гадаад
Оросыг дэмжигчид ба Ленинградын бүслэлт DNN.mn
Админ
2024 оны 4 сарын 01
84
Бидний дунд байгаа Оросыг дэмжигчид гэж хэн болохыг тодруулах гээд үзье.
Оросыг дэмжигч монголчууд “Германы фашистууд олон мянган Ленинградчуудыг өлсгөж алсан” гэж боддог. Саяхан болж өнгөрсөн Ленинградын бүслэлтийг бут цохисоны 80 жилийн ойг тохиолдуулан энэхүү бүслэлтийг болон “Гуравдугаар Рейх”-ийн бусад гэмт хэргийг “ЗХУ-ын ард түмнийг хоморголон устгасан үйлдэл” гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг Кремль Берлинээс шаардсан тухай “ТАСС” агентлаг мэдээлсэн. Харин ОХУ-д суугаа Германы Элчин сайд Александр Граф Ламбсдорф “Манай улс энэ явдлын хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна” гээд “Харин Берлин түүхийг дахин бичих ёсгүй гэж үзэж байна. Энэ бол буруу үйлдэл” гэж мэдэгдсэн. Үүний цаад учир нь ийм юм.
Ленинградын бүслэлт 1941 оны есдүгээр сарын 8-наас 1944 оны нэгдүгээр сарын 27 хүртэл 872 хоног үргэлжилж, янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр 600 мянгаас 1.5 сая хүн нас барсан гэж үздэг. Уг бүслэлтийн өлсгөлөн болсон хамгийн хүнд үе 1941 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 25-ны хооронд сар гаруй үргэлжилсэн бөгөөд хот руу хоол хүнс хүргэх цорын ганц зам нь “Амьдралын зам” гэх Ладога нуурын мөсөн дээгүүр явдаг авто зам байсан билээ. Тухайн үед Оросууд агаарын гүүр зохион байгуулж 50 тээврийн онгоцоор бүтээгдэхүүн тээвэрлэж байсан нь Ленинградынханд маш чухал тусламж болж байсан. Эдгээр нисэх онгоцнуудын аюулгүй байдлыг ханган сөнөөгч онгоцууд хамт нисдэг байв. Гэтэл Сталин бүх онгоцыг Москвад шилжүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргаж Ленинградынхныг зөнд нь орхисон нь өлсгөлөн бий болоход гол нөлөө үзүүлсэн байдаг. Сонирхолтой нь дайны гэмтнүүдийг шүүсэн Нюрнбергийн шүүх хурлаар Германы цэргийнхэн “Бид Ладога нуурын мөсөн дээгүүр байсан Оросуудын хүнсний замыг хаагаагүй. Харин Оросын албан тушаалтнууд хүнс, эмийг үнэт зүйлсээр ард иргэддээ зарж өлсгөлөн бий болгосон” гэж мэдүүлсэн учир энэ бүслэлтийг удирдаж байсан Германы фельдмаршал Фон Лееб орос иргэдийг өлсгөж хөнөөсөн хэргээр ял аваагүй байдаг. Харин Фон Лееб Оросын комиссаруудыг устгах тушаал өгсөн, “Барбаросса” төлөвлөгөөг төлөвлөж хэрэгжүүлэхэд оролцсон, олзлогдогсдыг цаазлах, энгийн иргэдийг хоморголон устгах, эд хөрөнгийг нь дээрэмдэхийг зөвшөөрсөн гэж яллагдсан ч тушаал биелүүлж байсан хэмээн гурван жилийн хорих ялаар шийтгэгдсэн байдаг. Гэсэн ч мөрдөгдөн хоригдох явцад уг ялын хугацаа нь дууссан хэмээн чөлөөлөгдсөн болохыг уг хурлын протокол нотолдог. Иймээс л өнөөдөр Оросууд Ленинградын бүслэлтийг дангаар нь бус “Гуравдугаар Рейх”-ийн бусад гэмт хэрэгтэй хамтатган Германыг буруутгаж байгаа юм.
Оросын төр, засгийн гол онцлог бол авлигал. Энэ нь дайнд ч нөлөөлдөг. Тухайлбал, өндөр үнээр авсан чанаргүй нүүрс шатаадаг хаант Оросын хөлөг онгоцнуудын утаа далайд хаа холоос харагдаж 1905 оны байлдаанд Япончуудын хялбар бай болж ялагдах нэг гол шалтгаан нь болсон байдаг. Мөн улаан Оросууд 1939 оны өвөл Финлянд руу дайрахад албан бүртгэл дээр байсан цэргийн өвлийн хувцас хэрэгсэл нь агуулахад огт байхгүй байсан учир финичүүдэд устгуулснаасаа олон орос цэрэг хөлдөж үхсэн. Тэгвэл Путины Оросын Украинд явуулсан довтолгоон бүтэлгүйтэж, шинээр цэрэг татах болоход бас л цаасан дээр бичээтэй байсан бүхэл бүтэн армийн цэргийн хувцас хэрэгсэл бүхий агуулах хоосон байсан тухай баахан шуугилдсан. Бүр манай Нарантуул зах дээр оросууд ирж манайханд бөөндсөн өөрсдийн цэргийн хувцсыг буцаан машин машинаар нь худалдан авч байсан билээ. Гэтэл Оросыг дэмжигч монголчууд “Оросын арми хаана ч байхгүй хүчирхэг зэвсэгтэй, Украинд ялагдахгүй” гэж боддог. Оросууд барууны зэвсгийг хулгайгаар хуулбарлан үйлдвэрлэдэг учир “хаана ч байхгүй” гэдэг нь үнэн, харин “хүчирхэг” нь худал зүйл. Дэлхийн II дайнд АНУ, Их Британи тэргүүтэй 16 улс дэмжиж байсан учир ЗХУ энэ дайнд ялсан. Харин өнөөдөр АНУ, Их Британи тэргүүтэй 54 улс ОХУ-ын эсрэг зогсож байгаа учир АНУ-д болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Орос ялагдах байх. Оросыг дэмжигчид тавдугаар сарын 9-нийг “Ялалтын баяр” гэдэг. Үнэндээ бол “Америк, Английн тусламжгүйгээр бид ялахгүй байсан”
гэдгийг мэддэг фронтын дайчид эрс цөөрсний дараа Кремль 1965 оноос эхлэн “Ялалтын баяр” тэмдэглэх болсон. Олон сая хүн алагдсан үйл явдал яав ч баяр болгон тэмдэглэх зүйл биш билээ.
Оросыг дэмжигчид өнөөдрийн Монголын тусгаар тогтнол, ололт амжилт бүхэн Оросуудын ач тус гэж үздэг. Монголын тусгаар тогтнол нь Хаант Орос 1905 онд Японд ялагдсаны дараа энэ хоёр улсын хооронд хийгдсэн “Буриад Монгол Оросын мэдэлд, Өвөр Монгол, Хятад Японы мэдэлд, харин Ар Монгол дундын бүс байна” гэсэн нууц хэлэлцээр хэрэгжсэний үр дүн юм. Октябрийн хувьсгалын дараа Япончууд Алс Дорнодоор цэрэг оруулж большевикуудаар цагаан хааны хийсэн уг гэрээг дахин баталгаажуулсан нь Монгол тусгаар тогтнох гол шалтгаан болсон. Өнөөдрийн Монголын хөгжил дэвшил бол дэлхий нийтийн хөгжлийн ач тус бөгөөд Оросын хэлмэгдүүлэлт гэх хядлага, хамтрал, нэгдэлжилт байгаагүй бол илүү хөгжих байсан билээ. Оросыг дэмжигчид “Мөнхийн хоёр хөршийнхөө дунд Оростой байхад алзахгүй” гэдэг. Гэтэл мөнхийн зүйл гэж үгүй учир хоёр хөрш удахгүй задарч Монгол Холбооны улс болж хос парламенттай болох шаардлага үүсэх нь гарцаагүй.
Саяхан ОХУ-ын ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Москвагийн ойролцоох “Crocus City Hall” концертын цогцолборт болсон террорист халдлагын сэжигтнүүдэд яагаад эрүүдэн шүүлтийн шинж тэмдэг илрээд байна вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би энэ асуултыг хариултгүй үлдээж байна” гэсэн. Сэтгүүлч Песковоос “Оросын тусгай хүчнийхэн халдлагын сэжигтнийг баривчлахдаа яагаад чихийг нь огтолж аманд нь чихэж идүүлсэн юм бэ?” гэж асуусан хэрэг. Энэ явдал бол Ардчиллыг баримтлагч монголчуудын хувьд санаанд багтамгүй зэрлэг бас харгис төдийгүй хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, мөрдөн байцаах байгууллагад итгэх боломжгүй болгож буй сөрөг үйлдэл, бас байж боломгүй гэмт хэрэг. Харин Оросыг дэмжигч монгол та энэ явдлыг яг юу гэж үзэж байгаагаа эргэцүүлээд нэг бодоод үз дээ!
Энэ бүхэн бидний дунд байгаа Оросыг дэмжигчид нь Кремлийн суртал ухуулгыг сохроор итгэгчид бөгөөд харин бид бол зүгээр л бодит үнэнийг эрэн хайгчид юм гэдгийг нотолж байна. Бидний ялгаа ердөө л энэ. Кремлийнхэн өөрсдийгөө дэмжигчдийг хоорондоо “полезные идиоты” буюу “ашигтай мунхагууд” гэдэг. Гэхдээ Кремльд барьцаалагдсан Монголоо хорлогч цөөн тооны жинхэнэ урвагчдыг бодвол Оросыг дэмжигчид маань хамаагүй аюул багатай гэдэг бол үнэн. Тэгээд ч нэг их удахгүй “Оросын түүх бол бодит тамыг хийсвэр диваажин хэмээн хэрхэн худал сурталдсан тухай түүх юм” гэж түүхийн сурах бичигт бичиж эхлэх болно. Тухайлбал, ОХУ-ын Төрийн Думын 2001-2012 оны депутат, ФСБ буюу Холбооны Аюулаас Хамгаалах албаны хурандаа асан Геннадий Гудков “Crocus City Hall”-д болсон халдлагын үйл явц олон нийтэд тодорхой болоод байгаа ч хоорондоо огт авцалдахгүй явдал хэтэрхий гэмээр олон байна. Жишээ нь, буудлага эхлэхэд тэнд эрэлч нохой хөтөлсөн тусгай албаны хүн байсан. Эрэлч нохой хар тамхи, эсвэл тэсрэх бөмбөг илрүүлэх үүрэгтэй. Харин түүний илрүүлсэн хүнийг баривчлах тусгайнхан заавал хамт байдаг журамтай. Тэд хаана байв. Нохойтой хүн яагаад болж буй аллагыг утсаар цааш мэдэгдэх гэж огт оролдолгүй шууд яваад өгөв. Яагаад халдлага үйлдэгсэд явснаас бүтэн цаг хагасын дараа тусгай хүчнийхэн тус байранд нэвтрэв. Орчин үеийн барилга болох “Crocus City Hall”-ын түймрээс хамгаалах систем яагаад ажиллахгүй байв. Концертын танхимын дээвэр нуртал яагаад гал команд ирэхгүй удаж, олон иргэд амь үрэгдэв. Зөвхөн эдгээр жишээнээс л Путин Оросын тусгай албадыг ямар ч чадваргүй болгож бүрэн дампууруулсан, эсвэл тусгай албад энэ халдлагыг мэдэж, алсаас удирдан үр дүнг нь ашиглах зорилго тавьсан гэсэн хоёр л хариулт гарч ирнэ. Путин Орост болсон террорист халдлага бүрийн дараа эрх мэдлээ нэмэгдүүлдэг” гэж хэлжээ. Гэтэл Путин болон Кремлийн суртал ухуулагчид энэхүү халдлагыг юу гэж сурталдаж байгаа билээ. Оросыг дэмжигч та алийг нь зөв гэж бодож байна?! Үнэн хүчтэй гэдэг аргагүй үнэн.
Г.АМАРСАНАА
Нийтийн тээврийн Д:4 “СХД 31-р хороо- Хайрханы эцэс-11-р байр” чиглэлд өөрчлөлт орууллаа DNN.mn
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Нийтийн тээвр...
8 цагийн дараа
Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын барилга угсралтын ажлыг 2025 оноос эхлүүлнэ DNN.mn
Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсг...
8 цагийн дараа
09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1140 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn
2024 оны аравдугаар сарын 8-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1140 автобус иргэдэд үйлчилж байна.
...8 цагийн дараа
Х.Нямбаатар сонгуулиа бодсон бол зам засвараа хойшлуулах байлаа DNN.mn
Нийслэлийн зам засварын ажил энэ жил сургууль, ажил орохтой зэрэгцэж эхэлсэн нь шүүмжлэл дагуулсан. Харин хотын дарга Х.Нямба...
7 цагийн дараа
Б.Чойжилсүрэн: Монгол Улс 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болно DNN.mn
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлтийн үеэр ярилцлаа. -Олон жилийн дараа Монгол ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд
Үл ойшоогч
Би л лав “ашигтай мунхаг” биш дээ!😄😄