Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Найруулагч Д.Золбаяр: Кино театрынхан уран бүтээлчдийг дорд үзсээр ирсэн

trend

Админ

img

2025 оны 12 сарын 14

news-img

Кино театруудаар киногоо гаргахад уран бүтээлчдэд ямар асуудал үүсдэг талаар найруулагч Д.Золбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед уран бүтээлч, найруулагчид кино театруудыг гэрээгээ зөрчдөг, тооцоогоо удаадаг зэргээр шүгэл үлээх болсон. Кино уран бүтээлчийн хувьд танд ийм асуудал тохиолдож байв уу?

-Надад ийм зүйл олон удаа тохиолдож байсан. Яагаад гэвэл үе үеийн кино театрын удирдлагууд яг ийм асуудал гаргадаг. Уг нь үзэгчид мөнгөө төлж үзэж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр мөнгийг уран бүтээлчдэд зохих хэмжээнд нь өгдөггүй. Жишээлбэл, би өөрөө 2000 онд “Ялалт” кино театр байх үед тухайн үеийн даргаас нь киногоо авч чадахгүй хэдэн сар болж байсан. Бүр хотын Соёлын элчинд хүртэл өргөдөл гаргаж байсан. Бөөн хэл ам болж авч байлаа. Тэр өргөдөл нь одоо хүртэл надад бий. “Ялалт” кино театрын үед ерөнхий нягтлангийн хүүхэд нь тухайн үедээ авто ломбардтай байсан юм билээ. Тэгээд бидний мөнгийг тэр ломбарддаа эргэлдүүлдэг байсан байгаа юм. Бид бөөн юм болж, гуйж байж сайн дураараа л хэдэн төгрөг өгдөг байсан. Бодвол захиралтайгаа холбоо хамааралтай л байсан байх. Тэгэхээр сүүлийн үеийн кино театруудад асуудал үүсээд байгаа юм биш, дээр үеэсээ ийм байсан гэсэн үг. Социализмын үед “Өргөө”-ийн Баатар, “Ялалт”-ын Дамба гэж сайхан хүмүүс байсан. Тэд бол монгол киногоо, уран бүтээлчдээ маш сайхан дэмждэг байлаа. Гэвч 2000-аад оноос эхлээд ийм болсон түүхтэй. Ер нь кино театрынхан уран бүтээлчдийг “Эд нар бидний хэлснээр л байна” гэж дорд үзсээр ирсэн. Тэгэнгүүт “Бөгс долооно” гэж ярьдаг шиг зүйл болж эхэлсэн. Би үүнд маш дургүй. Олон ч удаа хэлж байлаа. Саяхан найруулагч А.Баттүшиг дүү маань цахим сүлжээнд энэ талаар бичсэнд би маш их баярласан. Дүү маань ийм амьдралыг туулсан юм байна л даа. Сүүлийн үеийн жижиг кино театруудыг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ “Өргөө” бол үнэхээр асуудалтай. Би бүр сүүлдээ “Өргөө” кино театрт киногоо өгөхөө больсон. Үүнээс болж өчнөөн сая төгрөгийн алдагдалд орж байлаа. Тэдэнтэй жаахан л үг сөрөх юм бол болохгүй. Цаг өгөхдөө хүртэл үнэхээр хөгийн цаг өгдөг. Жишээ нь, би өдрийн хоёр цаг авлаа гэж бодъё. 300 хүний суудалтай гэж бодоход өдөрт 600 хүний суудал авсан гэсэн үг. Тэгэнгүүт хүн үздэггүй өглөөний суудал тавьчихдаг. Тэгэхээр заал дүүргэлт нь муу байна шүү дээ. Заал дүүргэлт нь муу байвал шууд буулгачихдаг. Ингээд манай киноныхон кино театрын маркетингийн албаныханд хувиараа авлига өгсөөр байгаад муу зан сургачихсан. Би бол хэзээ ч авлига өгч үзээгүй. “Битгий ингээч ээ” гэж хэлээд ч тэд үг авдаггүй.

-Уран бүтээлчид кино театруудтай гэрээгээ яаж хийдэг вэ. Гэрээнийхээ дагуу байдаггүй гэсэн үг үү?

-Гэрээг цаасан дээр хийсэн байдаг. Гэвч тэр гэрээг ерөөсөө тоодоггүй. Цаасан дээр бичсэн учраас шаардлага тавихад хүлээж авахгүй бол шууд шүүхэд хандах ёстой. Тэгэхэд манайхан ханддаггүй. Хэрвээ хандвал нөгөөдүүл чинь араандаа зуучихна шүү дээ. Ийм заваан юм байж болохгүй.

-Тэгэхээр кино хийхээсээ илүү уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох нь нэлээд асуудалтай болсон гэж ойлголоо?

-Ер нь кино хийхээсээ илүү үзэгчдэд үзүүлэх нь бараг хэцүү болчихоод байна. Бид илүү юм нэхээгүй шүү дээ. Бидний хийсэн юмыг тэд зараад бараг 50 хувийг нь авч байгаа. Уг нь бол бид чанартай зүйл хийвэл тэдэнд оногдох хувь нь нэмэгдэнэ. Гэтэл кино театрын маркетингийн албанд дандаа кино мэдэхгүй хаа хамаагүй хүмүүс орж ирдэг. Тэгээд тэд чинь хоёр гурван жил хувиараа мөнгө олж байгаад л алга болчихдог. Кино театрт ажиллаж байгаад авлига аваад, зуны байшин, машин тэрэг авсан хүмүүс ч бий. Дараа нь кино урлаг яана уу тэдэнд ямар ч хамаагүй. Ийм маягаар кино театрууд явж байгаа шүү. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэж үг байдаг. Жинд явахгүй хүн ачааг нь татаж болохгүй гэсэн үг. Үүн шиг киноны биш хүмүүс киноны маркетингэд байгаад байна. Захирлууд нь ч өөрсдөө кинотой холбоотой хүмүүс биш. Өөрт нь мөнгө өгсөн хүмүүст үйлчилдэг болчихсон. Ингээд энэ бүх завхарлууд гарч ирж байна.

-Кино театруудын чанар, стандарт ямар байна вэ?

-Кино театруудын проектор нь муудсан байна гэсэн яриа гардаг. Хамгийн гол нь бид киногоо хийх гэж маш их цаг хугацаа, мөнгө төгрөгөөс эхлээд бөөн юм болно шүү дээ. Өр зээл тавина. Үүний эцэст кино театрын зааланд проекторыг нь ашиглаад л киногоо гаргаж байгаа шүү дээ. Тэгээд авсан мөнгөө өгдөггүй. Мөн гадаа самбар болон дотор байгаа зургууд гээд бүгдийг нь бид өөрсдөө хэвлүүлдэг. Кино театраас юу ч зарцуулдаггүй. Бас сошиалаар, телевизээр реклам цацвал тэдэнд ямар ч хамаа байхгүй. Өөрөөр хэлбэл, тэд нар кино театраа ашиглуулсныхаа төлөө бидний мөнгийг авчихаад өгдөггүй.

-Кино уран бүтээлчид өөрсдөө энэ тал дээр дуугарах нь чухал байх л даа?

-Хамгийн гол нь киночид өөрсдөө нэгдэх ёстой байна. Харамсалтай нь киночид ерөөсөө нэгддэггүй юм. Киночид ч гээд байх юм байхгүй дээ. Жүжигчид л кино хийдэг шүү дээ. Тэд кино ашигтай бол хэдэн төгрөг олно. Ашиггүй болоод ирвэл найр, наадмаа хөтлөөд явчихдаг. Яг киноны хүмүүс биш. Тийм хүмүүс кино театруудыг давраагаад байгаа юм. Бас нэг зүйл хэлэхэд, кино театраас гадна IPTV-үүдэд асуудал байна. XXI зуун гарчихаад байхад миний киног хэдэн хүн үзсэн гэдэг нь шилэн байх ёстой атал тийм биш. Жишээ нь, та мөнгөө төлөөд миний киног үзлээ гэж бодоход хэдэн хүн үзсэн нь надад мэдэгдэж байх ёстой. Тэгэхэд үүнийг нь хаачихдаг. Ийм байдалтай арваад жил болж байна. Уг нь тэр мөнгөнөөс татварт тэдэн хувь, уран бүтээлч болон IPTV өөрсдөө тэдэн хувийг нь авна гээд автоматаар тооцогдчихоор хялбархан зүйл шүү дээ. Гэтэл тэгдэггүй юм. Ингээд өнөөх мөнгөө бас хэдэн сар болж байж л өгдөг. Ийм учраас Монголын кино хөгжихгүй байгаа юм.

-Манай улсын хувьд киноны зах зээл жижигхэн, дээр нь кино театруудад ийм асуудал үүсдэг нь уран бүтээлчдэд дарамт болох нь ойлгомжтой байх?

-Бүх зүйлийг зах зээлийн хууль шийднэ гэдэг үг Монгол Улсад тохирохгүй. ТҮЦ, найман нэрийн дэлгүүрт л энэ үг тохирч магадгүй. Киноны хувьд манай улс зах зээл дэндүү жижигхэн байхгүй юу. Тийм учраас энэ жижигхэн зах зээлийг төрийн зохицуулалттайгаар зохицуулахгүй бол яг зах зээлийн жамаар явна гэвэл бүтэхгүй. Сүүлийн үеийн кино хөгжөөд байна гэж гайхуулаад байгаагийн учир юу вэ гэвэл угаасаа камер, тоног төхөөрөмж нь сайжраад байгаа юм. Техник бол биднээс шалтгаалахгүй, хямд үнээр гарч ирээд байна. Гэхдээ сайн камер гарч ирсэн ч бидэнд гоё гэрэлтүүлэг байхгүй учраас Холливудын кино шиг өнгөтэй хийж чадахгүй. Тэр гэрэлтүүлгийг авах гэхээр уран бүтээлчдэд мөнгө байхгүй.

Дундаж гэрэл нь 10 мянган ам.доллар. Үүнийг авлаа гэхэд тэрийг асаах тог байхгүй. 6000, 10000 ваттаар асаадаг тусгай машин байдаг юм. Кино хийж байгаа хүмүүс сонин, хэвлэлд ярилцлага өгөхдөө маш сайхан зүйл л яриад байгаа боловч цаанаа бөөн өр зээл, асуудал байдаг. Ингээд киноноосоо хэдэн төгрөг олбол өөртөө л наахыг бодно. Машин авна. Гайгүй ашигтай бол байр авахыг бодно. Эсрэгээрээ өрөө төлөхийн тулд явж байгаа уран бүтээлч ч зөндөө байна. Хамгийн гол энэ бүгд дээр уран бүтээлчид өөрсдөө нэгдэх нь чухал байна гэдгийг дахин онцолж хэлмээр байна.

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсчээ

 Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 12.7 хувиар өсжээ. Сүхбаатар дүүрэгт ши...

img

4 цагийн дараа

Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 тохиож байна

Богд Зонховын дүйчэн буюу Зулын 25 арванхоёрдугаар сарын 14-ний ням гарагт тохиож байна. Зулын 25-ны өдрийн талаар Гандантэгчэнлин х...

img

3 цагийн дараа

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ...

img

2 цагийн дараа

ХҮН нам 10 жилийн ойн баярын хурал үргэлжилж байна

ХҮН нам 10 жилийн ойн баярын хурал үргэлжилж байна ХҮН намын 10 жилийн ойн баярын хурлыг нээж ХҮН намын дарга, Монгол Улсын Шадар са...

img

1 цагийн дараа

“Тэмээчдийн баяр – 2025” бүсийн уралдаан болно

БНМАУ-ын анхны аварга тэмээчин Д.Гэндэнгийн нэрэмжит “Тэмээчдийн баяр – 2025” бүсийн уралдаан энэ сарын 20, 21-нд Өвөрхангай а...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд