мэдээ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

Админ
2025 оны 12 сарын 31

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.31) 10.35 цагт 50.8 хувийн ирцтэй эхэлж, хуралдаан даргалагч Н.Учрал ирц болон хэлэлцэх асуудлын товыг танилцууллаа.
Тэрбээр, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа бүх хуулийн төсөлд хиймэл оюунаар дүн шинжилгээ хийж эхэлсэн. Цаашид хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ https://d.parliament.mn цахим талбарт байршуулж, AI дүн шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон. Мөн 99 төрлийн тоон мэдээллийг агуулж байгаа цахим талбарыг хэрэглэж хэвшихийг гишүүдэд уриалсан юм.
Ингээд хэлэлцэх асуудлын товд орсон Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжихгүй, хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах санал гаргав.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал энэхүү татварын багц хуулиудын төслийг иргэдийн хүлээлтэд нийцүүлэн цаг алдахгүй шийдвэрлэх шаардлагатайг онцлоод, уг асуудлыг яаралтай оруулж ирэхийг Улсын Их Хурлын гишүүд шаардаж байсан гэсэн юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нар хуулиудын төслийн ач холбогдол, онцлогийг танилцуулж, сүүлийн хоёр жилийн хугацаанд олон нийтээр хэлэлцүүлсэн төслүүд, хэрвээ батлагдвал жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд ногдох татварын хувь хэмжээ буурах болно гэв. Улсын Их Хурлын Ажлын хэсгийг ахалж ажилласан Шадар сайд Х.Ганхуяг, өнгөрсөн хаврын турш парламентын гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлсэн төсөл учраас дэмжихгүй байх учиргүй гэсэн юм.
Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Засгийн газрын гишүүд Улсын Их Хурлыг хэрхэн үл ойшоож байгаагийн тод жишээг сая харуулж, гурван сайд дараалан үг хэллээ. Хуулийн төслийг гишүүдэд танилцуулаагүй шахам шууд зүтгүүлж байгаа нь, Засгийн газрын хуралдааныг парламент хүлээдэг гэсэн эндүү ойлголттой явж ирсэн хэмээн шүүмжиллээ. Улсын Их Хуралд хүндэтгэлтэй хандаач гэсэн түүний үгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал гишүүний хувиар дэмжиж байгаагаа илэрхийлж, хуулиудын төслийг хэлэлцэхэд парламентын гишүүд бол бэлэн, хүлээлттэй байсныг санууллаа.
Ийнхүү хэлэлцээд, дээрх хуулиудын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор нэг бүрчлэн санал хураахад гишүүдийн олонх дэмжээгүй тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулав. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Байнгын, дэд хороо дараагийн ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгуулах саналаа ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ гэсний дагуу Байнгын хороодоос ирүүлсэн саналаас 27-г цаглаварт тусгажээ. Хуульд тусгайлан заасан хугацаат тайлан, илтгэл, мэдээлэл болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг үндэслэн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг бүх байнгын хороогоор хэлэлцэхээр, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах болон биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, төсвийн биелэлтийг хянан шалгах, хяналт шалгалтын бусад асуудлыг хэлэлцэх хүрээнд нийт 44 асуудлыг цаглаварт тусгасан. Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолын төслийг дэмжсэн санал ирүүлсэн тул хэлэлцэж өгөхийг хүсэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналыг 45 гишүүн буюу нийт гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг баталж, эцсийн найруулгыг сонслоо.
Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар илтгэв. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг давхардсан тоогоор 100 хууль тогтоомжийн төслийн саналыг ирүүлжээ. Мөн Улсын Их Хурлын Байнгын хороодоос нийтдээ 23 саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгуулахаар ирүүлсэн гэв. Тогтоолын төслийг боловсруулахдаа 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ирүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг тогтоолын төсөлд нэрлэн тусгах зарчмыг баримталж, нийт 26 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан, хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн тул хэлэлцэж өгөхийг хүсье гэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир Засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнээс өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд тусгуулах санал гаргалаа. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт уг саналыг дэмжиж байр суурь илэрхийлэхийн зэрэгцээ Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, Ажлын хэсэг байгуулж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүсэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, эрүүл мэндийн талаарх нэг ч асуудал тусгаагүй байна, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, даатгалын талаар хөндөх шаардлагатайг онцолж байлаа.
Гишүүдийг үг хэлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, гишүүдийн 59.7 хувь нь дэмжлээ. Уг тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсох үед Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, өмнөх саналаа давтан хэлж, хуралдааны тэмдэглэлд үлдээв.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганыг хааж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, ард түмний элч төлөөлөгч бид мэргэжлийн бодлогын мэтгэлцээн өрнүүлэх үүрэгтэй. Улсын тусгаар тогтнол, иргэний эдийн засгийн эрх чөлөөг бататгах чухал байна. Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоол хэлэлцэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан 36 удаа, байнгын хорооны хуралдаан 111 удаа, дэд хорооны хуралдаан 10 удаа, хянан шалгах түр хорооны хуралдаан 13 удаа хуралдлаа… Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гарган, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшлүүдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүллээ. “Чөлөөлье” санаачилгыг бодлого, хөтөлбөр, бодит үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажиллаж байна. Үндэснээсээ тусдаа навч ургадаггүй боловч салбар салбарт эдийн засгийн эрх чөлөөг тушиж ургасан мөчир салаа, бизнесийн орчныг муутгасан хүчин зүйлс, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, засаглал, авлига, хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмууд, хүний хүсэлд хясал болсон бодит байдлыг оношлон дүгнэж, гарц шийдэл, орц жорыг санал болгож, хууль тогтоомжийн төсөл боловсруулна. Ард түмний 126 дарга биш, ард түмний 126 элч төлөөлөгч бид нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаадлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлогын өмгөөлөгчид, иргэнийхээ улс төр, эдийн засгийн эрх чөлөөний хамгаалагчид байх үүрэгтэй хэмээн санууллаа.
Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд болон зочид төлөөлөгчид босож хүндэтгэл үзүүлснээр Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ
Монголд эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж үндэсний багийн эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад сургаж чадавхжуул...
7 цагийн дараа
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.31) 10.35 цагт 50.8 хувийн ирцтэй эхэлж, хуралдаа...
6 цагийн дараа
ЗГ: Инженерийн олон улсын сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их ...
5 цагийн дараа
ЗГ: БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд боллоо. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсад 90 хүртэл...
4 цагийн дараа
Энэ онд 188 бодгаль амьтныг байгальд эргүүлэн тавьж хамгаалжээ
2025 онд нийслэлийн шуурхай удирдлагын алба, нийслэлийн Байгаль орчны газрын (72720303) тусгай дугаарт утсаар болон иргэдээс суурьшл...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд



