Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Л.Бямбасүрэн: Нэгдүгээр төв эмнэлэг ухаалаг удирдлагын цахим системийг нэвтрүүлэн ажиллаж “Смарт эмнэлэг” болж байна

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 12 сарын 31

news-img

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэнтэй тус эмнэлгийн технологийн шинэчлэлийн талаар ярилцлаа.


-Улсын Нэгдүгээр төв эмнэлэг Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэнд эмнэлгийн үе үеийн хамт олон сэтгэл өндөр байгаа. Ийнхүү шагнах болсон учрыг Ерөнхийлөгч цорын ганц цогц үйлчилгээ үзүүлээд 100 жил болсон гэж тодотгож байсан. Энэхүү шагналын үнэ цэнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэхүү шагнал бол манай эмнэлгийн үе үеийн ажилтан, ахмад үе, удирдлагын баг, эрдэмтэн, багш нарын хөдөлмөрийн үр дүн, үнэ цэнэ, сэтгэл, хөдөлмөр шингэсэн байгууллагын соёл, стратеги, манлайлал гээд олон хүчин зүйлийн нэгдэл юм. 1925 оны аравдугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр 15 ортой эмнэлгийг нэг орос, гурван монгол эмчтэйгээр байгуулснаар өнөөгийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн тулгын чулуу тавигдсан байдаг. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Монгол Улсын хэмжээнд 24 чиглэлээр нарийн мэргэжлийн болон 14 чиглэлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлдэг цорын ганц эмнэлэг юм. Түүнчлэн энэ хугацаанд хүн амыг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн салбарыг чиглүүлэх, хөгжүүлэх гээд томоохон зорилготой манай эмнэлэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эмнэл зүйн шинэ технологийн 80 гаруй хувийг нэвтрүүлэн нутагшуулсан байна.

Улсдаа анхдагч, манлайлагч, түүчээлэгч, дэлхийн 20 гаруй орны 100 гаруй эмнэлгүүдтэй тогтмол хамтын ажиллагаа бүхий эмнэл зүйн бүхий л чиглэлээр бүтэн зууны туршид анхдагч, манлайлагч, түүчээлэгч нэрээ хадгалан яваа Монгол Улсын эрүүл мэндийн салбарын голомт цөм болсон эмнэлэг болохын хувьд бид уламжлал, шинэчлэлийг хослуулж, улам илүү сайн үйлчилгээтэй болохыг зорин ажиллаж байна. Энэ жилийн хувьд үе үеийн ажилтан, албан хаагчид маань өргөн дэлгэр 100 жилийн ойгоо тэмдэглэж, хамтдаа төрийн дээд шагнал хүртсэнд манай хамт олон сэтгэл өндөр, урам зоригтой ажиллаж байна.

-Энэ жилийн хувьд тус эмнэлэгт олон шинэ технологи нэвтэрсэн талаар 100 жилийн ойн Эрдэм шинжилгээний хурал дээр ярьж байсан. Хийгдсэн технологийн шинэчлэлүүдийг иргэдэд тайлбарлавал ямар эмнэлэг болж өөрчлөгдсөн гэж хэлэх вэ?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний цогц цар хүрээгээрээ Монгол Улсын хэмжээнд Нэгдүгээр төв эмнэлэг ганцаараа тэргүүлж байгаа. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн ухаалаг удирдлагын цахим системийг нэвтрүүлэн ажиллаж, маш богино хугацаанд энэ жил шаргуу ажилласнаар “Смарт эмнэлэг” болж чадлаа. Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах бодлогын хүрээнд 2025 онд анх удаа таван технологи нэвтрүүлсэн. Тухайлбал, Эмийн чанар, үл нийцэл, хадгалалт, хяналт, нөөцийн удирдлага, автомат савлагааны цогц технологи, эмнэлгийн үйл ажиллагаанд хиймэл оюунд суурилсан цахим хөтчийн тусламжтай үйлчилгээний үзлэгийн цаг авах, төлбөр төлөх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр шат дамнасан хүнд суртал болон бүртгэлийн ажилтны ачаалал буурах ач холбогдолтой. Мөн эмч, сувилагч, эмнэлгийн удирдлагуудын ашиглах цахим аппликэйшн нэвтрүүлж, автоматжуулан суурин компьютерт зарцуулах хугацааг бууруулах боломжийг бүрдүүлсэн. Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн үйл ажиллагаанд “IoT” технологийг ашиглан автоматжуулж мэс заслын багажийг мэс заслын төрлөөр багцалж баркоджуулан ариутгагдсан тоо хэмжээ, нийт мэс заслын тоог бүртгэх, ариутгагч сувилагчийн ажлын KPI тооцох системийг нэвтрүүлсэн. Ингэснээр багажны ариун байдал, хяналт алагдахгүй байх, ажилчид илүү нягт нямбай явцыг хянах зэрэг боломжтой болсон. Түүнчлэн эмнэлгийн үйл ажиллагаанд IoT технологийг нэвтрүүлэн мэс заслын тасгийн эмч, сувилагчийн ажлыг үнэлэх, мэс заслын өрөөний ашиглалтыг тооцох систем нэвтрүүлсэн. Энэ мэтээр шат дараалсан таван ухаалаг системийг нэвтрүүлээд байна.

-Иргэд “эмийн ухаалаг систем” гэхээр яг юу ойлгох ёстой вэ? Энгийнээр тайлбарлавал энэ систем эмнэлэгт ямар өөрчлөлт авчирсан бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хэмжээнд анх удаа “Эмийн чанар, үл нийцэл, хадгалалт, хяналт, нөөцийн удирдлага, автомат савлагааны цогц технологи” үе шаттайгаар амжилттай хэрэгжиж байна. Уг технологи нь эм болон бараа материалын худалдан авалтаас эхлээд эцсийн хэрэглэгчид очих бүх цаг хугацааны бүртгэл мэдээллийг бүртгэх, хянах тогтолцоог бүхэлд нь цахим хэлбэрт шилжүүлсэн. Эмийн чанар, аюулгүй байдал нь хамгийн чухал асуудал. Эмийг үйлдвэрлэгчийн заасан горимын дагуу хадгалахаас гадна эмийн нөөцийн хяналт, мониторинг сайжирч эмийн зардлыг бууруулахын зэрэгцээ эмийн хэрэглээний тайлан тухайн цагт нарийвчлал бүхий гарна. Олон улсын судалгаанаас харахад хүний нөөц, эмийн үнэ, төлөвлөлт гээд эдийн засгийн өндөр хэмнэлтүүд гарах юм.

-Өмнө нь эмийн хадгалалт, олголт, савлалт ямар байдлаар явагддаг байсан, харин одоо энэ ухаалаг системийн ачаар юугаараа өөр болсон бэ?

-Эмч захиалга бичсэн мөчөөс эхлэн сувилагч өвчтөнд эмийг хэрэглэх хүртэлх үйл явцын аливаа шатанд эмийн гаж нөлөө болон эмийн алдаа гарч болзошгүйг бид сайн мэднэ. Эмийн захиалах, дамжуулан бүртгэх, бэлтгэх түгээлт, хэрэглэх гэсэн үндсэн үйлдэл бүрт компьютержуулалт болон автоматжуулалтын технологи нэвтрүүлснээр алдааны эрсдэлийг бүрэн бууруулах боломжтой. Монгол Улсад уг технологийг анхлан нэвтрүүлсэн нь эрүүл мэндийн салбарт эмийн чанар, аюулгүй байдал, эмийн хадгалалтын горим, нөөцийн цахим тооллого, үлдэгдэл, эмийн бүртгэл зарцуулалт, эмийн орчны хяналт удирдлага ухаалагжин автоматжиж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх том боломж бүрдэж байна гэж ойлгох хэрэгтэй.

-Нэгж тунгийн машин гэдэг нь яг ямар төхөөрөмж вэ. Энэ нь өвчтөнд очих эмийн аюулгүй байдалд яаж нөлөөлж байна?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэж буй эм “зөв өвчтөн, зөв эм, зөв тун хэмжээ, зөв хэрэглэх арга зам, зөв мэдээлэл, зөв баримтжуулалт, зөв цаг хугацаа” гэсэн “долоон зөв” байх зарчмыг удирдлага болгодог. Бүх үйл ажиллагааг автомажуулсан, цаг хугацааг хэмнэсэн, алдах эрсдэлийг хэд дахин бууруулсан нь эм зүйн тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт ухаалаг машин юм.

-Энэ шинэ системийг нэвтрүүлснээр хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хувьд хамгийн том давуу тал нь юу вэ?

-Эмийн хадгалалт, аюулгүй байдал, нөөцийн удирдлага, өөрөөр хэлбэл эмийн тасралтгүй бэлэн байдал, хугацаат эмийн асуудал гээд яривал олон зүйлийг дурдаж болно. Хамгийн энгийнээс гэвэл эмийн автомат машин нэгж тунгийн савлагаа нь хэвтэн эмчлүүлэгчдэд олгосон уух эм ойлгомжтой байх асуудал юм. Хэзээ уух вэ, өглөө, орой юу. Хэдэн цагт уух вэ. Хоолны дараа эсвэл өлөн дээрээ гэх мэт. Бүх зүйл тодорхой байна гэсэн үг.

-Эм хоорондын харилцан нөлөөлөл гэж ярьдаг. Иргэдэд ойлгомжтойгоор хэлбэл, энэ эрсдэлийг шинэ технологи хэрхэн бууруулж байна вэ?

-Хоёр болон түүнээс дээш эмүүдийг хамт хэрэглэхэд тэдгээр нь бие биенийхээ эмчилгээний нөлөөг дэмжих буюу бас саатуулж болно. Энэ үзэгдлийг эмийн харилцан нөлөөлөл гэдэг. Эмнэл зүйн эм зүйн тусламж үйлчилгээ эмийн жорын өмнөх болон дараах хяналтыг хийх, эмийн харилцан нөлөөллийг хянах, зохицуулах үйл ажиллагааг ухаалаг байдлаар шийдэж чадсан. Эмч хэвтэн эмчлүүлэгчид тохирсон эмийн эмчилгээг төлөвлөж, жор бичихэд хамт хэрэглэж болохгүй эм гарвал автоматаар жор бичигдэхгүйн зэрэгцээ жорын машин автоматаар эмийг савлахгүй тул эмийн аюулгүй байдлын болон төсөв, зардал хэмнэх, ач холбогдолтой. Цаашлаад шаардлагагүй эмийг хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэхгүй гэсэн үг. Бидэнд цаашдаа ч хөгжүүлэлт хийх ажил бас байна.

-“Зөв эм, зөв тун, зөв цагт” гэдэг ойлголт бодит амьдрал дээр яг яаж хэрэгжиж эхэлсэн бэ?

-Олон эм уугаад заримдаа үйлчлүүлэгч сэтгэл ханамжгүй, эмчилгээний үр дүн муутай, эдийн засгийн хувьд ч алдагдалтай байх тохиолдол байна. Үүнийг бид “Зөв эм, зөв тун, зөв цагт” гэсэн зүйлийг яриад байгаа юм. Эмийн шинэ систем Эмийн харилцан нөлөөлллийг машин, мэдээллийн систем шалган, түүний дараа өглөө өлөн уух эмийг хоолны дараа уух хоёр дах эмтэй хамт савлагдахгүй байх судалгааг эмийн үйлдвэрлэгчийн заавраас программд суулгаж өгсөн.

-Энэ ухаалаг систем эмч, сувилагч нарын өдөр тутмын ажлыг хэрхэн өөрчилсөн бол. Цаг, ачааллын хувьд ямар ялгаа гарч байна вэ?

-Ухаалаг шинэ систем нэвтрүүлж ирсэн үеэс манай баг эдийн засгийн хувьд ч тэр, эмийн савлагааны хувьд ч тэр, олголт, түгээлтийг үе шаттайгаар судлан ажиллаж байна. Мэдээж үүнд гар ажиллагаа их шаардахаас гадна цаг хугацаа, стресс, хариуцлага гээд олон зүйл дээр дэвшил гарсан. Цаг хугацааны хувьд нэг хүний эм олгох процесст 30-40 минут байдгийг энэ технологи хэмнэж байна. Манай эмнэлэгт дунджаар 350-480 орчим хүн өдөртөө эм хэрэглэх тул ямар хэмнэлтүүд гарахыг бодоход үнэхээр гайхалтай байгаа биз.

-Эмнэлгийн хүний нөөцийн ачааллыг бууруулж, өвчтөнд илүү анхаарах боломж бүрдсэн гэж хэлж болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Эмийн ухаалаг технологи нэвтэрсэн нь Эм зүйн албанд эмч зүйчийн гар ажиллагаатай ажлуудыг бүрэн халснаар эмнэл зүйн үйл ажиллагаа руугаа орох том боломжийг олгож байна.

-Ийм том технологийн шинэчлэлийг богино хугацаанд нэвтрүүлэхэд таны хувьд удирдлагын зүгээс шийдвэрлэсэн гол шийдвэр юу байсан бэ?

-Бид энэ технологийг нэвтрүүлэхэд хүний нөөц, мэргэжилтнээ богино хугацаанд бэлтгэх шаардлагатай тул туршлага судлах, технологиудтайгаа танилцах зорилгоор гадаадад сургалтад яаралтай хамруулах, мөн олон улсын стандартын өрөө тасалгаануудыг тохижуулах, орчин бүрдүүлэх, манай эмнэлэгт хэрэглэгдэж буй эмийн бүх мэдээлэл, харилцан үйлчлэл гээд маш олон ажлуудыг хурдацтай зохион байгуулж, удирдлагаар хангасны үр дүнд энэхүү ажлууд маань богино хугацаанд алдаа багатайгаар амжилттай хэрэгжсэн гэж үзэж байна.

-АШУҮИС, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Интермед, Сонгдо зэрэг эмнэлгүүд туршлага судалж байгаа нь УНТЭ ямар түвшинд хүрснийг харуулж байна гэж та үзэж байна вэ?

-Маш сэтгэл өндөр байна. Хамт олноороо бахархаж байна. Өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгийн байгууллагуудад нэвтэрсэн, Монголын эрүүл мэндийн салбарын нэн тулгамдсан олон чухал асуудлуудыг зэрэг шийдсэн энэхүү ажлуудыг эхлүүлэн хэрэгжүүлж эхэлснээрээ УНТЭ нь анхдагч манлайлагч нэр хүндээ хадгалж дэлхийн түвшинд хүрснийг маань батлах нэгэн илрэл юм.

-Энэ технологийг улс даяар нэвтрүүлэх боломж, нөхцөл нь бүрдсэн гэж үзэж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Бидэнд их сайхан, мэргэжлийн олон зөвлөгөөнүүдийг салбарын манлайлал болсон мэргэжилтнүүдээсээ авч улс даяар нэвтрүүлэхэд болно гэж үзэж байна. Бид гадаад оронд эм зүйн болон инженерүүд мэргэжилтэн бэлтгэх шаардлагагүйгээр манай IT технологийг шууд хуулаад нэвтрүүлэх боломж бүрдүүлснээр манай эмнэлгийн Эм зүйн алба, Мэдээлэл технологийн алба, Техникийн албадуудтай хамтран бүрэн нэвтрүүлэх боломжтой болсон гэж үзэж байна.

-2025 оныг цахимжуулах жил болгон зарлаж, таван том технологийг нэвтрүүлсэн. Үүний цаад зорилго нь юу вэ?

-Эмнэлгээр үйлчлүүлэгчийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн эмч, ажилчдын гар ажиллагааг багасган ажлын ачааллыг бууруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэлийг ажилтан бүрээр тооцох зэрэг бодит үр дүн гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

-AI-аар цаг авах, сувилагчийн ажлыг цахимжуулах, KPI үнэлэх систем зэрэг нь эцсийн дүндээ иргэдэд ямар үр өгөөж өгөх вэ?

-Эмнэлгээр үйлчлүүлэгч хиймэл оюунд суурилсан цахим хөтчийг ашиглан цахим бүртгэлийн хэсэгт заавал дугаарлахгүйгээр өөрт илэрч буй зовууриа автомат машинд хэлж үзлэгийн цаг авахаас гадна, үзлэгийн кабинетуудын хаяг байршлын талаарх мэдээлэл авах, шаардлагатай тохиолдолд төлбөр төлөх боломжтой.

Сувилагчийн ажлыг цахимжуулснаар сувилагч үйлчлүүлэгчид зарцуулах хугацааг нэмэгдүүлэх, сувилагчийн хөтөлж буй маягт хөтлөлтийн хугацааг буурахын зэрэгцээ сувилагчийг алдаа гаргахаас сэргийлэх зэрэг давуу талтай. Мөн KPI үнэлэх систем нь сувилагчийн ашиглаж буй эмнэл зүйн системтэй интеграци хийгдэж өдөр тутам хийж буй ажлын тайлан болон ажлын байрны зураглалыг автоматаар хийн нэгтгэн тайлагнах юм. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал сайжирч ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэнэ гэж харж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийслэлийн өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ

Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 онд нийслэлийн төсөвт 17.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна. 2025 оны төлөвлөгөөн...

img

8 цагийн дараа

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 21:00 цагт эхэлнэ

Өнөөдөр орой 21:00 цагт төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно. Тоглолтод ...

img

7 цагийн дараа

Докторын зэрэг хамгаална

МУЭИС-ийн докторант Xie Xiuxiu “A Study of Laquer Painting Techniques: A Case Study of Chinese Lacquer Painting” сэдвээр доктор (Ph....

img

7 цагийн дараа

Хоолны хордлогоос урьдчилан сэргийлье

Хоолны хордлого авахгүй байх хамгийн хялбар арга бол хоол хүнсэндээ болгоомжтой хандах, аюултай байж болох аливаа зүйлийг идэхээс за...

img

7 цагийн дараа

Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд “Чиглэл өгөх тухай” тогтоол батлав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүй...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд