мэдээ
Ж.Энхсайхан: Цөмийн дайн таван улсын асуудал биш гээд л “сэлэм эргүүлээд” явна

Админ
2025 оны 11 сарын 22

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Энхсайхантай ярилцлаа. Тэрбээр удам дамжсан дипломатч, Монгол Улсыг цөмийн зэвсэггүй статустай болгосон гавьяатан билээ.
-Та удам дамжсан дипломатч хүн. Таны аав Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баярын Жаргалсайхан гэж нэр алдартай, сайхан хүн байсан. Та аавынхаа тухай манай уншигчдад ярьж өгөөч. Аль нутаг усны хүн бэ?
-Миний аав одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын хүн. Нутаг усаа их ярина. Дорнод аймгийг хөгжүүлэхийн тулд юу хийж болох вэ, газар зүйн байршлаа бодсон ч тэр, японууд цөмөрч орж ирж байна, ингэлээ тэглээ гээд л их юм бичдэг байлаа. Бидэнтэй ч их ярина. Аав маань Дорно дахины их сургууль төгссөн. Тэр үед бичиг үсэгт тайлагдсан хүн цөөн.
Бичгийн ажилд их дайчлагддаг байжээ. Дахиад Орос руу явж сураад ирэхэд нь манай улсад 1930-аад оны хэлмэгдэл гараад эхэлчихсэн байсан. Бичиг үсэгтэй, нэлээд юм мэддэг хүмүүсийн ихэнх нь үзэл бодлоосоо болж баригдаж, хохирч байсан цаг үе шүү дээ. Энэ тухай “Гучаад оныхон” номондоо бичсэн байдаг. Маршал Х.Чойбалсан дуудсан юм билээ. Уг нь нэг нутгийн хүмүүс л дээ. “Бид чамайг Москвад Элчин сайдын яаманд ажиллуулмаар байна” гэхэд нь аав нэлээд гайхаж хүлээн авсан гэдэг. Орост суралцаад ирснийг нь бодолцсон уу, үнэхээр боловсон хүчний нөөц хомсдолтой байсан уу, эсвэл туршлага нь хэрэгтэй гэж бодсон уу, мэдэхгүй юм. Ж.Самбуу гуайн хоёр дахь хүн болж, II дайны үед тэнд ажиллаж байсан. Ингээд гадаад харилцааны чиглэлээр тодорхой ойлголттой болсон гэж үзсэн юм шиг байгаа юм. “Цөмийн дайныг эсэргүүцсэн дэлхийн орнуудын уриалга”-ыг хүмүүст хүргэх, гарын үсэг цуглуулах кампанит ажилд оролцуулсан. Дараа нь эргүүлэн дуудаад “Бид одоо Хятадад Элчин сайдын яамаа нээнэ. Чамайг тийшээ томилохоор боллоо” гэжээ.
-Мөн ч гайхалтай хувь зохиолтой хүн юм даа. Аав тань Америкт хэдэн жил болсон бэ. Та аавыгаа дагаж хэдэн оронд амьдарсан бол?
-Хоёр жил болсон. Өмнө нь Монголыг НҮБ-д элсэх асуудлаар аав мөн явж байсан л даа. Монголын асуудлыг 1961 онд хэлэлцэхэд Д.Цэвэгмид гуайтай хамт явж, манай улс НҮБ-ын гишүүн болсон. Байнгын төлөөлөгч, өөр Элчин сайдаар хэнийг томилох вэ гэж ярилцаад аавыг томилон явуулсан юм. Би 11 настай, аавыгаа дагаад л явсан. Дараа нь Чех улсад аавыг Элчин сайдаар томилсон юм.
-Та сая аавыгаа цөмийн дайны эсрэг гарын үсэг цуглуулж явсан гэлээ. Та хоёр чинь дипломатч төдийгүй үе дамжаад энэ аугаа үйлсийн төлөө зүтгэсэн юм байна шүү дээ?
-Нэг ёсондоо тийм юм. Би, 1962-1963 онд Нью-Йоркт байхад “Карибын хямрал” болсныг санадаг юм.
-Дипломатч хүний гэр бүлд төрж өсөн, бүр багаасаа л төрийн хар хүн болж бэлтгэгджээ. Тэр том хүний дэг сургуулиар хүмүүжих гэдэг хэр баргийн хүнд олдоод байхгүй хувь тавилан юм даа. Аав тань таныг яаж хүмүүжүүлдэг байв?
-Аав маань Нью-Йоркт очингуутаа “Чи англи хэлгүй бол энд сургуульд яваад яах юм” гээд хамгийн түрүүнд хэл сурах учиртайг ойлгуулсан. НҮБ-ын сургууль англи хэл дээр хичээлээ заадаг учир аав маань ч надад нэлээд цаг гаргадаг байлаа. Хоёр дахь жилээсээ би хүүхдүүдтэй танилцаад, англиар ойлгодог, даалгавраа ч асуух шаардлагагүй болоод ирсэн л дээ.
-Таны Орост хамгаалсан докторын ажлыг чинь нууц гээд аваад үлдсэн гэдэг юм билээ. Тэр нь ямар учиртай юм бол?
-Миний мэргэжил бол олон улсын хуульч. Гэхдээ би номын чиглэлээр л юм хийе гэж боддог байсан. Тэр үед социалист орнуудаас НҮБ-ын гишүүн 11-хэн улс байсан юм. Арга тактикийн хувьд тэдэнд нэлээд юм хэрэг болно оо доо. Ухаандаа, яс хаях ч байдаг юм уу, өөртөө татах ч юм уу, би тиймэрхүү зүйлийг сонирхоод, тэгээд тэр чиглэлээр ажилласан. Диплом бичүүлж байгаа байгууллага нь ЗХУ-ын Гадаад явдлын яам байсан учир нууц архивтаа орох эрх өгсөн л дөө. Тэгээд л нөгөө арга тактикуудыг чадах, мэдэхээрээ судлаад л, бүгдийг нь бичихийг хичээсэн. Дипломоо хамгааллаа. Тэгсэн би архивт нь орж, “хаалттай материалтай танилцсан учраас гадагш гаргаж болохгүй” гээд гурван хувь дипломын ажлыг маань бүгдийг нь авч үлдсэн. Тэгээд баяр хүргээд л. Яах вэ, надад гар ноорог маань байсныгаа сэргээж, Гадаад Явдлын яаманд авчирч өгсөн л дөө. Одоо Төв номын санд байгаа байх. Олон улсын харилцааны арга тактикийн талаар нэлээд зүйлийг сурсан.
-Тухайлбал, ямар арга тактикууд байдаг юм бол?
-Олон улсын харилцаанд нэг их сайхан үг хэллээ гээд асуудлыг шийддэггүй байхгүй юу. Хэнтэй уулзах вэ, ямар дэс дарааллаар ярих вэ гээд нарийн зүйлүүд бий л дээ. Тийм ч учраас миний дипломын ажлыг хурааж авч байгаа юм.
-Таны түүхэн замналыг бүгдийг нь ганц удаагийн ярилцлагаар яриулна гэвэл барагдахгүй юм байна. НҮБ-д ажилласан тань их сонирхолтой санагддаг?
-Би анх Гадаад явдлын яаманд Гэрээ эрхийн хэлтэст 1974-1979 онд ажилласан. Ингээд 1979-1986 онд БНМАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт дипломат ажилтнаар томилогдсон бол дараа нь 1996-2002 онд байнгын төлөөлөгчөөр ажиллахдаа хууль, эрх зүй, олон улсын гэрээ конвенц, нийгмийн асуудлыг хариуцдаг байв. Тэгээд гурав дахь удаагаа 2008-2012 онд Монгол Улсаас Австри улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын Вена дахь салбар, Олон улсын атомын энергийн агентлаг, Европын аюулгүй байгууллагын ЕАБХАБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажилласан түүхтэй. Би хоёр дахь удаа явахдаа их юм сурсан гэж боддог. Социалист орны хүн чинь хүний эрхээс эхлээд зөндөө зүйлийг сурч, мэдэж байгаа юм чинь.
-Таныг НҮБ-д томилогдон ажиллахаар явахад, аав тань маш чухал захиас өгсөн байдаг юм билээ. Олон улсын харилцаанд номоор заах боломжгүй зүйлийг хэлсэн байдаг, бүх улс тэгш эрхтэй, зарим улс илүү тэгш эрхтэй гээд. Энэ зарчим бол өнөөдөр ч гэсэн үйлчилсээр л байх шиг байна?
-Байгаа, байгаа. Олон улсын харилцаанд, НҮБ-ын төсвийн бараг 25 хувийг Америк бүрдүүлдэг байхгүй юу. Бүх улс адил тэгш эрхтэй ч гэсэн мөнгөө гаргаж байгаа улс илүү эрх мэдэлтэй. Цөмийн асуудал дээр ч гэсэн бас тийм. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай цөмийн статусгүй улс болно гээд түүнийгээ хэрэгжүүлэхээр даалгавар өгч, намайг томилсон юм. Яагаад гэвэл, тухайн үед АНУ нэлээд их эрх мэдэлтэй харин ЗХУ бол бяргүй, эрх мэдэл багатай болчихсон байсан. Хятад улс дөнгөж улс орнуудтай харилцаагаа өргөжүүлж байсан үе. Тэгээд бид хөрш зэргэлдээ хоёр улстайгаа “Үүн дээр яах вэ” гэхээр “Бид мэдэхгүй ээ, тэр Америктай л ярь” гэдэг байхгүй юу, хар үгээр бол үнэний хувьтай л даа. Иймд би Америкийн талтай нэлээд ярьж, ажилласан. Цаг үе нь тийм байсан. Одоо бол өөрчлөгдсөн л дөө. Олон улсын харилцаанд иймэрхүү зүйл байдаг.
-Ингэхэд, манай улс яагаад гэв гэнэтхэн “Цөмийн зэвсэггүй бүс болгоно” гэдэг том амбицтай гарч ирэх болов?
-Түүх сөхнө л дөө. 1989-1990 онд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн шүү дээ. Бидний гадаад аюулгүй байдал ямар нөхцөл байдалд орох нь вэ? ЗХУ бидэнд баталгаа олгох нь уу, үгүй юу. Гэрээ, эрх зүйн баталгаа юу билээ гээд судалсан. Гэтэл оросууд өөрсдөө ч хаашаа эргэхээ мэдэхгүй болчихсон байсан. Тэгээд надад “Монголын гадаад аюулгүй байдал”-ыг судал гэсэн даалгавар өгсөн л дөө. Тэр үед чинь манийгаа тоодог улс бараг байдаггүй. Манайх чинь далайд гарцгүй, хөрөнгөтөн орнуудтай дөнгөж харилцаа тогтоож эхэлж байгаа, тэгээд хүн ам цөөтэй гэдэг ч юм уу. Тэгээд бодож, бодож тухайн үед “Цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудал”-ыг нэлээд ярьж эхэлж байсныг ашигласан гэх үү дээ. Хоёр ч ийм бүс байгуулагдаж эхэлсэн. Тэр талаар судлаад “бид ийм бүс байгуулвал ямар вэ” гэж оросуудад хэлсэн. Авч хэлэлцээгүй. Тэр үед ноёрхож байсан нь Америк, мөн барууны орнууд байсан юм. Би ч тэр зүгт хандах сонирхолтой. Цөмийн гэх тодотголд үнэндээ Америк ч, Орос ч анхаарал тавина гэж би бодсон. Алсдаа “дэлхийн асуудал болох учраас бусад улс орон ч гэсэн анхаарал тавих нь гарцаагүй” гээд л бид энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн.
-Цөмийн зэвсэггүй статустай улс болсон гэснээс өнөөдөр энд тэнд их дураараа ярьж, нийгмийг айдаст автуулдаг хүн мэр сэр байна. Тухайлбал, Монголд уран олборлох гэж байна. Эсвэл цөмийн хог хаягдлыг булшлах гэж байна гэдэг ч юм уу?
-Нэгдүгээрт, тэр асуудал чинь цөмийн зэвсэгтэй холбоогүй. Нөгөөтэйгүүр, цөмийн аюул гарч ирж бас болзошгүй юм. Гэхдээ одоо үед бага оврын, цөмийн шаар хаягдал их хэмжээгээр гаргадаггүй цахилгаан станцуудыг барьж эхэлж байна. Тиймээс ч олон улсын харилцаанд үүгээрээ өрсөлдөж байна. Минийх илүү хямдхан, минийх шаар хаягдлын хэмжээгээрээ бага ч гэдэг юм уу, нэг иймэрхүү өрсөлдөөн ажиглагдаж байгаа. Манай улсын хувьд урантай юм чинь уранаа ашиглах хэрэгтэй л дээ. Гэхдээ яарч хэрэггүй. Монголд том оврын цахилгаан станц ч хэрэггүй.
Манай улс 2045 он гэхэд бага оврын цахилгаан станцтай болох боломжтой. Цөмийн энергийг энхийн зорилгоор 5-6 чиглэлд ашиглаж болно шүү дээ. Бид үүнд анхаарал хандуулах ёстой.
-Хүний авьяас билэг, мэргэжлийн ур чадвар, туршлага тэтгэвэрт гардаггүй л дээ. Та гавьяаны амралтад суугаад 10 жил лав болж байгаа байх. Гэхдээ би хувьдаа таныг зүгээр налайж суух хүн гэж бодохгүй байна. Сүүлийн үед та юу хийж байна даа?
-Би 30 жилийн хугацаанд цөмийн зэвсэгтэй улсын Элчин сайдуудтай 88 удаа уулзсан хүн. Эхлээд тоодоггүй байсан. Сүүлдээ арай гайгүй хандлагатай болсон л доо. Ингэж хөөцөлдөж, яриа хэлцэл хийсний үр дүнд 2012 онд цөмийн зэвсэгтэй таван орон “Танай цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэнэ. Түүний эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй” гэж Монгол Улсад баталгаа гаргаж өгснийг үргэлжлүүлэн “Энэ чинь зөвхөн Монголын асуудал биш” гэсэн судалгааг хийж, “Цэнхэр сүлд” ТББ байгуулан ажиллаж байгаа. Чоно, чоноо барьдаггүй юм. Цөмийн зэвсэгтэй улсууд хоорондоо дайтахгүй байх. Харин хажууд байгаа жижиг улсуудаа ашиглаж магадгүй. Тийм учраас жижиг улсууд Монголын энэ саналыг дэмжих ёстой. Өнөөдөр яах вэ, зарим нь бидний амыг дагуулж яриад байгаа. Цаанаа бол хөдлөхгүй байгаа нь ч бий. Гэхдээ цөмийн дайн гэдэг чинь зөвхөн таван улсын асуудал биш шүү дээ. Бид бүгдээрээ хохирох учраас чимээгүй байж болохгүй гээд “сэлэм эргүүлээд” л явж байна.
-Зүүн хойд Азийн судлалаар олон улсын хамтын нийгэмлэгүүд, судалгааны байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн ганц монгол хүн нь таныг гэж сонссон. Удахгүй олон улсын хурал зохион байгуулах гэж байгаа гэсэн?
-Бүс нутгийн хурлыг энэ сарын 26-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Зүүн хойд Азийн сүлжээний энэ байгууллагаа 2005 онд байгуулсан л даа. Хоёр Солонгос хоёулаа энд байдгаараа онцлогтой. Улс орнуудын ТББ-ууд нь Засгийн газартайгаа хамтарч ажилладаг юм.
Н.ГАНТУЛГА
Г.ГАНЧИМЭГ
Нийслэл 263 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэл дэх Тө...
7 цагийн дараа
Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотноо уулзлаа. Хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, б...
6 цагийн дараа
ЭМЯ: “BYHEART” нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Монгол Улсад өнөөдрийн байдлаар “BYHEART” нялхсын сүүн тэжээл нь импортоор орж ирээгүй талаар гаалийн байгууллагаас мэдээлсэн. Уг бү...
6 цагийн дараа
Зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоожээ
Сүхбаатар дүүргийн прокурорын газар болон тус дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ...
5 цагийн дараа
Ж.Энхсайхан: Цөмийн дайн таван улсын асуудал биш гээд л “сэлэм эргүүлээд” явна
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Энхсайхантай ярилцлаа. Тэрбээр удам дамжсан дипломатч, Монгол Улсыг цөмийн зэвсэггүй статустай бо...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд


