Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Д.Сосорбарам: Халуун зүрхний хайрыг минь хашиж битгий түгжээч

trend

Дашбалбарын Мөнгөндалай

img

2025 оны 7 сарын 12

img

1

news-img

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………

Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа.


Та үсээ ямар урт ургуулаа вэ. Ямар нэгэн дүр бүтээхээр бэлдээд байна уу?   

-Яг тийм. Зуу гаруй ангитай  сериал хийх гэж байгаа.  Энэ улс үндэстний түүхийг элдэв чимэг­гүйгээр, бодитойгоор нь гаргана гэсэн зорилготой юм билээ.

Зураг авалт нь эхэлчихсэн юм уу?

-Төслөөрөө бол  нь энэ хавраас эхэлнэ. Үүнийгээ үндэсний эрх чөлөөний, олноо өргөгдсөний гэгд­дэг 29-ний өдөр Лу.Болд албан ёсоор  надад дуулгасан.

Та ямар дүрд тоглох юм?

-Миний хувьд япончуудын хий­сэн кинонд Чингэс хааны дүрийг бүтээх өмнөх мөрөөдөл минь ун­тар­­сан. Гэхдээ бүр биелээгүй гэж бо­лохгүй юм. Б.Лхагвасүрэн гуайн зохиолоор хийсэн Баатар найруу­лагчийн бадрангуй эмгэнэлт драм болох “Атга нөж” жүжигт урилгаар Чингэсийн дүрийг бүтээсэн. Тэр дүрээрээ олон түмэнд хүрэхээс гадна Олон улсын  театрын өдрөөр тохиодог “Гэгээн Муза”-гийн эрэг­тэй гол дүрийн шилдэг шагналыг авсан. “Лувсанвандан сан”-гийн    гоо зүйн дээд шагналыг авсан. Мөн  “Үлэмжийн чанар” гэх бүрэн хэм­жээний цэнгүүн, “Атга нөж”-ийн Чингэсийн дүрд төрийн соёрхол олгосон. Миний бодлоор бол элдэв долоон шунал, янз бүрийн мөнгө тоолохгүйгээр яваад байхад ажил сайхан бүтэж байна ш дээ. Дэлхийн жишигт нийцсэн театртай болох төсөл эхэлчихсэн явж байна. Энэ төслийн хажуугаар ирэх жилийн бүтээлийн урилга ирчихсэн. Теат­рын төслийн хувьд Японтой хамт­рах юм.

Япончуудын хийсэн киноны  Чингэсийн дүрд яагаад тоглохоо больсон юм

-Урьд нь бидэнтэй хамтарч ажилласан компани нь дампуураад нэг их мөнгөтэй якуза хүн гарч ирээд л тэр киноны санааг уургалж аваад  өөрснөө япон хүнээ тоглуу­лаад хийхээр болсон. Намайг  есөн өрлөгийн нэгд тогло гэхээр нь би татгалзсан. Яахав Чингэсийн дүрийг өөрийнхөө оюун санаанд шингээгээд л үлдсэн.

Ямар ч байсан Чингэс хаа­ныхаа дүрийг бүтээх мөрөөдөл тань энэ удаа биелэх нь ээ?

-Чингэс хааны дүрийг бүтээх мөрөөдөл минь  түрүүчээсээ биел­сэн. Дахиад нэмж биелэх төлөвтэй байна. Чингэс хааны хэлсэн үг сургаалаас харахад дандаа оюун санааны зөв нөмөр нөөлгийг эрж хайж байсан хүн юм. Тэгэхээр оюун санаа руу нь л дөтөлж орох гэж зорьсон. Чингэс хааныг  төрөлхийн хутагт хувилгаа­дын увдис, бядтай хүн гэж би хараад байдаг юм. Зүгээр л сэлэм эргүүлээд дайн зарлаад байсан хүн биш. Энэ дэлхийн олон гүрнүүдийг өдөж дайн хийгээгүй. Өдсөнийг нь сөдөж өгч байсан. Сөдөхөөр барахгүй сөхрүүлж бай­сан эзэн хаантай юм билээ бид чинь. Жавхарлал Неру хэлэхдээ “Аугаа Александр Македонский, Напелеон нарын дайн самуун бол Чингэс хааны байлдан дагууллын дэргэд юу ч биш юм аа” гэсэн байдаг.

Өөр ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна?

-Уран бүтээлийн олз их ээ. Сүүлийн 20 жил амралт ая тух харалгүй ажилласан байна. Байга­лийн театр гэдгийг нээсэн. 2006 оноос Баянхонгор аймгийн Баян­лиг, Баянгол Цагаан агуй гээд  сүг зураг бүхий хадан дээр хоёрон­тоо очиж өөрийн тоглолтоо хийсэн. Нэг нь 1960-аад оны дуу шүлэг голло­сон, нөгөөд нь “Үлэмжийн чанар”-аа тоглосон. Равдан гавьяат, дуу­чин Уянга нар оролц­сон. Байгаль дэлхийг харъя гэсэн хүмүү­сийг аваад явдаг. Америкийн зарим эрдэмтэд, Японоос хүмүүс ирж сонирхдог юм. Дараа нь Хамрын хийдэд очиж тоглосон. Орой нар шингэж байхад тоглолтоо эхэлдэг. Хөвсгөл далай өөрөө тайз, цаадах уул нь тайзны арын фон болдог. Долоон сард Хөвсгөлд тоглос­ны­хоо дараа есдүгээр сард Дунд­говийн Их газрын чулуун дээр очиж тоглосон. Их газрын чулуу бол үнэхээр гайхалтай газар бай­сан. Тэнд тоглосны маргааш өглөө нь миний дуулж хуурдсан “Үлэм­жийн чанар”-аа тоглосон буурин дээр цагаан эрээн могой ирж хоно­сон байна лээ. Цэрэндондов гэдэг өвгөн надтай 40-өөд минут хөө­рөлдсөн. Тэнд 700 гаруй хүн цугла­сан. Манайхан чинь юм үзчихээд тарьсан хогоо цэвэрлэлгүй явчих­даг юм байна. Маргааш нь  байгаль орчны хамгаалагч тэр өвгөн ойр  хавийг нь цэвэрлэхдээ могойтой таарсан байна лээ. Тэгээд лус баярласан байна гээд найруулагч, оператор нарт ярьсан байна лээ. Одоо тэр тоглолтоо DVD болгож олонд хүргэх бодолтой. Цаад санаа нь гэвэл байгаль эх чинь амьтай. Энэ дээр амьдарч байгаа юм бол тэр амь амьдралыг нь хайрлая, өмөөрч өмөлзье. Гэр орон болсон байгаль дэлхий дээрээ аятайхан цэвэрхэн сууя л гэсэн ухаантай.

Ойрд тавих бүтээл  бий юу?

-Байна. Хоёрдугаар сарын 18,19-нд МҮСТО-д “Алтан ураг” “Арга билиг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” гээд этник хамтлагуудын нэгдсэн гала тоглолт хийнэ. Би өөрийнхөөрөө Монголын этник, язгуур сонгодог урлагийн гэж нэр­лээд байгаа. Энэ чинь Монголын сонгодог шүү дээ. Энэ тоглолтоор  монголчууд урлагаараа, ухаа­наараа нэгдэж болдгийг харуула­хыг зорьсон. Нөгөө талаар сар шинэ хэмээх улбаат сайхан баяраа энэ маягаар тэмдэглэж байя гэсэн шавыг нь тавиад өгчихье гэж бод­сон. Залуучууд дуртай нэгдэцгээж байгаа. Тайз, гэрэл гээд бүх ажлууд эхэлчихсэн. Би ерөнхий най­руу­лагчаар ажилласан. Энхгэрэл гэдэг хүүхэд бүжиг дэглээчээр ажиллаж байгаа. Алтайн магтаалыг жинхэнэ ном журмаар нь тавина. Цагаан сараар бид чинь жилийн заслаа хийлгэдэг ш дээ. Судлаачдын үзсэ­нээр бол их гүн утга агуулгатай байдаг юм байна. Цаашид Алтайн магтаалаар клип хийе гэж бодож байна. Жинхэнэ утгаараа Цагаан сар чинь монголчуудын сонгодог баяр. 1206 онд л Эзэн хаан Чингэс хаан ширээндээ заларсан. Усан морин жил мэндэлсэн хүн улаан барс жил Их Монгол Улсаа байгуул­сан. Хаврын сар нь бар сар юм. Тэр бар сарын эхний өдрийг шинийн нэгэн гэж нэрлэе, энэ өдрөө нэгэн­дээ гомдлож туньснаа тайл­даг, хэлэлцдэг баяр болгоё гэж хэлэлц­сэн юм байна лээ, түүхэндээ бол.  Монголчууд  өвөлжингөө бор хоо­лоо идэж, эрс тэс уур амьс­галдаа зохицон амьдарч энергиэ бор хоолноосоо авдаг байгаад хавар ханш нээгдэх үеэр буцаад тэрийгээ тайлж мацаг барьж, цагаан идээгээ  иддэг  байж. Харин 1206 оноос хойших үндэсний гол бодитой баяр нь Цагаан сар явсаар ирж. Ком­му­низ­мын үед шинэ жил­тэй хольж хут­гаж дөч тавиад жил явлаа. Тэглээ гээд гуйваагүй ганц үлдсэн баяр нь Цагаан сар юм байна. Энэ цагаан сараар нь Үндэснийхээ дуу бүж­гийг ард түмэндээ хүргэдэг байя гэдгийн эхлэл буюу шавыг нь би тавьж байна. Энэ шав бол Их Монгол Улсын бие бие рүүгээ тэмүүлсэн тэмүүлэл, зөв эв нэгд­лийн батал­гаа болох юм аа.

Хилийн цаана байгаа монгол­чуудаа хүрч ирэхийг урьсан Ерөнхийлөгчийн  санаатай  нэг юм аа даа?

-Тийм Ерөнхийлөгчийн хэлээд байгаа санаатай нэг. Би Ерөнхий­лөгчид дуулгаж байгаа. Урьж бай­гаа. Ивээлдээ багтааж болгоогооч гэж.  Монголчуудын оюун ухааны орой, титэм нь болсон цэнгүүн болно гэж итгэж байгаа. Нөгөө талаас Цогтсайханы “Хонхны дуу”, “Рашаантын 18” гээд олон сайхан дуу бий. Тэдгээр дуунуудыг нь хооронд нь сүлээд, дотор нь дүртэй болгоод UBS-ийн Б.Бадрал зохио­лыг нь бичээд, хөгжмийн зохиолыг нь Алтанхуяг бичээд “Хонхны дуу” гэсэн монгол мюзикл хийе гэсэн. Хуучны хөг­жимт драмаасаа мюзикл чинь ондоо. Төсөв хөрөнгө нь батлаг­даад ажил нь эхэлчихсэн явж байна.

Сүхбаатарын хөшөөг буул­гана гээд нэлээд ярьсан. Тэр санаа тань  бүтсэнгүй ээ

-Намайг зүхсэн зүхэлт, буруу­шаалт энэ тэр энд хамаагүй. Би бодохдоо энд цэлгэр талбай байл­гаад л дэлхийн томчуудыг ирэхээр арын Чингэсийн цогцолбороор фон хийгээд асар олон DVD хийж дэлхийгээр цацах юмсан гэсэн л бодолтой байсан. Үндсэндээ урла­гийн бүтээлийн хувьд ч он цаг, орон зайн хувьд ч хоорондоо зөрчил­дөөд байгаа юм. Жанжин Сүхбаа­тарыг муулаад доош нь хийсэн юм бол үнэндээ алга. Жан­жин Сүх­баа­тарыг цэргийн музей юмуу, Тас­ганы овоон дээр ч юм уу, Ардын намыг байгуулсан гэж байгаа бол намынх нь үүдэн дээр ч юм уу байлгаач ээ гэснээс ингээд гуйвуул­чихна гэж санасангүй. Ер нь энэ бүтээлүүдийг уран бүтээлч хүн сэтгэж, бүтээж туурвидаг учраас үгүйсгэж болох­гүй. Лениний хө­шөөг ч тэр, Сталины хөшөөг ч тэр уран бүтээлч хүн л хийсэн. Уг нь түүх түүх чигээрээ байх учиртай. Нөгөө талаар хөшөөтэй дайн зар­лаад байгаа юм биш улсын нийс­лэлд их нандин, цэгцтэй цөөн бүтээл байвал зүгээр.

Ардчилсан намын идэвхтэй гишүүний хувьд саяын ҮЗХны  хурлын талаар ямар бодолтой байна вэ?

-Би бол ҮЗХ-ны гишүүн ч биш, Ардчилсан намын гишүүн ч биш байсан.

АНд хэзээ элслээ?

-М.Энхсайхан намаас гараад, тогоо шанагаа хуваалцаад эхлэ­хээр өөрийн санаа бодлоо өмөөрч энэ намд элссэн. Нөгөө кинон дээр Балтын хэлдэг шиг “Намайг Ардын нам гэдэг шүү” гэдэг шиг “Намайг Ардчилсан намын гишүүн байсан гэж хэлээрэй” гээд үхэлтэй биш. Нэгэнтээ суурийг нь тавьсан, санаа бодлыг нь гаргаж ирсний хувьд явж байгаа. Айн Рид “Зөвшилцлийн Засгийн газар гэдэг бол фашизм” гэсэн байдаг. Тэрний баталгаа нь өнөөдөр гарч ирж байна. Ядуурал 35-40 хувь хүрчихлээ. Тэгэхээр тэд зөвшилдөөд улс орныхоо эрх ашгийн төлөө юм хийсэнгүй. Зөв­шилцөж байгаад завшилцах гэж байгаад болохоо байгаад салав уу гэж хардаж байна. Би хардах эрхтэй. Яагаад хардах эрхтэй юм гэхээр үнэхээр Зөвшилцлийн Зас­гийн газар байгуулсан юм бол Оюу толгой, Таван толгой эргэлтэд орох учиртай. Үүнийг нь би дэмжиж бай­гаа. Эргэлтэд оруулахдаа эх­лээд дэд бүтцээ шийдчих. Улаан­баа­тараас Таван толгой, Оюу тол­гой хүртэлх хар замаа, хурдны замаа эхлээд тавьчих тэгэх үү, Айвенхоу майнзынхаан. Энэн дээрээ гэрээгээ хийе. Тэгээд та нар тэнд суурин байгуул, тэрний зураг төслийг нь гаргаж байгаад наанаа ух. Тэгэх учиртай. Энэ улс үндэс­тэнд аятай тухтай амьдрах болом­жийг бий болгоё гэж хүний нүнжиг­тэй ханд­сан бол энэ Засгийн газарт итгэх ёстой. Тэгтэл тэгээгүй. Тэгээ­гүй болохоор тэнд бөөн хар тоос босч байгаа. Тэд ийм бодлого явуулж чадсангүй, чадах чадвар ч үгүй юм байна. Харин тэд ондоо бодолтой буюу нийлж завших бодолтой хүмүүс байсан байна гэж дотроо би дургүйцэж байна. Зас­гаас гардаг нь зөв. Өчигдөр орой зурагтаар харж байхад одоо л сөрөг хүчинтэй мэт уур амьсгал төрж байна. Уг нь анхнаасаа Ард­чилсан нам энэ зөвшилд оролцох­гүй гээд хүчтэй сөрөг хүчин байх боломж байсан. Хүчтэй сөрөг хүчин байгаад хөшүүрэг хийгээд саяын хэлсэнчлэн “Наанаа эхлээд дэд бүтцээ шийд, наад улс үндэстнээ битгий цөлжүүлчих. Дэлхий угаа­саа цөлжиж байхад” гээд дуугарч байх ёстой. Жирийн жүжигчин, мунхаг миний бодлоос дор ухаан­тай улс  төрчид байна гэхээр ямар увайгүй юм гэж л харж байна.  “Сонгогчид нь ямар байна. Депу­татууд нь тийм байна” гэж Михайл Задарнов хэлсэн. Аль 1800-аад оны үед Достоевский “Ямар ард түмэн байна тийм төр байна гэж” бас хэлсэн. Тэгэхээр сонгож байгаа бид ч өөрөө буруутай. Долдугаар сарын нэгний үйл явдал болсны дараа ҮЗХ хуралдаад тэр хурал дээр нь би ҮЗХ-ны гишүүн биш ч гэсэн өөрийн эрхгүй яваад оччих­сон юм. ҮЗХ дотор өрөвдмөөр амьтад байдаг юм байна лээ. Гишүүдийн ярьж байгааг сонсоод би гутсан. Тэр үед би “Ээ чааваас” гэж бодоод огиудас хүрсэн. Үг хэлэх эрх би авсан. Яагаад гэвэл энэ намын тулгын чулууг ивэлцсэн учраас. “Одоо ингээд яв. Хувьсгалт намын бэлтгэл хүчин болоод яв зайл” гээд хэд хэдэн хүний нэрийг би цохож хэлсэн. Тэгсэн “Таныг хүндэтгээд үг хэлүүлж байхад доромжиллоо” гэсэн. Тэгэхээр нь Н.Алтанхуяг даргатай шатан дээр таараад анхааруулж үг хэлсэн. Одоо яасныг нь хар л даа. Н.Алтан­хуяг нь байна уу, С.Батболд нь байна уу хамаагүй энэ хэд бие биенийгээ ямар үгээр хэлэх нь хамаагүй. Жинхэнэ “алуулж” бай­гаа нь эдний аманд яригддаг ард түмэн байхгүй юу. Гишүүд, зарим нэг  билиг авьяастай гэгдэх хүмүүс миний ард түмэн гээд яриад эхлэ­хээр нь би энэ юу хийж алах гэж байгаа бол гэж харддаг. Хэдий чинээ ард түмэн гэж ярина, төдий чинээ худалч байдаг.

Засгийн газрын гишүүн УИХын  гишүүн байдгийг  өөрчилье гэж Ерөнхийлөгч санал гаргаад МАНынхан хүлээж авсангүй өөрсдөө шийдчихлээ л дээ

-УИХ-ын гишүүдийг хууль батал гэсэн болохоос гүйцэтгэх ажил хийгээд яв гэж хэн сонгосон юм. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн тусдаа л байх ёстой. Тэр бүү хэл Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн биш байх ёстой  байхгүй юу. Харин Засгийн газарт нь аж ахуйн талын хурдтай  мэдрэмжтэй чадал­тай хүмүүс орж ажиллавал сайн байгаа юм.

Жанцанноров гуай та хоёрын тухайд асуумаар байна. Нас намба суусан хоёр том уран бүтээлч чухам яагаад ингэж муудалцаад байгаа юм бэ?

-Ганц Жанцанноров гуай биш ээ цаагуур нь хийснийгээ мэрж иддэг хүмүүс байна. Жишээлбэл Жанцанноровын ажилч хичээнгүй чанар, сайхан аялгуу зэргийг нь үгүйсгэсэн хэрэг бол биш. Миний  хувьд Жанцанноровт тийм ааш зохихгүй гэж бодож байсан. Тэгж хүндэлдэг байсан болохоор түү­ний хөгжмийг Чойномын тухай бүтээлдээ оруулж байсан. Өөрөө ч баярласнаа илэрхийлж байсан. Уран бүтээлийн хамтрагчид бай­сан. Насаар бол надаас арав гаруй ах. Ах хүн намбатай байх хэрэгтэй л дээ. Зарим бүтээлүүдээ юмнуу­даас туусан юм бол бий. Тэрнийг нь би мэднэ. Тиймээс би тэднийг нь үгүйсгэнэ. Мандухайг үгүйсгэж болохгүй. Аргагүй төрийн шагнал авах ёстой бүтээл. Бидний хооронд яагаад ан цав гарав гэхээр овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж. Би бол бусдыг өдөж явдаг хүн биш. Өдвөл харин сөднө. Нямдорж гуайн хэлснээр “Хурууны минь хээ хувиршгүй, алганы минь хээ арилшгүй минийх ээ, минийх”  гэж. Тэгэхээр миний хээ угалзыг эвдэх гээд хэрэггүй л дээ. Сая “Алтан Өд” гээд наадам боллоо. Уг нь тэд чинь Монголын оюун санаа­ны түүчээ болж явах учиртай хү­мүүс биз дээ. Цаг гучин минутын дараа эхэлдэг юм байна тэр ажил нь. Оосор бүчгүй цагаан өргөө гээд л нүгэлтэй худлаа ярих юм. Хаан амар хатан суудал ч гэнэ үү. Тэр­нийгээ тэд чинь яруу найраг гэж боддог юм байна. Тэр орой жаахан ширүүн загнаад уйтай гарсан. Улаанбаатарын утаа шиг урьд нийг­мийн утаандаа баригдчихсан хэдэн хүн л сууж байна лээ тэр дотор.

Жанцанноров гуайн хувьд төрийн шагналыг авторууд л авдаг, гүйцэтгэгчид авдаггүй гэсэн юм л ярьсан байсан?

-Нарийндаа бол жүжигчин дуу­чин хүмүүсийг гүйцэтгэгч гэдэггүй. Цаазын ял авахад гүйцэтгэнэ гэж байдаг. Шүүхийн шийдвэрээр ялыг гүйцэтгэдэг. Үнэхээр гойд содон дахин давтагдашгүй бүтээлүүдийг хийсэн хүмүүст аль салбар гэхээсээ үл хамаарч төрийн шагнал авах ёстой. Би “Үлэмжийн чанар”-аа давтагдахгүй гэж бодож байна. “Үлэмжийн чанар” гэдэг дуугаа дангаар биш бүтэн хоёр цаг гаруйн тоглолтоо бүтнээр нь авч үзвэл давтагдахгүй. Буцаагаад та нарын түүхий эдийг би борлуулдаг гэж хэлж болно ш дээ.  Явуухулан гуай “Хар ус  нуурын шагшуурга” гэдэг дууныхаа тухай “Яруу найрагч Явуухулан, дуучин Зангад гуай хөгжмийн зохиолч гурвын санаа нийлж байж сая “Хар ус нуурын шагшуурга” гэдэг бүтээл гарч бай­гаа юм” гэж хэлсэн байдаг. Уран бүтээлээсээ өмнө бүтээгчид нь бай­даг. Одоо жинхэнэ чадвараа гар­гасан юм хий л дээ. Нацагдорж шиг симфони бичихгүй юу. Хангал шиг, Билэгжаргал шиг. Тэгвэл би Жанцанноровт баяр хүргэнэ. “Чи ми­ний шүүсийг шахаж байж юм гар­галаа шүү” гэж надад баярлана. Би хэдэн сайхан хөгжмийн зохиолч анд­тай байлаа. Тэд маань ихэнх нь залуу­гаараа явчихлаа. Хангал, Нацаг­дорж, Билэгжаргал, Чин­зориг гээд хэдэн нөхөд минь. Тухайн үеийн удирдлага нь дарж боож байсанд ихэд харамсч ярьдаг байж билээ. Чинзоригийн ая, Банз­рагчийн шүлэг “Үнэн, худал хоёрыг өөрөө ч мэдэхгүй хорвоо, Өнчин зүрхний хайрыг минь өшиж битгий боогооч, Хатуу зөөлөн хоёрыг хаашдаа ч мэдэхгүй хорвоо минь, Халуун зүрхний хайрыг минь ха­шиж битгий түгжээч” гэсэн сайхан дуу, Билэг­жаргалынхаа аяыг нь хийсэн нэг дуутай хамт би цоо шинэ бүтээл болгон  бичүүлж, дуулах  гэж байгаа. Яг одоо ч би “Халуун зүрхний хайрыг минь хашиж битгий түгжээч” гэж хэлмээр байна.

Дуучин Болдыг төрийн шаг­нал авахад нэлээд шүүмжлэл дагалаа

-Төрийн шагналыг олон жил ажилласан, олон жил амьдарсанд нь өгдөг шагнал биш гэдгийг сая харуулчихлаа. Залуу насан дээр нь, хийж бүтээж байгаа үед нь өглөө.  Болдод би баярлаж байна. Төрийн шагнал авахдаа намайг урьсан. Намайг клипэндээ тоглохыг урьсан. Клипнийх нь зохиол таа­лагд­сан. Бас киноноос гадна Бол­дын клипэнд зориулж үсээ ургуулж байгаа шүү, нээрээ. Хүүхдүү­дийн­хээ энэ бүтээлч хандлагад баяр хүргэн, урам өгөх ёстой. Балхжав Болдыг төрийн шагнал авахад нь “Миний дуунуудыг дуулдаг юм ш дээ. Ямар гоё юм бэ” гэж өөрөө авсан юм шиг баярлаж  байсан. Ийм л байх ёстой байхгүй юу. Хөдөлмөрийн баатраас бусад бүх медалийг энгэртээ гялалзуулдаг нэг өвгөн байдаг юм.  Тэр хүн орой 23 цагт хүүхдээрээ утасдуулж байна ш дээ. “Болд төрийн шагнал авчихлаа. Та юу гэж үзэж байна” гэж. “Надад ямар хамаатай юм. Би яахаараа мэдэх ёстой юм” гээд уурлангүй утсаа салгачихсан. Тэр хүүхэд нь тэгж утасдана гэж байх­гүй. Унтаж чадахгүй нойр нь хүрэх­гүй, даралт нь ихсээд, зүрх нь салгалаад хүүхдэдээ “Чи явж сурагла” гэж байгаа тийм л инээд­тэй дүр зураг харагдаж байгаа юм. Зүгээр л өтөл л дөө, зүгээр л хөгшир  л дөө. Эдний ингэж зөнө­хийг хараад би харин ингэж зөнөх­гүй юм шүү гэж бодож байгаа. Намайг доош нь хийж байсан бүхэн намайг дээш нь босгож ирсэн байхгүй юу.

 

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 12-13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн нутгаар ахиухан...

img

5 цагийн дараа

Аймгийн арслан М.Бэлгүтэй улсын начин цолны болзол хангалаа

“Дорнын Хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 ангийн бөх аймгийн арслан М.Бэлгүтэй тав давж, улсын н...

img

5 цагийн дараа

Аймгийн арслан Ш.Отгонтөгс улсын начин цолны болзол хангалаа

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс улсын начин цолны болзол хангалаа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум...

img

4 цагийн дараа

Соёолон насны морьдын уралдаанд айргийн тавд орсон хүүхдүүдэд батламж гардууллаа

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд айр...

img

4 цагийн дараа

Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 341 хүн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол долдугаар сарын 12-ны байдлаар нийт батлагдсан тохиолдол 12162 мянгад хүрсэн байна. Халдварт...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд