэн шийдвэр гаргалаа гэхэд бүх сайд нь дагаж ажиллах учиртай. Харин холбооны улсын бодлогоор бол Ерөнхий сайдынхаа бодлого, шийдвэрийг Сангийн сайд нь сөрж явдаг. Тухайлбал, нийслэл нь тусгай удирдлага, захиргаа, төсөвтэй. Гэтэл тэнд улс нь бас тусгай төсөвтэй явахыг хэлээд байгаа юм. Ингэхээр чинь холбооны засаглал болчихож байгаа биз дээ. УИХ дээр нийслэлийн Засаг даргаа загнаж чадахгүй байгаа чинь хууль нь өөрөө ийм учраас болохгүй байгаа юм. Тэгээд улсын төсвөөсөө мөнгө өгөөд л, гэтэл нийслэл дахиад өөрсдөдөө зориулаад төсөв бүрдүүлэн авч байна. Улс үүнийг нь хянах чадваргүй болчихож байгаа юм. Нийслэлд төрийн аудитыг оруулъя гэвэл Х.Нямбаатар дарга “Оруулахгүй” гэж хэлэх эрхтэй болчихож байна. Ингэхээр нийслэл, улстай эн тэнцүү эрх мэдэлтэй, төсвийн зарцуулалт нь ч эн тэнцүү, зарим тохиолдолд бүр илүү явж байгаа юм. Тэгэхээр Монгол Улс ер нь нэгдмэл нэг засаглалтай юм уу, эсвэл холбооны засаглалтай болчихож байгаа юм уу гэдгээ хүртэл эргэж харах хэрэгтэй болж байна. Ингэхээр бид одоо Татварын багц хуулиуд, тэр ч байтугай Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиа хүртэл эргэж харах хэрэгтэй болж байгаа юм. Аймаг болгон тус тусдаа төсөв, бие даасан эрх мэдэл, том толгойтой байж болохгүй биз дээ. Мөн нийслэл нь яах юм бэ. Энэ бүгдийг нэг тийш нь шийдэхгүйгээр бид наагуур нь жижигхэн юм яриад л, явган хэрүүл хийгээд, цаг үрээд байж болохгүй. Асуудлаа том зургаар нь харж байж аяндаа доошоогоо асуудлууд нь цэгцэрч шийдэгдэх учиртай. Гэтэл ажил хийх дургүй, дүр үзүүлээд л, улстөржиж, попроод л явцгааж байна. Ямар ч хэрэгцээгүй төсөл хэрэгжүүлнэ гээд л 15-20 хүнтэй төслийн нэгж байгуулаад явж байна шүү дээ. Тэр хүмүүсийн цалин, оффисын түрээс гээд маш их үргүй зардал гарч байгаа. Энэ нь улс, нийслэл, бүх яаманд байгаа асуудал. Энэ бүх үргүй зардлыг хасах хэрэгтэй. Үүнийхээ оронд эмч, багш нарынхаа цалинг нэмж, хувийн хэвшлээ дэмжих бодлого явуулах хэрэгтэй.
-Хувийн хэвшлийг ямар бодлогоор дэмжиж байж ядуурал буурч, эдийн засаг өсөх вэ?
-Бүр түрүүнээс хойш татварын бодлого буруу байна л гэж яриад байгаа юм. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд шаталсан татвартай явж байгаа. Монгол Улсад өнөөдөр 10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой компаниуд компаниа тав хувааж байна шүү дээ. Ингэж байж л 10 хувийн татвар төлдөг. Энэ нь эргээд эдийн засгийн өсөлт, тэлэлтэд маш сөргөөр нөлөөлж байгаа юм. Гадаадаас хөрөнгө оруулалт татъя гэхээр тухайн компанийн нэр хүнд, чадал чансаа, хөрөнгө нь тав хуваагдчихсан юм чинь тав дахин жижгэрч харагдах нь ойлгомжтой шүү дээ. Ингэхээр чинь хэн ч тоож, ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Харин эсрэгээрээ, нэг шатлалын татвартай болчихвол компаниа тав хувааж жижгэрүүлэх шаардлагагүй болно. Бид гаднаас хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа тэлж, улсаа ядуурлаас гаргахын тулд өөрсдийгөө зөвөөр үнэлэх хэрэгтэй. Наад зах нь, хоёр тэрбумын борлуулалтын орлоготой компанийн захирал, 10 тэрбумын борлуулалтын орлоготой захирал хоёр өөр харагдана шүү дээ. Ерөөсөө татварын шударга орчин гэдэг чинь ийм байх ёстой байхгүй юу. Түүнээс биш, “АПУ” том компани гээд 20 хувийн татвар авчихаад иргэн Ганбаяраас 10 хувийг авдаг байж болохгүй. Хоёулаа адилхан 10 хувийн татвар төлдөг, шударга орчин байх ёстой. Ингэж чадвал том компани эргээд дундыгаа, дундаж аж ахуйн нэгж жижгээ дэмжээд, шатлаад хөгжих боломжтой. Өндөр хөгжилтэй орнууд бүгдээрээ л ингэж боссон шүү дээ. Гэтэл бид тэдний яг өнөөдөртэй нь барьцаад байвал буруу. Бидэнд юу ч алга. Сайхан сэтгэл л байна. Тэгвэл тэр өндөр хөгжилтэй орнууд яг бидэн шиг байх үедээ юу хийж байсан юм бэ, түүнийг нь хуулаад тавихад болно. Тэр нь татварын нэг ижил систем шүү дээ. Бид энэ бүгдийг зөв харж, тооцоолж, өөрсдийнхөө нөхцөлд тохирсон бодлого хэрэгжүүлж, хууль, эрх зүйн орчноо бүрдүүлж байж л ядуурлыг бууруулна.
Г.ГАНЧИМЭГ
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. “Эвс...
8 цагийн дараа
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод...
6 цагийн дараа
Автомашины хулгай өнгөрсөн оны мөн үеэс 6,9 хувиар өсчээ
Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2025 оны эхний 10 сарын байдлаар автотээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэрэг 201 бүртгэгдэж ...
6 цагийн дараа
Монгол Улс уулын цанын төрлөөр анх удаа өвлийн олимпийн наадамд оролцохоор боллоо
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын наадамд оролцох эрх авла...
6 цагийн дараа
Б.Уянга: Геологийн салбар 2026 онд 45.3 тэрбум төгрөг баталсан
Улсын Их хурлын гишүүн Б.Уянгатай ярилцлаа. -Ирэх оны төсвөө баталчихлаа. Үүн дээр та юу хэлэх вэ. Хэр болсон гэж үзэж байна вэ? -Ир...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


