Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Б.Болд-Эрдэнэ: Хандив тусламж цуглуулах нь сэтгүүл зүйн үүрэг биш

trend

Админ

img

2025 оны 12 сарын 18

news-img

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Б.Болд-Эрдэнэтэй сэтгүүл зүй хандив тусламж цуглуулах талбар мөн эсэх талаар ярилцлаа.


-Ж.Батбаатар доктор “Сэтгүүл зүй хандив тусламж, өрөвдөл нигүүлслийн хүндэт индэр лүү чирэгдсээр л байна” гэж постолсон байсан. Ер нь сүүлийн үед ийм л болчихлоо доо. Зарим сайт, сэтгүүлчид бэлтгэсэн мэдээ мэдээллийнхээ араас ард түмнээс хандив цуглуулдаг жишиг тогтлоо. Энэ ер нь байж болох асуудал мөн үү. Байж болох ч гэлээ хэрээсээ хэтрээд байна уу. Эсвэл огт байж боломгүй асуудал юм уу?

-Би яг ийм нөхцөлд боддог юм, сэтгүүл зүй яаж үүссэн бэ гэж. Түүхэн эргэлтийн үе, тэрхүү учир шалтгаан, хүчин зүйл дээр бид асуудлыг тавих ёстой. Сэтгүүл зүй анх мэдээлэл түгээх л зорилготой үүссэн. Тэгэхээр мэдээлэл түгээх гэдэг сэтгүүл зүйн хамгийн гол үүрэг, бас зорилго нь юм. Энэ үүднээсээ, бид хандив тусламж авдаг ч юм уу, эсвэл хэн нэгэнд байр өгдөг ч юм уу, энэ бол сэтгүүл зүйн асуудал биш. Өөрөөр хэлбэл, нийгмийн хариуцлагын сэтгүүл зүйн онолоор иргэдийн мэдэх эрхийг хангахад сэтгүүл зүй үйлчлэх ёстой.

Либерал онолоор хамгийн гол зүйл нь үзэл бодлоо илэрхийлэх, үзэл бодолтой байх, ийм эрх чөлөөтэй байхыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрх ашиг гэдэг зүйлийг гаргаж тавих ёстой юм. Өнөөдөр нийгэмд болохгүй, бүтэхгүй, сорилт болж байгаа энэ асуудлыг олон нийтэд нээж гаргах нь бидний гол үүрэг, зорилго. Тиймээс онолын хувьд аль ч утгаараа хандив тусламж авч, мэдээлэл түгээх гэдэг нь байж боломгүй зүйл. Ер нь сэтгүүлч хүн жирийн хүнээс юугаараа ялгаатай юм бэ гэвэл нийгэмд болж байгаа зүйлд их эмзэглэдэг. Би сэтгүүлчийн ур чадварыг эмзэглэл гэж томьёолмоор санагддаг юм. Мэдээж, нийгэмд болж буй бүх үйл явдлыг хүмүүс шүүмжилж байгаа.

Хүн болгон дүгнэж, ярьж байгаа шүү дээ. Харин сэтгүүлч хүн тэр иргэнээс юугаараа өөр юм бэ гэвэл тухайн асуудлыг нийгэмд гаргаж тавьдаг. Түүгээрээ л ялгаатай. Энэ бол үнэ хөлсгүй, хандивгүй хийх ёстой ажил. Сэтгүүлч байна гэдэг бол зүрх сэтгэлээрээ нийгмийн эрх ашгийг хамгаалагч, илэрхийлэгч байна гэсэн үг. Ингэж байж тэр хүн сэтгүүлч гэдэг статус, байр суурьтай байна. Ер нь манай улсад захиалгат сэтгүүл зүй гэдэг зүйл хэрээс хэтэрч байна л даа. Үүнд хэн буруутай вэ гэвэл улстөрчид. Улстөрчид нэг талаас өөрийнхөө имиж, нэр хүндийг өргөх, нөгөө талаас өрсөлдөгчөө намнах зорилгоор сэтгүүлчдийг захиалах, ийм сэтгүүл зүй рүү хөтөлсөн. Саяхан, фэйсбүүк дээр “Энэ бүхнийг эхэлсэн нь Х.Нямбаатар шүү дээ” гэж бичсэн байна лээ.

-Яагаад Х.Нямбаатар гэж вэ?

-Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт нууц мэдээллүүдийг түрүүлж мэдээлээд, түүгээрээ дамжуулаад олон нийтэд нөлөөлөх үйл ажиллагаа хийсэн гэж. Энэ чинь явсаар байгаад юунд хүргэж байна вэ гэвэл сэтгүүл зүй өөрийнхөө утга, мөн чанарыг л алдаж байгаа юм. Тэгэхээр бид одоо мэдээлэх ёстой, үзэл бодлын эрх чөлөө гэдэг зүйлийг хүндэтгэх, тэр хүрээндээ л байх ёстой. Гуравдугаарт, иргэдийн мэдэх ёстой зүйлийг, тэр асуудлыг гаргаж тавих ёстой юм. Гэтэл эдгээрийн аль нь ч байхгүй болох гээд байна.

-Тэгэхээр энэ намаг балчиг дундаасаа яаж гарах ёстой юм бол?

-Би хэдэн жилийн өмнөөс л нэг санааг хэлдэг л дээ. Тэр нь юу вэ гэвэл сэтгүүл зүйг хөгжүүлэхэд бизнесийн томоохон компаниуд оролцох ёстой юм. MCS шиг том компаниуд цэвэр сэтгүүл зүйг хөгжүүлэх сан байгуулаад, түүгээрээ үнэхээр нийгэмд хэрэгтэй, нийгмийн эрх ашгийг хөндсөн, асуудлыг гаргаж тавьсан сэтгүүл зүйг дэмждэг ч юм уу. Ер нь Америкт ч гэдэг юм уу, баруунд бол сонины үнэт цаасыг банкууд авч байгаа шүү дээ. Банк, санхүүгийн байгууллагууд тухайн сонины хувьцааг аваад тогтвортой ажиллах суурийг тавиад өгдөг.

Гэхдээ нийтлэлийн бодлого, редакцийн ажилд оролцдоггүй. Яагаад ингэж байна вэ гэвэл нийгэм эрүүл саруул, зөв байх нь бизнест их хэрэгтэй байдаг. Ингэснээрээ бизнесийн хувьд ч эрүүл саруул орчныг бүрдүүлдэг байхгүй юу. Ингэхгүй бол уул уурхай ч гэдэг юм уу, иймэрхүү зүйл дээр олон нийтийн эсэргүүцэл их байна шүү дээ. Үүнийг чинь тухайн компани пи-ар хийгээд ялахгүй. Сэтгүүл зүй нь далд байдлаар нийгэм, олон нийтийн ухамсар, санаа бодол, сэтгэл зүйг тогтворжуулах, эрүүл байлгаж, тэнцвэржүүлэх ёстой. Ерөөсөө л энэ байхгүй юу. Түүнээс биш сэтгүүл зүйг хөгжүүлэхэд төр оролцож болохгүй. Иргэд болохоор дэмжиж чадахгүй. Тиймээс томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үүнд оролцох ёстой. Тухайлбал, томоохон компаниудыг нийгмийн хариуцлага, нийгмийн эрх ашгийн хүрээнд нэг хувийн татвараас чөлөөлж байгаа шүү дээ. Үүгээрээ сэтгүүл зүйд хөрөнгө оруулалт хийх ёстой. Ингэхгүй бол манай улсад нэг л өдөр том компаниуд олон нийтийн дайсан болно. Угаасаа ч ийм хандлага ажиглагдаад эхэллээ. Монголчууд хөрөнгөжсөн хэсгээ үзэн яддаг сэтгэл зүйтэй хэсэгтэй болчихоод байна. Энэ нь буруу. Бид капиталист нийгэм байгуулъя л гэж байгаа бол тэргүүлэх хөрөнгөжсөн хэсэг байх ёстой шүү дээ.

Хэрэв бид өнөөдрийнхөөрөө, асуудлыг шийдэхгүй ингээд л яваад байх юм бол энэ чинь нэг л өдөр тэсэрнэ. Түүний дараа юу болох вэ гэвэл аливаа зүйлийн мөн чанар, цаад учир шалтгааныг мэдэх хэрэгцээ шаардлага, эрэлт гарч ирнэ л дээ. Иймэрхүү байдлаар өөрчлөгдөнө. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр Монголын нийгэм тэсрэхэд бэлэн байгаа шүү дээ. Төр засаг, улс төр, эдийн засаг, санхүү гээд бүхий л салбарт эсрэг үзэлтэй олон нийтийн маш хүчтэй арми байна. Энэ чинь нэг л өдөр тэсэрнэ шүү дээ.

Гэтэл бид нэг талаасаа иргэний нийгмийн ийм хурц зөрчлийг гаргахгүй, нийгмийн сэтгэл зүйг илааршуулах ёстой байхгүй юу. Тиймээс сэтгүүл зүйгээ томоохон компаниуд дэмжих ёстой гэдэг чинь энэ. Эсвэл манай нийгэм сөнөнө. Тэгэхээр бид сөнөж болохгүй. Аврагдах ёстой. Монгол хүн юмыг зөв, эрүүлээр харж байж энэ эрэлт хэрэгцээ хангагдана. Тэр үед сэтгүүл зүй жинхэнэ утгаараа үүрэг хүлээнэ л дээ. Өнөөдөр манай сэтгүүл зүй нийгмийн хоёр хуваагаад байна. Гэтэл сэтгүүл зүй нийгмийг хоёр хуваалгүй, нэгтгэх ёстой байхгүй юу.

-Улс төрд “шүд сугалах” гэж ярьдаг даа. Гэтэл яг үүнтэй төстэй ч юм шиг, гэхдээ алсдаа санаа зорилго нь маш хортой нэг үйл явц сэтгүүл зүйд бас байна. Тэр нь юу вэ гэвэл “Энэ ирээдүйтэй, сайн сэтгүүлч болж магадгүй” гэсэн хүмүүсийг ганц, хоёроор нь түүгээд байдаг. Нэр нөлөө бүхий улстөрчид өндөр цалин, нийгмийн хангамж амлаад аваад явчихдаг. Хэсэг хугацааны дараа эргээд харахад, нөгөө хүн маань зүгээр нэг хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах ажилтан ч биш, бүр улстөрч болчихсон сууж байна. Энэ нь буруу зүйл биш, тухайн хувь хүний сонголт хэдий ч хэрээсээ хэтэрч хавтгайрвал бас л бодох асуудал байх?

-Санал нэг байна. Сэтгүүл зүйн багшийн хувьд би үүнийг салбарын эмгэнэл гэж үздэг. Үнэхээр манай сайн сэтгүүлчид улс төрийн карьер хөөгөөд, УИХ-ын гишүүн болох ч юм уу, иймэрхүү зүйл ажиглагдаж байна. Уг нь тэр хүмүүс Б.Лигдэн гуай шиг, Б.Пүрэвдаш гуай шиг, Ц.Балдорж гуай шиг, Х.Цэвлээ гуай шиг сэтгүүлч мэргэжил, тэр статус, нэр хүндээ өөрийнхөө амьдралын зорилго болгоод явбал нийгэмдээ ч, салбартаа ч, тэр хүндээ ч хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Яах вэ, энэ нь хувь хүний буруу биш л дээ. Гэхдээ УИХ-ын гишүүн болсон хүнийг ч юм уу, улстөрчийг хэсэг хугацааны дараа мартана шүү дээ. Бид жил болгон тодорхой хэмжээгээр сэтгүүлч болгохоор хүүхдүүдээ бэлтгэж байна. Ер нь 60 хүн төгсгөлөө гэхэд 1-2 нь л мэргэжлээрээ ажиллаж, сайн сэтгүүлч болдог. Нэг сайн сэтгүүлч бэлтгэнэ гэдэг бол маш том зорилго, нүсэр хөдөлмөр байдаг л даа. Цаг хугацааны явцад хэн үлддэг вэ гэвэл мэргэжилдээ үнэнч хүн л үлддэг юм.

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар...

img

8 цагийн дараа

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард 473.733 зөрчил бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 473.733 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 5.6 хувиар буурсан бай...

img

7 цагийн дараа

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн эрү...

img

7 цагийн дараа

Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ

Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ  жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэм...

img

7 цагийн дараа

Б.Лхагважав: Компаниудын дансыг хаах нь тухайн бизнес эрхлэгчийг “Сөнө, дампуур” гэсэнтэй агаар нэг байна

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Татварын ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд