мэдээ
Г.Занданшатар олигтой ажиллавал Н.Учрал 28 онд Ерөнхий сайд болно, олиггүй бол огцорно

Админ
2025 оны 11 сарын 18

Уул нь ердөө долоо хоногийн өмнөхөн шийдвэр гаргаж тохиргоо хийдэг хүмүүс: МАН-ын дарга Ж.Энхбаяр шүү гэдэг дээр бараг тогтоод байв. Гэвчиг Ж.Энхбаяр МАН-ын дарга болсонгүй. Тэрэнд хоёр юм нөлөөлжээ.
Нэгдүгээрт: МАН-ын залуучууд Ж.Энхбаярыг дэмжихгүй гэжээ.
Хоёрдугаарт: МАН-ын дарга болох юм бол Ерөнхий сайд болно гэж Ж.Энхбаяр өөрөө хэлсэн байна. Тиймийн учраас сонголт өөрчлөгджээ. Оронд нь Н.Учрал нэр дэвшлээ. Тэгээд МАН-ын дарга болов. 24 оны сонгуульд ялсан МАН-ыг бүрэн эрхийн хугацаатай нь гардаж авлаа. Н.Учралтай зэрэгцээд Танхимын дарга “Урбанек” Б.Лхагважав нэр дэвшсэн. Б.Лхагважавыг үл тооцвол Н.Учрал бараг ганцаараа уралдлаа. Тэр 95, Б.Лхагважав 5 хувийн санал авав. Энэ бол Н.Учрал дээр МАН дахь тохиргоо хийгчид бүгдээрээ тохирсны илэрхийлэл…
Тэгснээр Ж.Энхбаяр МАН-ын Их хуралд дээдсийн лүндэнтэй ороод тэвхийтэл хайрцаглагласан саналаар намын даргаар сонгогдох хачин сайхан тавилангаас мултарлаа. Гэвчиг Ж.Энхбаярын: МАН-ын дарга болох юм бол Ерөнхий сайд болно гэдэг шаардлага бол зарчмын хувьд зөв. Ерөнхий сайд биш, намын даргаар яах юм? Жинхэнэ шүдгүй арслан гэдэг чинь тэр. 18 жилийн тэртээ МАН /МАХН/-ын С.Баярын хэлснээр: Намын даргын ажил бол ял. Харин Ерөнхий сайдын албан тушаал бол ямба нь. 19 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш бүр ч тухтай, цар хүрээ томтой ямба болчихсон юм.
Харин Н.Учрал МАН-ын дарга болохдоо: Ерөнхий сайд болохгүй, одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг тогтвортой ажиллуулна гэх амлалтыг тохиргоо хийгчдэд өгсөн дуулдаж байна. Тийм шинж ч Н.Учралын намынхаа Их хурал дээр байж байгаагаас ажиглагдсан. Тэрээр нэгэнтээ Ерөнхий сайд болохгүй гэж ам өгсөн бол УИХ-ын дарга болох хувилбар үлдсэн.
Д.Амарбаясгалан өргөдлөө өгч чөлөөлөгдсөнөөс хойших бүтэн сарын хугацаанд УИХ даргагүй байна. Ийм байж болохгүй ч тохиргоо хийгчид болгоод л байна. Тэд УИХ-ын даргыг МАН-ын Их хурлын дараа сонгоно гэсэн. Ард нийт бодохдоо: Аа тэгвэл МАН-ын шинэ дарга УИХ-ын дараагийн дарга болох юм байна гэж таасан. Тэр нь хугацааны хувьд таараад л байна.
Н.Учрал МАН-ын дарга болоод УИХ-ын дарга болдог юм уу, эсхүл Тэргүүн шадар сайд хэвээрээ үлдлээ гэж бодъё. Шүдгүй арслан шиг л байх болно. Хэрэвзээ Н.Учрал УИХ-ын дарга болно гэвэл төдийгөөс өдийг хүртэл хүлээсэн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, нэмээд Ж.Энхбаяр гурав гомдоно. Тэрнээс тойроод Тэргүүн шадар сайд хэвээрээ үлдэхээр намынхаа Засгийн газарт намын дарга нь хэд дэх эрэмбийн сайд ч болох юм, бүү мэд.
Тэгээд ч УИХ-ын АН-ын бүлгийнхэн өчигдрийн хурлаараа УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон тухайгаа зарлалаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулахдаа: Сүүлийн нэг сарын хугацаанд Монголд өрнөсөн үйл явдалд татагдаж ороогүй төрийн байгууллага үлдээгүй байх. Үүнд хамгийн их хохирол амссан нь парламент байх шиг байна. УИХ-ыг нэг намын талбар болгохгүйн тулд намын дарга, парламентын спикерээс түдгэлздэг байх ёстой. Үүнийг олон улсын жишгээс харж болно. Намын дарга парламентын толгойд сууж болохгүй. Намын дарга давхар дээлтэй байж болдоггүй олон улсын жишгийг бид дагах ёстой. Энэ утгаараа намын дарга, УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилж, өнөөдөр намын бүлэгт танилцуулж дэмжлэг авлаа. Энэ бол Үндсэн хуульд нөлөөлөх хэмжээний асуудал биш. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай л асуудал. Бид парламентын засаглалтай улс л юм бол энийг халж, олон улсын жишгээр мөн чанараар нь парламентыг бий болгох ёстой. Голч, төвч байр сууриас парламентын хурлыг удирддаг хүн хэрэгтэй. Тиймээс толгой дээр нь нэг намын дарга гарч суух биш, олон намын даргыг мэтгэлцүүлдэг байх ёстой юм. Нэг намын дарга парламентын спикер болбол парламентын ардчилал үгүй болно гэв. Шулуухандаа энэ нь МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын дарга болох замыг хааж байгаа юм. Нэг талаас энэ. Нөгөө талаасаа Н.Учралыг УИХ-ын дарга биш, Ерөнхий сайд бол гээд зүг чигийг нь заагаад өгчихлөө.
Уул нь Н.Учрал сая хагас сайны орой МАН-ын дарга болуутаа 18 жилийн өмнө С.Баярын МАХН-ын XXV их хурал дээр хэлсэн шиг: Намайг намын даргаар сонгосон журмын нөхдөдөө баярлалаа. Нэгэнтээ ялыг нь үүрэх надад ямбыг нь эдлэх эрхийг олгоно уу гээд Ерөнхий сайд болох эрхийг Их хурлаасаа авч чадахаар л харагдаж байв. Гэвчиг тэгсэнгүй. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар тогтвортой ажиллуулна гэж тохиргоо хийгчдэд хэлснээ мартахад арай ойрхон байсан байх.
Гэлээ гэхдээ Ерөнхий сайд байсан С.Баяр Н.Учралыг МАН-ыг дарга болсны дараа олон нийтийн сүлжээнд яг энэ талаар байр суурь илэрхийлжээ. Тэр: Монгол Улс парламентын засагтай улс. Эрх баригч намын даргын албыг Ерөнхий сайдын албанаас салгадаг нь сайн үр дүнд хүргэхгүй. Аль ч талаас нь бодсон. Тодорхой хүн бус нийтлэг зарчим ярьж буй. Энэ үгийг би одоо л хэлж байгаа юм биш. Одоогоос яг 18 жилийн өмнө, намын XXV Их хурлын индэр дээрээс хэлж байлаа. Бодол, зарчим маань хэвээрээ гэсэн байна.
Ганц С.Баяр биш, МАН-ын Их хуралд төлөөлөгчөөр ирж оролцсон орон нутгийн гишүүд нь ч энэ утгатай үгийг хэд хэдээрээ хэлж л харагдсан. Тиймийн учраас Н.Учрал өөрөө л хүсвэл Ерөнхий сайд болохоор зүтгэхэд оройтоогүй гэсэн үг. Уулаасаа: Нэгэнтээ намын дарга болсон учраас 27 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 28 оны УИХ-ын сонгуульд МАН ямар амжилт үзүүлэхээс Н.Учралын хувь тавилан шалтгаална. Ялагдвал хариуцлага хүлээж ажлаа өгнө. Ялах юм бол 28 онд Ерөнхий сайд болно. Ерөнхийдөө: Ямар ч намын дүрэмд намын дарга ганц л тохиолдолд хариуцлага хүлээдэг. Сонгуульд ялагдвал солигддог. Гэхдээ МАН сүүлийн үед намын даргаа цаг бусаар дүрэм бусаар сольдог болсон. Энүүнээс гадна эдний намынхан нам нь сонгуульд ялах юм бол намын дарга нь Ерөнхий сайд болдог төр ба намын харилцааны бичигдээгүй алтан дүрмийг зөрж явдаг болсон. Энэ яагаад бичигдээгүй атал алтан дүрэм бэ гэхээр: Алив намын мөрийн хөтөлбөрийг тухайн сонгуульд удирдаж орж буй намын удирдлагын баг боловсруулдаг. Автор нь гэсэн үг. Ялах эсэх мөрийн хөтөлбөрийн бодитой болоод чанартай байдлаас шалтгаална. Ялах юм бол тэрхүү хөтөлбөр нь хэрэгжих ёстой болох учраас тэр. Хөтөлбөрийг гүйцэтгэх засаглалаар дамжуулж хэрэгжүүлнэ. Тэгэхийн тулд намын дарга нь Ерөнхий сайд болох улс төрийн шаардлага үүсдэг. Гэтэл нь: 27 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 28 оны УИХ-ын сонгуулийн дүн ямар ч гарсан хариуцлага хүлээхгүй субьект болох Г.Занданшатар Ерөнхий сайд хийгээд байдаг. Хэдхэн үгээр буулгахад: Г.Занданшатарын ажлаар Н.Учрал дүн тавиулна. Угтаа: Н.Учрал 27, 28 онуудад ялах уу, ялагдах уу гэдгийг Г.Занданшатар шийднэ. Г.Занданшатар олигтой ажиллавал Н.Учрал 27, 28 онуудын сонгуулиудад ялж, 28 онд Ерөнхий сайд болно. Олиггүй бол огцорно. Утгагүй л юм. Гэлээ гэхдээ: Тохиргоо хийгчид энэ удаагийн МАН-ын дарга болон Ерөнхий сайдыг 27 оны сонгуулийн дараа буухаар зурсан гэх юм бас дуулдаж буй. Шулуухандаа: У.Хүрэлсүх 27 онд Ерөнхийлөгчөөс буугаад Г.Занданшатараас Ерөнхий сайд, Н.Учралаас МАН-ын даргаа аваад 28 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж орох тохиргоо хийгдсэн гээд байгаа. Гэлээ гэхдээ ам, амьдрал хоёр зөрөх тохиолдол байх. Ерөнхий сайдын албан тушаалгүйгээр МАН-ын даргаа хийгээд явна гээд бодтол болсонгүй. Гол нь өмнө хэлсэнчлэн: Г.Занданшатарын ажлаар Н.Учрал дүн тавиулна гэдэг юу ч гэсэн үг болох юм. Базах нь ээ: Монголын зовлон болтол томорсон МАН-ын зөрчлийн үндэс бол энэ намаас тохоогдсон албан тушаалтнууд нь албан тушаалдаа эзэн болж чадалгүй, басхүү нэг нь нөгөөгийнхөө эрх мэдлийг хуваалцсанаас болсон. Сүүл рүүгээ практикаар нэг хүний хашдаг албан тушаалыг хоёр түүнээс дээш хүнд тараах байдлаар үлгэрт гардаг 15 толгойтой мангас шиг тогтолцоо угсарсан. Тэгээд зогсохгүй УИХ-ын сонгуулиар ард нийтийн өгсөн санал, сонголтыг өөрсдийнхөөрөө шинээр зохион байгуулж өөрчилсөн. Сая хагас бүтэн сайнд болсон МАН-ын XXXI их хурлын тайзан дээр ажлаа өгсөн ч албан ёсоор МАН-ын дарга гэсэн бүртгэлтэй Л.Оюун-Эрдэнэ, бага хурал нь МАН-ын даргаар сонгосон ч шүүхдээд түдгэлзүүлчихсэн Д.Амарбаясгалан, нэгэнтээ МАН-ын дарга нь хэн бэ гэдэг асуудалтай тул дүрмээрээ шууд орлох ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, тэдний дээрээс нэмээд 24 онд өвдөг шороодсон ч сонгуулийн дараа ЕТГ-ын дарга болж, дараагаар нь Ерөнхий сайдын албан тушаалд ирсэн Г.Занданшатар нар чихэлдээд л зогсож буйг бүгдээрээ харлаа…
Ө.Билэг
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрч...
8 цагийн дараа
Б.Ариунбаяр: Их хэмжээний нөөц бүхий Оюутолгойн ордоо монголчуудын хүртэх өгөөж багатай улигт гэрээний заалт руу оруулж болохгүй
Улс төр судлаач Б.Ариунбаяртай удахгүй болох Оюутолгойн сонсголын асуудлаар ярилцлаа. -Оюутолгойн төсөл амжилттай хэрэгжиж, энэ оны ...
7 цагийн дараа
Өвлийн саруудын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун өм...
7 цагийн дараа
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа
Засгийн газрын тэргүүн нар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэл, эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, хүмүүнлэги...
7 цагийн дараа
Г.Занданшатар олигтой ажиллавал Н.Учрал 28 онд Ерөнхий сайд болно, олиггүй бол огцорно
Уул нь ердөө долоо хоногийн өмнөхөн шийдвэр гаргаж тохиргоо хийдэг хүмүүс: МАН-ын дарга Ж.Энхбаяр шүү гэдэг дээр бараг тогтоод байв....
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


