Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

“Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг дэмжлээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 18

news-img

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаан 09.52 цагт УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Д.Ганбат, П.Наранбаяр, Б.Энхбаяр, Д.Энхтүвшин, Н.Батсүмбэрэл, Х.Жангабыл, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр, С.Эрдэнэболд, Д.Бум-Очир, Ц.Мөнхбат, Х.Тэмүүжин, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн хүрэлцэн ирж, 51.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин даргалан явуулав.

Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа.

Улсын Их Хурал Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцэн баталсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг тэрбээр танилцуулгын эхэнд онцлов.

Дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа санал гаргаж, тамхины онцгой албан татварын асуудал, тамхины хэрэглээнд хяналт тавих, хэлэлцээрийн биелэлтэд гурван жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, үнэлгээний тайланг Улсын Их Хуралд танилцуулах “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, батлуулах санал гаргасныг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Худалдааны түр хэлэлцээрээр 367 барааны гаалийн татварын хувь, хэмжээг хөнгөлөх, чөлөөлөхөөр заасан бөгөөд эдгээр барааны жагсаалтын 92, 93, 94 дүгээрт  тамхи агуулсан янжуур болон бусад тамхины гаалийн тарифыг тэглэхээр тусгасан. Засгийн газар тамхи агуулсан янжуур болон бусад тамхины гаалийн тарифыг тэглэснээр иргэдийн тамхины хэрэглээ нэмэгдэх бөгөөд үүнийг онцгой албан татварыг нэмэгдүүлэх, тамхинд квот тогтоох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, тамхины хэрэглээний өсөлтийг хязгаарлах боломжтой гэж тогтоолын төсөл санаачлагч үзжээ.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дэх дэд заалтаар тамхи агуулсан янжуур болон бусад тамхины гаалийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан нийтийн эрүүл мэнд, эдийн засаг, улсын төсөв, татварт нөлөөлөх үр дагаврын дүн шинжилгээ хийх, тамхины гаалийн тарифыг нөхөх, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тооцооллыг хийж, холбогдох хууль тогтоомжийн төслийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.

Тогтоолын төслийн 2 дахь дэд заалтад Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд тамхи, тамхин бүтээгдэхүүн, электрон тамхины импортын хэмжээг 2024 оны сар болгоны хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар хязгаарлахыг Засгийн газарт даалгажээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн 3 дахь дэд заалтад худалдааны түр хэлэлцээрт нэгдэн орсон талууд хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулах бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцох тул Засгийн газар уг хэлэлцээрийн биелэлтэд гурван жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, үнэлгээний тайланг Улсын Их Хуралд танилцуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75 хувь нь дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцуулав.

Зөвшилцөх саналд:

  1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг,
  2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржраагийн Мөнхтөрийг,
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,
  4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидын Баттөрийг,
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганбаатарын Хуланг,
  6. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатарыг,
  7. Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булганыг эгүүлэн татаж, аж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доньжчимбуугийн Бямбадоржийг,
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дансрангийн Булганыг,
  9. Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг,
  10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржхүүгийн Баярхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Батжаргалыг,
  11. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дэмчигийн Тэгшжаргалыг,
  12. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшинг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг,
  13. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганболдын Уянгыг,
  14. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Лхагвасүрэнг,
  15. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямцэрэнгийн Энхтайваныг,
  16. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг,
  17. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,
  18. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амгалангийн Анандыг,
  19. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанжавын Өлзийтийг,
  20. Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг,
  21. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөр нарыг тус тус томилохсаналыг Засгийн газрын2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн гэлээ.

Тэрбээр, Элчин сайд нь Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд суугаа болон хавсран суугаа улс, олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллаж эрх ашиг сонирхлыг нь хамгаалах, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх Монгол Улсын хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэхэд шаардагдах судалгаа мэдээллийг хийж, төр засгийн байгууллагыг мэдээ мэдээллээр хангах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн хоёр болон олон талын харилцааны асуудлаар яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, Монгол Улсын иргэн, Монгол Улсын хуулийн этгээдийн хууль ёсны эрх ,ашиг сонирхлыг олон улсын эрх зүй болон суугаа орныхоо хууль тогтоомжийн дагуу хамгаалж ажилладгаас гадна тэргүүлж буй ЭСЯ-ныхаа үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэгтэй байдаг. Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь төрийн болон дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгааг уламжилсан.

Байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны сайд болон Элчин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Элчин сайдаар ажилласан хугацааны тайланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулж, тайлагнадаг байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн П.Наранбаяр, олон улсын харилцаа, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, суугаа улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ ойр байх, иргэд, хувийн хэвшлээ дэмжих, зах зээлээ тэлэх, тухайн улсынхаа сайн жишээг хуваалцах, мэдээлэл солилцох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахад анхаарч ажиллахыг хүссэн.

УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа Элчин сайд нарыг эгүүлэн татах саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн Элчин сайд нарыг томилох асуудлаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл,...

img

3 цагийн дараа

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудл...

img

3 цагийн дараа

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 417 вагон байна

Өнөөдөр буюу 2025 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай  417 вагон байна.  Үүнээс 359 ваго...

img

2 цагийн дараа

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар...

img

2 цагийн дараа

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард 473.733 зөрчил бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 473.733 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 5.6 хувиар буурсан бай...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд