Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Э.Батбаяр: Удаа дараа хулгай хийсэн этгээдүүдэд оногдуулах хамгийн зохимжтой шийтгэл бол хорих ял

trend

Админ

img

2025 оны 11 сарын 15

news-img

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Э.Батбаяртай халаасны хулгайн гэмт хэргийн талаар ярилцлаа.


-Сүүлийн үед иргэд гар утасны хулгайд ихээр өртөх боллоо. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэм хэрэг хэр их бүртгэгдэж байна вэ?

-Энэ оны эхний арван сарын байдлаар Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 3000 орчим гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 90 гаруй хувийг гар утасны хулгай эзэлж байна. Эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд илрүүлэлтийн нөхцөл байдал 30 орчим хувьтай явагдаж байгаа. Энэ үзүүлэлт нь зорилтот түвшиндээ төдийлөн хүрээгүй гэсэн үг. Тиймээс бид ажлаа эрчимжүүлэхийн тулд энэ оны I, II улиралд “Сэрэмж нэг” аяныг Нийслэлийн прокурорын газартай хамтран зохион байгуулсан. Уг арга хэмжээнийхээ хүрээнд халаасны хулгайн гэмт хэрэг тогтмол үйлддэг 68 этгээдийн бүртгэл судалгааг гаргаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулсан. Одоогоор 90 орчим хувийн биелэлттэй буюу 60 орчим этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, шүүхээс хорих болон хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн жил, нэг сард дунджаар 400 гаруй бүртгэгддэг байсан гэмт хэргийн гаралт 20-30 хувиар буурсан. Тиймээс уг арга хэмжээг үргэлжлүүлж, III, IV улиралд “Сэрэмж хоёр” арга хэмжээг зохион байгуулсан. Үүгээрээ бид хулгайд алдагдсан эд зүйл буюу гар утас хаана эргэлтэд ороод байгааг тогтооход түлхүү анхаарсан. Өөрөөр хэлбэл, хулгайн гар утсыг худалдан борлуулдаг сэжиг бүхий этгээдүүдийг олж, тогтоох, илрүүлэх, таслан зогсоох зорилготой юм.

-Тэгвэл хулгайн гар утаснуудыг ихэвчлэн хаана аваачиж байна вэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт этгээдүүд гол төлөв гар утас худалдан борлуулдаг ченж нарт өгдөг болох нь тодорхой хэмжээгээр тогтоогдсон. Дийлэнх тохиолдолд хулгайн гар утсыг бодит өртгөөс нь 60, 70 хувиар доогуур үнээр ченжүүдэд зарж, борлуулж иргэдийг хохироодог гэсэн үг. Ихэвчлэн хулгайн гар утас сэлбэгэнд худалдан борлуулагдаж байна. Тиймээс бид III, IV улиралд гар утасны ченжүүд рүү чиглэсэн арга хэмжээ зохион байгуулаад явж байна. Түүнчлэн “Тэди”, “Монтел” төвийн гар утас худалдан борлуулдаг гурваас дөрвөн лангуунаас 169 гар утас хурааж авсан. Үүний 20 орчим нь хулгайн гар утас болох нь тогтоогдсон. Үлдсэн гар утасны эзэмшигч, хохирогчийг тогтоох ажиллагаа явагдаж байна. Ченжүүдийн хувьд хулгайн гар утсыг маш хямд үнээр худалдан аваад, илүү их ашиг олох шунахай сэдлээр эргэлтэд оруулахад гол нөлөө үзүүлж байна.

-Гадаад руу гаргадаг уу?

-Хулгайн гар утсыг хоёр хөрш рүү гаргаж байгаа гэсэн мэдээллийн дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ОХУ руу дөрвөн удаагийн үйлдлээр буюу 100 орчим гар утсыг Алтанбулагийн хилээр гаргаж байхад нь цагдаагийн алба хаагчид хураан авсан. Одоо хэргийг прокурорт шилжүүлэх шатандаа явж байна. Хятад руу хулгайн гар утас гаргаж, кодыг нь тайлуулж, дахин ашиглах боломжтой бол буцааж оруулж ирдэг, эсвэл тэндээ зарж борлуулдаг. Түүнчлэн хулгайч нар тухайн хүний гар утсыг хулгайлаад зарж борлуулахаас гадна кодыг нь тайлж, интернэт банк руу нэвтэрч ороод бүх мөнгийг нь өөр рүүгээ шилжүүлдэг. Зээлийн бүх аппликэйшнээс тухайн хүний нэр дээр тултал зээл авдаг. Сарын сүүлээр утсаа алдсан хохирогчид зээлээ төлөөрэй гэх мэдээлэл ирснээр цагдаагийн байгууллагад ханддаг. Нөгөө талд гар утас бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Энэ утгаараа тухайн хүн өөрийн бүхий л үнэ цэнэтэй, зураг, бичлэг, мэдээллээ хадгалдаг шүү дээ. Гэтэл гар утсаа хулгайд алдчихвал энэ бүгд байхгүй болно гэсэн үг. Сонсоход жижиг хэрэг боловч иргэд асар их хохирдог.

-Ер нь иргэдийн өөрсдийнх нь хариуцлага ямар түвшинд байна вэ?

-Аль болох өөрийн эд зүйлдээ илүү хянамгай хандаж, болгоомжтой авч явах хэрэгтэй. Гэтэл иргэд анхаарал, болгоомжгүй байна. Магадгүй Америк, Германд байсан бол нөхцөл байдал арай өөр шүү дээ. Харин Монголд өөрийн эд зүйлдээ анхаарал, болгоомжгүй хандвал шууд л хулгайн хохирогч болно. Яагаад гэвэл манай улс хулгайч олонтой. Халаасны хулгай бол ядуурлаас гаралтай гэмт хэрэг. Тиймээс манай улс нэгдүгээрт ядуу, хоёрдугаарт, ажлын байр байхгүй. Гуравдугаарт, хулгай хийж, гэмт хэрэг үйлддэг этгээдүүдэд оногдуулдаг эрүүгийн хариуцлага, ял шийтгэл гэх зүйл бараг байхгүй болчихсон. Тэгэхээр энэ бүгд хулгайч нарт гэмт хэрэг үйлдэх таатай хөрс суурь болж байгаа юм. Хулгайч нар ял шийтгэлийн бодлого, цагдаа, хууль сахиулахын байгууллагаас айж, эмээхгүй байна гэдэг бол гэмт хэрэг дахин, дахин үйлдэх үндэс юм.

-Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн ямар хүмүүс өртдөг вэ?

– Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирсон хүмүүсийн 85 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Халаасны хулгайчид эрэгтэй хүний эд зүйлийг бараг хулгайлдаггүй. Хэрэв эрэгтэй хүний гар утсыг хулгайлаад баригдвал цохиулж, зодуулдаг гэх тайлбар тавьдаг. Тиймээс эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдийн биеэ хамгаалах, шууд хариу үйлдэл үзүүлэх чадвар багатайг нь далимдуулдаг гэсэн үг. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд ихэвчлэн үнэтэй, үнэ хүрэхүйц гар утастай байдаг. Дээрээс нь анхаарал, болгоомж нэлээн султай. Энэ бүгд тухайн хулгайчийг гэмт хэрэг үйлдэхэд хамгийн их нөлөөлдөг.

-Зохион байгуулалттай халаасны хулгайг хэрхэн үйлддэг вэ?

-Бүлгээр хулгай хийх зохион байгуулалтын эхний алхам бол хохирогчоо онилох. Гэмт этгээдүүд автобусны буудал дээр ч юм уу хийцгүйрээд зогсож байна. Тэгээд хүний анхаарал сарниулж, татахуйц байдлаар утсаар ярьж байгаад бусдадаа нүдээрээ дохио өгч ойлголцоод, тухайн хүнийхээ араас бүлгээрээ дагана. Ингээд онилсон хүнээ түлхэж, мөргөж, займчиж, юм асуух гэх мэт анхаарал сарниулах төрөл бүрийн үйлдэл хийнэ. Энэ хооронд нэг нь гар утсыг суйлна. Тэгээд гурав дахь этгээдэд дамжуулахад маш хурдан хугацаанд хулгайн эд зүйлийг аваад, хэргийн газраас алга болдог. Нийт хулгайн объектын 92.5 хувь нь гар утас байдаг. Үлдсэн хувь нь мөнгө, бусад эд зүйл байх жишээтэй.

-Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд ихэвчлэн ямар насны хүмүүс байдаг вэ?

-1990, 2000 оны үеийн асрамжийн газар, траншейнаар өссөн, багаасаа хулгай хийгээд сурчихсан хүүхдүүд байдаг. Одоо ч асрамжийн газраар өсөөд халаасны хулгай хийгээд явж байгаа олон хүүхэд бий. Тэд халаасны хулгайч нарын 30 орчим хувийг бүрдүүлдэг. Яг үнэндээ эдгээр хүүхдүүд энэ нийгмийн золиос юм шүү дээ. Дараа нь нас харгалзахгүй идэр, эсвэл хөгшин настай гээд янз бүрийн хүмүүс орно. Гэмгүй мөртлөө маш хортой, бүлэг зохион байгуулалттайгаар халаасны хулгай хийдэг. Мөн эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн 30-35 хувийг эзэлж байгаа. Ер нь эмэгтэйчүүд үлгэрийн юм шиг хулгай хийдэг.

Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг хүмүүс эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, ажил хөдөлмөр хийх ямар ч бодол санаагүй байдаг. Яагаад гэвэл өдөрт нэг гар утас хулгайлаад, зарж борлуулаад хоногийн хоолоо залгуулж болоод байгаа юм. Жишээлбэл, гар утас хулгайлж зараад, байр, машин аваад амьдарч байгаа хүмүүс ч бий. Жилд гурав, дөрвөн удаа гадаадад амарч байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, дан хулгайн замаар амьдарч байгаа хүмүүс. Хамгийн чухал нь манай улсад хулгай хийх сайн хөрс суурь бий болчихсон. Гэтэл үүнийг таслан зогсоох хууль эрх зүйн орчин өдрөөс өдөрт багасаж байна. Цаашдаа энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх ч боломжгүй болох магадлалтай.Тиймээс бид хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, халаасны хулгайн гэмт хэргийн хариуцлагын санкцыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа. Холбогдох байгууллагад нь санал хүсэлтээ гаргах чиглэлийн ажлыг эрчимжүүлсэн.

-Тэгвэл халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар ямар хууль эрх зүйн орчин хүсэж байгаа вэ?

-Хууль эрх зүйн орчинд хоёр өөрчлөлтийг оруулах хэрэгтэй. Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд бие даасан зохицуулалт хийж өгөх ёстой. Тусдаа зүйл анги, эсвэл бие даасан заалт оруулж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид халаасны хулгайн талаар үндсэн нэг ойлголтгүй. Тийм учраас орон нутаг, дүүргийн шүүгч, прокурор, мөрдөгч нар өөр, өөр ойлголттой байдаг. Уг нь нэг үйлдлийн талаар нэг л ойлголттой болчихвол хэргийг шийдэхэд амархан. Өнөөдөр бид тус тусдаа ялгамжтай ойлголттой учраас халаасны хулгайн хэрэг шийдэгддэггүй. Хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа өөр, өөр байдлаар явагддаг.

Жишээлбэл, хохирогчийн хувцас, цүнх, халаас, гар тээшнээс эд зүйл хулгайлсан бол энэ нь халаасны хулгай гэж тодорхой зааж өгмөөр байна. Халаасны хулгай дандаа олон хүн цугларсан газар үйлдэгддэг онцлогтой. Одоо бол энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд маш төвөгтэй болчихсон. Жишээлбэл, локайшин заагаад байна гэдэг. Гэтэл локайшин “Тэди” дээр заах юм бол бид аль лангууг гэж очих вэ. Тэр олон лангуунаас алийг нь гэх вэ гээд олон асуудал бий. Эсвэл хаалган дээр нь тав, таван цагдаа зогсоож байгаад бүгдийг нэгжих үү. Нэгжлээ гэж бодоход олон бизнес эрхлэгчийн эрх ашгийг хөндөх болчихдог. Ер нь бол халаасны хулгайн сэжигтнийг тогтооход маш төвөгтэй. Тиймээс бид яг хаана, аль лангуу, өнцөг чиглэлд байна вэ гэдгийг нь тогтоож байж оновчтой лангууг нэгждэг, эсвэл ченжийг нь шалгадаг баймаар байна. Үүнийг бид үүрэн операторуудтай ярилцаж,хэлэлцэж гарц гаргалгааг нь хайж байгаа. Одоогоор хараахан шийдэл олоогүй байна.

-Манай эрүүгийн хууль энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход хэр оновчтой байна вэ?

-Манай ял шийтгэлийн бодлого суларчихсан. Ялын цээрлүүлэх үүрэг, нөлөө байхгүй болчихсон. Жишээлбэл, хүн алсан, хулгай хийсэн хүн шоронд явдаг гэсэн ойлголт байгаа цагт гэмт этгээдүүд эмээдэг болно. Гэтэл хүний гар утсыг хулгайлаад, зарахад ялгүй, хорьдоггүй байвал энэ нь тухайн гэмт этгээдийн сэтгэл зүйд нөлөөлөхгүй шүү дээ. Тиймээс ийм ялын бодлогыг хулгайч нар үл тооно. Халаасны, орон байрны удаа дараа хулгай хийсэн этгээдүүдэд оногдуулах хамгийн зохимжтой шийтгэл бол хорих ял байдаг. Нэг хулгайч өдөрт дор хаяж гурван утас хулгайлдаг байлаа гэж бодъё. Ажлын 22 өдрөөр бодвол 66 утас, жилд 700 орчим утас хулгайлж байна гэсэн үг. Тэгвэл энэ этгээдийг хорьж, цагдсанаараа 600-700 хүнийг халаасны хулгайд өртөж, хохирохоос сэргийлж байгаа юм. Хоёрдугаарт, тухайн этгээд нэг жилийн хугацаанд өөрийгөө эргэцүүлж бодно шүү дээ. Өөрөөр хэлбэл, ял шийтгэлээ эдэлж, гэм буруугаа ойлгох ёстой. Манай хуульд ийм ялын бодлого бий. Гэхдээ шүүхийн практикт ял өгөхөөсөө өгөхгүй нь их. Хорихгүй л бол хулгайч нар хулгайгаа хийсээр л байна, цаашдаа ч хийнэ. Тиймээс ял, шийтгэлийн бодлогыг чангатгаж, цээрлүүлэх үр нөлөөг дээшлүүлэх хэрэгтэй. Халаасны хулгай бол бүх гэмт хэргийн анхдагч элемент. Энэ утгаараа халаасны хулгай хийсэн гэмт этгээд цаашид хүчин, дээрэм, тонуул гээд бүхий л төрлийн гэмт хэрэг үйлддэг.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдэж, 244 сая ам. долларт хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. “Эвс...

img

8 цагийн дараа

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод...

img

6 цагийн дараа

Автомашины хулгай өнгөрсөн оны мөн үеэс 6,9 хувиар өсчээ

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2025 оны эхний 10 сарын байдлаар автотээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэрэг 201 бүртгэгдэж ...

img

6 цагийн дараа

Монгол Улс уулын цанын төрлөөр анх удаа өвлийн олимпийн наадамд оролцохоор боллоо 

Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын наадамд оролцох эрх авла...

img

6 цагийн дараа

Б.Уянга: Геологийн салбар 2026 онд 45.3 тэрбум төгрөг баталсан

Улсын Их хурлын гишүүн Б.Уянгатай ярилцлаа. -Ирэх оны төсвөө баталчихлаа. Үүн дээр та юу хэлэх вэ. Хэр болсон гэж үзэж байна вэ? -Ир...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд