редакцийн-нийтлэл
Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль ингэж өрнөлөө

Э. Хүрэлбаатар
2014 оны 1 сарын 21

1
-ИТХ-ЫН ДАХИН СОНГУУЛЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН, УИХ-ЫН СОНГУУЛЬ ШИГ БОЛЖ БАЙГААГ
НУТГИЙН ИРГЭД ЯРЬЖ БАЙНА-
Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг
сонгох дахин сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Алтайчууд сонгуульд хэрхэн оролцож
байгааг манай тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар газар дээрээс нь мэдээлж байна.
17 СУУДЛЫН ТӨЛӨӨ 49 ХҮН ӨРСӨЛДӨВ
2012 онд болсон аймаг, сум, дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуультай холбоотой маргаан тус аймагт гарсан.
Уг маргаан зургаан шатны шүүх дамжиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны
хэргийн 2013 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор тус аймагт сонгуулийн
бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр, Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сумдад
болон аймгийн төвийн Баяншанд баг гэсэн таван тойрогт нэр дэвшигчээр, 12 нь хувь
тэнцүүлсэн хэлбэрээр нийтдээ 17 суудлын дахин сонгуулийг хийх шүүхийн шийдвэр гарсан.
Уг шийдвэрийн дагуу ИТХ-ын төлөөлөгчдөө бүрдүүлэх сонгууль энэ сарын 19-нд буюу
өчигдөр болж өнгөрлөө. ИТХ-ын 35 суудлын
17 төлөөлөгчийн төлөө АН-аас 17, МАН-аас 15, МАХН-аас 14, бие даан нэр дэвшигч
гурван хүн өрсөлдлөө.
07:00 цагт санал хураалт эхэлсэн ч орон нутгийн удирдлагууд
болон сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулалцаж байгаа иргэд 08:00 цаг хүртэлх
хугацаанд саналаа өгөв. Санал өгч буй иргэдийн хуруу эсвэл иргэний үнэмлэхэд сонгууль
бүрээр тавьдаг ямар нэг тэмдэглэгээ хийсэнгүй. Цахим үнэмлэхээ үзүүлэн, санал өгөх
жагсаалтад бүртгэлтэй эсэхийг нь нягтлаад бүртгэлтэйг нь өгүүлж, бичиг баримтын
зөрчилтэйг нь буцааж байв. Ийнхүү 35 мянган сонгогчтой аймгийн дахин сонгуулийн
ирц 10:00 цагийн нэгтгэгдсэн мэдээллээр таван тойрогт таван хувьтай байсан юм.
11:00 цагаас эхлэн иргэдийн идэвх сэргэж, сумын төвийн санал
авч байгаа байрны зүгт хэд гурваараа гэлдрэх, морьтой, машинтай ирэх нь харьцангуй
дээрдэв. Гэхдээ урт дараалал үүсгэхээр олуулаа ирж байсангүй. Намын үүрийн дарга
нар болон сонгуулийн сурталчилгаа, ухуулга зэрэг ажилд оролцож буй идэвхтнүүд
санал авч буй байрны ойр орчмоор эргэлдэж, хэсгийн ахлагч нар айлуудаар явж сонгуульд
саналаа өгөхийг иргэдэд сануулж, заримыг нь дагуулан ирж байв.
Тус аймгийн 18 суманд сонгуулийн
салбар хороо, 85 хэсгийн хороо байгуулж, нийт 728 хүн зохион байгуулалтын ажлыг
гүйцэтгэсэн гэх тоон мэдээ байна. Түүнчлэн сонгуулийн аюулгүй байдлыг хангах,
сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргахад Цагдаагийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс
зэрэг газрууд хамтран ажиллаж байв. Цагдаагийн алба хаагчид бүсчилсэн хамгаалалт
хийж байсан юм.
12:00 цагийн нэгдсэн мэдээллийг гаргах үеэр нийт сонгогчдын
15.9 хувь нь саналаа өгсөн байв. Энэ нь тус аймгийн хэмжээнд хангалттай тоо биш
тул сонгуулийн хороод иргэдийг саналаа өгөхийг орон нутгийн телевизээр болон санал
өгөхөөр ирсэн иргэдээр дамжуулан хүргүүлж байв.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ, ГИШҮҮН
АСАН Ц.ШАРАВДОРЖ НАР ОЛНЫ СОНИРХЛЫГ ТАТАЖ БАЙВ
Энэхүү сонгуулийн үр дүнд АН, МАН,
МАХН-ын удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь сонгуулийн сурталчилгаа
болон өмнөх өдрүүдийн байдлаас илт мэдрэгдэж байв. Тухайлбал, нэр дэвшигчид намынхаа
лидерүүдийг дагуулан айлуудаар орж, гудамж бүрийн буланд шахуу зогсон иргэдтэй
гар барьж, намдаа санал өгөхийг сануулж, уриалж байсан аж. Тодруулбал, МАН-аас
уг сонгуульд ихээхэн хөрөнгө, хүч хаяж, зарим гишүүдээ сумдыг хариуцуулахаар илгээсэн
байна. Үүнд, Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан, Увсын Б.Чойжилсүрэн,
Дарханы Д.Хаянхярваа, Сэлэнгийн Ж.Эрдэнэбат, Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд
нар багтаж байгаа аж. Тэд өөрсдийн хариуцаж авсан сумдаар явж, орон нутгийн иргэдтэй
уулзан, зарим амин хувийн асуудлыг нь шийдэж өгөөд буцсан тухай нутгийнхан нь ярьж
байв.
Харин нэр дэвшигчдийг нь бүртгээгүй
учир 2012 оны орон нутгийн сонгуульд оролцож чадаагүй гэж шүүхэд гомдол гарган сонгууль
дахиулж буй МАХН-ын хувьд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвагаар ахлуулсан Сангийн
сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эдийн
засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга
нар тус аймагт ажиллаад буцсан. Тэдний хувьд нэлээд муу нэр зүүгээд авсан төдийгүй
сонгогчдод зэмлүүлж, заримтай нь ам мурийж, заримыг нь өөр намын гишүүн хэмээн намынхаа
хурлаасаа хөөж гаргахыг завдсан хэл аманд ороод байгаа. Зарим эх сурвалж БОНХ-ийн
дэд сайд Б.Тулгыг намынхаа тухай үзэл баримтлалаас болж сонгогчидтой нударга зөрүүлэхдээ
тулсан тухай ч ярьж байв.
Харин АН-ын хувьд тус намын генсек
Ц.Оюундарь хэсэг нарийн бичгийн хамт тус аймагт ажиллаж байв. Түүнчлэн нутгийн иргэд
болоод зарим улстөрчийн анхаарлыг хоёр хүн татаж байсан юм. Тэд бол МАН-ынхан буюу
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан Ц.Шаравдорж нар байв. Тэд МАН-аа төлөөлж
буй МАХН-ын сонгуулийн сурталчилгааны багт багтан тус аймгийн иргэд, төлөөлөгчидтэй
уулзаж явсан нь иргэдийн анхаарлыг ихэд татаж, “Энэ хоёр сонгуулийн дараа МАХН-д
элсэх гэж байгаа гэсэн” гэх яриаг гаргаад авав.
“ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨӨ БҮРДҮҮЛЭХГҮЙ
БОЛ БҮХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГАЦЧИХААД ХЭЦҮҮ БАЙНА” ГЭВ
Улмаар 14:00 цагийн мэдээллээр санал
өгсөн иргэдийн ирц дөнгөж 25 хувьд хүрсэн юм. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Баяншанд
багийн иргэн Б.Баттөмөр “Сонгуулиа өгчихлөө. Энэ удаагийн сонгуульд намууд анхаарал
их тавьж, идэвхтэй байгаа бол Говь-Алтайчууд нэлээд хойрго байгаа бололтой. Ирц
тааруу байна гэнэ. Өмнө нь ИТХ-ын сонгуульд ингэж их ач холбогдол өгч нам бүрийн
дарга нар бусад УИХ-ын гишүүдтэйгээ ирж, ажлын хэсэг, ард иргэдтэй уулзаж, намаа
сурталчилж байхыг үзээгүй гэх хүн олон байна. Миний хувьд ч ялгаагүй. ИТХ-д төлөөлөгч
сонгох сонгуулийн бэлтгэл Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуулийн дайны хөл хөдөлгөөнтэй
байлаа. Манай аймгийн удирдлагын хувьд өмнө нь дандаа МАН-ын төлөөлөгчид байсан.
Одоо хэн сонгогдох вэ гэдэг нь их эргэлзээтэй байна. Гэхдээ даруй удирдах албан
тушаалтнуудыг томилохгүй бол аймгийн төсөв, хөрөнгө оруулалт гээд олон зүйл гацаатай
байна. Энд тэнд мөнгө тараасан, ингэсэн тэгсэн гэсэн хэл ам, зөрчил гарах нь гайгүй
байгаа бололтой. Дуулдсан юм алга” гэж ярив.
ЦОГТ, ХАЛИУН СУМЫНХАН СОНГУУЛЬДАА
ИДЭВХГҮЙ ОРОЛЦЖЭЭ
Говь-Алтай аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн ирц ямар байгаа талаар 16:00 цагт тус
аймгийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Рэнцэндорж мэдээлэл хийсэн юм. Түүнээс
цөөн асуултад хариулт авсан юм.
-Сонгуулийн ирц аймгийн хэмжээнд
хэдэн хувьтай явж байна вэ?
-Говь-Алтай аймгийн ИТХ-ын дахин сонгууль одоогоор ямар нэгэн будлиангүй
болж байна. Иргэдийн дахин сонгуульд оролцох оролцоо өглөө тааруу байсан гэж хэлж
болно. Бид 12:00 цагийн орчимд ирцийн байдлыг
нэгтгэн гарахад 15.29 хувьтай байсан. Харин 16:00 цагийн байдлаар 35187 хүн санал
өгөхөөс 14252 хүн санал өгч 40 гаруй хувьтай явж байна. Говь-Алтай аймагт цаг агаар
тогтуун байгаа болохоор иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна.
-Сонгуульд хамгийн идэвхгүй оролцож
байгаа сумыг нэрлэвэл?
-Сонгуульдаа идэвх муутай оролцож
байгаа хэд хэдэн сум байна. Халиун сум гэхэд 1494 хүн санал өгөх ёстой. Үүнээс одоогоор
401 хүн л санал өгсөн байна. Мөн Цогт суманд сонгуулийн ирц 26 хувьтай байна. Бигэр
суманд сонгууль өгөх иргэдийн тоо сайнгүй байна гэх мэдээлэл ирээд байна. Харин
Баян-Уул, Төгрөг, Хөхморьт зэрэг сумын иргэд маш идэвхтэй оролцож байгаа дүн мэдээ
нэгтгэгдэж гарлаа.
-Сонгуулийн хорооноос иргэдийг
санал өгүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Есөнбулагт гэхэд 11205 хүн дахин
сонгууль өгөх ёстой. Үүнээс 3794 хүн санал өгөөд байна. Сонгуульдаа идэвх муутай
оролцож байгаа газруудад цагаан хоолойтой машин явуулж сонгуульдаа идэвхтэй оролцохыг
уриалах ажил хийгдэж эхлээд байна. 22:00 цагт сонгууль дуусна. Бидэнд ямар нэгэн
сонгуультай холбоотой гомдол ирээгүй байна.
ДУГУЙЛСАН ЦААС НЭВТ ХАРАГДААД
БАЙНА ГЭЖ ИРГЭД ГОМДОЛЛОВ
Орон нутгийн сонгуульд оролцож байгаа
иргэд цахим үнэмлэх болоод хурууны хээ, автомат тоологч машин байхгүй байгаагаас
дахин сонгууль ямар нэгэн байдлаар будлиантай болж магадгүй хэмээн ярьж байсан
юм. Мөн аль нэг нам болоод нэр дэвшигчийг урд талын дугуй хэсгийг хараар будаж байгаа.
Цаас нь нимгэн байгаагаас нэвт харагдаад байгаа талаар бидэнд гомдол хэлж байсан
юм. Иргэд хуудсан дээр тэмдэглэгээ хийгээд хайрцаг руу хийх гээд босох үед нимгэн
цаас нь нэвт харагдаад гурван намын ажиглагчид түүнийг нь бүртгэж аваад байна гэх
хүн цөөнгүй байв.
НЭГ ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮС ГУРВАН ГАЗАРТ
ОЧИЖ СОНГУУЛИА ӨГЧЭЭ
Есөнбулаг сумын гурван иргэн өөр өөр
газарт сонгууль өгч байгаа талаарх мэдээлэл оройхон хэрд нэлээд бужигнаан үүсгээд
авсан юм. Есөнбулаг сумын иргэн Д.Ганбат “Манайд сонгууль өгөх гурван хүн байна.
Бүгд өөр өөр газарт сонгуулиа өгөх болоод байна. Нэг гэр бүлийн хүмүүс нэг газраа
өгч болохгүй юм уу. Ямар ч зохион байгуулалт байхгүй байгаагаас ийм байдал үүслээ”
хэмээн нэлээд бухимдангуй байдлаар мэдээлэл өгсөн юм. Үүнийг тус аймгийн Иргэний
бүртгэлийн газрын дарга тайлбарлахдаа “Олон иргэн оршин суугаа газруудын сонгууль
өгөх хэсгийн хороог хэд хэд хуваасан байгаа. Ингэхдээ нийт сонгуульд оролцох ёстой
иргэдийг тэгш тоогоор хуваах үед гэр бүлийн гишүүд өөр өөр газар саналаа өгсөн
асуудал гарчээ” гэсэн юм.
Ийнхүү Говь-Алтай аймгийн ИТХ-ын дахин сонгууль болж өнгөрлөө.
Сонгуулийн ерөнхий хорооноос тус сонгуулийг гараар тоолж дүнг нь гаргах шийдвэр
гарсан байна. Тиймээс сонгуулийн ажилтнууд саналын хуудсыг гараар тоолох учраас
өнөөдөр 06:00 цагийн орчимд сонгуулийн нэгдсэн дүн гарах магадлалтай гэсэн юм. Дугаар
шилжих мөчид сонгуультай холбоотой ямар нэг зөрчил, асуудал гаралгүй тайван байлаа.





Г.Лувсанжамц: Нийслэлийг 14 хот болгож задлах асуудалд төвлөрөх бус, дэд бүтцийг тэлэхэд анхаарах ёстой
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Нийслэлийн дүүргүүдийг 14 хот болгох асуудлаар мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “14 болго...
8 цагийн дараа
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн. Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар...
8 цагийн дараа
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны тавдугаар сары...
7 цагийн дараа
Энхтайваны өргөн чөлөөний замыг засжээ
Энхтайваны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд: Төмөр замын уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэл 350 метр авто за...
7 цагийн дараа
Б.Төгөлдөр: “Ододтой бүжиглэе”-д оролцсоноор жин хасаж, өөрийгөө олон талаар даван туулсан нь миний хувьд бас нэг ялалт байлаа
“Арри Монгол” компанийн гүйцэтгэх захирал, “Comedy Lab” клубийн гишүүн, “Ододтой бүжиглэе” шоуны...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд