Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

М.Оюунцэцэг: Эмч нарын цалин банкны зээлийн босго давахгүй байгаа нь үнэхээр эмгэнэл байхгүй юу

trend

Админ

img

2025 оны 11 сарын 01

img

18

news-img

Эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, төв талбайд суулт зарлаад найм хонож байгаа билээ. Гэвч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа учраас тэмцлийн дараагийн хэлбэр болох ажил хаялт зарлаж буйгаа өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл эмч нарын суултын үеэр ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн сувилагч М.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Эмч нарын суулт төв талбайд найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн (өчигдөр) байдлаар ажил хаялт зарлана гэсэн мэдээлэл гарлаа. Таны хувьд ажил хаясан байгаа юу?

-Эмч, эмнэлгийн ажилчид суулт зарлаад найм хоноход ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна. Миний хувьд суулт зарласан эхний өдрөөс л энд сууж, үзэл бодлоо илэрхийллээ. Манай эмнэлгийн эмч нарын хувьд цалинг нэмэх талаар ямар нэгэн шийдвэр гарахгүй бол ажил хаяхыг 100 хувь дэмжиж байгаа. Миний хувьд өнөө өглөө жижүүрээс буугаад энд ирлээ. Одоохондоо ажил хаясан зүйл байхгүй байна. Хэрвээ ажил хаявал адаглаад сэхээнд байгаа аппараттай өвчтөнүүд, амьсгалын дутагдалтай өвчтөнүүд, яаралтай тусламжийн өвчтөнүүд маань яах вэ гэдэг асуудал үүснэ. Энэ хохирлыг хэн үүрэх вэ. Мэдээж 126 гишүүн үүрэхгүй шүү дээ. Ард түмэн дунд нь хохирогч болоод үлдэнэ. Эмч нарын хувьд яаралтай, нэн шаардлагатай тусламжаа үзүүлдгээрээ үзүүлнэ. Яагаад гэвэл бид энэрэнгүй хүмүүс гэж хэлмээр байна.

-Өрнүүлж буй жагсаалын гол асуудал нь цалин байгаа шүү дээ. Таны хувьд эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-Миний хувьд эрүүл мэндийн салбарт 30 жил ажиллаж байна. ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн тасгийн сувилагчаар ажилладаг. Ээлжээр ажилладаг. Гар дээрээ 1.114.000 төгрөгийн цалин авдаг. Гол асуудал ойлгомжтой байгаа шүү дээ. Цалингаа нэмэхгүй л бол урьдчилгаа 700 мянган төгрөг аваад, дээр нь нэмээд дөрвөн ээлжээр 20 цаг илүү гарлаа гэхэд тэр мөнгө нь татвартаа явчихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр үндсэн цалинтайгаа эргээд ноцолдоод эхэлж байгаа биз. Эмч нарын цалин банкны зээлийн босго давахгүй байгаа нь үнэхээр эмгэнэл байхгүй юу. Залуу эмч нар ч гэсэн салбартаа ажилламаар байна шүү дээ. Мэргэжилдээ дуртай залуус зөндөө бий. Адаглаад залуу боловсон хүчнээ авч үлдэхийн тулд ипотекийн зээлд хамруулах гэх мэт хөшүүрэг байх ёстой. Одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс маань ипотекийн зээлд ч хамрагдаж чадахгүй байна. Тэгэхээр үндсэн цалингаа л бодитой болгох хэрэгтэй байна. 3.500.000 төгрөг ч гэсэн хангалттай мөнгө биш шүү дээ. Зах зээлийнхээ үнэлгээгээр бол 1000 ам.доллар. Ер нь гадаад оронд эмч, сувилагч, асрагч ялгаагүй бүгд хамгийн өндөр үнэлэмжтэй ажил юм билээ. Яагаад гэвэл бүхэл бүтэн хүний амь насыг хариуцдаг, шөнөдөө нойргүй хонодог, гэр орноо умартан байж тэнд 24 цагийн турш “тулаан хийдэг” юм. Тэгэхэд өнөөдрийн засаг төр барьж байгаа хүмүүс бидний амьдралыг ойлгохгүй байна.

-Ер нь яагаад эмч нарын цалинг нэмдэггүй юм бол?

-Үнэнийг хэлэхэд, эмчийн гар дээр л хүн бий болж, эмчийн гар дээр нас бардаг биз дээ. Яагаад иймхэн юмыг ойлгоод, эрүүл мэндийн салбарынхаа хэдхэн ажилчдын амьжиргааг дээшлүүлээд цалин мөнгийг нь нэмье гэж боддоггүй юм бол. Ийм үеийг хойч үедээ үлдээж байгаад үнэхээр харамсаж сууна. Мань мэт нь ч яах вэ. Би гэхэд дараа жил тэтгэвэртээ гарна. Тэгэхэд залуу хүмүүс маань цаашид яаж цаашдаа ажиллах бол. Ийм бага цалинтай болохоор хэн ирж ажиллах юм. Хэн ч ажиллахгүй шүү дээ. Бүгд гадаад руу дүрвээд алга болно. Герман, Солонгос, Америкт эмч, сувилагч нар хангалттай цалинтай. Тэнд бүгдийг нь урьж байна шүү дээ. Бид л харин энд нойр хоолгүй ажилласныхаа үр дүнд өвчтэй зовлонтой, суурь өвчтэй хүмүүс болсон байна. Ийм хүмүүсийг хэн гадаадад ажилд авах юм. Эрүүл саруул хүмүүс нь бүгд гадаад яваад дууслаа. Энэ янзаараа байвал Монгол Улсын эрүүл мэндийн салбар ямар ч боловсон хүчингүй болно шүү.

Жагсаалд ирсэн хүмүүс дунджаар 40-50 насныхан байгаа биз. Энэ хүмүүс өөрсдийгөө бодоод энд ирээгүй. Ирээдүй хойч үедээ санаа зовсон учраас л ирж байгаа юм. Ядаж таван төгрөгөөр хангалуун ажиллаасай гэсэн үүднээс бид энэ суултад оюун санаагаараа нэгдэж нийлээд ирсэн байна.

-Эмч, сувилагч нар тангараг өргөсөн тулдаа л өдий хүртэл явж ирлээ гэж эмч нар ярьж байсан л даа. Хэрвээ ажил хаявал тангаргаасаа няцсан болох уу?

-Эмч, сувилагч нар ажил хаявал хэн хохирох юм, ард түмэн хохирно. Энэ саарал ордонд сууж байгаа хүмүүс хохирохгүй. Яагаад гэвэл Монголд, улсын эмнэлгээр үйлчлүүлдэг ганц УИХ-ын гишүүн байгаа юм уу. Байхгүй шүү дээ. Эцэг эх нь өвдлөө гэхэд гадагшаа яваад эмчлүүлчхэж байгаа биз дээ. Тэр мөнгө нь дандаа бидний татварын мөнгө. Өнөөдөр бид нийгмийн даатгал төлөөд л байдаг. Гэвч эцсийн эцэст нийгмийн даатгал нь бүрэн төлөгдсөн байгууллага байхгүй. Нэг банкинд очоод зээл авах гэхээр таны нийгмийн даатгал төлөгдөөгүй байгаа учраас эрх үүсэхгүй байна гэдэг. Ийм л асуудал яригдаж байна. Өнөөдөр бид сар бүр нийгмийн даатгал төлж байгаа. Гэтэл эргээд өөрийнхөө төлсөн мөнгийг өөрөө авах гэж байж хаанаас тэр мөнгийг хайгаад байгаа юм бол. Энэ үнэхээр гайхмаар асуудал.

Эцсийн дүндээ энэхүү асуудлуудаас болоод залуу боловсон хүчин байхгүй болсон байна. Дөнгөж төгсөөд ирж байгаа эмч нар ийм бага цалинтай газар ажилд орохгүй шүү дээ. Жаахан туршлагажаад ирэхээр нь хувийн эмнэлгүүд цалин мөнгийг нь нэмээд авчихдаг. Улсын эмнэлэгт хэн ажиллаж байгаа юм, дандаа тэтгэвэртээ гарах дөхсөн хүмүүс ажиллаж байна. Тэд өргөсөн тангарагтаа үнэнч учраас л ажиллаж байна. Түүнээс хэчнээн чадалтай боловсон хүчин байгаад 1.600.000 төгрөгийн төлөө дөнгөж төгсөөд ирж байгаа эмч нар юуны төлөө, ямар амьдралыг эхлүүлэх гэж ажиллах вэ дээ.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хунтайж Эндрюгийн цол хэргэмийг хураажээ

Хунтайж Эндрюгийн үлдсэн цол хэргэмийг хурааж, хааны ордноос хөөн гаргах “албан ёсны” үйл явцыг Их Британийн хаан III Чарльз эхлүүлс...

img

8 цагийн дараа

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны “Асуулгын цаг”-т оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Монгол Улсын И...

img

7 цагийн дараа

Бахрейн-2025: Монгол Улсын тамирчид 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ

“Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадамд Монгол улсын тамирчид 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ Тус тэмцээнд 45 орны...

img

6 цагийн дараа

Сүхбаатар өртөөнөөс хөдлөөд замд явж буй нийт 87 вагон байна

2025 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 143 вагон АИ-92 автобензин байна. Үүнээс Дархан өртөөнд – 7 вагон...

img

6 цагийн дараа

Гишүүдийн дийлэнх дэмжээгүй тул Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахгүй боллоо

Улсын Их Хурлын чуулганы  (2025.10.31)-ийн нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулав. Тэрбээр чуулг...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд