Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Б.Нямтайшир: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч анхаарах зүйлс нэлээд байна DNN.mn

trend

ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН

img

2024 оны 4 сарын 18

img

928

news-img

МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. 


-УИХ Баялгийн сангийн тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Таныг стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хүний хувьд биш, уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа энэ салбарын мэр гэжлийн хүний тухайд со нирхох нэг асуулт байна. Та энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Монгол улсын үндсэн хуулийн 6.2 дахь заалтад газар, газрын хэвлийн болон түүний баялаг нь төрийн нийтийн өмч байхаар тунхагласан байдаг. үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн уг хуулийг өргөн барьсныг би дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд тусгагдсан стратегийн ордуудыг 34:66 гэсэн харьцаагаар, оюу толгойн нөхцөлөөс дордуулахгүйгээр ард түмэндээ эзэмшүүлэх нь зүйтэй. монголын ард түмэн байгалийн баялгаа шударга, тэгш хуваан хүртэх ёстой.

-Хуулийн төслийг та хэр анхааралтай судлав. Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд ямар онцлог тусгагдсан гэж үзэж байна вэ? 

-Хуулийн тухай ярихад, баялгийн сангийн тухай хуулийн төсөлд ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн сангуудтай байхаар тусгажээ. 2017 оноос хойш одоо хүчин төгөлдөр үйлчилж буй ирээдүйн өв сангийн тухай хуультай хэрхэн нийцэж байгааг нэлээд харьцуулж  харлаа. тухайлбал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцаанд ногдох ногдол ашиг өмнө нь ирээдүйн өв санд ордог байсан бол одоо өргөн барьсан хуульд  Хөгжлийн сан руугаа оруулахаар зохицуулсан байна.

Мөн өмнөх жилийн эрдэс баялгийн орлогын гүйцэтгэлээс давсан хэсгийн 20 хувь, хууль тогтоомжийг шинэчлэх, өөрчлөх замаар татварт орж ирж байгаа нэмэлт орлогын 50 хувийг Ирээдүйн өв санд төвлөрүүлдэг байсныг больж бас Хөгжлийн сан руу шилжүүлэхээр тусгажээ. Харин үүсмэл ордоос авах АМНАТ-ыг Ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр болж. Гэх мэтээр  сангийн эх үүсвэрүүдэд нилээд өөрчлөлт орсон байна. Эдгээр нь ч зөв байх. Ер нь Баялгийн сан гэдэг чухам юу вэ гэдгээс эхэлмээр байгаа юм. Миний хувьд Баялгийн сангийн эх үүсвэрийн талаар зарчмын өөр бодол, санаатай байдаг.

-Зарчмын өөр бодол санаа гэдгээ тодруулж тайлбарлаад өгөөч?

-Миний бие уул уурхайн салбарт 30 гаруй жил бизнес эрхэлж байна. Байгалийн баялгийг нийт ард иргэддээ хэрхэн тэгш, шударгаар хуваарилах вэ гэдгийг байнга бодож ирсэн. Бүүр 2005 онд энэ асуудлаар өөрийн үзэл, бодлыг тусгасан нийтлэл бичүүлж байлаа. Хэдэн жилийн өмнө Баялгийн сангийн тухай, Стратегийн ордын тухай жижигхэн товхимол боловсруулж хэвлээд УИХ, Засгийн Газрын гишүүдийн заримд нь өгч байсан. Тэр товхимолдоо олон улсын чиг хандлага, жишгийг нэлээд судалж  тусгасан юм. Баялгийн сангийн түүхийг сөхвөл 1800-аад оноос эхлэлтэй. Тэр үеэс л дэлхийн улс орнуудад ийм төрлийн сан байгуулагдаж байсан түүхтэй. Чилийн нийслэл Сантьяго хотод Баялгийн сантай дэлхийн 34 орон нэгдсэн конвенцийг 2008 онд баталж гаргасныг та мэдэх байх.

Гол үзэл санаа нь маш энгийн. Байгалийн баялгийг ашиглуулснаас олсон орлого буюу роялти ба түүний хуримтлалыг ард түмэндээ зориулах. Учир нь байгалийн баялаг бол бүх ард түмний өмч. Түүнээс бүгд хүртэх ёстой. Энэхүү хүртээмж нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр АМНАТ буюу роялтигаар дамждаг.

Роялти нь тухайн үйлдвэрлэл ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээс үл хамааран борлуулалтын орлогоос шууд авдаг. Тэгэхээр тухайн ордыг ашигласан хүртээмж нийт ард түмэнд АМНАТ-аар дамжин очих ёстой. Гэтэл одоо үйлчилж байгаа хуулинд, мөн энэ шинээр өргөн баригдсан хуулийн төсөлд болохоор Төсвийн тогтворжилтын сан, Орон нутгийн хөгжлийн санд хуваарилаад үлдсэн хэсгийн  65 хувийг л төвлөрүүлнэ гэж байгаа. Энэ бол өчүүхэн хуваарилалт. Ихэнх нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдахад зориулагдана л гэсэн үг.

Энэ  буруу. Миний хувьд АМНАТ нь Ирээдүйн өв санд 100 хувь төвлөрөх ёстой гэж үздэг. Ингэж байж Сангийн хөрөнгө нийт ард түмний өмч болж, хэзээ ч нөхөгдөхгүй байгалийн баялгийн өгөөж ард иргэд болон ирээдүй хойчид сонгодог утгаараа очино. Нөгөө талаар Үндсэн хуульд тунхагласан өөрийнхөө өмчийн хувь хэмжээг Монгол Улсын иргэн хүртэнэ. Ийм байвал нийгмийн дунд уул уурхайн салбар одоогийнх шиг “муухай” харагдахгүй, харин ч дэмждэг болно. Ийм болохоор зөв, амьдралд нийцсэн хууль гараасай гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл,  хуулийн төсөлд анхаарах ёстой зүйл нэлээд байна.

-Жишээ нь юун дээр анхаарах ёстой вэ?

-Уг нь бол Ирээдүйн өв сан нь олон эх үүсвэрээс бүрдэж, урт хугацаанд найдвартай бүтээгдэхүүнд  хөрөнгө оруулалт хийж, арвижиж байх ёстой. Гэтэл хуулийн төслийг харахаар ийм нөхцөл бүрдэнэ гэдэгт эргэлзэж байна. Ирээдүйн өв сангийн тодорхой эх үүсвэрүүд танагдаж, Засгийн газрын хяналт бүхий нөгөө хоёр санд хуваарилагдан, улс төрийн амлалт, үр ашиггүй төслүүд зэрэг хяналтгүй зарцуулагдах магадлал үүсэх эрсдэлтэй гэж харж байна. Үүнээс үүдээд ямар дүгнэлт гарч байна вэ гэхээр Ирээдүйн өв сангаа удирдах, захиран зарцуулах бүтцэд онцгой анхаарал хандуулаасай. Миний санаа бол Ирээдүйн өв сангийн хяналт, удирдлага нь Монголбанкны хатуу хяналтан дор, улс төрөөс хараат бус, шилэн байх ёстой гэж үзэж байгаа. Мөн Ирээдүйн өв сангийн Удирдах зөвлөл, менежментийн багийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх асуудлыг бүх ард түмний санал асуулгаар тодруулдаг байх, Удирдах зөвлөл, менежментийн багийг томилох, эргүүлэн татах, Сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроор шийдвэрлэдэг байх зэрэг саналууд байна.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “стратегийн ач холбогдолтой ордын  20-иос дээш хувийг дангаар, эсвэл хамаарал бүхий этгээдүүд эзэмшихийг хориглох”-оор байгаа. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-Ер нь бол хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдолтой ордыг эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдолтой ордыг олон нийтэд нээлттэй болгох, хувь эзэмшүүлэх асуудлыг энэ заалтаар зохицуулсан байгаа.

Аливаа ашигт малтмалын ордын  нөөцийг тогтоох хайгуулаас эхлэн ТЭЗҮ боловсруулах, дэд бүтцийг бий болгох, зах зээлд өөрийн байр суурийг эзлэх зэрэг маш их ажил нь цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг. Тухайлбал, дэлхий нийтэд зэсийн ордыг ашиглалтад оруулахад 15-20 жил шаарддаг жишиг бий. Нөгөөтэйгүүр зах зээлийн байдал, эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс хамааран ашиггүй ажиллах, дампуурах, орд үнэгүйдэх, хөрөнгө оруулалт үр ашиггүй болох зэрэг нь уул уурхайн салбарын онцлог. Араасаа маш их эрсдлийг дагуулдаг.

Олон улсад энэ бүх эрсдлийг үүрэх, хариуцлага хүлээх, зөв оновчтой, шуурхай шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх нь хувьцааны хяналтын багцыг эзэмшигч буюу стратегийн хөрөнгө оруулагчийн үндсэн үүрэг байдгаас гадна эргээд тухайн төслөөс эдийн засгийн үр өгөөж хүртэхэд оршдог.  Хэрэв Ашигт малтмалын тухай хуульд өргөн барьсан хэлбэрээр өөрчлөлт орох тохиолдолд ямар сөрөг үр дагаврууд бий болох вэ гэдгийг сайн бодох ёстой.

-Таны хувьд ямар сөрөг дагавар гарна гэж  үзэж байна?

-Хуулийн төсөлд заасан 20 хувиас дээшгүй буюу хяналтын багцгүй, олон хөрөнгө оруулагчтай болох тохиолдолд шийдвэр гаргалт удаан, нэгдсэн бодлогогүй байх эрсдэл үүснэ. Ийм нөхцөл үүсвэл хөрөнгө оруулалт санхүүжилт босгох боломжгүй.  Мөн Уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах, хувьцаа зэмшигчдийн хооронд маргаан үүсэх, төсөл ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай. Ингэснээр стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орохгүй байх, ер нь бол салбарын хөгжилд шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

Өөр нэг хүчин зүйлийн тухай би бас хэлэхийг хүсч байна. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх сонсголын үеэр төрийн албан хаагчид, бизнес эрхэлж байгаа аятай маш их хөрөнгөжсөн болохыг бүх ард түмнээрээ л харсан. Хуулийн төсөлд тусгагдсан хувьцаагаар дамжаад мөнгө угаах хэлбэр рүү шилжчих вий, гадныханд стратегийнхаа ордын хувьцааг шууд болон дам байдлаар алдчих вий гэдгийг л сайтар бодож, зохицуулах ёстой юм шүү. Хэзээ нэгэн цагт “Стратегийн ордын тухай” гэсэн сонсгол бүү болоосой гэдгийг л анхааруулмаар байна.

-Тэгвэл хуулийн төслийг ямар байдлаар өөрчилбөл улс нийгэм, ард иргэдэд ач холбогдолтой байх бол? 

-Уул уурхайн салбар нь сонгуулийн үеийн улс төрийн намуудын амлалт, олон нийтийн анхаарлыг хандуулдаг сэдэв, нийгмийг талцуулах үндсэн талбар болж ирлээ. Энэ нь салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинд сөргөөр нөлөөлдөг. Гадна дотны хөрөнгө оруулалт, Монгол Улсын нэр төр, имижэд ямар их сөрөг нөлөө үзүүлдэг гэж бодно.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасан “стратегийн ач холбогдолтой ордын хувьцааны 10 хувиас доошгүй гэснийг..,” өөрчлөн найруулж “34 хувь болгон нэмэгдүүлэх, ингэхдээ зөвхөн Монгол Улсын иргэнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшүүлэхээр шинэчлэн найруулах замаар одоогийн өргөн барьсан хуулиар асуудлаа нэг мөр шийдвэрлэчихмээр байна.

Үүнээс гадна стратегийн ач холбогдолтой орд гэдэг томьёоллоо бид эргэн харах хэрэгтэй гэж бодож байна. Стратегийн ордуудын жагсаалтыг батлаад үндсэндээ 17 жил өнгөрлөө. Зарим стратегийн гэх ордуудаа ашиглаад дуусчихсан байна. Угаасаа энэ стратегийн ордын жагсаалт гэгчийг тухайн үедээ улстөржсөн байдлаар, шинжлэх ухаанч бус, олон улсын жишиг хандлагад нийцүүлэлгүй  баталсан л даа. Энэхүү жагсаалтад бүх нүүрсний ордуудаа оруулчихсан байгаа. Гэтэл өнөөдөр дэлхий нийт нүүрснээс татгалзах, улмаар нүүрс шахагдан, үнэ цэнэгүй болох чиглэл рүү явж байна. 2060 он гэхэд өмнөд хөрш нүүрснээс бүрэн татгалзахаа зарлачихаад байгаа. Ийм байхад бид “стратегийн” гээд томьёолоод байж болох уу?

Дэлхий нийтэд бол стратегийн орд гэсэн нэр томьёо байдаггүй. Харин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц онц чухал ашигт малтмал буюу critical minerals гэдэг ойлголт байдаг. Ихэнх улс орнууд стратегийн ач холбогдолтой эрдсийн баялагт ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийг хамааруулдаг. Энэ асуудлаа олон улсын жишигт нийцүүлж, шинэчлэн зохицуулах шаардлагатай. Эцэст нь хэлэхэд, ямар хууль батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Бидний хувьд гарсан хуулийг дагаж мөрдөж ажиллах болно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төмрийн хүдэр, баяжмал 39 сая ам.доллароор нэмэгджээ DNN.mn

Экспорт энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеийнхээс 148.6 сая ам.доллароор багасахад нүүрс 89.1 сая, цайрын хүдэр, баяжмал 72....

img

8 цагийн дараа

​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn

Өдрийн сонины ӨДРИЙН СОНИН фэйсбүүк хуудасны ЧАТБОТ танд үйлчилж байна. “ӨДРИЙН СОНИН” пэйжийн Message товчин дээр дарж ...

img

7 цагийн дараа

35 бие даан нэр дэвшигч материалаа ирүүлжээ DNN.mn

Сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл болон бие даагчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, д...

img

7 цагийн дараа

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийжээ DNN.mn

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс э...

img

6 цагийн дараа

Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2024.05.24) хуралдаанаар Байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөр...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Иргэн

Нямтайшираа чи нялцганасан юм ярихгүй шүү.

trend

Ahmadiin tuleelel

Hudlaa 2 yriad.34 jil eh ornii baylagiig hedhen hun.turiin tolgoid bga hed l uhaj.udej bayjlaa.budend uo noogdov.Ard tumnees tatvar nereer avsan buh mungenuud ch ta nar hulgaichiin garaar duussan.Bur ue damjsan hulgaichuud.ur huuhdee hurtel hulgaigaar surgaad.turd shurguulna.Ed nart itgeh itgel ch bhgui bolloo.Heden hun tsugluulj NAM bolgood.teriigee hudaldaad Huuhdee gishuun bolgono.Enhbayr hulgauch odoo uls turees bur zail.

trend

ahmd

Nyamtaishir biznes hiij byi ni byryy bish ch.Tagnyylid baisan dabyy talaa hybidaa ashiglasan,byr ES baisan hyniig dergee abch baigaad nyyts medeeliig hybidaa ashiglah arga hereglesen bh magadlal ondor shyy.eri ni ch tiim bh. Tsaashid tiim tsoorhoi byy gargaadai . Zohih haalt tabiasaa daa.

trend

ahmad

Hyyli heletsej byi ene tsag yed hargalzaj yzyyshtei zarim neg chyhal sanaa bna shyy.Bygdeerei heleltsbel byryygbyryygyi.Doloo hemjij neg ogtloo gej.Er ni ene hyyliig nen daryi batlah ni zob.!!!!!!!

trend

Иргэн

Зөв зүйтэй санаа бна.авч хуулиндаа тусгаасай.

trend

тод

за чи битгтий хуц дандаа хулгайгаа нууна
чиний өмч гэж юу бсын

trend

j.bayarsaihan

ta uur devsheed bagaa burduuleed shiideechee

trend

Зочин

Маш зөв авууштай санааг хэлсэн бна. Энэ хүний үгийг сонсох л ёстой.

trend

Иргэн

Энэ салбарт ажилласан хүн зөв зүйлд санаа зовниж. Стратегийн ордууд гээд улс төржсөн, хүмүүсийг хуурсан байдлыг засах нь зөв. Төсвийн алдагдал нөхөхөд АМНАТ цуглуулж явах нь буруу гэдгийг хэлж. Төр зардлаа танаад иргэдэд АМНАТ очиход анхаарах ёстой. Компанийн хяналтын багц 34, 51, 67, 90-ээс дээш хувь гээд олон түвшинтэй. Хариуцлага хүлээж шийдвэр гаргах бизнесийн хүмүүс, санхүүжүүлэх банк 20 хувьтай хүнтэй ярих ч үгүй. Бизнес зогсонги байдалд орно. Улсаа хорлох хуулийн төслийн заалт бн.

trend

Хотын иргэн

Битгий тэнэгтээд бай. Ард түмний баялгийг олон арван юм ярилгүй буцааж өг.

Онцлох нийтлэлүүд