мэдээ
Р.Сэддорж: Мөнгө хэвлэхгүй, сул зардлаа танаж цалин, тэтгэвэр нэмэх тохиолдолд инфляцид үзүүлэх нөлөө бага гэж харж байгаа

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 11 сарын 01
45

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ирэх оны төсөв, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хувьд төсөвтэй холбоотой ямар ажлуудыг хийж байна вэ?
-Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 24-ний өдөр хуралдаж 2026 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу нараас төсвийн хөрөнгө оруулалтаар хийх шаардлагагүй төсөл арга хэмжээнүүдийг хасах, төсвийн хэмнэлт хийх талаар зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.
Харин УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нийслэлийн түгжрэлийг бууруулах арга хэмжээнд зарцуулах төсвийг нэмэх санал гаргасныг гишүүд дэмжсэн. Эдийн засгийн байнгын хорооны хувьд Монгол Улсын 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг яаралтай явуулж хуульд заасан хугацаанд нь төсвийг батлуулах үүднээс хэлэлцүүлгийг шуурхай явуулж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн байгаа.
-Гадаа багш, эмч нар цалин нэм гэж шаардаж, зарим нь ажил хаясан. Уг асуудлыг ирэх оны төсөвт ямар байдлаар тусгах шаардлагатай гэж та хувьдаа үзэж байгаа вэ?
-Миний хувьд шаардлагагүй, хойшлуулж, хэмнэж болох зардлуудыг хасах тухай төсвийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Төсвийн боломждоо тааруулж, шаардлагагүй зардлуудаа хасах, хэмнэх замаар цалин нэмэх бололцоог бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Эсвэл ирэх онд шинээр орлогын эх үүсвэр бий болох ямар боломж байна, тэр үед нь зохицуулаад цалин нэмэх асуудлыг дахин ярилцаж шийдэж болох байх. Ер нь цалин нэмэхийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн нэг нь би.
-Багш, эмч нарын цалин, мөн ахмадуудын тэтгэврийг тэдний хүссэнээр нэмэх боломж манай улсын төсөвт бий юу, ер нь?
-Яг одоогийн төсөвлөсөн болон иргэдийн хүссэн хэмжээ үнэхээр зөрүүтэй байгаа. Тиймээс өргөн мэдүүлсэн төсвийн төслийн хувьд боломжгүй гэж хэлж болох ч хэлэлцүүлгийн явцад өөр ямар арга зам байна, Засгийн газарт шинээр ямар боломж байна зэргийг судлаад зохицуулах боломжтой байж болох юм.
-Цалин, тэтгэвэр өсөхийн хажуугаар инфляци өсдөг жамтай. Тэгэхээр энэ нэмэгдлийг инфляцитайгаа хэрхэн уялдуулах нь зөв гэж та харж байна. Цаашид цалин, тэтгэврийн асуудлыг Засгийн газар, төр хэрхэн авч үзэх шаардлагатай бол…?
-Зах зээл сул мөнгө орох тохиолдолд инфляцийг хөөрөгдөх нь зүй ёсны үзэгдэл. Харин цалин тэтгэвэр нэмэх тухайд бол мөнгө хэвлэж тараахгүйгээр, зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөн урсгалыг зөв хуваарилах тухай асуудал байгаа тул инфляцид тэгтлээ хүчтэй нөлөөлөхгүй байх. Өөрөөр хэлбэл, шинээр мөнгө хэвлэхгүй, сул зардлаа танаж цалин тэтгэвэр нэмэх тохиолдолд сөрөг нөлөө харьцангуй бага гэж үзэж байна.
-Нийгэмд бухимдал үүсгээд байгаа шатахууны асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газар шатахууны нийлүүлэлтийг нэмэх талаар бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байгаа гэж ойлгож байна. Тиймээс хомсдол үүссэн гэж шууд хэлэх хэцүү юм. Харин шатахуун хүрэлцэхгүй байгаа асуудлын гол шалтгаан нь тээвэр логистик буюу шатахуун түгээгүүрүүдийг тухай бүр цаг алдалгүй шатахуунаар хангах тал дээр саатал үүсээд байгаа болов уу гэж харж байна. Тиймээс шатахуун тээвэрлэлт, хүргэлтийн үйл ажиллагаанд учирч байгаа саад бэрхшээлүүдийг арилгах, хүргэлтийг шуурхайлах боломж бололцоог нэмэгдүүлэх тал дээр холбогдох байгууллагууд нэгдсэн удирдлагаар ажиллах шаардлагатай байх. Мөн зарим дүрэм журмын хэрэгжилтийг хөнгөвчлөх тал дээр анхаарах нь зүйтэй.
-Танай байнгын хороогоор саяхан Үндэсний баялгийн сангийн тухай тогтоолын төсөл хэлэлцэгдсэн. Угтаа монголчуудын хувьд энэ санг бусад сангууд шиг хулгайд алдчихгүй юмсан гэсэн болгоомжлол их байгаа шүү дээ…?
-Уг асуудал манай байнгын хороогоор хэлэлцэгдсэн. Энэ бол Тавантолгой орд газар, тэр дундаа Эрдэнэс Тавантолгойн том лицензийн одоо ашиглагдаагүй байгаа бусад газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн Баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлж, Баялгийн сангийн хуулийн бусад зорилгууд хэрэгжих тухай асуудал юм. Биржийн тухай хуулиар явах ажил. Уг асуудалд оффтейк болоод шууд гэрээ байгуулах асуудал байхгүй гэдгийг Засгийн газраас оруулж ирсэн. Уг санал Эдийн засгийн байнгын хороогоор орж дэмжигдсэн. Удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудал орно. УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Бадамсүрэн нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээгүй хойшлууллаа. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын санаачилсан Түр хороо байгуулах тогтоолыг УИХ-ын гишүүн Р.Батболд хэлэлцэх асуудлаас хасах горимын санал гаргаж дэмжигдсэн тул байнгын хорооны хурлаар хэлэлцэгдээгүй. Энэ утгаараа дараа долоо хоногт орно байх.
-Өмнөговьд томоохон цахилгаан станц барих асуудал яригдаж байгаа. Энэ талаар та товчхон мэдээлэл өгөхгүй юу. Хэдэн төгрөгөөр ямар хэмжээний хүчин чадалтай станц баригдах юм бэ?
-Улсын нэгдсэн төсөв арваннэгдүгээр сарын 15-нд батлагдана. Энэ үеэр Өмнөговь аймаг бонд гаргах эрхийг улсын төсөвт оруулж баталсаны дараа цахилгаан станц барих ажил Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу эхэлнэ. Товчхондоо 500 тэрбум төгрөгөөр 50 МВт-ын цахилгаан станц барих ийм төсөл яригдаж байгаа. Ойролцоогоор хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн. Бодит байдал дээр улсын хэмжээнд хамгийн их нүүрстэй, хамгийн их баялагтай атлаа Даланзадгад хот хөлдөх өндөр магадлалтай, халаалт авсан айл өрхийн дулаан хангалттай хэмжээнд очихгүй байгаа. Одоогийн ашиглаж байгаа цахилгаан станц 1998 онд ашиглалтад орсон. Ашиглах хүчин чадлаасаа хэтэрсэн гэсэн үг. Энэ өвөл хөлдөхгүй өвөлжчих юмсан гэж говьчууд залбирч байгаа гэдгийг хэлмээр байна.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 9 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагат...
6 цагийн өмнө
Улсад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ
Цагдаагийн ерөнхий газар татвар, нийгмийн даатгалын байгууллагуудын дунд олон жил бугшсан авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль б...
7 цагийн өмнө
Хунтайж Эндрюгийн цол хэргэмийг хураажээ
Хунтайж Эндрюгийн үлдсэн цол хэргэмийг хурааж, хааны ордноос хөөн гаргах “албан ёсны” үйл явцыг Их Британийн хаан III Чарльз эхлүүлс...
8 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны “Асуулгын цаг”-т оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Монгол Улсын И...
9 цагийн өмнө
Бахрейн-2025: Монгол Улсын тамирчид 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ
“Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадамд Монгол улсын тамирчид 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ Тус тэмцээнд 45 орны...
10 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


