Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Б.Ариунбаяр: Их хэмжээний нөөц бүхий Оюутолгойн ордоо монголчуудын хүртэх өгөөж багатай улигт гэрээний заалт руу оруулж болохгүй

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 11 сарын 18

news-img

Улс төр судлаач Б.Ариунбаяртай удахгүй болох Оюутолгойн сонсголын асуудлаар ярилцлаа.


-Оюутолгойн төсөл амжилттай хэрэгжиж, энэ оны сүүлийн хагасаас эхлээд зарлага байхгүй, дандаа орлого орж байх нөхцөл үүсээд байгаа энэ үед Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол явагдах гэж байна. Ирэх сарын эхээр явах энэ сонсголд дуудагдсан гэрчүүдийн нэрс зарлагдлаа?

-Оюутолгойн төсөл бол монголчуудын анхлан хийсэн олон улсын томоохон гэрээ хэлцэл. Мөн Монголын бүх иргэдэд хамааралтай өмч. Тэгэхээр энэхүү нээлттэй сонсголд ихээхэн ач холбогдол өгч, хэн юу ярихыг хүлээж байгаа байх аа гэж бодож байна. Заримдаа монголчууд бид анхаарах ёстой юмаа анхаардаггүй, мэдэх ёстой юмаа анзаардаггүй. Гэтэл таны халаасан дахь эд хөрөнгөтэй холбоотой, ирээдүйд төрөө ч үгүй байгаа хүүхэд хүртэл өр төлбөрт орчих эрсдэл бүхий асуудал үүсээд байхад анхаарахгүй байх нь утгагүй. Тийм учраас УИХ-ын Хянах шалгах түр хорооноос хийж байгаа энэ Оюутолгойн асуудлаарх нээлттэй сонсголыг бүх Монголын иргэд маань анхааран тогтож сонсоосой гэж хүсч байгаа. Бид бүгдтэй холбоотой энэ асуудлыг төрийн нууц, компанийн нууц гээд бүх зүйлийг нууцын цаана хийж, биднийг дэндүү мэдээлэлгүй явуулж ирсэн шүү дээ. Анх 2009 онд хөрөнгө оруулагчдын гэрээ гэж байгуулж, түүнийхээ цаана Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж нууц гэрээ байгуулж, түүндээ хамаг сумаа нуусан байдаг. Эхнээсээ ард түмний хөрөнгийг нууцын цаана хийснээс үүдэн хүмүүс өнөөдөр хардахаас аргагүй нөхцөлд хүрсэн. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд бүх зүйл нууц байж ирлээ.

Харин төсөл бүхэлдээ дуусч, олборлолт эхэлж байгаа энэ цаг хугацаанд 126 гишүүнтэйгээр анх байгуулагдсан энэ парламентын эхний Хяналтын түр хороо түүхэн асуудлаар байгуулагдаж, шинэ тутам хэрэгжиж эхэлж байгаа Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд энэ асуудал яригдах болсон нь тун чухал хэрэг гэж бодож байна. Монголчууд бид газрын баялгаа ашиглуулаад өртэй үлдэж болохгүй. Олон хүн энэ төсөл, энэ гэрээ ашиггүй болсон гэж боддог. Үнэхээр тийм юм уу, эсвэл бид буруу бодоод байна уу гээд олон асуултад энэ сонсгол хариулт өгнө гэж найдаж байна.

-Зарим гэрчүүд тухайлбал, энэ гэрээг гардаж хийсэн Ерөнхий сайд асан С.Баяр залуучууд бидний нэрийг барьж попрох юм гэнээ, ирэхгүй гэсэн агуулгатай ярьсан байсан. Тэр утгаар гол гэрчүүд ирэхгүй байх юм биш биз?

-Энэ Хянан шалгах хорооны ажлын хүрээнд маш олон гэрч нэр дурдагдсан байна лээ. Ингэж нухацтай авч үзэх нь ч зөв. Гэхдээ хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ 300 хүнд нэр нь багтсан хүмүүс бүгд буруутай хүмүүс гэсэн үг биш. Тэд тухайн үедээ шийдвэр гаргах, гүйцэтгэх, ямар нэг байдлаар энэ гэрээний эргэн тойронд юу болсныг, энэ төслийн ажил амжилттай хийгээд алдаатай болох нөхцөл байдлын нэг хэсэг, гэрч нь байсан хүмүүс. Үнэхээр тэр гэрээг хийж байсан үед монголчуудад олон улсын гэрээ хэлэлцээрт орох туршлага байгаагүй. Хүүгийн нөхцөл, нийлмэл хүү, өөр юу байдаг юм нарийн ширийнийг гадарлаж байсан нь хэд бол. Нөгөө талд байгаа хөрөнгө оруулагчид бас ирээд өөрсдийнхөө нөхцөл байдлыг ярих хэрэгтэй. Үнэхээр менежментийн зардлыг хэтрүүлээд байх ямар нөхцөл үүссэн юм, ер нь зардал хэтрээд зээл нэмж аваад байдаг. Авахдаа өндөр хүүтэй аваад байдаг. Гэтэл монголчууд өөрсдөд нь ирэх өр нэмэгдээд байхаар дургүйцэх нь зүйн хэрэг шүү дээ. Тиймээс аль аль талууд юу болж өнгөрсөн, бас Хяналтын түр хорооны хэлэлцэх асуудлын хүрээнд нээлттэй ярилцах нь зөв. Түр хороо байгуулагдсанаар оноос өмнө амжиж хэлэлцээрийг эхлүүлж чадсан. Одоо сонсголоороо өнгөрсөнд дарагдсан олон хуудсуудыг монголчууддаа нээж өгөх гэж байна гэж харж байна.

-Ерөнхий сайд асан С.Баяр гуайн хувьд өөрөө ч ярилцлагуудаараа энэ гэрээн дээр алдсан байснаа зөвшөөрсөн л байсан санагдаж байна…

-Өөрөө ирээд энэ түүхэн гэрээг гардаж хийсэн хүнийхээ хувьд юуг нь мэдэж байсан, юуг нь мэдэхгүй алдсан гэдгээ нээлттэй яриад шинэ жишиг тогтоочих хэрэгтэй. Олон жилийн өмнө ярилцлагадаа өөрийгөө амбицтай хүн, түүхэнд ямар Ерөнхий сайд болж үлдэх чухал гэж ярьсан байсан санагдаж байна. Одоо түүнийгээ харуулах л хэрэгтэй. Түүнээс тэр залуу гишүүн, энэ шинэ цагийн улстөрчид өөр дээр нь тодрох гээд байна гэж өөрөө харин попрох хэрэггүй л дээ. Тэгээд ч өөрөө үнэхээр эрх ашигт хөтлөгдөөгүй юм бол Оюутолгойн гэрээг илүү сайжруулах боломжийн талаар шинэ үеийнхэндээ дэмжлэг үзүүлээд ажиллах ёстой гэж бодож байна. Ер нь шүүхээс ял авсан бай, аваагүй бай олон нийт энэ гэрээний эргэн тойронд юу болсон талаар хэдийнэ өөрсдийн дүгнэлтээ хийчихсэн шүү дээ. Олон нийт хэдийнэ тэдэнд ёс зүйн хэм хэмжээний ялаа өгчихсөн. Хэний ямар хаус, хэний дансан дахь өөрөө ч мэдэхгүй мөнгө гээд бүх мэдээлэл олон нийтэд тодорхой ойлголт. Энэ бүхэнд нэр холбогдож ирсэн хүмүүс харин ч сонсгол дээр ирж, нээлттэй яриад монголчууддаа ирэх үр өгөөжийг сайжруулах боломжийн төлөө хамтрах нь чухал.

-ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ГАРГАЖ ХИЙСЭН САНЖИЙН БАЯР ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС СОНСГОЛД ИРЭЭД ЮУГ НЬ МЭДЭЖ , ЮУГ НЬ МЭДЭХГҮЙ АЛДСАН ГЭДГЭЭ ЯРИАД ШИНЭ ЖИШИГ ТОГТООЧИХ ХЭРЭГТЭЙ –

-Хянан шалгах түр хороо Оюутолгой, Рио Тинтогоос мэдээлэл авахаар хэд хэдэн удаа дуудахад ирэхгүй байгаа харагдсан. Энэ нь нэг талдаа хамтран хувь эзэмшдэг монголчуудын төлөөллөө болгож байгуулсан УИХ-ыг үл тоож байгаа анзаарагдаж байсан?

-Тийм гоомой алхам хийж байгаа нь анзаарагдсан. Одоо олон нийтэд үнэн зөв бодитой мэдээллийг өгөөд, хамтраад урагшаа л явах газар шүү дээ. Монголын улс төрийн байдал тогтворгүй, намууд хоорондоо байтугай нам дотроо хагаралтай байхаар гадныхан хүртэл ингэж хандаж байгаа хэрэг л дээ. УИХ нь дуудахаар ирэхгүй, тэгснээ Засгийн газартай хэлэлцээр хийхээр болоод байдаг. Өнгөрсөн он жилүүдэд энэ компани ингээд ажиллаад ирсэн байж болно л доо. Улстөрчидтэй нь ярилцдаг, ойлголцчихдог. Энэ намтай нь биш бол тэр намтай нь гээд. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй

Олон нийт асар их мэдээлэлтэй болсон. Хэн зөв, хэн буруу байгааг ялгаж чадна. Монголчуудтай хэлэлцээрийн ширээний ард суухдаа улстөрчдийг нь аргалчихад болно гэж бодож, тэгж ажиллаж ирсэн бол одоо аргаа өөрчлөх хэрэгтэй. Ерөөсөө бизнесийн зарчмаар л ажиллаад, хэн хэндээ ашигтай, өгөөжтэй явах сонголт бүрэн байна. Магадгүй хориод жилийн өмнө манайд чадалтай мэдлэгтэй боловсон хүчин бага байсан байж болно. Одоо өөрчлөгдсөн. Залуус мэдээллийг хаанаас ч авч байна. Тиймээс аргалах, юм хум тараах, аль нэг бүлэглэлтэй ойлголцох гэх биш шударга зарчмаараа яваад, ард түмэнд өгөөж ирдгээрээ ирвэл уурлаж дургүйцэх хүмүүс биш ээ, монголчууд.

-Оюутолгойн өгөөжийг анх бидэнд ойлгуулахдаа талхаар харуулж байсан. Нийт өгөөжийн бүр 71 хувийг монголчууд, 29 хувийг л хөрөнгө оруулагчид авна гэж байсан. Гэтэл Үндсэн хуулинд заасан газрын хэвлийн баялгийн дийлэнх гээд ядаж 51 хувийн өгөөж ч байхгүйд хүмүүс сэтгэл дундуур байдаг…

-Энэ төслөөс монголчууд олон зүйлийг хүлээдэг нь үнэн. Энэ удаагийн гэрээгээ амжилттай хийчихвэл дараа дараадаа амжилттай олон төслийн эхлэл ч болох учиртай байсан. Гэвч анхны ярьж хэлснээс бүх зүйл өөрчлөгдөж, зардал өсдөг, тэр нь яагаад өсөөд, зээл нэмж авахад хүрээд байгаа нь бидэнд тодорхойгүй, оролцох ч эрхгүй явж ирсэн. Өгөөж 34 хувь ч биш, хорин хэдхэн хувь байгаа талаар судалгаа байсан даа. Сая гэхэд Тагнуулын байгууллагаас худалдан авах ажиллагааны ажилтнууд нь баривчлагдлаа. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд бид 6 тэрбум ам.долларын зээл авч, хүүтэйгээ 12 тэрбум ам.долларын өртэй болоод байна. Бид зээлээ төлж дуусахгүй болж, хувь ногдлын тухай бодох ч эрхгүй. 2037 он болтол зээлээ төлж дуусахгүй тооцоолол байгаа бөгөөд нийтдээ 6 тэрбумын зээл, 18 тэрбумын хүү гээд нийлээд 24 тэрбум ам.долларыг Рио Тинтод төлөх тооцоолол байгаа. Энэ Рио гэдэг компани чинь зэс олборлодог газар юм уу, хүү олборлодог компани юм уу. Хувь ногдол авах нөхцөлөө монголчууд наашлуулахгүй бол бид баялгаа өгчихөөд нэмээд өрөнд орохоор байна гээд мэргэжлийн хүмүүсийн анхааруулаад байгаа нь үнэн юм. Нэг тоо хэлье л дээ.

Оюутолгой ХХК-ийн өөрсдийнх нь нээлттэй тайлан дээр байгаа тоо. Оюутолгой 2021-2051 он хүртэл гучин жилийн тооцоолол гаргаснаас харахад зэсийн борлуулалтын хамгийн оргил үе нь 2028 он байгаа юм. Одоо ингээд тасралтгүй өссөөр 2028 онд арвин ургацаа хураана. Гэтэл тэр үед бид зээлээ төлж дуусаагүй учраас өгөөж гэж юу ч авахгүй, харин 2037 оноос төлж дуусаад авч эхлэх үед өгөөжийн хувь өссөн мэт байх ч авах зүйл бараг байхгүй. Уурхай өөрийн зардлаа л төлөхүйц үе нь эхэлсэн байна. Үүнийг монголчууд бүгд ойлгож, өөрсдөдөө үр өгөөж ирэх боломжийг ярих цаг болсон. Өнгөрсөн хавар санагдаж байна, танай сонин дээр гарсан ярилцлага дээр “Монголчуудын хүртэх өгөөж Рио цэцэрлэгт хүрээлэн, татвар төдийгөөр хязгаарлагдах ёсгүй” гэсэн байсан, үнэхээр голыг нь олоод хэлсэн байсан шүү.

-Оюутолгойн сонсгол дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, УИХ -ын дарга, гишүүд, үе үеийн ТУЗ-ийн гишүүд гэрчээр дуудагдсан байсан. Тухайн үед гэрээ хийх үед хариуцлагатай алба хашиж байсан, бас чухал тогтоолууд гаргаж байсан байх. Харин өндөр цалинтай ТУЗ-ийн гишүүнээр өнгөрсөн хугацаанд маш олон хүн ажиллаж байсан юм билээ?

-Ер нь төрөөс Оюутолгой төслийн хүрээнд хэд хэдэн тогтоол, захирамж бас ажлын хэсгүүд гарч ирсэн. Гэхдээ хэрэгжилт нь удаашралтай, хангуулах тал дээр урагшлаагүй, өгөөжөө нэмэгдүүлэх, зээлийн хүүгээ буулгах тал дээр ямар ч алхам хийж ирээгүй зүйлүүд их харагддаг. Сүүлийн үед хүмүүс албан тушаалтнуудын эс үйлдэхүйн талаар их ярих болсон нь үүнтэй холбоотой. ТУЗ-ийн гишүүдийн хувьд олон хүн Монголын Засгийн газрыг төлөөлж очиж байсан. Нам солигдоход өөрчлөгдөж, нам нь ялахад буцаж очих зэргээр олон хүн энэ албанд очсон.

Гэхдээ 6:3-ын харьцаатай учраас шийдвэр гаргахад ямар ч ач холбогдолгүй гэдэг. Энэ хүмүүс сонсгол дээр ирж үнэн бодит байдлыг ярих л ёстой. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж, монголчуудын язгуур эрх ашгийг хангах үүрэгтэй ажиллаж байсан Н.Багабанди гуай гэхэд арван жил Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажилласан байгаа шүү дээ. Тэр хүн бас ирж үгээ хэлэх л ёстой. Гэрчээр дуудагдсан бүх хүмүүс үүргээ хүлээж, монголчуудынхаа мэдэх эрхийн төлөө алхам хийх ёстой. Энэ бол үүрэг нь юм. Ирэхгүй хүмүүсийг шаардаж, хариуцлага ярихыг ч олон нийт шахах нь зөв.

-Онтрэ бол дараагийн Оюутолгой. Энэ бол монголчуудын шинэ боломж гэж яригдаж байгаа. Гэтэл Рио Тинто үүнийг Оюутолгойтой дуугүй нэгтгээд авах сонирхолтой байна. Энэ сонсголоор уг нууцлаг ордын талаар хүмүүс ойлголттой болж авах болов уу?

-Тухайн үеийн Оюутолгойн гэрээг байгуулж байсан хүмүүс Онтрэ дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой талаар ярьж байгаа. Тусдаа компанийн тусдаа орд яахаараа Оюутолгойн нэг хэсэг болох вэ. Энэ удаагийн сонсголоор хүмүүс Онтрэ компанид хамааралтай хоёр лицензийн үүх түүх, гэрээ байгуулах үеийн ойлголт, өнөөдрийн нөхцөл байдал дээр мэдээлэл авч чадах биз ээ. Би бас анхаарч хүлээж байгаа. Онтрэ бол Оюутолгойн нэг хэсэг, Онтрэгийн талбайгүй бол Оюутолгой ашиггүй гэж илэрхий нөгөө талд байр суурь илэрхийлж байгаа хүмүүс, улстөрчид байвал хардах хэрэгтэй гэж би боддог. Тэнд ямар эрх ашиг үйлчлээд хамааралгүй тусдаа компанийн лицензийг хамааралтай болгож байна вэ гэдэг дээр хардлага эрхгүй төрөх ёстой.

Одоо дахиад ихээхэн хэмжээний нөөц бүхий ордоо монголчуудын хүртэх өгөөж нь улам бүр багассаар байдаг улигт гэрээний заалт руу аваачиж оруулж болохгүй ээ. Бид нэг үеэ бодвол хэлэлцээрийн ширээний хойно сууж чаддаг болсон. Амжилттай туршлагуудтай ч болсон. Ер нь асуудал нууц байх тусмаа ард түмэн харддаг, итгэдэггүй. Тиймээс бүх зүйл нээлттэй тодорхой болгоход хүмүүс ч өөр, өөрсдийнхөөрөө дүгнэлтээ хийгээд явдаг.

-Сонсгол олон хийдэг. Гэхдээ бодитой гарсан үр дүн төдийлөн харагддаггүй. Энэ удаагийн сонсголд бид нийтээрээ ач холбогдол өгч, анхаарах нь зөв байх, тийм үү?

-Оюутолгойн төсөл бол монголчуудын хувьд бахархалт төсөл байх учиртай. Тэгэхийн тулд үр өгөөж нь тодорхой, баялгийн эзэн монголчууд ч, хөрөнгө оруулагч тал ч сэтгэл хангалуун үлдэхийн тулд гэрээ хэлэлцээрээ улам бүр сайжруулаад явах ёстой. Тэгэхэд энэ удаагийн сонсгол алдаа, оноогоо дэнслэх том талбар болно гэсэн хүлээлттэй байна. Ард иргэдэд энгийн үгээр тайлбарлаж, нэгмөсөн энэ ойлголтыг мухарлах цаг болсон. Тэ ЗҮ нь шууд орчуулгаараа, 20 мянган хувьсгагч энэ тэр гээд гадныхны толгой эргүүлэх орчуулга энэ тэргүй энгийн иргэдэд ойлгомжтойгоор хүргэх нь хаа хаанаа л хэрэгтэй.

Ер нь үндэсний мэргэжилтнүүд Монголынхоо стандарт журмаар ТэЗҮ-ийг хянаж хүлээн авах ёстой. Тэгж байж л бид урагшаа явах учраас бүх талууд энэ нээлтэй сонсголд ач холбогдол өгч, ирэх ёстой хүмүүс нь ирж, тайлбарлах ёстой хүмүүс нь тайлбарлаж, мэдэх ёстой улс нь мэдэж аваасай гэсэн хүлээлттэй байна. Ер нь Оюутолгойн гэрээг боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг цаашид татах таатай бөгөөд тогтвортой орчныг бүрдүүлж нэг бус Оюутолгойтой болсноор жинхэнэ утгаараа “баялагтаа эзэн Монгол” болох юм шүү дээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Нэгдүгээр тойрог зам” ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэл 20-25 хувиар буурна

Нийслэлийн замын сүлжээ нь хотын төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул ...

img

8 цагийн дараа

Мексикийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэв

Өнгөрсөн бямба гарагт Мексикийн нийслэл болон бусад томоохон хотуудад олон мянган иргэд гэмт хэрэг болон ерөнхийлөгч, хадагтай Клауд...

img

7 цагийн дараа

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно. 2025 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар с...

img

7 цагийн дараа

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрч...

img

7 цагийн дараа

Б.Ариунбаяр: Их хэмжээний нөөц бүхий Оюутолгойн ордоо монголчуудын хүртэх өгөөж багатай улигт гэрээний заалт руу оруулж болохгүй

Улс төр судлаач Б.Ариунбаяртай удахгүй болох Оюутолгойн сонсголын асуудлаар ярилцлаа. -Оюутолгойн төсөл амжилттай хэрэгжиж, энэ оны ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд