Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 22

Валютын ханш

value

гадаад

Европын Холбооны шийдвэр Путины суудлыг ганхуулав

trend

Админ

img

2025 оны 12 сарын 22

news-img

Европын Холбооны Украинд ойрын жилд санхүүгийн тусламж үзүүлэх гарцыг хэлэлцсэн хамгийн урт, хамгийн хурц өрнөлтэй дээд чуулган Брюссельд энэ сарын 19-ний баасан гарагийн үүрээр, өглөөний 03:00 цаг орчимд өндөрлөв. Учир нь нийтдээ 16 цаг үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлгийн үеэр Европын Холбооны удирдагчдын өмнө Украины санхүүжилтийг шийдэх ёстой Европын Комиссын “Оросын царцаагдсан хөрөнгийг барьцаалсан нөхөн төлбөрийн зээл”, “Европын Холбооны нийтлэг зээлжилтээр санхүүжүүлэх” гэсэн хоёр санал байсан юм.

Саммит дуусах хүртэл “нөхөн төлбөрийн зээл”-ийг хэрхэн шийдэхийг хэлэлцсэн ч эцэст нь Оросын энэ хөрөнгө нь баталгаатай мөнгө учир нөөцөд үлдээж, дараа яаж хэрэглэхийг хэлэлцэж, шийдэхээр түр хойшлуулав. Ийнхүү Европын Холбооны удирдагчид Европын Холбооны төсвийн боломжийг ашиглан Украинд 90 тэрбум еврогийн зээл олгохоор шийдвэрлэж, албан ёсоор “Оросын хөрөнгөөр Украинд нөхөн төлбөрийн зээл олгох асуудлыг шийдэх хамтын ажлыг цаашид үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдэв.

Зеленский чуулганы өмнө сэтгүүлчдэд Украины санхүүжилтийн яаралтай байдлыг тодорхой тайлбарлаж “Украинд армийн болон төсвийн зардлын мөнгө ирэх дөрөвдүгээр сарын эхний өдрөөс хэрэгтэй болно. Хэрэв үүнийг олгохгүй бол бидэнд маш хүнд, буцаах боломжгүй үр дагавар гарна” гэж хэлсэн бол үүнийг Польшийн ерөнхий сайд Дональд Туск улам хурц үгээр илэрхийлж “Одоо бидний сонголт энгийн буюу өнөөдөр мөнгө, эсвэл маргааш цус” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл дээд чуулганы дараа Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Кошта “Бид тохиролцсон. Украинд 2026–2027 онд 90 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэх шийдвэр батлагдлаа. Бид үүрэг хүлээсэн, энэ үүргээ биелүүллээ” гэж мэдээлэв. Ийнхүү Украины ирэх оны санхүүжилт амжилттай шийдэгдэв.

Орос Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш Европын Холбоонд Оросын 210 тэрбум еврогийн хөрөнгө царцаагдсан бөгөөд үүний 180 гаруй тэрбум евро нь Бельгид байрлах “Euro­clear” хадгаламжийн төвд байгаа билээ. ОУВС-гийн тооцоогоор Украинд 2026-2027 онд хэрэгцээт санхүүжилт 137 тэрбум евро юм. Иймээс Европын Комисс үүний 90 тэрбум еврог царцаасан Оросын хөрөнгийг ашиглан гаргах санал дэвшүүлж байсан юм. Харин Европын Холбооны дээд чуулган энэ зорилгоо өөр аргаар шийдэж чадав. Брюссельд болсон энэхүү дээд чуулганы дараа Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Каяа Каллас Орос улс Украинтай энхийн хэлэлцээ хийх хүсэлгүй байгааг онцлоод “Путин зул сарын баярын гал зогсоох саналыг хүртэл няцаасан. Мэдээжийн хэрэг, бид Орост хэлэлцээр хийж байгаа дүр эсгэхээ больж, хэлэлцээ эхлүүлэхийг шахах хэрэгтэй” гэсэн бол Зеленский “Энэ бол үнэхээр бидний тэсвэр тэвчээрийг бэхжүүлж буй чухал дэмжлэг юм. Манайд санхүүгийн тусламж ямар хэлбэрээр ирэх нь чухал биш.

Гэхдээ Оросын хөрөнгийг царцаасан хэвээр үлдээх нь Украин ирэх жилүүдэд санхүүгийн аюулгүй байдлын баталгаа болох ач холбогдолтой. Хамгийн зөв хэлбэр нь “нөхөн төлбөрийн зээл” юм. Ингэснээр Орос өөрийгөө буруутай, нөхөн төлбөр төлөх ёстой гэдгээ ойлгоно” гэж хэлсэн юм.

Европын Холбооны энэхүү дээд чуулган хамгийн гол нь дэлхий нийтэд “Бид хэнд ч Оросын царцаасан хөрөнгийг өгөхгүй” гэсэн мессэжийг илгээж чадсан явдал байв. Ингэснээр АНУ Оросын эсрэг нэмэлт хориг авах гол нөхцөл бий болж байгаа билээ. Мөн Европын Холбооны дээд хэмжээний энэ чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын батлан хамгаалахын 2026 оны түүхэн дээд хэмжээ болох 901 тэрбум ам.долларын төсөвт гарын үсэг зурж баталсан бөгөөд уг хуулиар Украины аюулгүй байдлын туслалцааны санаачилга(USAI)-аар дамжуулан Киевт 800 сая доллар олгож, энэ хөрөнгийг Америкийн компаниудаар дамжуулан Украины зэвсэгт хүчинд зэвсэг худалдан авахад ашиглах, мөн нэмэлт 175 сая долларыг Балтийн орнууд болох Эстони, Латви, Литва улсуудыг хамгаалахад зориулан хуваарилсан. АНУ ирэх онд Киевт тэрбум хүрэхгүй доллар олгож буй нь тэд “Украины дайн удахгүй дуусна” гэж үзэж байгаа хэрэг бөгөөд хамгийн гол нь уг хуульд АНУ-ын Батлан хамгаалах яамыг Европ дахь америк цэргийн тоог 76 мянгаас доош бууруулахыг хязгаарлаж, АНУ-ын генералуудад Европ дахь НАТО-гийн Дээд ерөнхий командлагчийн албан тушаалаас татгалзахыг хориглосон заалтууд орж батлагдсан юм.

Энэ нь АНУ-ын Конгресс Путины явуулгаар Трамп АНУ-ыг НАТО-гоос гаргах эсвэл НАТО-г “цаасан бар” болгохыг хуулиар хориглож байгаа явдал юм. Мөн Европын гол улсуудын нэмэлт өөрчлөлт оруулж, шударга ёсонд нийцүүлсэн, Путин хүлээн авах боломжгүй “Энхийн гэрээ”-г Цагаан Ордон Кремлийн төлөөлөгчдөд танилцуулахаар болсон. Чухамхүү үүнээс л болж Путин энэ сарын 17-нд болсон Оросын Батлан хамгаалах яамны өргөтгөсөн зөвлөгөөн дээр Европын удирдагчдыг “подсвинки” буюу “гахайнцарууд” гэж доромжилсон нь түүний аргаа барж буйн баталгаа болсон билээ. Мөн Путин “Бид хүмүүсийн үхэлд өөрсдийгөө буруутай гэж үзэхгүй” гэж зарласан “шууд шугам” гэх, 4 цаг 27 минутын турш түүний хэрхэн худлаа ярьсныг барууны хэвлэлүүд уралдан дэлгэж буй ярилцлагынхаа үеэр “Манай эрх ашгийг харж үзэхгүй бол бид дайтсаар байх болно” гэж мэдэгдэв. Ийнхүү “энхийн хэлэлцээр” гээд байгаа зүйл нь зүгээр л дайныг дэмжих хэрэгсэл юм байна гэдэг нь дэлхий нийтэд тодорхой болж орхив.

Оросын ерөнхийлөгч энэ удаа урьдын адил Оросын цэргийн, эдийн засгийн, технологийн зэрэг “амжилт”-уудыг олон давтаж ярьсан ч уламжлал болоод байсан иргэдийн амьдралыг хөнгөвчлөх, туслах тухай амлалтуудаас зайлсхийж, тэр ч бүү хэл иргэдээ “харж үздэг” байсан бэлэн мөнгөний тусламжийг огт хөндсөнгүй. Энэ нь Путин дайнаа үргэлжлүүлэхийн тулд ЗХУ-ын төгсгөлийн үе шиг Оросын хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хүчээр булаан авахаас өөр аргагүй болж байна гэсэн үг юм. Өнөөдөр Оросын арилжааны банкнуудад улсын төсвөөс нь 1,5 дахин их буюу иргэдийн 63 их наяд рубль хадгалагдаж, банкны системийг нь тогтоон барьж байна. Гэтэл энэ мөнгөний 90 хувь нь нийт хадгаламж эзэмшигчдийн таван хувь болох Путины тойрон хүрээлэгчдийн мөнгө юм. Ийнхүү Путин Европ төдийгүй өөрийн тойрон хүрээлэгчдийг түгшээж орхив. Энэ бүхэн Путины суудал аль хэдийнэ ганхаж, Орост “ордны хуйвалдаан” эхлэхээс өөр аргагүй болж байна гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их…

УИХ-аар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдлээ. Е...

img

8 цагийн дараа

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисий...

img

8 цагийн дараа

ХСҮТ мэс заслын эмчилгээндээ РОБОТ ашиглахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн сүл...

img

7 цагийн дараа

Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй: Бүжигчин Төөгөө, Aim4R Баажка нар бүжгийн шавь нараа хүчирхийлдэг байсан нь үнэн

Цахим сүлжээнд бүжигчин Аминдарь гэх эмэгтэй бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгсөд 15 настай байхдаа хүчирхийлүүлсэн хэмээн шүгэл үлээ...

img

7 цагийн дараа

Улс төрийн томилгоо хүссэн төрийн нарийний мэдээллийн дайн

Сүүлийн хоёр долоо хоногийн турш цахим орчинд эрүүл мэндийн салбарын дайралцаан мөргөлдөөн эрчийг авав. Эрүүл мэндийн салбарынхан хо...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд