Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Б.Лхагважав: Компаниудын дансыг хаах нь тухайн бизнес эрхлэгчийг “Сөнө, дампуур” гэсэнтэй агаар нэг байна

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 12 сарын 18

news-img

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Татварын дарамт аж ахуйн нэгжүүдийг туйлд нь хүргэж байгааг эдийн засагчид, татвар төлөгчид бүгд л ярьж байна. Үүн дээр нь нэмээд хэдэн мянган аж ахуйн нэгжийн дансыг хаасан асуудал мөн гарлаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж татвар авдаггүй, төлдөггүй газар гэж хаана ч байхгүй. Хамгийн гол нь процесс нь өөрөө зөв байна уу гэдэгт л асуудал байна. Жишээ нь, ААНОАТ-ыг авч үзье. 2019 оны гуравдугаар сарын 18-нд орсон хуулийн өөрчлөлтөөр 1.5 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүдийн 90 хувь нь татвараа буцаан авдаг болсон. 2020–2021 оны ковидын үед ААНОАТ өөрөө дарамт биш, харин зохицуулалттай, боломж олгосон механизм болж ажиллаж чадсан. Гэтэл 2025 оны нөхцөл байдал огт өөр байна. Макро түвшинд бизнес эрхлэгчид хоёр янзын валютын уналтад давхар цохилтод орчихсон.

-Ямар хоёр валютын цохилтыг хэлж байна вэ?

-Нэгдүгээрт, АНУ-ын мөнгөн дэвсгэрт ам.доллар он гарснаас хойш ойролцоогоор 15 хувиар унасан. Хоёрдугаарт, төгрөгийн ханш мөн адил 6–7 хувиар суларсан. Ингээд нийлээд бизнес эрхлэгчид 25–30 хувийн бодит алдагдал хүлээж байна гэсэн үг. Миний хувьд яагаад ам.долларыг онцлоод байна гэхээр манай гадаад гүйлгээний 90 орчим хувь ам.доллараар хийгддэг. Тийм учраас валютын энэ уналт бүх ААН-үүдийн орлогод шууд нөлөөлсөн. Уул уурхай ч бай, жижиг ТҮЦ ч бай ялгаагүй. Үүний бодит илрэл нь төлөгдөөгүй татварын хэмжээ. Өнгөрсөн жил буюу 2024 онд төлөгдөөгүй татвар гурван их наяд төгрөг гэж яригдаж байсан бол өнөөдөр Засгийн газрын албан ёсны мэдээллээр 6.1 их наяд төгрөгт хүрсэн гэж байна. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор бараг хоёр дахин өссөн байна гэсэн үг. Энэ бол компаниуд татвараа нуусан, санаатайгаар зугтсан хэрэг биш. Валютын уналтаас болж ашиггүй, бодит орлого нь багассан нөхцөл байдал үүссэн гэж ойлгох хэрэгтэй.

– Гэтэл ийм хүнд үед татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж эхэлж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Данс хаах гэдэг бол бизнесийг шууд зогсоож буй хамгийн харгис арга. Орлого нь эргэлдэж байж татвар төлнө. Гол дансыг нь хаачихвал тухайн ААН үндсэндээ дампуурна гэсэн үг. Одоогоор хэдэн мянган ААН-ийн данс хаагдсан гэх тоо яригдаж байна.

Энэ бол татварын хуульд заасан түр зуурын хязгаарлалт биш, харин хязгааргүй шахалт болж хувирч байна. Татварын орлого тасарсан шалтгааныг төр бизнес рүү бүхэлд нь чихэж болохгүй. Өнгөрсөн жил татварын орлого 17.1 их наяд байхаар төлөвлөгдсөн ч 15.3 их наяд болж тасалдсан. Гэхдээ компаниуд 14.5 их наяд төгрөгийг ямар ч байсан төвлөрүүлсэн. Энэ өөрөө бизнесүүд хичээж байгаагийн нотолгоо. Гэтэл энэ жилийн хувьд монголчуудаас Монголын бизнес эрхлэгчдээс шалтгаалаагүй гадаад валютын уналтын асуудал тавигдаж байна шүү дээ. Үүний бүх зовлонг бизнес эрхлэгчид үүрч байна. Тиймээс энэ асуудлыг харгалзан үзээч, данс хаахаас илүү татвар төлөх хугацааг сунгах, уян хатан механизм ашиглах ёстой гэдгийг хэлсэн. Энэ боломж Татварын ерөнхий хуульд бий.

-Татварын процесс зөв явах нь чухал гэж та хэллээ. Яг яаж явах ёстой юм бэ?

-НӨАТ, АМНАТ бол хамгийн хүнд, харгис татварууд. Яагаад гэвэл НӨАТ, АМНАТ хоёр бол тухайн орлогоос шууд авдгаараа хамгийн хүнд татварууд. НӨАТ 10 хувь гэж харагдавч сар бүр тайлагнана. Харин ААНОАТ бол жилд нэг, зарим тохиолдолд хоёр, том компаниуд дөрвөн удаа тайлагнадаг. Гэтэл НӨАТ болон АМНАТ сар болгон тайлан гаргаж өгдөг нь аюултай. Өнөөдөр НӨАТ-ын өр 2.3 их наяд төгрөг, АМНАТ-ын өр нэг их наяд төгрөгт хүрчихсэн байна. Хамгийн том асуудал нь НӨАТ, АМНАТ-ыг мөнгөн суурь биш, хуримтлалын “ac­crual” зарчмаар авч байгаа явдал. Өөрөөр хэлбэл, мөнгөн дүн нь орж ирээгүй байхад орлого гэж тооцоод татвар ногдуулдаг. Тэгэхээр НӨАТ, АМНАТ-ыг зайлшгүй мөнгөн сууринд шилжүүлэх ёстой. Би үүнийг 20 жил ярьж байна. Нүүрсний үнэ унаж, уул уурхайн олон компани алдагдалтай байхад урьдчилж тайлагнасан орлого өр болж харагдаж байгаа нь цэвэр төрийн бодлогын алдаа. Угтаа энэхүү ажлыг нэн даруй Сангийн яам хариуцан хийх ёстой. Татварын баахан хуулиуд орно гэж энэ намаржин яриад орсонгүй. Өнгөрсөн хавар бид иргэд, аж ахуйн нэгжэээр хэлэлцүүлсэн татварын хоёр том хууль боогдчихсон байгаа. Энэ хуулиудаа Засгийн газар УИХ-д өргөн бариад батлуулах хэрэгтэй байгаа юм.

–Энэ бүхэн төрийн буруутай үйл ажиллагаа гэж та хэлж байна. Үндсэн хуулийн хүрээнд асуудлыг яривал…?

-Үндсэн хуулийн 19.2-т төрийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, ААН хохирвол төр хариуцлага хүлээнэ гэж заасан. Өнөөдрийн 2–3 их наядын татварын өрийн тодорхой хэсэг нь төрийн буруу бүртгэлийн системээс үүдэлтэй. Би татварын өршөөлийн тухай хууль гэж огт яриагүй шүү. Харин буруу дүрмээ засаач гэж хэлж байна. Үүнийг миний хувьд энэ намрын чуулганаар засагдчих болов уу гэж харсан. Гэтэл НӨАТ-ын тухай хуулиас ганцхан заалт ороод бусад чухал заалтууд нь огт орсонгүй, өнгөрлөө. Тэгэхээр уг асуудлаар төр, Засгийн газар, танхим, бизнес эрхлэгчид, иргэд бүгд суугаад алдаа оноогоо ярилцах ёстой гэсэн байр суурьтай байна.

-Гадаад валютын уналт болон төгрөгийн ханшийн уналтын уялдаа ч бизнесүүдэд дарамт болж байна гэж ойлголоо…?

-Хоёр валютын уналтаас болоод компаниуд хасахтай л ажиллаж байгаа. Хасахтай учраас өгөх татвар байхгүй. Гэтэл татварын хуулиа бариад заавал өгөх ёстой, өгөхгүй бол дансыг нь хаана гээд явбал эсрэгээрээ зүйл болно шүү. Одоогийн байдлаар есөн мянга гаруй компанийн дансыг хаасан гэж яриад байгаа. Нөгөөтэйгүүр данс хаадаг процессын хувьд өмнөх татварын тухай хуульд ч тэр тодорхой болж ороогүй асуудал. Гэтэл одоо хязгааргүй данс хаадаг асуудал гарч ирж байна. Үнэндээ бизнес гэдэг орлого нь эргэлдэж байж л хөдөлдөг зүйл. Гэтэл орлогынх нь гол дансыг хаачихаар тэр иргэн, аж ахуйн нэгж яаж бизнесээ хийх юм бэ. Нэг ёсондоо дансыг нь хааж байгаа нь бизнес эрхлэгчдийг “Сөнө, дампуур” гэсэнтэй агаар нэг л ойлгогдоно. Хаана гэхээс илүү нээлттэй л байлгаж явуулах хэрэгтэй. Явцынхаа дунд хэрвээ ашиг гэж байх юм бол татвараа төлөөд л явна. Миний харж байгаагаар оны эцэс гэхэд ихэнх компаниуд хасахтай л гарах болов уу даа.

АН-ын бүлгээс бизнесийг дэмжих эрх зүйн томоохон өөрчлөлтүүдийг хийнэ гэж байна. Үүнд таны хувьд санал өгсөн зүйл байгаа юу?

-Эдийн засгийн эрх чөлөөг олгоё гэдэг багц хуулийн концепци харагдсан. Энэ нь эдийн засгийн эрх чөлөө байв уу, эсвэл эдийн засгийн эрх чөлөөг нь дөнгөлчихөөд одоо тэрийгээ авах гэсэн эрх зүйн зохицуулалт уу. Жишээ нь, НӨАТ-ын буруу бүртгэлээр аж ахуйн нэгжийг хүссэн хүсээгүй асуудалд оруулчихаж байгаа юм. Энэ бол төрийн л буруу. Нөгөөтэйгүүр төгрөгийн ханшийг сүүлийн арван жилээр бодоход хэд дахин хувиар уначихсан байгаа. Маш ноцтой асуудал. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш унаснаас болоод бодит ашиг нь өсөөгүй хэрнээ татварын шатлал ахиад, “өндөр татвар төлөгч” болчихож байна гэсэн үг. Жишээ нь, зургаан тэрбумын бодит орлоготой байсан ААН ханшийн уналтаар 12 тэрбум болж харагдаад илүү татвар төлж байна. Энэ бол бодит утгаараа дээрэм. Энэ тоонуудыг татварын хууль дотроо инфляци, ханштай уялдуулж шинэчлэх ёстой байсан ч хийгдээгүй.

-Монголбанк, мөнгөний бодлогын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанк 100 хувь хараат бус байх ёстой. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс хараат бус байж чадвал мөнгөний бодлого зөв явна. Сүүлийн 10 жилд мөнгөний бодлого улс төрийн дохиогоор явсны уршгаар төгрөгийн ханш унаж, бүх ачааг иргэд, ААН-үүд үүрсэн. Шинэ Ерөнхийлөгч хараат бусаар бодлогоо хэрэгжүүлж, мөнгө хэвлэх дарамтад автахгүй байж чадвал энэ улс, энэ бизнесүүдэд хамгийн том дэмжлэг болно. Нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчид, татвар төлөгчид маш их тэсвэрлэж байна. Харин төр өөрийн гацааг бизнесийн нуруунд үүрүүлж, дансаар нь боомилж болохгүй. Татвар, нийгмийн даатгалын хуулиа бодитоор шинэчилж, эдийн засгийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь олгох цаг аль хэдийнэ болсон.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл,...

img

8 цагийн дараа

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудл...

img

7 цагийн дараа

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 417 вагон байна

Өнөөдөр буюу 2025 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай  417 вагон байна.  Үүнээс 359 ваго...

img

7 цагийн дараа

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар...

img

6 цагийн дараа

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард 473.733 зөрчил бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 473.733 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 5.6 хувиар буурсан бай...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд