мэдээ
А.Өлзийдэлгэр: Төсвийн орлого тасарснаар татварын дарамт далд эдийн засгийн эрсдэлийг бий болгоно

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 12 сарын 14

Эдийн засагч А.Өлзийдэлгэртэй ярилцлаа.
-Татварын дарамт иргэд болон аж ахуйн нэгжүүдийн амьдралд бодитоор хэрхэн мэдрэгдэж байна вэ?
-Иргэдийн хувьд хамгийн их мэдрэгдэж байгаа татвар бол Нийгмийн даатгалын шимтгэл байна. Одоо 11.5 хувийг төлж байгаа. Дээрээс нь Хүн амын орлогын албан татвар 10 хувь, жилийн орлого 100 сая төгрөгөөс дээш болчих юм бол шаталсан татвар төлж байна. Хүмүүсийн цалин нэмэгдэх тусам Хүн амын орлогын алба татварын тухай хуулийн дагуу төлөх татвар нь нэмэгдэж байна гэсэн үг. Хууль батлагдаж байх үед ам.долларын ханштай харьцуулахад арван сая төгрөг их байсан байж магадгүй. Тэгвэл өнөөдөр валютын ханш өссөн, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байгаа үед 10 сая гэдэг нэрлэсэн дүнгээрээ өндөр харагдах боловч яг худалдан авах чадвар нь буурчихсан байгаа юм. Тэгэхээр энэ нь иргэдэд саад болж байна. Мэдээж иргэдийн худалдан авалт хийж буй бүх бараа бүтээгдэхүүн дээр НӨАТ, нийслэлийн хоёр хувийн татвар нэмэгдчихэж байгаа юм. Ингээд бодохоор иргэд нийслэлийн хоёр хувь, НӨАТ, хувь хүний орлогын албан татвар, орон сууц, тээврийн хэрэгсэл, үл хөдлөхийн гээд хамгийн багадаа 34 хувийн татвар төлж байна. Аж ахуйн нэгжүүд ч бас яг адилхан. Гол асуудал нь НДШ-д 12.5 хувийг төлж байгаа. Ажилчдынхаа цалинг нэмье гэхээр тэр хэрээр төлөх татвар нь өсөөд байдаг. Тийм болохоор аж ахуйн нэгжүүд цалингаа нэмж чаддаггүй.
Үүнээс бол сайн хүний нөөцөө хадгалж авч үлдэж чаддаггүй. Улмаар компани сайжрах өсөх, томрох энэ бүх үйл явц процесс НДШ -тэй холбоотой гацчихаад байгаа нь бодит үнэн. Аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж буй дараагийн асуудал нь НӨАТ. Тухайлбал, НӨАТ шивдэг болон шивдэггүй байгууллагууд байдаг. НӨАТ шивдэггүй арилжаа наймаа хийдэг улсууд нь бараа бүтээгдэхүүнээ хямдаар зараад байдаг болохоор бизнес нь яваад байдаг. Яг шударгаар татвараа төлж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн нь үнэтэй болчихно. Мэдээж үнэтэй бүтээгдэхүүнүүдийг иргэд, үйлчлүүлэгчид худалдаж авах боломжгүй болчихоод байгаа юм. Мөн бизнесүүдэд дарамт болж байгаа татвар буюу үлэг болтлоо байнга яригддаг бас нэг татвар байна. Энэ бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэдгийг бүгд мэднэ. Зургаан тэрбумаас дээшээ орлоготой бол шатлалаар 25 хувь аваад эхэлчихэж байгаа юм. Гэтэл бизнесүүдээ томруулах, хөрөнгө оруулах мөнгө нь шууд ААНОАТ руу явчихаад байна.
-Жижиг, дунд бизнесүүдийн хувьд аль төрлийн татвар хамгийн их хүндрэл үүсгэдэг юм бол?
-НДШ болон НӨАТ хоёр жижиг, дунд бизнесийнхний хувьд маш том дарамт. НӨАТ гэхэд барааных нь өртөгийг шууд 10 хувиар нэмэгдүүлчихэж байгаа гэсэн үг. Үүнийг тайлагнах, буцааж, өөрийнхөө түүхий эд, бараа материалыг худалдаж авахад зарим нь НӨАТ-тэй байдаг бол зарим нь НӨАТ-гүй байна. Тэр байтугай НӨАТ төлдөггүй байгууллагынхаа НӨАТ-ыг нь даагаад явж байгаа хэсэг ч бий. Энэ нь жижиг, дунд хөлөө олоогүй компаниудад хүндрэлтэй байдаг. Жижиг, дунд компаниуд бол ашгийн орлогын албан татвар ярихгүй байгаа шүү дээ. Ашиг бол тэндээсээ татвар төлдөггүй. Тийшээ хүрэх ч угаасаа болоогүй. Наад талын үйл ажиллагааг тогтворжуулахад асуудал үүсээд байгаа юм.
-Татварын дарамтнаас болж бизнесүүд дампуурахад хүрлээ гэж байна. НӨАТ-ын буцаан олголт далд эдийн засгийг ил болгох зорилготой бий болсон. Гэтэл эсэргээрээ болж байна гэх хандлага нийгэмд бий. Аж ахуйн нэгжүүд НӨАТ шивэхээ больж, НӨАТ хассан үнээр худалдан авалт хийдэг болжээ. Энэ нь далд эдийн засаг руу л улам явж байна гэсэн үг биз дээ?
-Ер нь энэ онд манай улсын эдийн засаг сайн биш байгаа. Төсвийн орлого төсөөлөлдөө хүрэхгүй тасарчихсан. Манай улсын эдийн засгийн 40 орчим хувь нь төсвийн орлогоос бүрддэг. Олон байгууллага төрд үйлчилгээ үзүүлж буй тендерт оролцдог. Бодит байдал дээр тухайн компаниуд үйлчилгээ үзүүлж байгаа мөнгөнийхөө заримыг нь өөрсдөөсөө гаргаад дараа нь гүйцэтгэлээрээ төрөөс төлбөрөө авна гээд явдаг. Ялангуяа энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтын төсөл дээр ажиллаж байгаа компаниудын төлөлт хугацааны дагуу хийгдэхгүй. Дараа он руу шилжих дүр зураг байна. Одоо тэдгээр компаниуд ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлж чадахгүй, зарим нь цагтаа тавьж чадахгүй гээд нийт худалдан авах чадвар массаараа унаж байгаа. Ийм үед НӨАТ төлөөд үнэтэй бүтээгдэхүүн зарах боломжгүй болж байна. Түүнийгээ дагаад аж ахуйн нэгжүүд ямар нэгэн аргаар үнэ бууруулах, зардлаа танах, борлуулалтаа хадгалах, цалингаа тавих зэрэг янз бүрийн арга хэмжээ рүү орж байгаа. Үүний нэг нь яалт ч үгүй НӨАТ-ыг шивэхгүй дүнгээр гаргах, НӨАТ шивэхгүйгээр борлуулалт хийх зэргээр үзэж байна л даа. Нэг талаасаа НӨАТ бол далд нэдийн засгийн ил болгох зорилготой. Гэхдээ эдийн засаг унаад агшаад явж байгаа үед татварын дарамт нэг талдаа далд эдийн засгийн эрсдэлийг бий болгож байна.
-Татварын бодлогыг бизнесийг дэмжсэн хэлбэрт оруулахын тулд яг ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ?
-Монгол Улс аль салбараа дэмжих гээд байгаа юм бэ. Тэр салбартаа татварыг хавтгайрсан байдлаар бууруулж болохгүй шүү дээ. Онцгойрсон, хөгжүүлэх ёстой, Монгол Улсын ирээдүйн татварын бааз суурийг хамгийн их бүрдүүлэх боломжтой өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх салбарыг дэмжих хэрэгтэй. Ингээд харахаар уул уурхайгаас бусад экспорт хийдэг компаниудад татварын хөнгөлөлттэй шаардлага байвал зүгээр. Тэгэхгүй бол бүх татварыг буурууллаа ч гэсэн уул уурхайгаас хамааралтай, нүүрс, зэсийн экспортоос орж ирсэн орлогоо төр, аж ахуйн нэгжүүд нь хувааж аваад амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл, нэг орлого, нэг худалдан авагч, нэг нийлүүлэгчээс хамааралтай эдийн засгийг солонгоруулах, энэ бодлогыг татвараар дамжуулж хэрэгжүүлэх нь татварын үндсэн зорилго. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан тэрбумын босгыг дээшлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг том компанийн дор жижиг, жижиг, компаниуд байгуулагдаад байна. Ингэснээр гаднаас зээл авах, хөрөнгө оруулалт татах, дараагийн бизнес рүү явах гэхээр нэг том баланс харагдахгүй болохоор хүндрэлтэй байдаг.
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ...
7 цагийн дараа
ХҮН нам 10 жилийн ойн баярын хурал үргэлжилж байна
ХҮН нам 10 жилийн ойн баярын хурал үргэлжилж байна ХҮН намын 10 жилийн ойн баярын хурлыг нээж ХҮН намын дарга, Монгол Улсын Шадар са...
6 цагийн дараа
“Тэмээчдийн баяр – 2025” бүсийн уралдаан болно
БНМАУ-ын анхны аварга тэмээчин Д.Гэндэнгийн нэрэмжит “Тэмээчдийн баяр – 2025” бүсийн уралдаан энэ сарын 20, 21-нд Өвөрхангай а...
6 цагийн дараа
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Батнайрамдал, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар өн...
6 цагийн дараа
Найруулагч Д.Золбаяр: Кино театрынхан уран бүтээлчдийг дорд үзсээр ирсэн
Кино театруудаар киногоо гаргахад уран бүтээлчдэд ямар асуудал үүсдэг талаар найруулагч Д.Золбаяртай ярилцлаа. -Сүүлийн үед уран бүт...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд


