мэдээ
Хэт боловсруулсан хүнс 50-иас доош насныхны хавдрын эрсдэлийг 45 хувиар нэмэгдүүлж байна

Админ
2025 оны 11 сарын 25

Хэт боловсруулсан хүнс ихээр хэрэглэдэг залуу хүмүүсийн хувьд бүдүүн гэдэсний хавдарт хүргэж болзошгүй ургацаг үүсэх эрсдэл өндөр байдгийг шинэ судалгаа харууллаа. Арваннэгдүгээр сарын 13-нд JAMA Oncology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 50-иас доош насны эмэгтэйчүүдийн хоол хүнсний хэрэглээний хамгийн том хэсгийг хэт боловсруулсан хүнс эзэлдэг бол эдгээр эмэгтэйчүүдэд бүдүүн гэдэсний хавдрын өмнөх үеийн ургацаг илрэх эрсдэл 45 хувиар нэмэгдсэн байна. Судалгааг ахалсан Массачусетсийн Ерөнхий Эмнэлгийн Brigham Cancer Institute-ийн Клиник болон Хөрвөлтийн Эпидемиологийн нэгжийн захирал доктор Эндрю Чан “Судалгааны үр дүнд хэт боловсруулсан хүнсний хэрэглээг бууруулах нь эрт үеийн бүдүүн гэдэсний хавдрын өсөж буй ачааллыг бууруулах нэг арга зам болохыг харуулж байна” гэж мэдэгдээд, “Эрсдэл шугаман өсөлттэй харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хэт боловсруулсан хүнс илүү их хэрэглэгдэх тусам бүдүүн гэдэсний ургацаг үүсэх магадлал нэмэгддэг” гэжээ. Хэт боловсруул сан хүнсэнд савласан бялуу, сахартай өглөөний хоол, бэлэн эсвэл халааж иддэг бүтээгдэхүүн, хиам, зайдас зэрэг хөргөгчний махан бүтээгдэхүүн багтана. “Эдгээр хүнс шим тэжээл маш бага бөгөөд хиймэл амт, өнгө оруулагч, тогтворжуулагч, эмульгатор, өтгөрүүлэгч зэрэг олон төрлийн нэмэлт бодис агуулдаг” хэмээн Нью-Йорк мужийн Great Neck дахь Northwell Health Cancer Institute-ийн хавдар судлаач, клиник профессор Кристин Молменти ярьжээ. Тэрээр “Үнэндээ эдгээр бүтээгдэхүүн нь байгалийн шимт чанараа бүрэн алдаж, хэт их боловсруулагдсанаас болж хүнсний анхдагч бүтэц, ашигтай бодисууд нь үндсэндээ устдаг” гэж хэлэв. Мөн тэрээр “АНУ-д хүнсний үйлдвэрлэл өнгөрсөн зуунд эрс өөрчлөгдсөн. Бидний идэж буй хүнснүүдийн орц найрлага нь өмнөх үеийнхтэй огт адилгүй болсон бөгөөд олон хүн тэдгээр орцыг танихаа больсон” гэж нэмж дурджээ. Шинэ судалгаанд 1947-1964 онд төрсөн сувилагчдын оролцсон 24 жилийн турш үргэлжилсэн томоохон эрүүл мэндийн тандалтын мэдээллийг ашигласан байна. Судалгаанд хамрагдсан 29000 гаруй сувилагч 50 нас хүрэхээсээ өмнө дор хаяж хоёр удаа бүдүүн гэдэсний дуран хийлгэж, хавдрын урьдчилсан үеийн шинж тэмдэг илрэх эсэхийг хянажээ. Үүний үр дүнд 2800 гаруй эмэгтэйд бүдүүн гэдэсний ургацаг илэрсэн байна. Оролцогчид дөрвөн жил тутам хоолны хэрэглээний асуулга бөглөж, хэт боловсруулсан хүнсний дундаж хэрэглээг тодорхойлжээ. Дундаж хэрэглээ нь өдөрт 5.7 порц байсан гэж судлаачид тэмдэглэсэн байна. “Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай үр дүн биш” гэж профессор Молменти хэлээд “Адил хэмжээний хүн амыг хамарсан ижил төрлийн судалгаа эрэгтэйчүүдэд хийгдсэн тохиолдолд үр дүн нь мөн төстэй гарах магадлалтай” гэв. Судлаачид одоо хэт боловсруулсан хүнсний төрлийг ангилан, аль нь илүү хор хөнөөлтэй болохыг тогтоох, мөн эрт үеийн бүдүүн гэдэсний хавдрын бусад эрсдэлийн хүчин зүйлийг илрүүлэх судалгаа хийж байгаа аж. “Хоол хүнс хүний гэдсээр дамжихдаа сайн ч бай, муу ч бай шууд нөлөөлдөг. Хэт боловсруулсан хүнс нь гэдэсний микробиомын тэнцвэрийг алдагдуулдаг, үрэвсэл үүсгэдэг, инсулиний эсэргүүцэл бий болгодог, бодисын солилцоог доголдуулдаг. Иймээс бие организм өвчнөөс хамгаалах чадвараа алддаг” гэж тэрбээр хэлжээ. Доктор Чан мөн “Хавдрын тохиолдол нэмэгдэж буй өнөө үед хоол тэжээл ганцхан шалтгаан биш. Манай эмнэлэгт эрүүл хооллодог ч хавдар туссан олон залуу өвчтөн байдаг. Иймд хоолны хэрэглээтэй холбоотой хүчин зүйлсийг илүү нарийн судлах шаардлагатай” гэв. Судалгааны баг цаашид хэт боловсруулсан хүнсний ангиллыг илүү нарийвчлан боловсруулах, хүний биед хэрхэн нөлөөлдгийг тогтоох, мөн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг бусад боломжит хүчин зүйлсийг судлахаар ажиллаж байна. Профессор Молменти “Хэт боловсруулсан хүнс өвчин өдөөдөг, харин байгалийн бүтэцтэй, шим тэжээлтэй хүнс өвчнөөс хамгаалдаг. Тиймээс залуу эмэгтэйчүүдийн дунд эрсдэл нэмэгдэж байгаа нь энэхүү судалгаагаар тодорхой харагдаж байна” гэв. Монгол Улсад ч мөн адил хэт боловсруулсан хүнсний хэрэглээ өндөр хэвээр байгаа бөгөөд ялангуяа инстант гоймон, чипс, хиам, бэлэн бүтээгдэхүүн зэрэг нь залуусын өдөр тутмын хэрэглээнд түгээмэл ордог. Ийм төрлийн хүнсний хэрэглээ нэмэгдэх хэрээр бүдүүн гэдэс болон хоол боловсруулах замын эрсдэлийн талаар олон улсын судалгааны дүгнэлтүүд Монголын нөхцөлд ч хамааралтай байж болзошгүйг мэргэжилтнүүд онцолдог аж.
Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд 2025.11.17-нд нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв. Нийтлэлийн зохиогч: Dennis Thompson
Орчуулсан: М.Мядагбадам
“Ардчилсан” улсуудын коммунист эрх баригчид
Өнгөрсөн амралтын өдрүүдэд барууны бүх томоохон хэвлэлүүд “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанаас боловсруулсан шинэ “энхий...
8 цагийн дараа
Б.Юмчинрагчаа: Цаг, минут тутам халуурсан, ханиалгасан хүүхдүүд ирж байна
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар Баянзүрх дүүргийн IX хорооны “Энх-Энэрэл” өрхийн эмнэлгийн эмч Б.Юмчинрагч...
7 цагийн дараа
Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн хагас коксон түлш тээвэрлэн хүргэгдэж байна
Нийслэлчүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжинэ. Хагас коксон түлш бол нүүрсийг 500-70...
7 цагийн дараа
Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагий...
6 цагийн дараа
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна
МАН даргаараа 80 оны сүүл үеийн залууг сонголоо. Ингэснээр удаан бужигнасан улс төр тогтов. Та ингэж бодож байна уу. Тэгвэл үгүй. Өн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


