Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв

trend

Админ

img

2025 оны 12 сарын 18

news-img

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад Улсын Их Хурлын 71 гишүүн хүрэлцэн ирснээр 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд, холбогдох санал хураалтыг хойшлуулсан юм.

Нэгдсэн хуралдаанаар дараа нь Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг холбогдох хуулийн хүрээнд өндөр түвшинд зохион байгуулсанд Р.Сэддорж даргад талархал илэрхийлсэн.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын дарга Н.Учрал Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Санжаагийн Наранцогт нь 1973 онд Дундговь аймагт төрсөн. Монгол Улсын Их сургуулийн Физик математикийн сургуулийг 1990-ээс 1994 онд бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн. 1999-ээс 2001 онд тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2005-аас 2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн Үндэсний Их Сургуульд доктор /Ph.D/ зэрэг хамгаалжээ. 1993-1997 онд Шинжлэх Ухааны Академийн Математикийн хүрээлэнд туслах эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-2000 онд Монголын Нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Ай си” ХХК-д ерөнхий менежер, 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2005-2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн Үндэсний Их Сургуульд докторант, 2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд Газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд Газрын дарга, 2017-2021 онд Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2021- 2022 онд Эдийн засаг, хөгжлийн яаманд Дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оноос одоог хүртэл “Эрдэнэс Монгол” ХХК-д Гүйцэтгэх захиралын албан тушаалыг тус тус хашиж байгаа гэв.

С.Наранцогт нь төрийн захиргааны төв байгууллагууд болон төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийг удирдан ажиллаж байх хугацаандаа Төрийн сангийн төлбөр тооцооны нэгдсэн цахим систем, төрийн албаны нэгдсэн цахим систем, НӨАТ-н и-баримт систем, гаалийн ухаалаг гарцын системийг нэвтрүүлж, нутагшуулсан гэдгийг Н.Учрал дарга танилцуулгадаа онцоллоо. Мөн татварын багц хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулсан; төсвийн сахилга батыг сайжруулж, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж ажилласнаар Монгол Улсыг “Хар”, “Саарал” жагсаалтаас гаргах, улсын зээлжих зэрэглэлийг ахиулах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан юм байна.

Макро эдийн засгийн бодлого, хөгжлийн төлөвлөлтийг хариуцаж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийг сайжруулах ажлыг удирдан зохион байгуулсныг Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа тодотгов.

Үүний зэрэгцээ ашигт малтмал борлуулах бүх шат дамжлагыг цахимжуулж (E-barimt), гааль татварын системтэй холбосноор далд эдийн засгийг бууруулж, татварын орлогыг нэмэгдүүлэх, Францын “Орано майнинг” компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний Техникийн ажлын хэсгийг ахалж, төслийн санхүүгийн загварчлалыг боловсруулан хэлэлцээрийг амжилттай хийсэн амжилтуудыг нь онцлон танилцууллаа.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг тогтоож, толгой хуримтлагдсан 514.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг бүрэн барагдуулж, “Хуримтлалын сан”-д 500 тэрбум төгрөг төвлөрүүлэн 10,000 өрхийн ипотекийн санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг улс орны хөгжилд чухал нөлөөтөй олон хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд С.Наранцогт нь голлох болон туслах үүрэгтэйгээр оролцсон байна.

Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй Монголбанкны удирдлагыг томилох, чөлөөлөх эрхээ хэрэгжүүлдэг гэдгийг Н.Учрал дарга хэлээд “Хэдийгээр Улсын Их Хурлаас жил бүрийн мөнгөний бодлогын баримт бичгийг батлах замаар төрөөс баримтлах үндсэн чиглэлийг тогтоож өгдөг боловч төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангаж ажиллах, банкны салбарт шударга зохицуулалтыг мөрдүүлэх, үйл ажиллагааны алдагдлыг хамгийн бага байлгах, хүний нөөцийн зохистой, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа нь Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг” гэв. Энэ үүргээ гүйцэтгэхэд тухайн албан тушаалд томилогдсон хүний манлайллаас шууд хамааралтай хэмээн үзэж буйгаа хэлээд,  сүүлийн жилүүдэд Монголбанканд хариуцлага, сахилга бат, хараат бус байдал алдагдаж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, банкны салбарт шударга зохицуулалтын үйл ажиллагаа явуулах зэрэг үндсэн үйл ажиллагаагаа хангалтгүй хэрэгжүүлж байгаа гэдэг дүгнэлтийг үйл ажиллагааны тайлангуудаас харж болно хэмээсэн.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монголбанкны хуримтлагдсан алдагдал 2024 оны байдлаар 7.4 их наяд төгрөгт хүрч сүүлийн 5 жилийн хугацаанд 5.0 орчим их наяд төгрөгөөр нэмэгдсэн, хүний нөөцийн бодлого алдагдан ажилтнуудын тоо 3 дахин нэмэгдэж, 700 хүрсэн, банкны харилцагч иргэн, хувийн болон төрийн байгууллагуудын зүй ёсны эрхийг хамгаалах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байгаа зэргээс харж болохоор байна.

Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын хувьд Монголбанкны үйл ажиллагааг нээлттэй, зарчимтай, макро эдийн засгийн тэнцвэрийг ханган ажиллах гол бодлогын институт байлгах нь та бидний үүрэг юм” хэмээгээд төрийн албаны дадлага, туршлага, хувь хүний зарчим, боловсрол, ур чадварыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчөөр Санжаагийн Наранцогтыг томилуулах саналыг дэвшүүлж буйгаа танилцууллаа.

Үргэлжлүүлэн Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчөөр Санжаагийн Наранцогтыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигч С.Наранцогт Эдийн засгийн байнгын хорооны “Нэр дэвших тухай хүсэлтийн загвар батлах тухай” 2024 оны 03 дугаар тогтоолын дагуу өөрийн танилцуулга, холбогдох бусад баримт бичгээ бүрдүүлж Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн гэв.

Байнгын хороо 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяаг томилсон “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны 18 дугаар тогтоолыг баталсан юм.

Тус Байнгын хорооноос энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан Нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, О.Батнайрамдал, П.Батчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Заяабал, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Найдалаа, Э.Одбаяр, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Р.Сэддорж, А.Ундраа, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, С.Цэнгүүн, С.Эрдэнэбат, Ө.Шижир нарын гишүүд оролцжээ.

Мөн оролцогч, ажиглагчаар нийт 35 иргэн бүртгүүлж, иргэн Ч.Нанжидсамбуу, М.Банзрагч, Ц.Баярцог, Н.Сонинтамир, Б.Мөнхбаяр, С.Бямбахорлоо, Г.Гэрэлмаа, Б.Цэрэнжав, Б.Цэвэгмид, Б.Зоригтбаяр, Б.Дөлгөөн, Ч.Сумъяа, М.Одбаяр, М.Уламбадрах, Л.Амар, Б.Дөлгөөн нар нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд хаалттай хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн  сонсголын тайлан гаргасныг Р.Сэддорж гишүүн танилцуулав. Байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх сонсголын тайланг хэлэлцээд, холбогдох санал дүгнэлтийг гаргажээ.

Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчид томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өдрөөс эхэлж, Улсын Их Хурлаас дараагийн Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилсноор дуусгавар болно.” гэж заасны дагуу Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхөөр тогтсон хэмээн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав.

Улсын Их Хурлын даргын санал, Эдийн засгийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Мөнхсоёл, Ц.Идэрбат, А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Д.Бум-Очир, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, О.Цогтгэрэл, П.Сайнзориг, Д.Цогтбаатар, С.Батсуурь, Б.Найдалаа, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Э.Бат-Амгалан, М.Ганхүлэг, Б.Пүрэвдаваа, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, С.Замира, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Д.Ганбат, Б.Заяабал, Б.Түвшин, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Г.Ганбаатар, О.Номинчимэг, Б.Бейсен, Т.Доржханд нар асуулт асууж, Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчээс хариулт авахын зэрэгцээ Төв банкны үйл ажиллагаатай холбоотой санал, байр сууриа илэрхийлж байв.

Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг хангахад онцгой анхаарч, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангахад анхаарахын сацуу зээлийн хүүг бууруулах, хадгаламжийн дээд хязгаарыг тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх саналыг гишүүд хэлж байв. Нэр дэвшигч С.Наранцогт, өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвийг гурав дахин тэлж, бодит эдийн засаг 4-5 хувийн өсөлттэй байгаагийн зөрүүгээс өнөөгийн эдийн засгийн нөхцөл үүдсэн гээд цаашид төсөв, мөнгөний бодлогыг нягт уялдуулан, оновчтой бодлогоор удирдан зохист түвшин буюу макро эдийн засгийн суурь үзүүлэлттэй нийцүүлэх нь зүйтэй гэдэг хариултыг өгсөн. Зээлийн хүүгийн хэмжээг захиргааны аргаар зохицуулах нь оновчгүй, салбар, зах зээлээ тогтворгүй болгох эрсдэлтэй гэж үзэж буйгаа тайлбарлаж байв. Тэрбээр Төв банкыг удирдан ажиллахдаа төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангахын зэрэгцээ мөнгөний бодлогын хэрэгжилтэд онцгой анхаарч, асуудлыг суурь нөхцөлтэйгөө уялдуулан, судалгаа шинжилгээнд үндэслэн шийдэх оновчтой бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд анхаарч ажиллана гэдгээ хэлж байлаа. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл,...

img

3 цагийн дараа

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудл...

img

3 цагийн дараа

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 417 вагон байна

Өнөөдөр буюу 2025 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай  417 вагон байна.  Үүнээс 359 ваго...

img

2 цагийн дараа

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар...

img

2 цагийн дараа

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард 473.733 зөрчил бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 473.733 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 5.6 хувиар буурсан бай...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд