Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Р.Сэддорж: Монгол Улсын эдийн засаг 2025 онд зарим үзүүлэлтээрээ сайжирсан зүйл бас байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 31

news-img

УИХ-ын гишүүн, УИХ- ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой 2025 оны эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэн ярилцлаа.


-Удахгүй шинэ он гарах гэж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд танаас Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирэх оны төлөв ямар байх талаар асууя. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, цалин тэтгэврээ хугацаанд нь олгож чадахааргүй болсон, ам.долларын ханш өсөж, төгрөгийн ханш суларч байгааг эдийн засагчид хэлж байна. Үнэхээр тийм хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үү?

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тэгж хүндрээгүй. Харин ч сэргэлт гарсан гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Төлбөрийн тэнцэл эхний 10 сарын байдлаар 141 сая ам.долларын ашигтай гарсан. Нийгэмд тийм сөрөг мэдээлэл тарсан тухайд бол, гадаад зах зээлийн тодорхой бус байдлаас үүдэн 2024 оны сүүл үеэс нүүрсний үнэ 40 орчим хувиар буурч, экспортын орлого огцом саарснаар төлбөрийн тэнцэл 2025 оны эхний хоёр сард 742 сая ам.долларын алдагдалтай гарсан. Үүссэн нөхцөл байдлын улмаас Засгийн газраас 2025 оны гуравдугаар сараас эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх чиглэлд эрчимтэй анхаарч “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам”- ыг шинэчлэн баталж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн Эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулсны үр дүнд нүүрсний биржийн арилжаа арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар 19.9 сая тоннд хүрч эхний улирлаас 8.6 дахин өссөн бол төмрийн хүдэр болон баяжмалын биржийн арилжаа 4.6 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс хоёр дахин өслөө. Импортын өсөлтийг сааруулах хүрээнд 2025 оны гуравдугаар сард Монголбанкнаас арилжааны банкнуудын олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг чангаруулсан бол Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээл, автомашины зээлийн нөхцөлийг чангаруулсан. Үр дүнд нь арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар суудлын автомашины импорт 3.4 хувиар, ачааны автомашины импорт 27.8 хувиар тус тус буурсан бол нийт импорт 10.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар буурлаа.

Дээр дурдсанчлан экспорт нэмэгдэж, импорт буурч байгаагаас үүдэн урсгал дансны алдагдал саарч байгаа нь төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөллөө. Нөгөө талаас, санхүүгийн данс эхний 10 сард хоёр тэрбум ам.долларын орох урсгалтай гарч, өмнөх оны мөн үеэс 659 сая ам.доллараар өслөө. Үүнд, гадаад зах зээлд гаргасан Засгийн газрын бондыг дахин санхүүжүүлсэн болон дотоодын томоохон банкууд гадаад үнэт цаасаа олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан нь мөн нөлөөллөө гэж харж байна.

-Зөвхөн нүүрсний биржийн арилжааг нэмэгдүүлснээр энэ эерэг үр дүн гарсан гэж үзэж болох уу?

-Биржийн арилжаа нэмэгдлээ ч, экспортод гаргахгүй бол үр өгөөж нь орж ирэхгүй шүү дээ. Тиймээс Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсээр төмөр замын суурь бүтэц ашиглалтын тарифыг 40-50 хувиар, экспортын ачилт буулгалтын зардлыг 20 хувиар тус тус бууруулсны зэрэгцээ хилээр нэвтрэн өнгөрөх тусгай гарцын тоог нэмэгдүүлж хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулсан. Ингэснээр, нүүрсний экспортын биет хэмжээ арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар 85.7 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс таван хувиар өссөн бөгөөд оны эцэст 88-89 сая тоннд хүрч түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Зэсийн баяжмалын экспорт арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар 2.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 33.8 хувиар өссөн бол төмрийн хүдрийн экспорт 8.5 сая тоннд хүрч 18.4 хувиар өссөн байна. Цаашлаад оны эцэст зэсийн баяжмалын экспорт 2.3 сая тоннд, төмрийн баяжмалын экспорт 8.9 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Ийнхүү, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ эрчимтэй өсөж, нүүрсний үнийн бууралтаас үүдэх экспортын орлогын тасалдлыг нөхөж байгаа тул оны эцэст экспортын орлого өмнөх оны түвшинтэй ойролцоо байхаар хүлээгдэж байна.

-Ам.долларын ханш нэмэгдсэнээр импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Гадаад валютын нөөц ер нь ямар хэмжээнд байгаа юм бэ?

-Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ огцом буурч,экспортын орлого удааширснаар энэ оны хоёрдугаар сард валютын нөөц 4.8 тэрбум ам.долларт хүрээд байв. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар өрийн удирдлагын оновчтой бодлого хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард Номад бондын 392 сая ам.доллар, Сенчири-2 бондын 108 сая ам.долларыг дахин санхүүжүүлж, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг валютын нөөцөд дарамт учруулахгүйгээр шийдвэрлэсэн. Мөн Хадгаламж даатгалын корпорацийн эзэмшилд байгаа Засгийн газрын гадаад үнэт цаасыг үе шаттай арилжаалж, нийт 186.6 сая ам.долларын чөлөөлөгдсөн эх үүсвэрийг Монгол Улсад татан төвлөрүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк зургадугаар сард 350 сая ам.долларын үнэт цаас, Төрийн банк есдүгээр сард 200 сая ам.долларын үнэт цаас тус тус олон улсын зах зээлд арилжаалж валютын орох урсгалыг нэмэгдүүллээ. Уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа сайжирсны зэрэгцээ гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дээрх арга хэмжээний үр дүнд энэ оны 12 дугаар сард гадаад валютын улсын нөөц 6.5 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ.

-Ханшийн хувьд ямар байгаа гэж та үзэж байна?

-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжсон. Оны эхний хагаст төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэн, гадаад валютын улсын нөөц буурснаар валютын ханш сулрах дарамт нэмэгдэж, дөрөвдүгээр сард хамгийн ихээр буюу өмнөх сараас 66 төгрөгөөр суларсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гадаад валютын нөөцийг хамгаалах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний зэрэгцээ Монголбанк оны эхний хагаст гадаад валютын дуудлага худалдаагаар зах зээлд нийт 3.421 сая ам.долларыг нийлүүлсэн байна. Түүнчлэн Монголбанк 2025 оны гуравдугаар сард бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэн, мөнгөний бодлогыг чанга хэвээр хадгалсны зэрэгцээ Засгийн газраас төсвийн тодотгол хийж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангалаа. Ийнхүү Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг өсгөх, төлбөрийн тэнцлийг сайжруулах чиглэлд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд эдийн засаг тогтворжиж, инфляци зорилтот түвшинд ойртон, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Улмаар оны эхний хагаст эрчимтэй суларч 3.595 төгрөгт хүрээд байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн саруудад аажмаар чангарч, 2025 оны 12 дугаар сарын байдлаар 3.546 төгрөг орчимд тогтворжлоо.

-Манай улсын зээлжих зэрэглэлийн түвшин ямар байгаа вэ. Сангийн сайд нь саяхан энэ зэрэглэл өссөн нь бидний амжилт гэж мэдэгдсэн шүү дээ…?

-Олон улсын агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2025 онд ахин нэг шатаар нэмэгдүүлсэн. Монгол Улсын Засгийн газар төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж, экспортыг нэмэгдүүлэн, валютын нөөцийг түүхэн дээд хэмжээнд хүргэсэн үр дүнг олон улсын байгууллагууд үнэлж, манай улсын зээлжих зэрэглэлийг дахин сайжруулсан нь үнэн. Тухайлбал, “Standard & Poor’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-, тогтвортой” түвшинд хүргэн сайжруулсан бол “Moody’s” агентлаг зээлжих зэрэглэлийг “B1, тогтвортой” болгон ахиулж, “Fitch” агентлаг зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах шийдвэрийг тус тус гаргасан нь макро эдийн засгийн бодлогын үр дүн, санхүүгийн тогтвортой байдлыг олон улсын түвшинд баталгаажуулсан үзүүлэлт болж байна.

-Энэ онд танай байнгын хороо ямар үр бүтээлтэй ажилласан бэ. Гол гол хэлэлцсэн, шийдвэрлэсэн асуудлууд юу байв?

-2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо дангаараа 13 удаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороотой хамтарч зургаан удаа хуралдаж, 32 асуудлын хүрээнд хоёр хууль, УИХ-ын дөрвөн тогтоолын төслийн талаар 214 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. 2025 оны хамгийн олон хуралдсан гэдэг утгаараа УИХ-ын шилдэг байнгын хороогоор шалгарсан.

-Яг ямар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэн нэгдсэн чуулганаар батлуулсан бэ?

-Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг батлууллаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, УИХ-ын тогтоолыг батлууллаа. Мөн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”, “Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол тус тус батлагдсан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн хүрээнд хоёр удаа сонсгол зохион байгууллаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран зохион байгуулсан “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг явуулсан. Уг сонсголын тайланг 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаараа сонслоо. Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж, Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшсэн Санжаагийн Наранцогтыг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар санал, дүгнэлт гарган чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж томилууллаа. Түүнчлэн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга нарын мэдээллийг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж, Байнгын хорооны долоон тогтоолын төслийг баталсан бөгөөд УИХ-ын гишүүдийн санаачилгаар “Дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудал”-ын талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудын мэдээлэл сонсов. Байнгын хорооны даргын хувьд өнгөрч байгаа 2025 он ажлын үр бүтээл өндөр, улс орны хэмжээнд яригдсан олон чухал асуудлыг энэ парламент авч хэлэлцэн шийдвэрлэлээ гэж үзэж байна. Ирэх жилүүдэд бидэнд илүү их ажиллах, нийгэм, эдийн засгийн бодлогоо улам төгөлдөржүүлэх шаардлага зайлшгүй бий гэж үзэж байна.

Э.МӨНХТҮВШИН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийслэлийн өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ

Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 онд нийслэлийн төсөвт 17.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна. 2025 оны төлөвлөгөөн...

img

8 цагийн дараа

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 21:00 цагт эхэлнэ

Өнөөдөр орой 21:00 цагт төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно. Тоглолтод ...

img

7 цагийн дараа

Докторын зэрэг хамгаална

МУЭИС-ийн докторант Xie Xiuxiu “A Study of Laquer Painting Techniques: A Case Study of Chinese Lacquer Painting” сэдвээр доктор (Ph....

img

7 цагийн дараа

Хоолны хордлогоос урьдчилан сэргийлье

Хоолны хордлого авахгүй байх хамгийн хялбар арга бол хоол хүнсэндээ болгоомжтой хандах, аюултай байж болох аливаа зүйлийг идэхээс за...

img

7 цагийн дараа

Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд “Чиглэл өгөх тухай” тогтоол батлав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүй...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд