мэдээ
В.Өлзийбаяр: Бидний боловсруулсан аргуудыг томоохон тооцоолол шаарддаг салбарт ашиглаж болно

Админ
2025 оны 11 сарын 20

Дэлхийн шилдэг хэвлэлийн газар “Springer Nature”-т Монголын математикчдын 2013 оноос хойш ажилласан бүтээл хэвлэгджээ.
Тус бүтээлийг томоохон тооцоолол шаарддаг, тухайлбал, уул уурхай, цаг уур, эдийн засаг зэрэг салбарт математик загварчлал, тооцоолол хийхэд ашиглаж болох юм байна. ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, тус хүрээлэнгийн болон ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн эрдэмтэн, академич, шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш, шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн проректор, доктор, профессор В.Өлзийбаяр нарын хамтарсан “Тооцон бодох математик” багийн бүтээл “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол чиглэлүүд, хэрэглээ” математикийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулан, дэлхийн олон орны эрдэмтэд энэ бүтээлээс эш татаж, ашиглаж буй юм байна.
Энэ талаар ШУТИС-ийн проректор, доктор, профессор В.Өлзийбаяраас тодрууллаа.
-Манай математикчдын бүтээлийг “Springer Nature”-т нийтэлсэн гэж сонслоо. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?
-ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав багшийнхаа удирдлага дор сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд багаараа судалгаа хийж, үр дүнг нь олон улсын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Судалгаа, шинжилгээний хүрээндээ шугаман бус тэгшитгэл, түүний системийн бодох интеграцийн аргын шинэ цогц онолыг боловсруулсан юм. Үүнийгээ квант механикийн бодлогуудыг бодоход хэрэглэн гели болон гели төсөөт атомуудын үндсэн төлөвийн энергийг 20-иос дээш орны нарийвчлалтайгаар тооцоолох, уг атомын үндсэн төлөвийг их энергитэй электрон, протоноор йончлох процессын дифференциал хөндлөн огтлолыг бодох, хоёр атомт бериллийн молекулын үндсэн төлөвийн болон мета тогтвортой төлөвийн бүх энергийг тооцоолох зэрэгт ашигласан. Энэ ажил маань нэр бүхий шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдэж, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 30 гаруй удаа эшлэгджээ.
-Уншигчид математикийн шинжлэх ухааны энэ нарийн хэллэг, нэр томьёог тэр бүр ойлгохгүй. Гэхдээ олон улсын судлаачдын хийж чадаагүй ажлыг та бүхэн хийж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнд баяр хүргэе.
-/Инээв/, бидний боловсруулсан бүтээлийг олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудын 159 номын санд байршуулсан.

-Та бүхний судалгааны үр дүнг бодит амьдрал дээр юунд ашиглах боломжтой вэ?
-Томоохон тооцоолол шаардагддаг, тухайлбал, уул уурхай, цаг уур, эдийн засаг зэрэг салбарын математик загварчлал, тооцоолол, шийдийг олоход бидний боловсруулсан аргуудыг ашиглаж болно. Эдийн засаг, хими, физик, биологийн процессуудын математик загвар нь ихэнх тохиолдолд алгебрийн болон тухайн уламжлал дифференциал тэгшитгэлүүдийн шугаман, шугаман бус системээр илэрхийлдэг. Бидний боловсруулсан өндөр эрэмбийн нийтлэлтэй олон алхамт арга, алгоритмууд нь ихээхэн хэмжээний өгөгдөл бүхий ерөнхий хэлбэртэй томоохон алгебрийн болон тухайн уламжлалт тэгшитгэлүүдийн системийг бодож тоон шийдийг олоход чиглэсэн юм. Тиймээс цаг уур, далай судлалын сар, жилээр боловсруулсан өгөгдөлд прогноз хийх, бусад салбарын туршилтын үр дүнгээр тасралтгүй загвар, муруй байгуулах зэрэгт бидний байгуулсан локал сплайныг маш үр ашигтайгаар ашиглаж болно. Энэ арга, алгоритмууд нь компьютерын тооцооллын хурдыг нэмэгдүүлж, бодох хугацааг эрс багасгахаас гадна нарийвчлалыг сайжруулж байгаагаараа үр өгөөжтэй.

Г.ГАНЧИМЭГ
В.Өлзийбаяр: Бидний боловсруулсан аргуудыг томоохон тооцоолол шаарддаг салбарт ашиглаж болно
Дэлхийн шилдэг хэвлэлийн газар “Springer Nature”-т Монголын математикчдын 2013 оноос хойш ажилласан бүтээл хэвлэгджээ. Тус бүтээлий...
1 цагийн өмнө
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.11...
2 цагийн өмнө
Н.Учрал: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө
УИХ-ын чуулганы үдээс хойших өнөөдөр /2025.11.20/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Мо...
3 цагийн өмнө
Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч аравдугаар сард төлөвлөгөөт 8, төлөвлөгөөт бус 35 удаагийн хяналт шалгалтад 158 аж ахуйн н...
4 цагийн өмнө
БОХХAAБХ:Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 29 минутад эхэлж, хуралд...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



